Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108030220032 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “...” эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ийн Э (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... шар талын автобусны буудлын хажууд “нөхөр Б-той хамт архи ууж хоногоор явлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Ц.Г луу чулуу шидэж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), гэрч Д.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11381 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), хохирогч Ц.Г-ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээ, оношилгооны талаарх баримтууд (хавтаст хэргийн 35-44 дэх тал), шүүгдэгч М.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 64 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 65-86 дахь тал), Ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 88, 89 дэх тал), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 90-92 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дахь тал), хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 103 дахь тал), шүүгдэгч М.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... шар талын автобусны буудлын хажууд “нөхөр Б-той хамт архи ууж хоногоор явлаа” гэсэн шалтгаанаар иргэн Ц.Г луу чулуу шидэж түүний эрүүл мэндэд нь “Зүүн богтос ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Г-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр шар талын автобусны буудал дээр Б- бид хоёр буугаад сандал дээр сууж байхад Э доороос алхаад ирээд муусайн хүүрнүүд архидаж тэнэж явлаа гэх мэтээр харааж хэлж байсан. Тухайн үед Б- нь явахгүй шараа тайлж нэг шил архи уучхаад харина гэж байсан бөгөөд би сандал дээр сууж байсан юм. Тэгтэл Э нь 3 орчим метрийн зайнаас нэлээн том чулуу аваад над руу шидээд миний зүүн гарыг оночихсон. Тэгээд Э нь нөхөр Б-оо аваад явчихсан. Миний гар янгинаад гар даагдахгүй өвдөөд байсан. ...Тэгээд би гэр лүүгээ орсон чинь манай хүүхэд миний гарыг үзээд хугарчихсан байна ГССҮТ-рүү яаралтай явъя гээд гэмтэл орж зүүн гартаа гипс тавиулсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч Д.Б-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ө захын орчим ажил хийчхээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Т хүнсний дэлгүүрийн арын гудамжинд Г гэх найзтайгаа 0.75 граммын Ерөөл нэртэй 1 шил архи хувааж уусан. Т хүнсний дэлгүүрийн арын гудамжнаас Г бид хоёр яваад Т-д байх найз О гэх залуугийн гэрт очиж ахин 0.75 граммын Хараа нэртэй архи 2 шилийг гурвуулаа уусан. О-гийн гэрт Г бид хоёр хоночхоод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О-гийн гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Т хүнсний дэлгүүрийн хажууд байх автобусны буудал дээр манай гэр лүү орох гэж явтал манай эхнэр Э гараад ирсэн. Тэгээд Э нь намайг хоногоор явж архи уусан гэж загнаад байсан. Э нь газраас чулуу аваад Г бид хоёр луу шидэхэд Г-ын гарыг оночихсон. Тэгээд Э бид хоёр гэр лүүгээ орсон. Г мөн гэр лүүгээ орсон гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, орой 18 цагийн орчимд Г-ын эхнэр нь над руу залгаад Г-ын гар нь хугарчихсан гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт очсон. Г бид хоёрыг гадуур хонож архи уусан гэж уурлаж чулуу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11381 дугаартай:

“ Ц.Г-ын биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Хохирогч Ц.Г-ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээ, оношилгооны талаарх баримтууд (хавтаст хэргийн 35-44 дэх тал),

Шүүгдэгч М.Э-ийн: “...Манай нөхөр Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа яваад 12-ны өдөр ажлаасаа бууж ирэх байсан ирээгүй, хоноогүй. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санаа зовоод нөхрөө хайгаад 11 цагийн үед Шар талын автобусны буудал орчимд ганцаараа явж байхад манай нөхөр Д.Б, найз нь Г нарын хамтаар таксинаас бууж байсан. Тэгэхээр нь би очоод нөхөртөө уурлаж загнаад нөхрөө авч явах гэтэл Г хажуугаас нөхрөө дандаа загнаж байх юм гээд уурлаад үглээд байсан. Тэгэхэд манай нөхөр Б буцаад Г-ын хажууд очоод сандал дээр суугаад явахгүй байсан. Тэгэхээр нь би уурандаа газраас чулуу аваад тэр хоёр луу шидэхэд Б- босоод Г-ын зүүн гарыг оносон. Тэгээд Г гар өвдөөд байна гэхээр нь Б- бид хоёр Г-ыг гэрт нь оруулж өгөөд нөхрөө аваад гэртээ харьсан. Тэгээд орой 21 цагийн үед Г-ын эхнэр нь залгаад Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна Г-ын зүүн гар нь хугарсан байна гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очоод тэр өдрөө Г-ыг тасагт хэвтүүлээд харьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Э нь нөхөр Д.Б-ыг бусадтай нийлж гадуур архи ууж явлаа гэж буруутган шаардлага тавьсныг буруутгах үндэслэлгүй боловч өөрийн нөхөр болон хамт явсан хохирогч Ц.Г нар луу чулуу шидэж  буй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, улмаар  М.Э-ийн шидсэн чулуу нь хохирогч Ц.Г-ын зүүн гарыг онож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “нийт 2,419,000 төгрөгийг өгч хохирол барагдуулсан тул гомдол саналгүй болсон” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсаргуулсан (хавтаст хэргийн 103 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв нь М.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) М.Э-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.Э-ийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ