| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/173 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/173
2021 12 17 2021/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбяр,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 2119000000228 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто ачигчийн машинч мэргэжилтэй, бөөрний хорт хавдартай 70 хувийн группд байдаг, Чандмань илч орон нутгийн өмчит компанийн Иххэт салбарын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ......... оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20:00 цагийн үед Дорноговь аймгийн Иххэт сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ч, цагдаагийн дэд ахлагч О.Т нарыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Д.Чийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, хүч хэрэглэж, О.Тг “би чамайг ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусармаг үйлдэл гаргасандаа харамсаж байна. Тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/404 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Иххэт сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын хэсгийн цагдаа ,цагдаагийн дэд ахлагч О.Тгийн хамтаар сумын төвд эргүүл хяналт шалгалт хийж ажиллаж байх хугацаанд 20.00 цагийн орчимд санаж байна сумын төвд цагдаагийн кабоноос зүүн урагш 200 м орчим газарт авто машин юм мөргөсөн байдалтай урд хэсгээр эвдэрсэн зогсож байсан. Машин дээр очиж шалгахад жолооч нь Иххэт сумын 3 дугаар багт оршин суух Г.Г гэх залуу архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн байдалтай авто машины суудалд дээр унтаж байсан би сумын эмнэлэгт дуудлага өгөөд тухайн жолоочийн бие эрүүл мэнд болсон асуудлын талаар тодруулж асуух гэж дуудаж сэрээгээд танд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд өөрийн авто машинд суулгаад эмнэлгийн гадаа очтол би эмнэлэгт үзүүлэхгүй та нар надаас хол байгаарай Дорноговийн шүүх, цагдаа, прокурор надад үйлчлэхгүйг мэдэж байгаа биз дээ гэж агсам тавьж над руу хандаж чи бол май шүү гэж хэлээд миний нүүрэн тус газар луу 2 удаа цохисон үүний дараа хэсгийн цагдаа Тг ална гэж заналхийлж дайрсан хэсгийн цагдаа О. Т рүү дайрахдаа би чамайг ална гэж л заналхийлээд дайраад байсан О.Т өөрийн биеэ хамгаалж цохиулаагүй. Г.Г гэгч нь урьд нь хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч О.Тгийн эрх чөлөөнд халдаж энэ асуудалдаа шүүхээр торгох ялаар шийтгүүлсэн урьд нь шалгагдаж байх хугацаандаа хэсгийн цагдаа руу залгаж шөнө гараад ир уулзъя чамайг ална гэх мэтээр заналхийлсэн байсан. Г.Г гэгч нь хэсгийн цагдаа, төлөөлөгч нарыг удаа дараа заналхийлж байгаа энэ үйлдлээ дахин давтан гаргаж алба хаагчийн эрүүл мэнд амь биед хохирол учруулж болзошгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09-р тал/,
Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Чийн хамтаар сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байтал цагдаагийн кобоноос 200 орчим метрт кровн маркийн тээврийн хэрэгсэл юм мөргөсөн байдалтай зогсож байсан хэсгийн төлөөлөгч бид хоёр очиж шалгахад тус суманд оршин суух Г.Г гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинд унтаж байсан хэсгийн төлөөлөгч эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж хэлээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлэгт дуудлага өгсний дараа жолоочийг дуудаж сэрээгээд хэсгийн төлөөлөгч бид хоёр эмнэлэгт үзүүлэхээр жолоочийг машиндаа суулгаад авч явсан. Эмнэлгийн гадаа очоод орох гэтэл Г.Г нь над руу хандаж чамайг ална гэж заналхийлж над руу давшилсан хэд хэдэн удаа намайг цохисон би тухайн үед өөрийгөө хамгаалж оногдоогүй Г.Г гэх залуу намайг заналхийлж дайрч давшлах үед хэсгийн төлөөлөгч дундуур орж “ингэж болохгүй эмнэлэгт үзүүлэх шаардлагтай байна.” гэж тайлбарлаж хэлтэл хэсгийн төлөөлөгчийн нүүрэн тус газар луу нь 2-3 удаа цохисон. Тухайн үед сумын эмч Ө, Х сувилагч Эрдэнэтуяа нар эмнэлгээс гарч ирсэн байсан тэд мөн Г.Гт ингэж болохгүй эмнэлэг ороод биеэ үзүүлчих гэж хэлэхэд би үзүүлэхгүй гэж хэлээд хэсгийн төлөөлөгч бид хоёрт хандан хоёр шээс минь та хоёрыг ална цагдаа шүүх прокурорынхон амжихгүй шүү намайг шүүхдээ хэлээрэй би гарч ирээд чамайг ална гэж заналхийлж байсан. Г.Г гэгч нь урьд нь миний эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шүүхээр шийдвэрлүүлсэн үүний өмнө намайг хэд хэдэн удаа утсаар гараад ир уулзъя чамайг ална гэж заналхийлж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаад шүүхийн шатанд очсон байхдаа мөн шөнө 23:00 цагийн орчим хэсгийн төлөөлөгчийг албан ажлаар явсан эзгүй байх үед над руу залгаад гэрт хүрээд ир чамайг ална гэж заналхийлж байсан. Г.Г гэгч 2021 оны 06 дугаар сард санаж байна зөрчил гаргаж надаар торгуулийн арга хэмжээ авагдаж байсан түүнээс хойш намайг занал хийлэх болсон мөн намайг албан үүргээ гүйцэтгэж байх үед миний эрх чөлөөнд халдаж энэ асуудалдаа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан эдгээрээс болж надад өс хонзон санадаг байх. Г.Гийн удаа дараа гаргаж байгаа үйлдлээс харахад шөнө оройн цагаар намайг албан үүрэг гүйцэтгэж явахад өс хонзон санаж миний амь бие эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна. Би Г.Гийн намайг заналхийлж удаа дараа гаргаж байгаа үйлдэлд гомдолтой байна. Цаашид шалгах хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг зөв оновчтой аваасай гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой намайг эрүүл мэндийн төв дээр байж байтал сумын хэсгийн төлөөлөгч эрүүл мэндийн төв рүү утсаар яриад машинтай хүн юм мөргөсөн байна жолоочийг үзүүлэх хэрэгтэй байна гэж ярьсан удалгүй сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нар тухай хүнээ аваад эрүүл мэндийн төвийн гадаа ирсэн байсан. Би тухай хүний биеийн байдлыг үзэх гээд ээлжийн сувилагч Эрдэнэтуяа бага эмч Х нарын хамтаар гараад очтол манай сумын Г гэх залуу согтуу сумын хэсгийн цагдаа О.Тг зодох гээд дайрч давшлаад байсан Г гэх залуу О.Тг ална гэж занал хийлээд зодох гээд дайраад байсан сумын хэсгийн төлөөлөгч Гийг болиулах гэж хорьтол Г хэсгийн төлөөлөгчийг 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Би тухайн Г гэх хүний биеийг үзэх гэсэн боловч надад үзүүлээгүй цагдаа нарыг ална цагдаа шүүх намайг амжихгүй шүү чи намайг шүүхдээ өгөөрэй би гараад ирнэ чамайг ална гэж заналхийлж дайрч давшлаад байсан. Т цагдаа арагшилж биеэ хамгаалж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг сумын эрүүл мэндийн төвд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19.00 цаг өнгөрч байхад санаж байна сумын хэсгийн төлөөлөгч эмнэлэг рүү залгаж согтуу хүн машинтай юм мөргөсөн байна жолоочийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн би их эмч Ө бага эмч Х нарт хэлж мэдэгдсэн. Эмч нарт хэлчхээд байж байтал удалгүй хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр тухайн хүнийг эмнэлгийн гадаа аваад ирсэн байсан эхлээд эмч Ө бага эмч Х нар үзэхээр гарсан би араас нь гарч очиход эмнэлгийн гадаа манай сумын Г гэх залуу архи уучихсан хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг зодох гэж дайрч байсан тэгж байгаад хэсгийн төлөөлөгчийг нүүр лүү нь 2-3 удаа цохиж авсан мөн хэсгийн цагдааг ална та хоёр шээс цагдаа шүүх прокурорынхон амжихгүй шүү намайг шүүхдээ өгөөрэй эргэж гарч ирээд ална гэж занал хийлээд байсан . Би Гт чи яаж байгаа юм бэ дээшээ эмнэлэг рүү ороод үзүүл цагдаа нар чиний биеийг үзүүлэх гэж байна ш дээ гэж хэлэхэд муусайн бөөснүүд гэж хашгираад бид нарын үгийг тоохгүй хэсгийн цагдаа Тг заналхийлээд дайраад байсан гараа далайгаад цохиж байсан онож цохисон үгүйг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0316 дугаартай “... Д.Чийн биед дээд, доод уруулын дотор салстын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20:00 цагийн үед Дорноговь аймгийн Иххэт сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ч, цагдаагийн дэд ахлагч О.Т нарыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Д.Чийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, хүч хэрэглэж, О.Тг “би чамайг ална гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын хэсгийн цагдаа ,цагдаагийн дэд ахлагч О.Тгийн хамтаар сумын төвд эргүүл хяналт шалгалт хийж ажиллаж байх хугацаанд 20.00 цагийн орчимд санаж байна сумын төвд цагдаагийн кабоноос зүүн урагш 200 м орчим газарт авто машин юм мөргөсөн байдалтай урд хэсгээр эвдэрсэн зогсож байсан. Г.Г гэх залуу архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн байдалтай авто машины суудал дээр унтаж байсан би сумын эмнэлэгт дуудлага өгөөд ...танд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд өөрийн авто машинд суулгаад эмнэлгийн гадаа очтол би эмнэлэгт үзүүлэхгүй та нар надаас хол байгаарай Дорноговийн шүүх, цагдаа, прокурор надад үйлчлэхгүйг мэдэж байгаа биз дээ гэж агсам тавьж над руу хандаж чи бол май шүү гэж хэлээд миний нүүрэн тус газар луу 2 удаа цохисон үүний дараа хэсгийн цагдаа Тг би чамайг ална гэж заналхийлээд дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Чийн хамтаар сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байтал цагдаагийн кобоноос 200 орчим метрт кровн маркийн тээврийн хэрэгсэл юм мөргөсөн байдалтай зогсож байсан,хэсгийн төлөөлөгч бид хоёр очиж шалгахад тус суманд оршин суух Г.Г гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинд унтаж байсан. ...Г.Г нь над руу хандаж чамайг ална гэж заналхийлж над руу давшилсан хэд хэдэн удаа намайг цохисон би тухайн үед өөрийгөө хамгаалж оногдоогүй Г.Г гэх залуу намайг заналхийлж дайрч давшлах үед хэсгийн төлөөлөгч дундуур орж “ингэж болохгүй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна.” гэж тайлбарлаж хэлтэл хэсгийн төлөөлөгчийн нүүрэн тус газар луу нь 2-3 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын Г гэх залуу согтуу сумын хэсгийн цагдаа О.Тг зодох гээд дайрч давшлаад байсан сумын хэсгийн төлөөлөгч Гийг болиулах гэж хорьтол Г хэсгийн төлөөлөгчийг 2-3 удаа нүүр лүү нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг сумын эрүүл мэндийн төвд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19.00 цаг өнгөрч байхад санаж байна сумын хэсгийн төлөөлөгч эмнэлэг рүү залгаж согтуу хүн машинтай юм мөргөсөн байна жолоочийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. эмнэлгийн гадаа манай сумын Г гэх залуу архи уучихсан хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг зодох гэж дайрч байсан тэгж байгаад хэсгийн төлөөлөгчийг нүүр лүү нь 2-3 удаа цохиж авсан мөн хэсгийн цагдааг ална та хоёр шээс цагдаа шүүх прокурорынхон амжихгүй шүү намайг шүүхдээ өгөөрэй эргэж гарч ирээд ална гэж заналхийлээд байсан. ...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0316 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ч болон хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Тгийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Гийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Ч, О.Т нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.Г нь 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН