Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00136

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:1961 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Б хэсгийн 6-03 тоотод оршин суух, Хан жаргалант овогт Галдансамбуугийн Одонтунгалаг /РД:ГД61042666/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяад холбогдох

тэтгэмжийн зөрүү 4265170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00057/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Одонтунгалаг, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар, хариуцагч Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 14 дүгээр байрны 1-3 тоотод оршин суух, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ажилтай, Очирваань овогт Сумъяагийн Нарантуяа /РД:ШЕ64060161/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Одонтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгсөж ирээд өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт 31 жил ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 29 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30.2-т энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэсний дагуу тэтгэмж тооцуулж авах байсан боловч миний ажиллаж байх хугацааны үндсэн цалинг 611396 төгрөгөөр тогтоож, 28 жилээр тооцож 17000000 төгрөг олгосон нь үндэслэлгүй байна. Миний хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын цалин нь 799322 төгрөг байсан бөгөөд 3 жилийн цалингийн дундаж нь 736730 төгрөг болж байсан. Иймд тэтгэмжийн зөрүү 4265170 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би улсад 31 жил ажилласнаас 29 жил 6 сард нь эрүүл мэндийн байгууллагад ажилласан байдаг. Тэтгэвэрт гарах үед тушаал дутуу байснаас 28 жилээр тогтоосон байсан. Сүүлд дутуу тушаалаа өгч 29 жил 6 сараар тэтгэвэр тогтоолгосон гэв.

Хариуцагч С.Нарантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их эмч Г.Одонтунгалаг нь 2016 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Манай байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулинд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журам, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмж олгохдоо салбарын яамны заавар, журам, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зөвлөмжийг үндэслэн олгодог. Эрүүл мэндийн яам 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай 405, 2015 оны Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн олгож эхэлсэн. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь улсын хэмжээнд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоосон байдаг. Манай байгууллага нь тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг гаргаад яам руу хүргүүлдэг бөгөөд яам хянаад тэтгэмж олгох тооцоог гаргаад мөнгийг нь манай данс руу явуулдаг. Манай байгууллага нь зөвхөн дамжуулах үүрэг бүхий байгууллага юм. Энэ асуудлын талаар яам руу хэд хэдэн удаа хүсэлт явуулж байсан боловч боломжгүй гэсэн хариу ирж байсан. Яамнаас энэ талаар удаа дараа зөвлөмж чиглэл авч байсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль журмын дагуу батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг олгодог тул тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Одонтунгалаг нь Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяад холбогдуулан тэтгэмжийн зөрүү 4265170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-тзааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд нэг сарын үндсэн цалингийн дундажийг хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын цалин болох 799322 төгрөгөөс тооцолгүй ТҮЭМ-ийн 6-5 дахь шатлалаар тооцон 611396 төгрөгийг 28 жилээр бодож 17119100 төгрөг олгосон нь Эрүүл мэндийн болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тул үлдэх тэтгэмжийн зөрүү 4265170 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тус аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоосон байдаг бөгөөд Эрүүл мэндийн яамнаас өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг үндэслэн цалингийн дундажийг ТҮЭМ-ийн 6-5 дахь шатлалаар тооцон 611396 төгрөгийг 28 жилээр бодож 17119100 төгрөг олгохоор яамнаас зөвшөөрсний дагуу олгосон гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Одонтунгалаг нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын их эмчээр ажиллаж байгаад тус эмнэлгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. /хх-ийн 38-39/

Булган аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэвэрт гарах насанд хүрсэн ажилтан албан хаагчдын судалгааг гаргаж тэтгэмж авах тооцооллыг /нэхэмжлэгч Г.Одонтунгалагийн үндсэн цалин 799322 төгрөг, цалингийн дундажийг 736730 төгрөг байхаар тооцсон/ бодож Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд Эрүүл мэндийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3584 дугаартай албан бичгийн хавсралтаар Г.Одонтунгалагийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 4-5-р шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 611396 төгрөгөөр тогтоож 28 сараар тооцож 17119100 төгрөгийн тэтгэмж авахаар тэтгэмийн хэмжээг тогтоосон байна. /хх-ийн 40-41/

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дугаарт ...Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно гэж заасны дагуу олгохоор зохицуулсан байна.

Хууль тогтоогчоос баталсан тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг зохицуулсан Эрүүл мэндийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын утга, агуулыг Эрүүл мэндийн сайд зөвлөмж, албан бичгээр өөрчлөх эрхгүй бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах, өөрчлөх эрх сайдад олгогдоогүй болно.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.Одонтунгалагийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 4-5-р шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 611396 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлгүй болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар тэтгэмжийг ажилтны үндсэн цалингаас тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Одонтунгалаг нь тэтгэвэрт гарах хүртлээ сарын үндсэн цалин 799322 төгрөг авч байсан болох нь 2013-2016 онуудын цалингийн карт, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/334 дугаартай тодорхойлолт, зохигчдын тайлараар нотлогдож байна. /хх-ийн 3, 26-29/

Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж болох 736730 төгрөгийг 28 жил 5 сараар тооцож 20996805 төгрөгөөс түүнд олгогдсон 17119100 төгрөгийг хасч үлдэх 3877705 төгрөгийг Булган аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 387469 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь улсад 31 жил ажилласнаас эрүүл мэндийн байгууллагад 29 жил 6 сар ажиллаж байсан, уг хугацаагаар өндөр насны тэтгэвэрийг нэмж тогтоосон гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэтгэвэр тогтоосон дэвтрийн хуулбараар 28 жил 5 сар ажиллаж байсан хугацаагаар өндөр насны тэтгэвэр тогтоосон байх тул тэтгэмжийг дээрх хугацаагаар тооцсон болно.

Нэхэмжлэгч Г.Одонтунгалаг нь тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83193 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурмаажаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83193 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Харин хариуцагч байгууллагаас 3877705 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 76993 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 3877705 /гурван сая хайман зуун далан долоон мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Одонтунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 387469 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83193 /наян гурван мянга нэг зуун ерөн гурван/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 76993 /далан зургаан мянга есөн ерэн гурван/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН