| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
2021 12 09 2021/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Оод холбогдох эрүүгийн 2119000000215 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт, ............ гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, Х.О, регистрийн дугаар: ЗЙ92042119
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.О нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан цав гэх газар хохирогч А.Гтой мал туулаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2021 оны 10 сарын 14-ний өдөр 10 цагийн үед хонь руугаа зүүн зүг дурандахад мотоциклтой нэг хүн хонь элдэж байхаар нь очиход хөрш айлын А.Г байхаар нь яагаад хонь мал элдэж хөөгөөд байгаа юм гэхэд элдээгүй зөөлөн эргүүлсэн гэсэн. Тэгээд би А.Гтой муудалцаад, уурандаа түүний нүүр лүү 1 цохиод, 1 мөргөсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед зэргэлдээ айл болох Оын хонь, ямаа манай гэрээс зүүн урд зүгт 1 км зайд ирэхээр нь би мотоциклтой очоод гэрийнх нь зүг буюу баруун урагш хонь ямааг нь хөөгөөд овоо дээр гараад өөрийнхөө хонь ямааг дурандаж байтал О ирсэн, ... О мотоцикл дээрээсээ бууж ирээд намайг баруун гараараа нэг удаа нүүрэн дунд хэсэг рүү цохин, толгойгоороо нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн. Миний хөмсөг, хамраас цус их гарсан, ... Ооос нэхэмжлэх зүйл байхгүй, миний биед учирсан гэмтэл нь эмчилгээ хийлгэн эм хэрэглэж зүгээр болсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн шинжээчийн 02/0300 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.О нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Сүүжийн хөв гэх газар хохирогч А.Гтой мал элдэж туулаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ... О мотоцикл дээрээсээ бууж ирээд намайг баруун гараараа нэг удаа нүүрэн дунд хэсэг рүү цохин, толгойгоороо нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн. Миний хөмсөг, хамраас цус их гарсан...” гэсэн мэдүүлэг,яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн шинжээчийн 02/0300 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн шинжээчийн 02/0300 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Х.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Оод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Оод холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Х.Оод оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН