Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Х-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108013981362 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Х-ийн Г (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 12 сарын 24-ний өдөр Ш улсын О хотын ... дугаар байрны ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.М-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал), хохирогч Э.М-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал, 87 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5876 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч Х.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Х.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал), шүүгдэгч Х.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх албан тоотын хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), хохирогч Э.М-аас мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн талаарх гэрэл зургууд, шүүгдэгч Х.Г-тай харилцсан чатууд (хавтаст хэргийн 93-108 дахь тал), цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 140-161 дахь тал), шүүгдэгч Х.Г-аас хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн Монгол банкнаас зарласан ханшны хуулбар (хавтаст хэргийн 170-171 дэх тал), хохирол барагдуулсан талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 172-174 дэх тал), шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал, 163 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.Г нь 2020 оны 12 сарын 24-ний өдөр Ш улсын О хотын ... дугаар байрны ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.М-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт нь нотлогдсон байна.

Тодруулбал, уг үйл баримт нь:

1. Хохирогч Э.М-ы: “...Ш улсын О хотод ... дугаар байрны ... тоотод Г, Ш нартай хамт амьдардаг байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ш ахын төрсөн өдөр болоод манайд Г-ын найз охин гэх С ирсэн, ...архи ууцгаасан. Г бид хоёр юм яриад сууж байтал Г согтчихоод жоохон үсчээд дуу нь чангараад чи, би болоод надаас хамаагүй дүү байж намайг чи гэж дуудаад байхаар нь би “чи аятайхан биеэ авч яв, чиний наад ааш авир чинь надад таалагдахгүй байна” гэсэн чинь “чамд таалагдах албатай юм уу” гээд надтай барилцаад авсан. Би цааш нь найз охиных нь зүг рүү нь түлхээд өөрөөсөө холдуулаад “одоо боль, хүний баярын өдөр ингээд яах вэ” гэж хэлээд босоод буруу хараад тонгойгоод ширээн дээрээс закуска аваад идэх гээд тонгойж байхад миний зүүн хойд талаас миний эрүүн дундуур тас хийгээд цохиод авсан. Юугаар цохисныг нь би хараагүй, эрүүний зүүн талаас гэнэт цохиод авсан. Би тэр үед нь ширээгээ даваад урагшаа газарт өрөөлдөөд унасан. Газар унагачхаад босохын завдалгүй дээрээс өвдөглөөд дарж суучхаад нүүр лүү завсар зай өгөлгүй цохиод байсан. Би өндийгөөд хамт барьцалдсан чигээрээ хамт орж давж өнхрөлдөж унасан. Тэгээд босох гэж байхад дахиад миний эрүү рүү баруун тал руу зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед миний эрүү хугарч мултарсан. Тэр үед би миний эрүүний хэсэг хүнд гэмтчих шиг боллоо гээд хэлэх гэж оролдох үед дээрээс нь нэмээд нүүр лүү, эрүү рүү гараараа цохиод байсан. Би эрүү хугарлын улмаас ярьж чадахгүй, ярих боломжгүй, ам, хамраас битүү цус гараад байсан. Тухайн үед Г-ын цус нь хөөрчихсөн дийлдэхгүй болчихсон байсан. Энэ үйл явдал 22 цагаас 23 цагийн хооронд болсон. ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хэвтээд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхний хагалгаанд орж эрүүнд бэхлэгээ хадаас хийлгэсэн, хугарсан шүдний ёзоорыг авхуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин хагалгаа хийлгэж эрүүний доод хэсэг мэдрэлгүй мэдээгүй болсон байсан тул дахин хагалгаанд орж мэдрэлийн судасны хагалгаанд орсон. Одоо сайн мэдээ ороогүй байгаа, явцдаа мэдээ орно гэсэн. 2021 оны 04 дүгээр сар хүртэл хоол идэж чадахгүй гуурсаар хооллодог байсан. Би хагалгаанд орчхоод эмнэлгээс гарсан.  Учир нь, хэвтэж эмчлүүлэхэд маш их өндөр өртөгтэй учир хэвтэн эмчлүүлж чадаагүй. Бас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрүүний доод хэсэг буглаж идээлээд байхаар нь дахиад хагалгаанд орсон. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бас эрүүний нэг төмөр авхуулах гэж Ш улсад бас хагалгаанд орсон. Би Монгол Улсад 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. Одоо бас баруун талын эрүүнд байгаа төмрийг авхуулах хагалгаанд орох шаардлагатай байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал, 87 дахь тал),

2. Шүүгдэгч Х.Г-ын: “...Бид нар Ш ахын төрсөн өдрийг тэмдэглээд хоол унд идээд ярилцаад сууцгаагаад 2-3 шил виски авч ирснийг бид нар хамт ууцгаасан. Тэгээд Ш ах согтоод тасраад унтаад өгсөн. 21 цаг 30 минутын үед зочид тарцгаасан. ... М Э бид гурав хамт сууж байгаад хоол идсэн. Нэг архи задлаад ганц ганц хийж тавиад байж байхад Ш ах сэрсэн. Тэгээд “өө С ороод ирсэн юм уу би тасарчихсан байна ш дээ” гээд хэлж байсан. Тэр үед М, Ш-ыг “та одоо төрсөн өдрийн эзэн юм байж түрүүлээд тасраад уначих юм” гэж хэлсэн чинь Ш ах “миний тасарч унах чамд ямар хамаатай юм гөлөг минь, юу гэх гээд байгаа юм чи” гэж хэлсэн чинь М “та намайг ингэж дуудахгүй шүү” гээд хоорондоо маргалдаад барилцаад авсан. Тэгсэн чинь Со гэж дууддаг Э манай найз охин надад “хоёулаа дээшээ манайд оръё, наад хоёр чинь яав л гэж дээ орхичхоод оръё” гэхээр нь би “чи орж бай би салгачхаад араас чинь оръё” гэж хэлээд гаргасан. М Ш нарыг салгаад М-ыг “чи одоо болиоч дээ тасарсан л байгаа биз, өөрөөсөө ах хүнийг яах гээд байгаа юм” гэж хэлээд Ш ахыг ч бас “та одоо болиоч ууж идсэнээ тааруулж хэрэглээч, нэг газар хамт  ажилладаг байж хоорондоо маргалдаад байх юм” гэж хэлсэн чинь М “чи одоо хөгшөөн, хөгшөөн гээд яваад байсан чинь дундаа ороод байна уу ахын дүү, чи одоо тэгээд яах гээд байгаа юм” гээд байхаар нь би “чи тэгээд яах юм” гээд ойртоод байхаар нь түлхсэн чинь өөдөөс намайг цохих гэж оролдоод нэг удаа нүүр лүү цохисон болохоор би дараа нь бултаад буцаагаад нүүр лүү нь баруун гараараа саваад цохисон. М надад цохиулаад хойшоогоо суугаад унаад өгсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлоо төлж барагдуулна. Хүнийг хохироосон маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Х.Г, хохирогч Э.М нар нь Ш улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор явцгаасан хүмүүс байх бөгөөд улмаар байр хөлслөн хамт амьдарцгаах явцдаа /хамт амьдардаг н.Ш-ын төрсөн өдрийг тэмдэглэсэн гэх/ нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ингэх явцдаа хоорондоо маргалдаж Х.Г нь хохирогчийн нүүр рүү гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогчид доод эрүүний их биеийн баруун, зүүн талд хугарал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5876 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)-д тусгагдсан зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх ажээ.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Шүүгдэгч Х.Г нь бусад этгээд рүү чиглүүлэн хийж буй хүч хэрэглэсэн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг алдагдуулсан, зөрчсөн үйлдэл бөгөөд тэрбээр өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан атлаа хохирогчийн бие махбод руу цохих, өшиглөх зэргээр халдаж буй нь гэм буруугийн санаатай үйлдлийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас үүсгэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Г-ын хүний эрүүл мэндэд халдаж хүндэвтэр гэмтэл учруулж буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, 3 сарын дутуу авсан цалин хөлс, бусад зардал хэмээн нийт 20,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. (хавтаст хэргийн 87 дахь тал)

Хохирогчоос гаргаж өгсөн баримтуудыг авч үзвэл, толгойн КТГ 130,000 төгрөг (хавтаст хэргийн 12 дахь тал), ... шүдний эмнэлэгт 250,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай баримт (хавтаст хэргийн 127 дахь тал), мөн 50 крон зарцуулсан баримтын орчуулга /Ш мөнгөн тэмдэгт/ Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хаалтын ханш 345.53 төгрөг (хавтаст хэргийн 170 дахь тал)-өөр тооцон 17.276.5 төгрөг, орчуулгын хөлс 210,000 төгрөг (хавтаст хэргийн 112 дахь тал), нийт 607,276.5 төгрөгийн баримт гаргаж өгсөн.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад хохирогч нь эрүүний хугарлын хагалгаанд удаа дараа орсон, уг зардлыг цагаач иргэн гэдэг утгаар нь тухайн улсаас үнэ төлбөргүй хийж өгсөн, хохирогч, шүүгдэгч нараас хагалгааны зардал гэж гаргуулсан зүйл байхгүй байх бөгөөд харин эмчилгээ, үзлэг зэрэгт гарсан зардлыг хувиас төлсөн гэцгээсэн байна.

Шүүгдэгч Х.Г нь Ш улсад байхдаа хохирогчид эмчилгээнд зориулж 8000 крон /8000х345,53=2,764,240/ өгсөн гэснийг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд шүүгдэгчээс хохирогчид нэмж Монголын мөнгөн дэвсгэртээр 1,300,000 төгрөг өгсөн (хавтаст хэргийн 172-174 дэх тал) буюу нийт 4,064,240 төгрөгийг өгсөн буюу баримтаар нэхэмжилсэн зардлыг төлж барагдуулсан байна.

Мөн хохирогч нь цалин хөлс орлогоо нэхэмжилж “Хөдөлмөр эрхлэлтийн баталгаа” гэсэн баримтыг гарган өгсөн байх бөгөөд уг баримтад “мэргэжил тогооч, цэвэр цалин 19000 крон” гэж бичигдсэн, улмаар 3 сараар тооцож цалинг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. (1кр=345,53  19000х345,53х3=19.695.210 төг/

Гэвч хохирогч Э.М нь Ш улсад байхдаа уг “...” гэх газарт хэзээ ажилд орсон, хэдэн төгрөгийн цалинг авч байсан болохыг хангалттай нотолсон баримтгүй буюу түүний цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлсэн баримтгүй тул зөвхөн хохирогчийн гаргаж өгсөн “хөдөлмөр эрхлэлтийн баталгаа” гэсэн орчуулгын баримтыг үндэслэж, түүний дутуу авсан цалин хөлс орлогыг /нэхэмжилсэн дүнгээр нь/ шүүгдэгч Х.Г-аас гаргуулах боломжгүй байна.

Иймээс хохирогч нь энэхүү дутуу авсан цалин хөлс, орлого, цаашид хийгдэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав: “... шүүгдэгч Х.Г нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид 4 сая гаран төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т заасан үндэслэлд хамаарч байгаа тул түүнд 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь: “...ахиж ийм хэрэг үйлдэхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Х.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүгдэгч Х.Г-ын үйлдсэн хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Х.Г-д шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлэх боломжтой байна.

Иймээс шүүгдэгч Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдал, цаашид гарах эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлсийг баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг, нөгөө талаас шүүгдэгч Х.Г хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүнд оногдуулсан 1 сая төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Г-аас 4,064,240 (дөрвөн сая, жаран дөрвөн мянга, хоёр зуун дөч) төгрөгийг хохирогч Э.М-д төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ