Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0017

 

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0017

Улаанбаатар хот

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Х, Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 250011213 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ”М” ХХК нь орон сууцны барилгыг зориулалтаар нь түрээслэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг, магадлагаанд ирүүлсэн баримтын хүрээнд 2011 онд борлуулсан 6 орон сууцыг хэдийгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа ч тэдгээрийг худалдаж авснаас хойш орон сууцны зориулалтаар ашиглан хэдий хугацаанд, хэнд, ямар зориулалтаар түрээсэлсэн, түрээсийн орлогыг хүлээн авсан санхүүгийн баримт, борлуулалтын тайландбүртгэсэн түрээсийн орлого, нягтлан бодох бүртгэлийн бичилт зэрэг нотолгоо байгаагүй, нөгөө талаар өөрийн өмчлөлд бүртгүүлснээс хойш маш богино хугацаанд, өөрөөр хэлбэл 1-3 сарын дотор борлуулсан нь зориулалтаар ашиглах зорилго байгаагүй, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-5 Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө шалгуур Аж ахуй нэгж нь эргэлтийн бус хөрөнгийн дансныүнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар үндсэндээ нөхөж олж авах бол уг хөрөнгийг Борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө гэж ангилна гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д бараа гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг хангаж байгаа тул 2011 оны 1,507,996.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж хариуцлагахүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнэжээ.

Орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.2-т заасан бараа гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг гэсэн заалт хамаарах бөгөөд мөн хуулийн 13.1.18-д орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого гэсэн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, худалдан авсан орон сууцнуудыг тухайн үед нь эрх бүхий байгууллагад бүртгүүлж, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө болохыг баталсан гэрчилгээг авч, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар татвар ногдуулна гэсэн заалтын дагуу оногдох татварыг ногдуулан төлсөн, Маргаан таслах зөвлөл ...орон сууцууд одоогийн мөрдөгдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдаж үйлчлэхээс өмнө баригдаж ашиглагдсаар ирсэн, нөгөө талаар 1994 оноос өмнө орон сууц нь төрийн өмч байгаад худалдан борлуулах аливаа асуудал байгаагүй, Монгол улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас бусад хуулийг буцааж хэрэглэдэггүй, эдгээр хуучны орон сууцууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт хамаарахгүй юм гэж дүгнэлт хийж, 2012-2013 онд борлуулсан орон сууцнуудын борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлсөн атлаа 2011 оныхыг үлдээсэн нь ойлгомжгүй бөгөөд маргаан таслахзөвлөл татварын хуулийг дур зоргоороо тайлбарлах болсон, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартыг татварын тооцоололд шууд авч хэрэглэх талаар татварын хуульд ямар ч заалт байхгүй юм. “М” ХХК-аар хариуцуулан төлүүлэхээр тогтоосон 229,349.9 мянган төгрөгийн төлбөрөөс 2011 оны орон сууцны барилгын борлуулалтын орлого 1,507,996.3 мянган төгрөгийн зөрчилд оногдуулсан 218,018.6 мянган төгрөгийн татварын төлбөрийг чөлөөлж өгнө үү. 2011 онд борлуулсан орон сууцны үнэнд ногдуулсан 218,018,626 төгрөгийг хасаад, үлдэх 11,331,274.5 төгрөгийн татварын төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа юм. гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э, Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 5 орон сууц, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1 орон сууц, нийт 6 орон сууцны зориулалттай байрыг худалдан аваад 3-87 хоногийн дотор буцаан борлуулсан нь орон сууцхудалдах, худалдан авах тухай гэрээнүүдээс харагдаж байна. Нийт 6 орон сууцыг хэдийгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа ч тэдгээрийг худалдаж авснаас хойш орон сууцны зориулалтаар ашиглан хэдий хугацаанд, хэнд, ямар зориулалтаар түрээслэсэн, түрээсийн орлогыг хүлээн авсан санхүүгийн баримт,борлуулалтын тайланд бүртгэсэн түрээсийн орлого, нягтлан бодох бүртгэлийн бичилт зэрэг нотолгоо байгаагүй, нөгөө талаар өөрийн өмчлөлд бүртгүүлснээс маш богино хугацаанд, өөрөөр хэлбэл 3-87 хоногийн /1-3 сарын/ дотор борлуулсан нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт 5-д Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө шалгуур нь Аж ахуй нэгж нь эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар үндсэндээ нөхөж олж авах бол уг хөрөнгийг Борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө гэж ангилсантай адил байна гэж үзэж байна. Худалдан борлуулсан 6 орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т бараа гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг гэсэн болзлыг хангаж байгаа тул 2011 оны 1,507,996.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байгаа нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 250011213 тоот актын 2011 онд орон сууц борлуулсны орлогод ногдуулсан нийт 218 018 626 /Хоёр зуун арван найман сая арван найман мянга зургаан зуун хорин зургаа/-төгрөгийг хүчингүй болгожээ.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар Дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 сарын 16-ны өдрийн №250011213 тоот актаар 4,141,332,911.58 төгрөгийн /дөрвөн тэрбум нэг зуун дөчин нэгэн сая гурван зуун гучин хоёр мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин найман мөнгө/ зөрчил илрүүлж түүнд нийт 525,284,934 төгрөг /таван зуун хорин таван сая хоёр зуун наян дөрвөн мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг/-ийн төлбөр тогтоосноос Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл 2,379,809,000 төгрөг /хоёр тэрбум гурван зуундалан есен сая найман зуун есөн мянга/-ийн зөрчилд ногдуулсан 295,935,200 төгрөг /хоёр зуун ерэн таван сая есөн зуун гучин таван мянга хоёр зуун/-ийн төлбөрийг хасч, үлдэх 1,761,523,900 төгрөг /нэг тэрбум долоон зуун жаран нэгэн сая таван зуун хорин гурван мянга есөн зуун/-ийн зөрчилд ногдуулсан 229,349,900 төгрөг/хоёр зуун хорин есөн сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун/-ийн төлбөрийг төлүүлэхээр 2015 оны 01 сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол гаргасан.

Маргаан таслах зөвлөл №250011213 тоот актын эрх зүйн үндэслэлийг өөрчилж /өөрөөр хэлбэл шинээр эрх зүйн үр дагавар бий болгосон/ тогтоол гаргасан байхад шүүх үүнийг харгалзаж үзэлгүй татварын улсын байцаагчдыг хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 12.1.2-т дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн... гэжээ. Татварын улсын байцаагчдын дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд хандахаар хуульчилсан байна. Тиймээс татварын улсын байцаагчдын тогтоосон эрх зүйн үндэслэлийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүчингүй болгон өөрчилсөн асуудалд татварын улсын байцаагчид хариуцагчаар оролцож зөвлөлөөс гаргасан эрх зүйн үндэслэлийг бүрэн хамгаалан мэтгэлцэж, хангалттай тайлбар хийж оролцох боломжгүй байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйл хамтран хариуцагч, 24 дүгээр зүйл хариуцагчийг солих зэрэг хуулийн зохицуулалтыг хэрэглэж жинхэнэ хариуцагчаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагчийг татаж оролцуулалгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна." гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрт Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгохоор заасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д "Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу зохицуулна." гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т "... хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийг хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна...", Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д "... төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр,торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл..." чөлөөлөгдөх талаар заасан ба Төсвийн тухай хуулийн 4.1.34-д "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэх заалтаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь төсвийн байгууллага болох бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу л зарцуулах эрх зүйн зохицуулалттай. Иймд улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно.

Иймд дээрхи үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 690 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-дзаасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаж байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд ... татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс үлдсэн 229,349,902 төгрөгөөс 2011 онд борлуулсан орон сууцны үнэнд ногдуулсан 218,018,626 төгрөгийн төлбөрийг хасуулаад, үлдэх 11,331,274.5 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд актын 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Татварын улсын байцаагч нь тус компанийн 2011 онд 6 орон сууцыг худалдан авч 1-3 сарын дараа борлуулсны 1,507,996,400 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтаар тусгалгүй, чөлөөлөгдөх борлуулалтаар тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүйг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, хүү ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д энэ хуульд заасан "орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр гэж орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барилгыг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1.8-д орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх-өөр тус тус заажээ.

Аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь иргэдийн хэрэгцээ, амьдралын нөхцөл байдлыг дэмжих, шударга байдлыг хангах, эсхүл тодорхой салбарыг хөгжүүлэх гэх мэт нийгэм, эдийн засгийн тодорхой зорилготой байдаг бөгөөд дээрх хуулийн зорилгыг хүний анхдагч хэрэгцээ болох орон сууцыг уг хэрэгцээгээ хангах зориулалтаар ашигласантай нь холбогдуулж тухайн орон сууцаа борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж иргэдээ дэмжсэн нийгмийн бодлогын шинжтэй зохицуулалт гэж үзэхээр байна.

Харин орон сууцыг шинээр баригдсан, эсхүл 1994 оноос өмнө баригдсан гэдгээр нь ялгаж татвараас чөлөөлөх нь нийгэм, эдийн засгийн зорилго агуулахгүйгээс гадна орон сууцыг ямар нэгэн шалгуургүйгээр бусад бараанаас ялгамжтайгаар, борлуулсан үедээ татварын чөлөөлөлт эдлэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг зорилгод нь нийцүүлж тайлбарлахгүйгээр ... орон сууцыг борлуулах зорилгоор худалдан авч, цааш худалдсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэсэн агуулга бүхий зохицуулалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй юм гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн маргаж байгаа татварын улсын байцаагчийн актыг хэрхэн хууль бус гэж үзэж байгаа талаар дүгнэлгүй, уг хуулийн агуулгыг явцууруулан хэрэглэсэн Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд үндэслэн ... хуучны орон сууцнууд нь ... хуулийн 13.5-д ... хамаарахгүй гэж үзсэн атлаа 2011 онд борлуулсан 6 орон сууцны хувьд үндэслэлгүйгээр ялгамжтай хандаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж үзсэн нь буруу юм гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ ... хуулийг хэрэглэнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д Үндэслэх хэсэгт ... захиргааны актын үндэслэлийг тусгана гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар хариуцагчийн ... маргаан таслах зөвлөл актын эрх зүйн үндэслэлийг өөрчилж /өөрөөр хэлбэл шинээр эрх зүйн үр дагавар бий болгосон/ тогтоол гаргасан байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй ... гэх гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2011 онд 6 орон сууцыг худалдан авч 0-3 сарын дотор бусдад борлуулсан, худалдан авснаас хойшхи хугацаанд уг орон сууцуудыг орон сууцны зориулалтаар ашигласантай холбоотой баримт байхгүй зэргээс үзвэл уг орон сууцуудыг орон сууцны зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байх тул татварын улсын байцаагчийн ... уг орон сууцнууд татвараас чөлөөлөгдөхгүй гэж үзэж нөхөн татвар, торгууль, хүү ногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.3.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.8, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 250011213 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ