Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 893

 

                                                        Н.Г-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809025120585 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Урт овгийн Н.Г-, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймагт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            Н.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 619 тоотод оршин суух хохирогч Б.Нямсүрэнгийн гэрт нэвтэрч, 32 инчийн “Monel” загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 159.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж санамсар болгоомжгүй үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.Г-ыг давж заалдах гомдол гаргаснаас хойш түүнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. Шүүгдэгч Н.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний асуудлыг ойлгож байгаа.” гэв. 

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн. Шүүхээс түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэвч шүүгдэгч Н.Г- нь давж заалдсан гомдолдоо өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулжээ. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Н.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 619 тоотод оршин суух иргэн Б.Нямсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Monel” загварын телевизорыг хулгайлж, 159.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Нямсүрэн нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар зүйн байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, үнэ өртгийн талаар /хх-ийн 17-18/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Номинсүрэн /хх-ийн 22/, яллагдагч Н.Г- /хх-ийн 31-32/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 25-26/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Г-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон байна.

Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдолдоо: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй.

Орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

Монгол гэр нь хүн байнга амьдрах орон байранд хамаарах бөгөөд түүний хаалга, түгжээг эвдэн нэвтрэн орж, гэрээс бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Нөгөөтэйгүүр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйл тул эдгээрийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Н.Г- нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх баримт, нотолгоо авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосон нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Н.Г-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧИД                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                            Н.БАТСАЙХАН