Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос В овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103003620385 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо .. дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, В овогт Б-ийн М-э (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 22 цаг 01 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Сонсголонгийн замд, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ “Honda Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтын зөрчсөний улмаас “Toyota Land Cruiser Prado” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас, уг тээврийн хэрэгслийг түрж явсан Т.М-тай хавсарч мөргөн, Т.М-ын эрүүл мэндэд хүнд, өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Р.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз эмэгтэй Д-г тосохоор өөрийн эзэмшлийн Хонда инсайт маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан ба Сонсголонгийн буудлын тэндээс найз Д-г тосож авчхаад буцаад гэртээ харихаар Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад утсанд мессенжер чат ирэхээр нь  Д-д утсаа  өгч уншуулаад  найз руугаа  юу гэж бичихийг  нь хэлээд  явж байхад  гэнэт  урд машин зогсож байгаа нь харагдсан.  Би тэр машиныг хараад  тоормос гишгэсэн боловч  хэтэрхий ойрхон зайтай  байсан болохоор яаж ч  чадалгүй  мөргөсөн.  Тэгээд машинаас бууж ирж харахад нэлээн зайтай цагаан өнгийн жийп машин зогсож байсан ба  наана нь зам дээр 30 гаран насны  ах хэвтэж  байгааг нь хараад айгаад буцаад машиндаа суусан. Тэгээд ээж ирээд удалгүй түргэн болон цагдаа ирсэн. Ослоос хойш мөрдөн байцаалтад хохирогчийн эмчилгээнд 5,729,503 төгрөг, хагалгааны үеэр хоол унданд 38900 төгрөг,  гэрээ хийх өдрөө  хохирогч М-ын эхнэр М-ын дансанд 15 сая төгрөг шилжүүлсэн, одоогоор нийт 22,228,153 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 10 сая төгрөгийг графикийн дагуу төлнө гэж тохирсон. Би маш их харамсаж байна.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байх ба 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 22 цаг 01 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Сонсголонгийн замд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлийн 2 эгнээ бүхий замын 1 дүгээр эгнээгээр “Honda Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байх энэ үед тус замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд “Toyota Land Cruiser Prado” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шатахуун дууссаны улмаас ослын гэрэл асаасан, тухайн тээврийн хэрэгслийг Т.М, Б.Б нар нь түрж шатахуун түгээх станц орохоор явах үед Б.М араас нь мөргөж иргэн Т.М-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан зам тээврийн ослыг гаргасан болох нь нотлогдсон байна. Тухайлбал,

1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “осол гарсан зам нь эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ бүхий, гэрэлтүүлэгтэй суурингийн доторх зам байх бөгөөд осолд орсон 2 машин нь замын нэгдүгээр эгнээнд зогссон, А цэгийг хохирогч Т.М-ын мөргүүлсэн гэх цэгээр тогтоосон, ослоос үүдэн “Toyota Land Cruiser Prado” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд буфер, хамгаалалт зэрэгт, “Honda Insight” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, нүүр, копут, зүүн урд их гэрэл, салхины шил хагарсан, крыло эвдэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй харагдах байдалтай байгаа нь” тэмдэглэгдсэн (хавтаст хэргийн 4 дэх тал, 5 дахь тал, 8-9 дэх тал, 10-13 дахь тал),

2. Хохирогч Т.М-ын: “...ШТС ойрхон харагдахаар нь ослын дохиогоо асаагаад жолооны ард хадам аав Б-ыг суулгаж хадам дүү Б бид хоёр түрээд явж байхад түс тас дуугараад миний хөл эвгүй болчихсон. Газар унаад эргээд харахад улаан өнгийн суудлын автомашины урд хэсэг эвдэрсэн байдалтай харагдсан. Тэгэхээр нь босох гэхэд хоёр хөл солбичихсон хөдөлж болохгүй байхаар хөл хугарсан гэдгээ мэдээд босоогүй. Тэр үед манай хадам дүү Б түргэн дуудаж 30-40 минутын дараа түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10922 дугаартай:

“Т.М-н биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны өвдөгний үе дайрч бяцарсан ясны сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны өвдөгний үе дайрсан олон тооны сэлтэрхий бүхий бяцарсан ил хугарлууд, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

4. Иргэний нэхэмжлэгч Р.Д-ий: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад автобусаар яваад 5 шарын автобусны буудал дээр буугаад найз залуу М-ээр 5 шарын автобусны буудал дээрээс авхуулж гэртээ хүргүүлэх гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад гэнэт түс хийх чимээ гарч зогссон. Тухайн үед урагшаа юм мөргөөд толгой манараад хэсэг юу болсныг мэдэхгүй байж байгаад сэргэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, миний зүүн нүдний дээд зовхи зүсэгдсэн гээд оёдол тавьж өгч байсан. Би тухайн үед автомашины жолоочийн хажуу талын урд суудал дээр буюу зүүн талын урд суудалд сууж явсан ба найз залуугийн гар утсанд чат ирээд намайг хариу биччих гээд би чатад хариу бичээд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11053 дугаартай:

“Р.Д-н биед дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

6. Гэрч Б.М-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед ажлаа тарчхаад нөхрийн хамт Нисэхийн тийшээ хүнээс юм авах гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад машин унтраад асаагүй. Бензин дуусчихсан байна гээд ойрхон клонк руу түрэхээр шийдээд манай нөхөр М, миний төрсөн дүү Б-тай хамт машинаа түрээд жолооны ард манай аав Б- аваарын гэрлээ асаагаад явж байхад гэнэт түс гээд маш хүчтэй чимээ гарч машин урагшаа хэсэг яваад зогссон. Тэгэхээр нь машинаас буугаад харахад манай нөхөр зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан хойно нь улаан өнгийн суудлын автомашины урд хэсэг нь их хэмжээний гэмтэл учирсан байсан. Нөхрөө өргөж босгох гэхэд хоёр хөл нь хугарчихсан босох боломжгүй байхаар нь цагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

7. Гэрч Б.Б-гийн: “...хүргэн ах Т.М өөрийн эзэмшлийн Тоёота прадо маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож манай аав Б, төрсөн эгч Б.М нарын хамт Ботаникийн тэндээс нисэх орох гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад машины бензин дуусаад зогссон. Бензин клонк ойрхон байсан болохоор жолооны ард аав Б-ын суулгаж аваарын гэрлээ асааж өгөөд хүргэн ах Т.М бид хоёр машинаа түрээд замын 1-р эгнээгээр хойноос урагшаа явж байхад гэнэт араас тас буугаад явчихаар нь эргээд харахад манай хүргэн ахын түрж явсан машины баруун хойд хэсэгт улаан өнгийн суудлын автомашин мөргөөд түрж явсан машин урагшаа эрчдээ нэлээн хол явчихсан, хүргэн ах зам дээр хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь гүйж очоод тэвэрч зам дээр суулгахад хоёр хөл нь мушгираад эвгүй болчихсон байхаар нь өөрийн ... дугаарын утсаар түргэн болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.М-ийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байх бөгөөд тэрбээр суурингийн доторх хөдөлгөөнтэй замд урдаа болон хажуугаар яваа тээврийн хэрэгсэл, замын нөхцөл байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгслээ жолоодон явах ёстой атал өөрийнх нь утсанд ирсэн дуудлага, мессеж зэрэгт хариу өгөх зэргээр өөр юманд сатаарч явсан нь осол гаргахад шууд нөлөөлсөн, түүнчлэн хурдаа тохируулан сонгож яваагүйгээс саадыг хараад зогсоох, эсхүл зайлан гарах хэмжээний боломжит зай үлдээгүй, тулж очсоноос үүдэн өмнө нь шатахуун дууссан, бусдаар түрүүлж явсан машины араас мөргөсөн зөрчил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шинжтэй байх бөгөөд энэ нь  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 341 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 80-81 дэх тал)-аар тогтоогдсон байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.М-ийн энэхүү хайнга болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.М-ын зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гаргасан баримтгүй, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгч талаас тухай бүрд нь гаргаж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх ба шүүгдэгч Б.М нь ослын улмаас хохирогчийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд 584,600 төгрөг /баримттай/, хохирогч Т.М-ын эмчилгээний зардалд 6,604,683 төгрөг /баримттай/ (хавтаст хэргийн 12-35 дахь тал, 127 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл), нийт 7,189,283 төгрөг төлсөн байна.

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэг талаас шүүгдэгч Б.М, нөгөө талаас хохирогч Т.М-ын гэр бүлийн хүн болох эхнэр Б.М- нар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд дээрх эмчилгээний зардлаас гадна хохирогчийн цаашид гарах эмчилгээ, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,000,000 төгрөг, нөхрийгөө асраад ажил хөдөлмөр эрхлээгүй гэх Б.М-ын дутуу авсан цалин хөлсөнд 2,000,000 төгрөг, малчны зээл 5,000,000 төгрөг, хотод оршин суух газар байхгүйн улмаас байр хөлслөхөд гарах зардалд 3,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон байх бөгөөд үүнээс 15,000,000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогч Т.М-ын эхнэр Б.М-ын данс руу шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20, 2022 оны 10 дугаар сарын 20-ны дотор хувааж төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Б.М нь хохирогч Т.М-ад нийт 22,228,153 төгрөг төлсөн, нэмж 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байна. Иймээс шүүгдэгч Б.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Т.М-ын байдлыг авч үзвэл, авто ослын улмаас авсан гэмтлүүд нь эдгэхгүй сэдрэх, дахин хувилах, идээлэх зэрэг хүндрэлүүд гарсан, үүнээс улбаалан удаа дараа хагалгаанд орсон, цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай гэх тул энэхүү эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудыг нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мэс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь мөн иргэн Р.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг төлж барагдуулсан иргэний нэхэмжлэгч Р.Д нь “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгч Р.Д-д төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...Шүүгдэгч Б.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийг гэмтсэн үеэс нь одоо болтол харж хандаж ирсэн, цаашдаа ч харж хандана. Хохирогчид ослоос үүдэн хүнд гэмтэл учирсан, удаа дараа хагалгаанд орсон тэр бүрд хажууд нь байж тусалж дэмжиж ирсэн байгаа. Одоогийн байдлаар 22,228,153 төгрөгийг эмчилгээ, эвдэрсэн тээврийн хэрэгслийн төлбөр, мөн хохирогч Т.М-ын цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцох гэх мэт байдлаар  төлчхөөд байна. Үлдэгдэл 10 сая төгрөгийг графикийн дагуу төлнө гэж байгаа. Иймээс энэ хүүхдийн ирээдүйг бодож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж,

-Шүүгдэгч нь: “...саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид хүнд гэмтэл учирч, удаа дараа хагалгаанд орсон, цаашид ч орох магадлалтай байгаа гэх буюу хор уршгийн байдал бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон боловч хохирогч талаас Б.М-д холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж ирүүлсэн, мөн шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В овогт Б-ийн М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Мэс 22,228,153 (хорин хоёр сая, хоёр зуун хорин найман мянга, нэг зуун тавин гурав) төгрөгийг хохирогч Т.М-ад төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ