Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0080/Э |
Дугаар | 2022/ШЦТ/91 |
Огноо | 2022-01-17 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Я-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я-ын Э- (РД:...),
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч “Я.Э нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 26- ны өдрийн 19-20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.У-ыг шалтаг шалтгаангүйгээр өдрийн гэрлийн шилээр хатгаж биед эрүүний баруун хэсэгт шарх, эрүү, уруулд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ч.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дахь тал), гэрч Э.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрч Э.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11877 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), шүүгдэгч Я.Э-ын оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), шүүгдэгч Я.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 19-20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.У-ын эрүү хэсэг рүү шалтгаангүйгээр гэрлийн шилний хагархайгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Ч.У-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цагт миний ажил тараад 18-19 цагийн үед би гэртээ ирэхэд манай нөхөр Э нь өөрийн найз болох Б-тай хамт нэг шил Хараа 0.33 литрийн архи ууж байсан. Б нь жижиг аягаар 2-3 удаа уучхаад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр нэлээн муудаж байж байтал над руу ёс бус үг ашиглаж хэрүүл өдөж байснаа орилж босож ирээд гэрлийн шилийг газар цохиж хагалснаа миний баруун хацар луу дүрсэн. Тэгснээ буцаж буйдан дээр суучхаад босоогүй. Ер нь л гэрлэснээсээ хойш архи уудаг байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд бол уух нь ихэссэн бөгөөд мөнгө л олдвол уудаг болсон. Уух бүртээ агсам согтуу тавьдаг. Ихэвчлэн л гар хүрэх гээд байдаг болсон. Э нь 2020 оноос эхлэн нурууны өвчтэй болсон болохоор архи уусан бүртээ бол гар хүрэхгүй, харин орилж чарлаж, ёс бус үгээр хараадаг болсон. Гэхдээ бид нарт удаа дараа гар хүрч байсан удаа байгаа ...Би тухайн үед ГССҮТ-д очиж оёдол тавиулсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боолт хийлгэж оёдлоо авхуулсан. Өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй эм тариа худалдан авсан зүйл байхгүй учир эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),
Гэрч Э.Х-гийн: “...Миний эцэг болох Э нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 17 цагийн үед байх, найз Б-тай хамт орж ирэхдээ нэлээн согтсон байсан. Тэгээд манай аав намайг дэлгүүрээс архи аваад ир гээд би дэлгүүрээс Хараа 0.33 литрийн архи авч ирсэн. Тэгээд найз нь жижиг аягаар 2 удаа уугаад явсан. Аав үлдсэн бүх архийг нь ганцаараа уусан. Удалгүй манай аав ээж рүү ёс бус үг ашиглаж доромжилж эхэлсэн. Миний гэдэс өвдөөд 00 ороод байж байтал манай эгч болох С намайг дуудсан. Тэр үед би гэрт ортол манай ээж болох Уын баруун хацраас цус гоожоод өөх нь гарч ирсэн байсан. Тэгээд гарсан цус болон эвдэлсэн эд зүйлсийг нь цэвэрлэсэн. Манай аавын нуруу нь 2020 оноос эхлэн өвдөж эхэлсэн. Ер нь өвдөх болгондоо тасартлаа архи ууна уух болгондоо ээж, эгч бид гурвын аль нэгийг зодно тэгж байж л санаа нь амардаг. Ер нь манай аав уух болгондоо араатан шиг байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
Гэрч Э.С-гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай ээж У ажилдаа явсан, аав гадуур нэг юманд явчхаад ирнэ гээд явсан. Би дүү Х-гийн хамт гэртээ үлдээд байж байхад 18 цагийн үед манай аав Э согтуу найз Б-ын хамт гэрт ирсэн. Аав дүүд хэлж дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.33 граммын архи авхуулж уугаад сууж байхад манай ээж У ирсэн. Удалгүй Б ах явсан. Би байшингийн хойд талд юм хийгээд байж байхад аав босож ирээд ээжид юм хэлэлгүй урт цагаан гэрлийн шилийг татаж авахад уг шил нь хагарсан. Тэгээд аав шилний хагархайг бариад ээжийн баруун талын шанаа хэсэг рүү нь хатгасан. Тэгтэл ээжийн шанаа хэсгээс цус гараад манай дүү 103 дуудаж эмч ирж үзээд гэмтэл явж оёдол тавина гээд ээжийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11877 дугаартай:
“1. Ч.У-ын биед эрүүний баруун хэсэгт шарх, эрүү, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
5. Ч.У-ын биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Шүүгдэгч Я.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Я.Э, хохирогч Ч.У нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал)-аар тогтоогдсон, шүүгдэгч Я.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн эхнэр Ч.У-ын эрүү хэсэг рүү нь гэрлийн шилний хагархайгаар хатгасан шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед эрүүний баруун хэсэгт шарх, эрүү, уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.
Иймээс шүүгдэгч Я.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Я.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Я.Э-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Я.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Я.Эт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Я.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн гэрлийн лампны хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн гэрлийн лампны хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ