Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00454

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэр

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

“Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг, нийт 67 616 766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээ ёсоор “Х” ХХК нь М200 маркийн бетон зуурмагийг 50 м.куб-ийг м.куб-ийн үнийг 150 682 төгрөгөөр тохиролцож, 7 534 100 төгрөг, М250   маркийн бетон зуурмагийг 2500 м.куб-ийг м.куб үнийг 168 045 төгрөгөөр тохиролцож, 420 112 500 төгрөг, М300 маркийн бетон зуурмагийг 500 м.куб-ийг м.куб үнийг 176 715 төгрөгөөр тохиролцож, 88 357 500 төгрөг, нийт 516 004 100 төгрөгөөр тохирч “Э” ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон.

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар “Э” ХХК-аас 80 663 006 төгрөгийн бараа материал авсан бөгөөд “Х” ХХК-иас “Э” ХХК-д 125 740 850 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэвч “Эсба интерн  эшнл” ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн төлбөрийг тухайн давхарын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж хийж барагдуулах байтал төлбөрөө хийлгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 4.6-д “Э” ХХК нь бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон боловч “Э” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 45 077 844 төгрөгийг төлөөгүй байгаа тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22 538 922 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа болно. “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх нь “Х” ХХК-д Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нээлттэй байгаа билээ.

Иймд “Э” ХХК-иас “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний гүйцэтгэлийг хангуулж 45 077 844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22 538 922 төгрөг, нийт 67 616 766 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн 2013 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын барилгыг барих тендерт оролцож, ялалт байгуулан уг барилгыг барихаар болсон. “Х” ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдорж нь уг барилгыг барихад санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг, түүнчлэн манай компаниас нийт 10 629 000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан байдаг. Уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан боловч одоо ямар үндэслэлээр уг төлбөрийн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийн асуудлаар “Х” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж, түүний төрсөн дүү Ц.Пүрэвдорж нартай ойлголцож, зөвшилцөлд хүрч, манай компаниас авсан бэлэн мөнгө, бараа материалд оруулан тооцохоор болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмардоржийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалыг хариуцагч болон түүний өмгөөлөгчид 2018 оны 10 сарын 15-ны өдөр тус шүүхээс хүргүүлсэнийг хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 48 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45 077 844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 22 538 922 төгрөг, нийт 67 616 766 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид:

М200 маркийн бетон зуурмагийг /м.куб-ийн нэгжийн үнийг 150 682 төгрөгөөр/ 50м.кубх150 682= 7 534 100 төгрөгөөр.

М250 маркийн бетон зуурмагыг /м.куб-ийн нэгжийн үнийг 168 045 төгрөгөөр/ 7500 м.куб х 168 045= 420 112 500 төгрөгөөр,

М300 маркийн бетон зуурмагийг /м.куб-ийн нэгжийн үнийг 176 715 төгрөгөөр/ 5О0 м.куб х 176 715= 88 357 500 төгрөгөөр нийт 516 004 100 төгрөгийг бетон зуурмагыг нийлүүлэхээр тохиролцож бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа М.300 маркийн 590 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн ба нийт үнэ нь 104 261 850 төгрөг бөгөөд “Э” ХХК-аас 69 012 006 төгрөгийн бараа материал авч үлдэгдэл 35 249 844 төгрөгийг төлөөгүй, М200, М250 маркийн бетон зуурмагийг үнэ 21 479 000 төгрөгөөс 11 651 000 төгрөгийг авч үлдэгдэл 9 828 000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарласан бөгөөд энэхүү тооцооны үлдэгдлийг 2014 оны 09 сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар дээрх үлдэгдлүүд гарсан гэж тайлбарласан. Гэвч дээрх тооцоо нийлсэн актанд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, зөвхөн нэг талын тооцоо нийлсэн акт байдаг.

2. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулаагүй, М200, М250, М300 маркийн бетон зуурмагны үлдэгдэл үнэ тус бүрийг нэг бүрчлэн тодруулаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дээрх нэг талын тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр магадлалд дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцаах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гагцхүү тооцоо нийлсэн акт, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан байдлаар тодорхойлж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний 4.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь болох 22 538 922 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн салаа утгагүй илэрхийлсэн бөгөөд зуурмагийн тус бүрээр хэдэн төгрөг нэхэмжилж буй нь нэг талын тооцоо нийлсэн актанд тодорхой дурдсан, нэхэмжлэгч нь уг бетон зуурмагийн маркийн төрөл, үнэ, нийлүүлсэн тоо хэмжээгээр анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тооцоо нийлсэн актанд хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Товч дурдахад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн бөгөөд бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Баян-Өлгий аймаг руу Ц.Пүрэвдоржийн авсан материалын тооцоо, гэрч Ц.Пүрэвдорж, И.Ариунаа, Ж.Бадрах, О.Тунгалаг, Ц.Батбаяр нарын мэдүүлэг болон холбогдох нотлох баримтанд ач холбогдол өгөхийг хүсье.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Зохигч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ” байгуулж, А тал буюу “Х” ХХК нь гэрээнд заасан марк, тоо хэмжээ, үнэ бүхий бетон зуурмагийг үйлдвэрлэн өөрийн тээврээр Б тал буюу “Э” ХХК-д хүргэж өгөх, Б тал графикийн дагуу бетон зуурмагийг худалдан авч, цутгалтын ажил эхлэхээс 7 хоногийн өмнө урьдчилгаа 10%-ийг өгч, үлдэх төлбөрийг тухайн давхрын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж барагдуулахаар тохирчээ.

Гэрээний дагуу А тал 104 261 850 төгрөгийн үнэ бүхий М300 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хоорондох бараа материал, бетон зуурмагийн тооцоог дүгнэж, “Э” ХХК-иас 45 077 844 төгрөгийн авлагатай гарч, дээрх төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймагт баригдаж буй Прокурорын барилгыг барихад зээлсэн бараа, материал, бэлэн мөнгийг тус гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байхад тооцоонд оруулалгүй, төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлоогүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тодорхой тусгаагүй, талуудын мэтгэлцэж буй үйл баримтын талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг дурдаж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь М200, М250 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс дээрх төрлийн бетон зуурмагийн үлдэгдлийг тодруулахаар магадлалд заасан нь үндэслэлгүй болжээ.

Хоёр шатны шүүх талуудын мэтгэлцээн, хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД