Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103004000037 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо толгойт ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд

Октябрийн дүүргийн шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 111 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155-р зүйл 2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 жил, 267-р зүйлийн 3-т зааснаар 3 жил, 241-р зүйлийн зүйлд зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил, 153-р зүйлийн 2-т зааснаар 2 жил, 125-р зүйлийн 2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 37-р зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 8 жил хорих ял шийтгэсэн, уг ялыг эдэлж дууссан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/1047 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, уг ялыг эдэлж дууссан, Б овогт Н-ийн Ч (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 35 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... зам буюу ... гудамжны баруун замд Huyndai маркийн ... улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр ажиллаж байсан Л.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 4-5 дахь тал), зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 6-7 дахь тал), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-13 дахь тал), хохирогч Л.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч Н.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-64 дэх тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11733 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 73, 74, 75, 77-79, 82-84, 85, 86, 87, 88 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 35 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... зам буюу ... гудамжны баруун замд ... ХХК-ны эзэмшлийн Huyndai маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зорчих хэсэг дээр замын цас арилгаж байсан Л.Б-ийг автобусны арын хэсгээр цохиж унаган, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5, 6-7, 8-13 дахь тал),

Хохирогч Л.Б-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07 цагт ажилдаа гараад цагаа бүртгүүлээд ажилдаа гарсан. Эхнэр бид хоёр хамт ажилладаг бөгөөд 4 дүгээр буудлаас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлд эцэс рүүгээ чиглэлд замын цасыг цэвэрлээд би боржурыг, эхнэр явган замыг шүүрдэж байсан. Би зорчих хэсэг дээр зогсоод цас хүрздээд шидээд ахиад хутгах гээд доош тонгойтол хажуугаар өнгөрч байсан автобус хойд хэсгээрээ миний баруун ташаа руу шүргээд би хөл дээрээ эргээд доошоо хөлөө бариад суусан. Намайг шүргэсэн автобус зогсоод жолооч нь бууж ирээд түргэн дуудаж өгье, яаж байна, цагдаа дуудах уу гэхээр нь би хөл зүгээр бадайрч байна гэж бодоод гайгүй байна гэж хэлээд та яв гэхэд би буцаад рейс хийчхээд ирье гээд явсан. Тухайн үед хөл гишгэж болохгүй байсан. Би ажлынхаа нэг залууг дуудаж эцэс ороод үзүүлэхэд хөлийн шилбэ, шагай хугарсан гэж хэлээд эмнэлэгт 7 хоног хэвтэж хагалгаа хийлгэсэн. Автобусанд манай эхнэр мөргүүлээгүй. Би автобусыг аль хэр хурдан явсныг мэдээгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Н.М-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би 07 цагт ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээд ажилдаа 07 цаг 20 минутын үед гарсан. Б нуух буюу замын боржурын цэвэрлээд би явган хүний замыг хусаж байсан. Б өөрөө цас ховхлоод ховхолсон цасаа гадагш хаяж байсан. Би цаашаа хараад байж байтал Б яая гээд байхаар нь би яав гэхэд автобус намайг бөгсөөрөө цохичихлоо гэсэн. Тэгээд автобусны жолооч бууж ирээд яав гээд түргэн дуудах уу, цагдаа дуудах уу гэхэд Б хэрэггүй гайгүй байна гээд яв гээд явуулсан. Тэр жолоочийг өмнө нь танихгүй бөгөөд жолооч буцаад ирье гээд явсан. Б хөл нь гишгэж чадахгүй байсан тул би түшээд машиндаа оруулаад эцэс рүү өөрөө унаад явсан. Эцэс дээр очоод 20 цаг хүртэл нөгөө жолоочийг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь гэмтэл орсон. Гэмтэлд 7 хоног хэвтээд хагалгаанд ороод гарсан. Бийг автобус аль хэсгээрээ шүргэснийг би хараагүй. Яая гэхийг нь сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11733 дугаартай:

“1. Л.Б-ийн биед баруун тахилзуур болон шаант ясны хугарал, мэс заслын дараах байдал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Ч-ийн ... ХХК-ны автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зам дээр цас цэвэрлээд зогсож байсан  нь ТҮК-ийн ажилтныг харсан даруйдаа өөрийн явж байсан эгнээ байраас даялан гарч тойрон гарах хөдөлгөөн хийх явцдаа баримжаагаа буруу тооцоолж авснаас  үүдэн автобусны арын хэсэгт иргэн Л.Б-ийг цохигдож унан гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй, энэ нь мөрдөгчийн 347 дугаартай   магадалгаагаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 417,561 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Ч нь 1,200,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь “1,200,000 төгрөг өгсөн учир санал гомдолгүй болсон” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Н.Чийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Л.Б нь цаашид уг ослоос үүдэлтэйгээр эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлаа шүүгдэгч Н.Ч, иргэний хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.Ч-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Н.Ч-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч Н.Ч нь ... ХХК-нд жолооч хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Ч-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч ЭН.Ч нь хохирогч Л.Б-д 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Л.Б нь цаашид эмчилгээтэй холбогдуулан зардал гарвал нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ч, иргэний хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ