| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0170/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
2021 12 20 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ээд холбогдох эрүүгийн 2119000000193 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо Хур говь зочид буудалд галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Э, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь архидан согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сайншанд сумын 6 дугаар багт байх найз Мгийн гэрт Т.Бгийн цээжин тус газарт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 сар гарсан байсан байх Батсайхантай хамт найз Мгийн гэрт 1 шил архи аваачиж уусан. Тухайн үед Бтай маргалдаад түүний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд гараад дахиж 1 шил архи авчрахад Б архинаас 1 удаа татчихаад эргээд хэвтсэн. Би гэр лүүгээ харьсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад гадуур найзуудтайгаа архи ууж байгаад орой 17 цагийн орчимд найз Мгийн гэрт очиход ганцаараа байсан ба бид хоёр 1 шил архи хувааж уугаад сууж байтал танил Э, Батсайхан нар орж ирэхээр нь бид 4 нийлж архи уусан. Тэгээд би архи ууж байгаад Этэй яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна, ямар ч л байсан ууж байхдаа ам мурийж байгаад хоёулаа айлд зодолдохгүй, гарья гээд гадаа гарч хоорондоо заамдалцаж, түлхэлцэж байгаад буцаад орсон. Тэгээд би тухайн үед нэлээд уусан байсан учраас тасраад газар унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад толгойн дээр нэг хүн гишгэх шиг болохоор нь сэрээд “Яаж байна аа чи” гээд харахад миний толгой орчимд Батсайхан хөл алдаад гишгэсэн байсан. Би тэгээд босож ирээд “Чи яаж байна аа” гэхэд Батсайхан надаас уучлал гуйгаад гараад явахаар нь би буцаад хэвтсэн. Тэгсэн хэвтэж байхад нэг хүн гэдэс рүү их хүчтэй өшиглөх шиг болохоор нь хартал Э гараад явж байсан. Тэгээд би өндийгөөд харахад гэрийн эзэн М согтуу унтаж байсан ба тэдний гэрт өөр хүн байгаагүй болохоор нь би эргээд унтсан. Тухайн үед аймхайдуулаад амьсгаа бөглөрч байгаа мэт болоод гайгүй болохоор нь би тоохгүй унтсан. Тэгээд орой 22 цагийн орчимд гаднаас нэг хүн орж ирээд М, бид хоёрыг босоо бос гээд сэрээгээд байхаар нь хартал Э 1 шил архи авч ирсэн байхаар нь босох гэтэл яг гэдсэн дээр аймар хөндүүрлээд байхаар нь би Ээд хандаж “Чи гарахдаа миний гэдсэнд өшиглөөд гарсан шүү, миний гэдэс өвдөөд байна, унтаж байгаа хүнийг өшиглөх чинь дэмий зүйл болсон шүү” гэхэд “За за, босоод ир” гэхээр нь босоод надад архинаас хийж өгөхөөр нь 1 удаа татаад буцаад хэвтээд өгсөн. Би хэвтэхдээ Ээд хандаж “Элдэв янзын зүйл болбол би чамтай ярина шүү” гэж хэлээд унтаад өгсөн ба тэр 2 үлдсэн архиа хувааж уугаад суусан. Би шөнө 02 цаг гэж сэрсэн ба босох гэтэл бие өвдөөд босож чадахгүй ямар ч тэнхэлгүй байхаар нь шөнөжин сэрүүн хэвтсэн. Тэгээд өглөө болгоод 07:00 цагийн орчимд гэр рүүгээ такси барьж харьсан. Гэртээ харьсан ч гэсэн гэдсэн дээр өвдөөд болохгүй болохоор нь 103 дуудаж үзүүлэхэд дуудлагаар ирсэн эмч намайг үзээд гаднаас чинь юу ч мэдэгдэхгүй байна, таныг авч явна гэхээр нь ах нь архи уусан байна, архинаас болсон байж магадгүй гээд тухайн үед яваагүй үлдсэн. Тэгээд баруун талаараа хэвтэхээр амьсгаа таглаад байхаар нь өдөр 14:00 цагийн орчимд охиноо дуудаж эмнэлэг рүү очиж ЭХО-д үзүүлэхэд таны хэвлийд бөөн шингэн байна, хаанаас нь цус алдаад байгаа нь мэдэгдэхгүй байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд тэр өдрөө яаралтай хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн. Хагалгааны дараа Булгаа эмч уулзаад элэг чинь няцралтай, цөс чинь хуураад унасан байна, дотуур цус алдалд ихтэй, та 800 орчим гр цус алдсан гэж хэлсэн. Э намайг өшиглөсөн гэдэгт би итгэлтэй байна. Би өшиглүүлчхээд өндийгөөд хартал Э эргээд явж байсан. Гаднаас хүн байгаагүй, гэрийн эзэн тасарсан унтаж байсан. Тухайн үед Батсайхан байгаагүй, намайг хэвтэж байхад Батсайхан хөл алдаад миний толгой дээр гишгэхэд нь сэрээд хөөе чи яаж байна аа гэхэд, уучлаарай гэж хэлээд гараад явсан. Тэрний дараа Э миний гэдэс рүү өшиглөөд гараад явсан. Би түүнийг сайн санаж байна. Харин уржигдар буюу 17-ны өдөр Батсайхан надтай утсаар ярьж, эмнэлгийн гадаа Эийн хамт ирж уулзсан. Би тухайн үед Ээд хандаж “Тэр өдөр чи миний гэдэс рүү өшиглөдөг чинь буруу байсан, намайг ийм болгочихлоо” гэхэд уучлаарай хөгшөөн, мэдэхгүй байна л гэж хэлэхээр нь чи яахаараа мэдэхгүй байгаа юм гэхэд миний өөдөөс юу ч яриагүй. Харин миний эмчилгээний зардлыг чи гаргаарай гэхэд за гэж хэлсэн. ...”, “... Би эмчилгээний зардал болон эмнэлгийн орны төлбөр, харуул хамгаалалтын ажилд орчихсон удахгүй хөдөө явах байсан боловч тэр ажилдаа зодуулснаасаа болоод явж чадаагүй болохоор 3 сарын цалин 2.400.000 төгрөг, эм тариа эмчилгээний мөнгө нийтдээ 3 сая төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжилж буй 1.478.951 төгрөг, нийтдээ 4.478.951 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25, 57-58-р тал/,
Гэрч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг өглөө гэртээ байхад манай нөхөр Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өглөө гаднаас халамцуу /согтолт бага/ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр гэдэс рүүгээ хүнээр өшиглүүлчихлээ, өвдөөд болохгүй нь, нарийн гэдэс тасарсан юм шиг айхтар өвдөөд байна, ингэтлээ өвдөнө гэж байхгүй түргэн дуудаад өгөөч гэхээр нь би 103 дуудаж үзүүлэхэд эмч ирээд өвчин намдаах эм өгөөд, тун болохгүй бол ЭХО-д харуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд түүнээс хойш 13:00 цагийн орчимд бүр өвдөөд болохгүй байхаар нь өөрсдөө эмнэлэг рүү авч яваад ЭХО-д үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор, яаж ингэж олон цаг тэссэн юм гээд шууд хэвлий нээх хагалгаанд оруулахаар авч орсон. Тухайн үед ЭХО-оор харуулахад юу нь мэдэгдэхгүй дан шингэж зүйл харагдаж байсан. Эхний ээлжинд хэвлий нээх хагалгаа хийнэ гээд надаар болон миний охиноор хагалгаанд орох зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулаад, их хүнд хагалгаа болно, эргэж сэхэхгүй байж магадгүй, эрсдэл өндөртэй тул ар гэрийн хүмүүсийг нь дуудаж уулзуулаарай гэж байсан. Тэгээд 16 цагийн орчимд хагалгаанд орж 18 цагийн орчимд хагалгаа дуусаж мэсийн эмч Булгаатай уулзахад маш хүнд хагалгаа боллоо, хагалгааны дараа бас эрсдэлтэй шүү, танай нөхрийн элэг нь задарсан, цөс нь гэдсэндээ сул байсан гэж хэлсэн. Одоо манай нөхөр мэс заслын тасагт хэвтэж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой өөрийн портерыг засварт өгөхөөр аймагт ирээд Хүрлээ гэх хүнээр засуулахаар болсон. Тэгээд би талийгаач найзынхаа гэр рүү явж байхдаа Этэй таарсан ба би түүнийг хоёулаа Мгийн гэрт очъё гээд дагуулаад очиход тэдний гэрт М, Б 2 нэлээд халамцуу архи уугаад сууж байхаар нь би өөрт байсан нэг шил архийг гаргаж хувааж уусан. Тэгээд би тэд нар нэмж архи ууна гэхээр нь би Ээд картаа өгч явуулсан ба тэр хооронд би унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад сэрэхэд Э ирээгүй болохоор нь гадаа гарч бие засчхаад эргэж оролгүй талийгаач найзынхаа гэрт очиж хоноод өглөө нь Мгийн гэр рүү алхаж байтал Б тэдний гэрээс гараад явж байна гээд 24 цэцэрлэгийн хажууд таарсан. Тэгээд намайг хаашаа явж байгаа юм гэж асуухад нь би Эийн гэр рүү явж картаа авах гэж байна гэж хэлээд түүнийг чи хаашаа явах гэж байгаа юм гэхэд Б “Бие өвдөөд байна, харьж хэвтлээ” гэж хэлээд бид 2 хоёр тийшээ салаад явсан. Би түүнээс хойш ахиж уулзаагүй. Би тухайн үед согтуу байсан учраас гишгэдэл алдаж газар хэвтэж байсан Бгийн толгой дээр гишгэхэд Б сэрээд “Хөөш яаж байна” гэхээр нь би түүнээс уучлал гуйгаад Мгийн гэрээс гарч гадаа бие засаад тэр чигээрээ найзынхаа гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Бтай таарахад гэдсээ тэвэрсэн байдалтай надтай таарсан. Архи ууж байхад Этэй хоёр ч удаа маргалдаж гарч, ороод байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
Шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Бгийн биед учирсан цөсний хүүдийн хуулрал дотуур цус алдалт гэмтэл нь 1 удаагийн өшиглөлтөөр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь цохилтын хүчээс шалтгаалж үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой. Хүн урт хугацааны хувьд цөсний хүүдийн хуурал, дотуур цус алдалтай явах боломж байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/0298 дугаартай “... Т.Бгийн биед цөсний хүүдийн хуурал, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт / хх-ийн 06-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад гадуур найзуудтайгаа архи ууж байгаад орой 17 цагийн орчимд найз Мгийн гэрт очиход ганцаараа байсан ба бид хоёр 1 шил архи хувааж уугаад сууж байтал танил Э, Батсайхан нар орж ирэхээр нь бид 4 нийлж архи уусан. ...хэвтэж байхад нэг хүн гэдэс рүү их хүчтэй өшиглөх шиг болохоор нь хартал Э гараад явж байсан. ...Би шөнө 02 цаг гэж сэрсэн ба босох гэтэл бие өвдөөд босож чадахгүй ямар ч тэнхэлгүй байхаар нь шөнөжин сэрүүн хэвтсэн. Тэгээд өглөө болгоод 07:00 цагийн орчимд гэр рүүгээ такси барьж харьсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өглөө гаднаас халамцуу /согтолт бага/ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр гэдэс рүүгээ хүнээр өшиглүүлчихлээ, өвдөөд болохгүй нь, нарийн гэдэс тасарсан юм шиг айхтар өвдөөд байна, ингэтлээ өвдөнө гэж байхгүй түргэн дуудаад өгөөч гэхээр нь би 103 дуудаж үзүүлэхэд эмч ирээд өвчин намдаах эм өгөөд, тун болохгүй бол ЭХО-д харуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд түүнээс хойш 13:00 цагийн орчимд бүр өвдөөд болохгүй байхаар нь өөрсдөө эмнэлэг рүү авч яваад ЭХО-д үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор, яаж ингэж олон цаг тэссэн юм гээд шууд хэвлий нээх хагалгаанд оруулахаар авч орсон....” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой ...Этэй таарсан ба би түүнийг хоёулаа Мгийн гэрт очъё гээд дагуулаад очиход тэдний гэрт М, Б 2 нэлээд халамцуу архи уугаад сууж байхаар нь би өөрт байсан нэг шил архийг гаргаж хувааж уусан. ...тэд нар нэмж архи ууна гэхээр нь би Ээд картаа өгч явуулсан ба тэр хооронд би унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад сэрэхэд Э ирээгүй болохоор нь гадаа гарч бие засчихаад эргэж оролгүй талийгаач найзынхаа гэрт очиж хоноод өглөө нь Мгийн гэр рүү алхаж байтал Б тэдний гэрээс гараад явж байна гээд 24 гэсэн цэцэрлэгийн хажууд таарсан. ...Бтай таарахад гэдсээ тэвэрсэн байдалтай надтай таарсан. Архи ууж байхад Этэй хоёр ч удаа маргалдаж гарч, ороод байсан. ...” гэсэн мэдүүлэг, шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Бгийн биед учирсан цөсний хүүдийн хуулрал дотуур цус алдалт гэмтэл нь 1 удаагийн өшиглөлтөөр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь цохилтын хүчээс шалтгаалж үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой. Хүн урт хугацааны хувьд цөсний хүүдийн хуурал, дотуур цус алдалтай явах боломж байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/0298 дугаартай “... Т.Бгийн биед цөсний хүүдийн хуурал, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт, 6623 дугаартай өвчний түүх зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн цээж хэсэг рүү 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн эмчилгээний зардал 1478951 төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлсөн,одоо “Хур говь” зочид буудлын зууханд галчаар ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, хохирогчоос гомдол саналгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд утсаар мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө,цалин хөлс зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,хохирогч Т.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 69 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Э нь эмчилгээний зардал 1478951 төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.Б нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН