Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1808

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01808

 

 

Т.Цогжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01673 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Цогжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдох,

 

12 480 962 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Баярдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Юу би эйч проперти”ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны ХД-73 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 61.91 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, 1 м.кв-ын үнийг 1 880 000 төгрөгөөр буюу нийт 116 390 800 төгрөгөөр бариулахаар тохирсон.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу урьдчилгаанд 34 917 240 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Юу би эйч проперти” ХХК-ийн 2600075130 тоот дансанд төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 81 400 000 төгрөгийг Улаанбаатар хотын банктай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 81 400 000 төгрөгийг жилийн 8 хувь, сарын 0.66 хувийн хүүтэй зээлэн авч Орон сууц захиалгаар бариулах гэрээний хөлсийг бүрэн төлсөн.

Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2014/709 тоот комиссын акт үйлдсэн. Харин нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр акт үйлдэн 185 тоотын дотоод засал, сантехник, цахилгаан, холбооны тоноглол болон бусад эд зүйлийг хүлээн авсан.

Иймээс би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Тоонто Гранд” ХХК-д 84 000 төгрөг төлж өөрийн захиалан бариулсан 185 тоотын талбайг хэмжүүлэхэд 56.29 м.кв гэдэг нь тогтоогдсон буюу 5.62м.кв талбай дутуу барьсныг мэдсэн.

Нэхэмжлэгч орон сууцны зээлийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сар хүртэл нийт 26 удаа төлөхдөө энэхүү дутуу талбайд 10 565 600 төгрөг компанид илүү төлжээ. Мөн энэхүү илүү төлсөн мөнгөндөө сар бүр банканд 70 437 төгрөг буюу нийт 1 831 362 төгрөгний хүү төлж хохирсон байна.

Иймээс “Юу би эйч проперти”ХХК-д илүү төлсөн 10 565 600 төгрөг ба түүний хүү болох 1 831 362 төгрөг, “Тоонто Гранд” ХХК-д төлсөн талбайн хэмжилтийн хөлс болох 84 000 төгрөг нийт 12 480 962 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу би эйч проперти” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 дугаар, барилгыг “Өндөр буянт” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа сууцанд оруулж эхэлсэн.

Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсанг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1-т зааснаар хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-иас 12 480 962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Цогтжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Тухайлбал, Т.Цогжаргал би өдөр бүр цагийн ажилтай тул өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэлээ гаргаж, түүнийг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хүртэл ажиллагаанд оролцуулсан ба 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралд өөрийн биеэр оролцохоор шүүхэд хүрэлцэн ирсэн. Би шүүгчийн туслахаас хэргийн материалтай танилцах хүсэлт тавихад тэрээр хэрэг шүүгчид байгаа гэх шалтгаанаар хэргийн материалтай танилцаагүй тул шууд хуралд орсон.

Өөрөөр хэлбэл, хэрэгт миний гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаж өөрийн хэмжээнд боловсруулалт хийх боломжгүйгээр хуралд оролцсон.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж миний эрхээ эдлэх боломжийг олголгүй миний нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй болгосон.

Учир нь би итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийнхөө өгсөн мэдээллийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурал дээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шинээр "хариуцагчийг эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж борлуулсан болохыг тогтоолгох" тухай шаардлага нэмэгдүүлсэн бөгөөд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг тус тус гаргаж нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Гэтэл шүүх миний нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангалгүй орхисон.

Энэ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй хариуцагчийн эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулах үйлдэл хийснийг тогтоох боломжгүй болгож, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бий болгох шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Т.Цогжаргалд надад шүүхээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарлаагүй ба холбогдох шийдвэрийг ч бичгээр гаргаагүй байх ба миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хэрхэх эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т.Цогжаргал нь хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдуулан гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу талбайн үнийг болон гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 12 480 962 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хаппи таун” хотхон, ХХД-73 дугаар байрны 5 давхарт байрлах 61.91 м.кв орон сууцыг 116 390 800 төгрөгөөр нэхэмжлэгч худалдан авахаар тохиролцсон ба хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц баригдсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны нийт талбай 61.91 м.кв байх, 1 м.кв талбайн үнэ 1 880 000 төгрөг байхаар тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан талаарх үйл баримт тогтоогдсон, талууд маргаагүй.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байх тул худалдагчаас худалдан авагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхийг шаардах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардлага гаргах эрхийг алдаагүй байх ёстой.

 

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэснээр орон сууцны талбай гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй байгааг мэдсэн байна.

 

Эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхийг нэхэмжлэгч алдсан тул уг шаардлагатай холбоотой хохирол шаардах эрхгүй тул банкинд төлсөн хүүг хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 4 сар 7 хоногийн хугацаанд явуулсан бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй, шүүх хуралдаан дээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгтзаасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байдал тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн талаар шүүгчийн захирамж гаргасан /хх 103-104 дэх тал/ ба үндэслэл нь хууль зөрчөөгүй, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороор дамжуулж оролцож байгаа бөгөөд шүүх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болор болон өмгөөлөгч Т.Баярдалай нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эдэлбэл зохих эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан байна. /хх 39, 40, 75/

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, уг гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Цогжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Цогжаргал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 215 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД                                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА