Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч П.*******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2115000000231 дугаартай, 163/2021/0224/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Цэвээний Батсүх, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, ... тоотод оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт “Энх хөгжил” хорооллын 1106 тоотод иргэн П.*******ийн баруун гуянд хайчаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энэ хэрэг гарсан. Би Төв аймгийн Заамар суманд хадлангийн ажил хийж байгаад ажлын хувцсаа янзлах гэж ирсэн. Тухайн өдөр 17-18 цагийн үед ******* ахтай таарсан. Манайд архи ууснаас болж ийм хэрэг гарсан. Бид хоёр архи уугаад маргалдаж байгаад ******* ах миний солгой гарыг өчсөн. Тэгээд миний унасан газар хайч байсан ба болиулах гэж байгаад ийм хэрэг гарсан. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд 6.200.000 төгрөгийн нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй ч миний бие нотлох баримтыг шаардахгүйгээр 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3.200.000 төгрөгийг хохирогчтой тохиролцоод, боломжоороо хувааж төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.******* өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг Батсүхийн хэлснээр гарсан. Батсүх энэ хэргийг санаатай үйлдсэн гэж бодож байна. Хэргийн дүгнэлт бодитойгоор гараагүй. Хэсгийн төлөөлөгч шинжилгээ хийлгэ гэж явуулахад хутганы сорвиноос өөр зүйл байгаагүй. Насанжаргал эмч Даваа гаригт зөөлөн эдийн шинжилгээ өгөөд эргэж ирээрэй гэсэн. Гэтэл ням гаригт миний хөл даагдахаа болиод түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт очсон. Яаралтайгаар хагалгаанд оруулахаар 10 дугаар сарын 04-ний өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд 10 дугаар сарын 05-ны өдөр артерийн судас боох хагалгаанд орсон. Тэгээд 11-ний өдөр эмнэлгээс гараад, 14 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Шүүх эмнэлэг дээр дахиж очоогүй тул дүгнэлт миний анх үзүүлснээр гарсан. Миний биеийн байдлын талаар зураг дээр байгаа. Мөрдөгч Батбаярт хагалгаанд орсон талаараа хэлсэн. Эмнэлгийн картаа авах гэсэн өгөхгүй, цагдаагийн байгууллагад өгнө гээд өгөөгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ шинжээчийн дүгнэлт дээр бичиж, гарын үсэг зурсан. Сүүлд мөрдөгч Батбаярт та хоёр эвлэрлийн журмаар шийд гээд миний өргөдлийг ураад ширээндээ хийсэн. Би гомдолтой байна. Би өнөөдрийн байдлаар 6.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж, эм тариа авсан. Үүнийг нэхэмжилж байна.  Батсүх нь намайг эмнэлэгт хэвтээд гарах үед 1.600.000 төгрөг, дараа нь 1.400.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг өгсөн. Би цаашид рашаан, сувилалд явж эмчилгээ хийлгэнэ. Эдгээр нь хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч *******ийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт “Энх хөгжил” хорооллын 1106 тоотод иргэн П.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний баруун гуянд хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Эрүүгийн 2115000000231 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь  2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт “Энх хөгжил” хорооллын 1106 тоотод иргэн П.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний баруун гуянд хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.*******ийн өгсөн: “...Тэгээд бид 2 маргалдахад миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “боль” гэхэд “танай охин чинь миний эхнэрийн эсрэг санал өгч огцруулсан” гээд дайраад байсан. Тэгээд бид 2 ноцолдсон, би согтсон байсан. Дээр, доороо ороод ноцолдож байтал “гөлгийг ална шүү” гэж байсан. Нэг мэдэхэд миний баруун талын гуяны арын хэсэгт халуу дүүгээд, би ухаан алдаж унасан. Тэгээд шөнө сэрсэн чинь хажуу талын хашаанд оруулж хэвтүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-19-21 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ы өгсөн: “...Би Батсүх гэдэг хүнийг танина. Манай аав, ээжтэй нэг нутаг юм. Ойр дотно байдаггүй. Манай сумын Засаг дарга хийж байсан хүний нөхөр юм. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж Баяннуур сумын Засаг дага Одончимэгийг огцруулсан. Түүнээс хойш манай аав машиндаа гагнуур хийлгэх гээд очсон. Аав ороод гарч ирэхдээ ууртай “танай охиноос болж миний эхнэр гараагүй ална аа” гэж Батсүх хэллээ гэсэн. Үүний дараа сумын төвийн хүүхдийн талбайн хажууд 50 метрийн зайтай зөрөхдөө ахын дүү чи буруу сэхэж байна, нутгийн хүүхэд тэгж болохгүй гээд байсан. Миний биед халдаагүй ээ. Гэхдээ манай аавыг ийм болгосон, мөн эмнэлэгт дуудлага өгөөгүй, тусламж үзүүлээгүй хаясан байгаа юм.. ...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.*******гийн өгсөн: “...“Энх хөгжил” хороололд айлын хашаанд хүний бие муудаад байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлгийн машинтай “Энх хөгжил” хорооллын 1107 тоотод очиход нэг эрэгтэй хүн баруун гуяндаа иртэй зүйлээр зүсэгдэж цус алдсан байдалтай хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-30- 31 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08-10 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9413 дугаартай: “...П.*******ийн биед баруун гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, дух, зүүн шуунд зулгаралт үүссэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир, үзүүр бүхий зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” гэх дүгнэлт /хх-34-35 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч *******ийн хохирогчийн биед халдаж гуянд нь ир үзүүртэй зүйлээр хатгах нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн мэдүүлэгт: ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ шинжээчийн дүгнэлт дээр бичиж, гарын үсэг зурсан. ...шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна гэжээ.

         Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоохоор заасан байдаг. Үүнд: Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгоно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.” гэж заасны дагуу мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавыг томилж, түүнд эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9413 дугаар дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох“ журамд заасны дагуу хохирогч П.*******ийн гэмтлийн зэргийг тогтоосон байна. Иймд дээрх дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв.

        Мөрдөгч нь хохирогч П.*******ид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9413 дугаар дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танилцуулжээ. /хх-37 тал/

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хохирогч нь дээрх шинжээчийн дүгнэлттэй танилцахдаа “санал, хүсэлт байхгүй” гэж гарын үсэг зурсан бөгөөд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн мөрдөгч нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн нутагт “Энх хөгжил” хорооллын 1106 тоотод иргэн П.*******ийн баруун гуянд хайчаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 6.200.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогчоос эмчилгээний зардалд 6.200.000 төгрөг нэхэмжилсэн, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчийн зүгээс нотлох баримт шаардахгүйгээр, сайн дураараа мөрдөн шалгах ажиллагаанд 3.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.200.000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч *******ээс 3.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******ид олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч П.*******ид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хохирогч П.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 47-50, 55 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгийн талаарх лавлагаа, оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт зэргээр шүүгдэгч ******* нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр багийн 1106 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын байдлыг тогтоосон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/108 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/108 дугаартай тогтоолд дурдсанаар шүүгдэгч *******ийг 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай, хайчны ир буюу ажлын хэсэг 0.9 см урттай, хайчны бариул 13 см, бариул нь гол хэсгээрээ 3 см өргөнтэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Цэвээний Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардал 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймаг, Баяннуур сум, “Шартал” 2 дугаар багт оршин суух, Пүрэвжавын ******* /РД:*******/-д олгосугай.

6. Шүүгдэгч *******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай, хайчны ир буюу ажлын хэсэг 0.9 см урттай, хайчны бариул 13 см, бариул нь гол хэсгээрээ 3 см өргөнтэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР