Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0206

 

“Г М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Л.Жавхлант нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар санал нь илт хууль бус шийдвэр тул тус саналыг хүчингүй болгож, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, А.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Г М” ХХК нь манай аймгийн Тайшир, Дэлгэр сумын зааг дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн. Тайшир, Дэлгэр сумаас саналыг авахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу явуулахад Дэлгэр сумаас тусгай хамгаалалттай газар байх тул дэмжихгүй гэсэн утгатай хурлын тогтоолыг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан Х/04 гэсэн тогтоолд энэ компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн албан тоотыг аймгийн Засаг даргад ирүүлэхэд тус саналуудыг үндэслэн Ашигт малтмалын газарт дэмжихгүй гэсэн саналаа хүргүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн Засаг даргын 2015 оны 05 дүгээр сарын 04-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх 110 дугаар саналыг хүчингүй болгож, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г М” ХХК-ийн захирал Л.Жавхлант давж заалдах гомдолдоо: ...1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хуралдаанаа хийж, уг хурлаар “Тайшир” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах саналыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэртээ хуулийн үндэслэлийг тусгаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай  зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтыг зөрчсөн.

2. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж “...Дэлгэр, Тайшир сумын Тайшир... зэрэг 43 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй” талаар Х/04 дүгээр тогтоолыг гаргаж, тогтоол тэмдэглэлийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь 30 хоног хэтэрсэн, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдээллийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснийг зөрчсөн.

3. Говь-Алтай аймгийн Дэлгэр сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар саналаар NЕ-025558 дугаарт бүртгэгдсэн “Тайшир” нэртэй 3076,22 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй талаар санал өгсөн нь хууль бус байна. Учир нь, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал нь санал өгснөөс хойш 7 хоногийн дараа хуралдсан нь шүүх хурлаар тогтоогдсон. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт

 

хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Г М” ХХК нь төрөөс зарлагдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-025558 өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумын Тайшир нэртэй 3076.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2202 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Тусгай зөвшөөрөл хүссэн дээрх газар нь Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт хамаарах бөгөөд тухайн талбай байрших Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 24 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээний болон багуудын хаваржаа, өвөлжөөний бэлчээрийн гол нутагт хамрагдсан” гэсэн үндэслэлээр “Тайшир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжихгүй талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Улмаар Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн “Тайшир” нэртэй 3076.22 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцжээ.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Х/04 дүгээр тогтоолоор “өргөдөлд заагдсан нэр бүхий газрууд нь түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газрууд учраас Дэлгэр, Тайшир сумын Тайшир... Хөхморьт сумын Тал зэрэг 43 талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр дээрх тогтоол нь цаг хугацааны хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар санал хүргүүлснээс хойш гарсан боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг харъяалах нутаг дэвсгэртээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналаа гаргасан гэж үзэхээр байна. 

Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар санал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэснийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР