Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0078/Э |
Дугаар | 2022/ШЦТ/88 |
Огноо | 2022-01-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108030730093 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтийн аймгийн Норовлин суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-н З (РД:...);
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.З нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.М-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.М-н мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), гэрч М.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12065 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), шүүгдэгч С.З-ын оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), шүүгдэгч С.З-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.З нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... рашаанаас дээш байрлах ... давхар хувийн сууцны гадна хохирогч А.М-г “баяр дуусаагүй байхад Г гэх охиныг авч явах гэлээ” хэмээн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч А.М-н: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүрэгт байрлах ... хотхоны гадна найз Г-тай уулзсан. Тэгтэл Г надад хандаж манай эмэгтэй найзын төрсөн өдөр болж байгаа, би очих хэрэгтэй байна, намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. Би түүнийг Баянхошууны баруун салаанд эцсээс дээш яваад хамгийн эхний амралтын газарт буулгасан. Тэгээд 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим авах гээд очоод Г руу залгаад хэлтэл хоёр согтуу залуу хүрч ирээд нэг залуу нь миний машины цонхыг цохисон, би буугаад танилцахад өөрийгөө З- гэж хэлсэн. Тэгээд явах болтол би Г-г явуулахгүй гэж хэлэхээр нь маргааш ажил төрөлтэй яах юм бэ, орой үдэш болсон байна гэсэн чинь бид нартай ууж суу, уухгүй бол зүгээр сууж бай гэж хэлсэн. Тэгээд тэр залуу машинаасаа буугаад ир гээд байхаар нь би буутал толгойгоо тулаад зандарч байгаад миний нүд болон хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Эмчилгээний баримт байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
Гэрч М.Г-гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би найз М-тай орой 23 цаг өнгөрч байхад баруун салаа руу найз Н-ийн төрсөн өдөр болоод хүргүүлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 30-ны шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад М- намайг авах гээд ирсэн. Тухайн үед байшинд 20 орчим хүмүүс байсан ба бүгдээрээ л ууцгаасан. Би тэр үед бага зэрэг л уусан юу болсныг санаж байна, явах гээд гараад иртэл 1 танихгүй охин хамт явна гээд буцаад ороод гараад иртэл З- гэх нэг залуу М-н хамраас цус гаргачихсан, З-ыг 1 залуу гараас нь барьчихсан зогсож байсан. Тэгтэл тэр З- гэх залуу би цохичихсон юм аа, намайг уучлаарай гэж хэлсэн. Тэр залуу тухайн үед нэлээн согтуу байсан. Тэгээд би М-г аваад явсан. Тухайн үед гадаа харанхуй ч байшингийн гадна талын гэрэл тод асаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12065 дугаартай:
“1. А.М-н биед зүүн, баруун нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Шүүгдэгч С.З-ын: “...Г гэдэг охиныг найз М гэх залуу нь авахаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед найз нь ирчихсэн байна гэхээр нь би тосох гээд гарсан. Тэгээд түүнд хандаж бид нар болоогүй байна, жоохон хүлээж бай эсвэл ороод бид нартай танилцаад сууж болно гэж хэлтэл тэр залуу үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад ир гэж хэлээд бууж ирэхээр нь би уучихсан байсан болохоор түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл түүний хамраас нь цус гарахаар нь тогтоогоод байж байтал Г гарч ирсэн. Тухайн үед өөр хүн гарч ирээгүй. Би түүнд эмчилгээний зардалд 100,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.М-г М.Г гэх эмэгтэйг авахаар ирэх үед нь “бид нар болоогүй байна, хамт архи уу, Г-г явуулахгүй” гэх зэргээр хохирогчийг шалгааж, үүнд нь татгалзсан хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.З-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч С.З нь хохирогчид 100,000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 35 дахь тал), хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэг нь С.З-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) С.З-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч С.З-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч С.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ