Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00138

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1962 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2б-7-2 тоотод оршин суух Хард овогт Жамъянгийн Оюунцэцэг /РД:ГЮ62012903/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сум 5 дугаар багт байрлах Хаан банкны Булган салбарт холбогдох,

2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/2308 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00085/и индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч 1985 онд Дархан-Уул аймагт төрсөн, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарын захирал ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6д-4-5 тоотод оршин суух, Орхон овогт Батбаярын Болд-Эрдэнэ /РД:ТИ85071876/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюунцэцэг миний бие нь ХААН банкны Булган салбараас 2013 оны 10 дугаар сард иргэн Ууганбаярын Булган сумын 5 дугаар баг, Магсаржавын гудамж, Шүүхийн гражийн залгаа 2 өрөө орон сууцыг худалдан авахыг санал болгохоор нь хэрвээ орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах юм бол уулзаад үзье гэхэд банкны эдийн засагч нь ирж уулз гэж хэлсэн. Ингээд би ХААН банкны эдийн засагчтай уулзаад өөрийн гэр бүлийн зээлийн байдлаа /манай нөхрийн нэр дээр бизнесийн зээл 16000000, би цалингийн 10000000 гаруй төгрөгний зээлтэй/ танилцуулахад судлаад үзье гэсэн хариуг өгсөн. Судлаад үзсэн чинь таны нас чинь болзол хангахгүй байна гэхээр нь за за больё гэтэл та охиныхоо нэр дээр авч болно шүү дээ, охин чинь эмнэлэгт ажилладаг биз дээ гэхээр нь охин ажилд ороод удаагүй болох юмуу гэхэд тэгвэл хүргэний чинь нэр дээр судлаад үзье гэхээр нь хүргэн бас цалингийн зээлтэй гэдгээ хэлсэн. Хүргэний нэр дээр судлаад залуу гэр бүл гэдгээр зээлийг гаргаж өгье гэхээр нь ийм өндөр хүүтэй зээл авахгүй гэхэд таны материал дээшээ явж шалгагдаад 7-14 хоногийн дотор хариу ирнэ тэгэхээр нь 8 хувьд оруулчихна гэж хэлсэн. Материал судлаж байна гэж явуулаад удах юм бол би төлж чадахгүй төлвөл 1 л сарын зээл төлнө тэрнээс цааш төлж чадахгүй гэж хэлсэн. Үүнийг ярилцаж байхад байрны эзэн Золбаяр миний хажууд цуг байсан. 1 сарын зээл /1230000 төгрөг/ төлсний дараа дахин 8 хувийн зээлд оруулах хариу ирсэн үү гэхэд эдийн засагч надаар дахин тэр тухай өргөдөл бичүүлсэн. Надад 8 хувьд орохгүй байгаа шалтгааныг тодорхой хэлээгүй мөртлөө зээлээ хугацаанд нь төлөхгүй бол хэтрэлттэй зээлд 8 хувьд ороход саад болно шүү гэхээр нь сар болгон төлсөөр бүтэн жил төлсөн. Энэ хугацаанд зээлийн хүү өөрчлөгдөөгүй тул бид цаашид төлөх ямар ч чадваргүй болсон. Энэ хугацаанд банкинд Улаанбаатар хотоос ирсэн дотоод аудитын шалгалт 2 удаа ирэхэд нь учир явдлаа хэлж 2 удаа өргөдөл бичиж өгсөн. Салбарын захирлаар ажиллаж байсан дарга нар дээр орж тухай бүр учраа хэлж байсан. Бүр ядаад би өөрөө шүүх өгье гээд дарга дээр нь ороход бид нар өгнө тэгэхээр нь яваад оч гэсэн. Хүлээгээд 4 сар болоход шүүх дуудахгүй байсан. Тэгэхээр нь банкны дарга дээр шүүх намайг дуудахгүй байна юу болсон бэ гээд дахин орсон. Ингээд дарга нь эдийн засагчаа дуудсан чинь шүүхэд өгөөгүй одоо өгүүлье гэсэн. 2 сарын дараа шүүхийн эвлэрүүлэн зуулчлагч дуудахаар нь эхний хурлаар эвлэрээгүй. 2 дахь хурлаар банк 7-8 сарын хүүгээ хассан байсан. Би худалдаж авсан байрыг минь хурааж ав гэсэн. Би байрнаас өөр зүйл өгч чадахгүй гэр орныг минь худалдахыг бүр зөвшөөрөхгүй банкны буруугаас ийм байдалд хүрээд байна гэхэд тэгж хурааж авна гэсэн зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон ч байхгүй ямар гарц байна түүнийг хайна эргээд эргэн төлөлтийн дахин хуваарь хийнэ гэх мэтээртөлж болно шүү дээ ямар боломж байгааг олоход эвлэрлийн ач холбогдол байдаг гэхээр нь эвлэрсэн. Энэ тухай эвлэрлийн хурлын тэмдэглэлд тодорхой байгаа байх.

Ингээд бараг 1 жил шахам болохоор нь банкыг ямар 1 арга хэмжээ авч байгаа юм байх гэж байтал өнгөрсөн 7 хоногт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудаад мөнгийг 9 дүгээр сарын 1-ний дотор /7 хоногийн хугацаатай/ төлөхгүй бол эд хөрөнгийг чинь битүүмжилнэ, дансыг хаана гэх мэт шаардлага тавьсан. Надад учирсан энэ хохирол хүн ажлаас халснаар барагдахгүй тул анхнаасаа намайг хуурч зээл нь 8 хувьд орох боломжгүй байхад зээлийн хорооны хурлаар хэлэлцэж буруу шийдвэр гаргаснаас зээлийн барьцаанд орон гэрээ алдах болоод байна. Энэ гэрээг судлаад үзэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.9-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Банкны эдийн засагч зээлийг судлаад зээлдэгчтэй харилцан тохирсоны үндсэн дээр гэрээ байгуулж зээл гаргадаг. Банк нэхэмжлэгчийг зээл авахыг албадаагүй. Нэхэмжлэгчийн хувьд манай ажилтантай юу ярьсныг мэдэхгүй. Шүүхэд өг гэсэн. Эдийн засагч шүүхэд өгсөн байсан. Ямар ч байсан манайхтай байгуулсан зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/2308 дугаартай зээлийн гэрээг хүчингүйд тооцох ямар ч үндэслэлэгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Хаан банкны Булган салбартай байгуулсан  2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/2308 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Г.Энх-Ирээдүй, Э.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэдорж /хамтран зээлдэгч/нартай хамтран  хариуцагч Хаан банкны Булган салбартай  2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” болон “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж 76000000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 21б-01 тоотод байрлах орон сууц, Булган сумын 2 дугаар баг Б хэсгийн 7-02 тоотод байрлах хувийн сууц, Булган сумын 2 дугаар баг Б хэсгийн 7-02 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг  үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь “...энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан бөгөөд үнэн санаанаасаа хийгээгүй, банкны ажилтан орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хууран мэхэлж өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.9-д заасныг зөрчсөн тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Хуулийн энэ шаардлагын дагуу хариуцагч Хаан банкны Булган салбар нь нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгт  2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 76000000төгрөгийг  бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд иргэний эрх зүйн чадамжтай аливаа этгээд өөрийн хийж байгаа үйдлийн учир холбогдлыг ойлгохгүйгээр эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэгдсэн аливаа ажиллагаанд оролцсон байх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 527950 төгрөг төлөхөөс 269175 төлсөн, үлдэх 258775 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Төрийн санд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.9-д заасныг баримтлан Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Хаан банкны Булган салбарт холбогдох, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/2308 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 269175 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 258775 /хоёр зуун тавин найман мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.ОДОНЧИМЭГ