| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
2021 12 17 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2119000000220 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймаг Чойбалсан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Логистикын менежмент мэргэжилтэй, Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтэн, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт, ...... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Л, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 6 дугаар 58-8 тоотод 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Б.Бтой таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт хөлөөрөө 2-3 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Найз С Солонгос улс руу сурахаар явах болоод гаргаж өгөх гээд Бгийн гэрт очсон юм.Тэд хэдэн найз нарын хамт идэж ууж байгаад гэр лүүгээ явах гээд гарах гэтэл Б гаргахгүй гээд хориод байсан. Тэгээд бид хоёр барилцаад ноцолдож, миний нүүр лүү 1-2 удаа цохисон. М биднийг салгасан. Дараа нь Бг хэвтэж байхад нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Гэм буруугаа ойлгож байна. Нэхэмжилсэн 2000000 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Шөнө архи уугаад сууж байтал Л шөнө явах гэхээр нь би араас татаад яваад хэрэггүй сууж бай гэж хэлтэл надад уурлаад бид хоёр маргалдаж барилцаж аваад ноцолдсон ноцолдохдоо нэг нэгийгээ цохиж барьсан зүйл байхгүй хувцаснаасаа зууралдаж л ноцолдсон М ах бид хоёрыг салгасан. Би ноцолдож байгаад больчихоод буйдан дээр хэвтэж байтал Л ах ирээд миний толгойн хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж намайг зодсон. Л ах миний толгой руу дэвссэний дараа миний духны хэсгээр цус гараад байсан ...”, “... Надад Б.Лгээс нэхэмжлэх зүйл байхгүй, миний биед гэмтэл учруулсныхаа хохирол болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан учраас санал гомдолгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05, 46-р тал/,
Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз С Солонгос улс руу суралцахаар явах гэж байгаа гээд найзуудаараа уулзахаар болж 2021 оны 10 сарын 14-ний орой С,Л, Б,Н,Б бид нар уулзаж дэлгүүр орж шил виски архи аваад танил Бгийн гэрт нь 21.00 цаг өнгөрч байхад санаж байна очсон. Бид Бгийн гэрт нь орж архи ууж юм ярьж сууцгаасан хэсэг сууж байгаад Н,Б хоёр явсан бид үлдээд авч очсон виски архийг ууцгаасан. Бид архи ууж байгаад нилээд согтсон ,архи ууж байгаад Л явлаа гээд гарах гэтэл Б сууж бай гэж хэлсэн тэгтэл Л надад томорлоо гэж уурлаад тэр хоёр маргалдаж барилцаж авахаар нь би дундуур нь орж салгаад Бг том өрөөнд буйдан дээр суулгасан. Б босох гээд байхаар нь буйдан дээр дарж хориод миний дүү ингэж болохгүй гэж хэлээд байж байтал Л хүрч ирээд Бгийн толгойн тус газарт нь 2-3 удаа дэвсэж цохисон”. гэсэн мэдүүлэг/хх-ийн 10 дугаар тал/
Гэрч Ө.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хүүгээсээ ямар асуудал болсон талаар асуухад найзыгаа Солонгос явахад нь гаргаж өгч байгаад хүнтэй маргалдсан тухайн залуу хоолойг боогоод байхаар нь би өшиглөсөн гэж хэлсэн өөр тодорхой зүйл хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/0292 дугаартай “... Б.Бгийн биед духны шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” дүгнэлт /хх-ийн 26-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг 6-58-8 тоот байранд Б.Бтой таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...буйдан дээр хэвтэж байтал Л ах ирээд миний толгойн хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж намайг зодсон. Л ах миний толгой руу дэвссэний дараа миний духны хэсгээр цус гараад байсан... Надад Б.Лгээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л явлаа гээд явах гэтэл Б сууж ба гэж хэлсэн тэгтэл Л надад томорлоо гэж уурлаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд би салгасан. Бг буйдан дээр суулгасан,босох гээд байхаар нь буйдан дээр дарж хориод байж байтал Л ирээд Бгийн толгойн тус газарт нь 2-3 удаа дэвсэж цохисон...” гэсэн мэдүүлэг , Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/0292 дугаартай дүгнэлт,яаралтай тусламжийн хуудас,рентген зураг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн 02/0292 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед духны шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүүний цус хуралт гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн толгой хэсэгт хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Л прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Лд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 2000000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Лд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН