Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

 

 

      2022        01          10                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Занги овогт Баатархүүгийн Эд холбогдох эрүүгийн 2111 00000 1144 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, “Драгон бридж” ХХК-д геодезийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, дэнжийн 14-165 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон Занги овогт Баатархүүгийн Э, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 14-165 тоотод өөрийн эхнэр Б.Батцэцэгийг нүүрэн тус газарт нь цохиж, аяга шидэх зэргээр зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ... ” гэв

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би дээрх гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 70 дахь тал/,   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 3-7 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

Хохирогч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найз Сүглэгмаа бид хоёр манайд байсан. Би нөхрийнхөө найз руу яриад манай нөхрийг гэр лүү нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийн найз болох Цээгий нөхрийг маань 2021 оны 10 дугаар сарын 02-ны 21 цагийн үед хүргэж ирсэн. Ирэхэд манай нөхөр ер нь согтуу байсан. Би бас өөрийн найз Сүглэгмаатай “Сэнгүр” нэртэй 0,5 литртэй лаазтай пиво уусан. Тэгээд бид хоёр Сүглэгмаагийн хөгжлийн бэрхшээлтэй ахыг нь “Драгон” төвөөс тосох гээд явсан. Тэгээд буцаж ирсэн. Бид хоёр 2 литрийн “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд манай нөхөр надад “өөрөө гарах болохоороо гараад намайг гарах гэхээр уурладаг” гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад нөхөр надад уурлаад над руу нэг аяга шидсэн. Тэгээд би уурлаад хэрэлдэж муудалцаад би гал тогооны шургуулгад байсан жижиг хэмжээтэй хутгыг аваад өөрийгөө хутгалчихсан...” гэх / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч М.Сүглэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батцэцэг өдөр надаас 10,000 төгрөг зээлээд явсан. Тэр мөнгөөрөө нэг пиво аваад намайг дуудахаар нь би явж очсон нь тэр. Тэгэхэд нөхөр нь байхгүй байсан. Манай найз нөхрийнхөө найзуудтай ярьсан чинь нөхөр нь нэлээн согтчихсон байгаа талаар хэлсэн гэсэн. Тэгээд манай найз нөхрийг маань аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь 21 цаг 40 минутын үед гэртээ ирсэн. Ирэхдээ хоёр машинаар найзуудаараа хүргүүлж ирсэн гэсэн. Ирэхдээ маш их согтуу байсан. Тэгээд орж ирээд буйдан дээрээ унтсан. Тэгээд найз бид хоёр пиво ууж байсан. “Нийслэл” нэртэй 2,5 литртэй пиво байсан. Тэгээд манай найз гал түлнэ гээд зуух руу мод хийж байсан. Тэгсэн чинь нөхөр нь гэнэт босож ирээд ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад эхнэрийнхээ зүүн хацар руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд манай найз пиво ууж байсан аягаараа цохиулсан хэсэгтээ жин тавьж байсан. Тэгээд нөхөр нь дахиад босож ирээд хэрүүл өдөж эхнэр лүүгээ дайраад байхаар нь би салгаад нөхрийнх нь гарыг ард нь барьсан. Тэгсэн чинь нөхөр нь ширээн дээр байсан пиво ууж байсан аягыг аваад эхнэрийнхээ хацар луу шидчихсэн. Аяга нь хагараад газар үйрчихсэн. Найзын маань цохиулсан хэсэг хавдаад цус гарчихсан байсан. Тэгээд хэрүүл маргаан болоод нөхөр нь бид хоёрыг гадуур хувцасгүй гадаа хөөгөөд гаргачихсан. Тэгээд хаалгыг нь бид хоёр тогшоод гадуур хувцсаа аваад явъя гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр нь хаалга онгойлгоход манай найз шууд явж ороод гал тогооны шургуулгаас жижиг хутга гаргаж ирээд өөрийнхөө хэвлийн доод хэсэгт хутгалчихсан. Тэгээд би найзыгаа өөрийгөө хутгалсан гэдэгт нь итгээгүй. Хэсэг хугацааны дараа гэдэснээс нь цус гараад байсан. Тэгэхээр нь би айгаад өөрийгөө хутгалсан хутгыг гаргаад шидчихсэн...” гэх / хавтаст хэргийн 22-24 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9466 дугаартай дүгнэлтэд

Б.Батцэцэгийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун өндгөвчний урагдал, хэвлийн гялтангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун өндгөвчний урагдал, хэвлийн гялтангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Учирсан  гэмтлүүд нь хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа баруун өндгөвчийн урагдал, хэвлийн гялтангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 37-39 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Гэм буруутайд тооцох тухайд

Иймд шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 14-165 тоотод өөрийн эхнэр Б.Батцэцэгийг нүүрэн тус газарт нь цохиж, аяга шидэх зэргээр зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ял  оногдуулж,

 шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар

Хохирогч Б.Батцэцэгийн өөрийгөө хутгалсан гэх Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байх 11 см урттай бор өнгийн бариул бүхий 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Занги овогт Баатархүүгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байх 11 см урттай бор өнгийн бариул бүхий 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД