Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2052 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Эд холбогдох эрүүгийн 1803000170183 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овогт Д.Э, 1971 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД..../;

Яллагдагч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 03 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд өөрийн эзэмшлийн 33-11 УБҮ улсын дугаартай “Киаспортейж” маркийн суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Э.Баатархүүгийн жолоодож явсан 07-50 УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийнх нь авто машин дотор зорчин явж байсан иргэн А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэж заасны дагуу гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй болон шинжээч нар дүгнэлтээ таамаг төдийгөөр асуултанд хариулж дүгнэлт гаргасан болон Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн талаар дурдаагүй, мөрдөгч нь илтэд нэг талыг барьж, хэргийн буруутай этгээд тогтоогдоогүй байхад автомашиныг журмын хашаанаас гаргаж засвар үйлчилгээ хийлгэх боломж олгосны /тоормосны системийг янзалсан/ улмаас өнөөдөр буруутай этгээд ял завшихад хүрээд байгаа тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хэрэгт гэрчээр Э.Б мэдүүлэхдээ “...1 дүгээр эгнээгээр 25 км/цагийн хурдтай явж байхад өөдөөс улбар шар өнгийн машин дайвалзаад гулгаад орж ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгэсэн. ...Тухайн үед замын хөдөлгөөн бага, хальтиргаатай байсан...” /хх-62/, гэрч Д.А мэдүүлэхдээ “...Миний сууж явсан машин 40 км/цагийн хурдтай явж байсан. ...Шунхлай колонк руу эргэх үйлдэл хийх үед ... мөргөсөн. Эсрэг урсгалын машин их л хурдтай явж байсан.” /хх-65/ гэсэн, хоёр машин дээр хийсэн ижил асуулт тавьж гаргасан 2285 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...3. ...тодорхойлох боломжгүй, 4. Тодорхойлох боломжгүй, 6. Туршилтаар тоормосыг гишгэхэд зам дээр мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно...”, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1...гулссан, өнхөрсөн, шарвасан байх магадлалтай..., 2. гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэхэд ... Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан арга хэмжээг авах цаг хугацаа, орон зайны боломж үүсээгүй байх магадлалтай...” /хх-128-129/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-118/, тээврийн прокурорын газрын гомдлын хариу /хх-153/, 415 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжээчид тавьсан асуултуудаас 2.4-т “...хариулах боломжгүй...” /хх-160/ зэрэг баримтууд авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрхи шинжээчийн дүгнэлтүүд тогтоолд заасан зарим асуултад тодорхой хариулт өгөөгүй, өөр хоорондоо зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус таамаглалд үндэслэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэр, 1.4-т заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй байна гэж үзэв.

Харин гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү болон байцаагч хэт нэг талыг барьсан гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Улсын яллагч Б.Мөнгөншагай  бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 1. “...Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 269 дугаартай дүгнэлтэнд “...1. “Киаспортейж” маркийн 33-11 УБҮ улсын дугаартай суудлын автомашины жолооч Д.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн...”, 2. Тоёота приус маркийн 07-50 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Э.Баатархүү нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй...”, 3. “Киаспортейж” маркийн 33-11 УБҮ улсын дугаартай, Тоёота приус маркийн 07-50 УБЭ улсын дугаартай автомашинуудын тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй...” гэжээ.

Техникийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 269 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлтэнд “...1. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх хэсэгт “Зам тавьж өгөх” гэдгийг “Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөн эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл,” нөгөө талаас “давуу эрх” гэдгийг “Бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх үйлдэл” гэж тодорхойлсон. ...Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон болон зөвшөөрсөн үйлдэл, эс үйлдлээр авч үздэг. ... 3. Зам тээврийн осолд холбогдсон автомашинуудад учирсан эвдрэлүүдийг үндэслэн хурдыг тодорхойлох боломжгүй байна” гэж шинжлэх ухааны тодорхой үндэслэлтэй тайлбарлажээ.

Замын цагдаагийн албаны Техникийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэнд “...Хэргийн оролцогч Д.Э болон түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын асуултанд хариулахдаа, 2.1. Тоёота приус маркийн 07-50 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Э.Баатархүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан үүргээ биелүүлсэн эсэхэд хариулт өгөх боломжгүй” талаараа дүгнээд, үндэслэлийг тайлбарлажээ.

Мөн жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчөөгүй байх үндэслэл нь гэрч Б.А “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим байх өөрийн эцэг Б хамт Улаанбаатараас Налайх орохоор Офицеруудын ордон дээрээс цагаан өнгийн приүс маркийн автомашинд суусан. Ингээд Баянзүрхийн товчоо өнгөрөөд баруун талд байсан ШТС хүрээд явж байтал эсрэг урсгалаас нэг улбар шар өнгөтэй машин гэрэл дохио анхааруулга өгөлгүй гэнэт дарж орж ирээд мөргөлдсөн. Миний сууж явсан машин осол болохын өмнө харахад милл нь 40 хүрээгүй, 37 км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлгээр харагдаж байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд бичигдсэнээс үзэхэд, яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон ба оролцогч нарын асуултанд хариулт өгөөгүй, өөр хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2052 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцсон. Энэ хугацаанд олон удаа хүсэлт, гомдол гаргаж байсан. Анхан шатны шүүхэд “шүүхийн шатанд хийгдэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг гаргаад шүүх хүлээж авсан. Шинжээчийн дүгнэлтээр Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчөөгүй, зогсоох арга хэмжээ авсан гэж байна. Тухайн хэрэг гарахад нийт 5 хүн байсан. Эдгээр хүмүүсийн дундаас зөвхөн С гэх хүнээс мэдүүлэг аваагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн талаар ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа хүнээс мэдүүлэг авах шаардлагатай. С гэх хүнээс яагаад мэдүүлэг аваагүй, энэ хүнтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн гэдэг нь тодорхой бус байна. С гэх хүнээс хэрвээ мэдүүлэг авбал Э.Б жолоодож явсан автомашин Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, хурд хэтрүүлсэн эсэх талаар мэдүүлэх бололцоотой гэж үзэж байна. Э.Б автомашинд эцэг, хүү болох А, Б нар хамт явж байсан. Эдгээр хүмүүс нь мэдүүлэг өгөхдөө “тухайн үед зам гулгаагүй байсан. Манай автомашин 37 км/цагийн хурдтай явж байсан” гэж хэлсэн байдаг. Мөрдөгч Хосбаярт “эдгээр гэрчүүд яг ямар зайнаас Д.Эы автомашин эргэж байхыг харсан юм бэ” гэдгийг тодруулж асуух хэрэгтэй. Ингэснээрээ Э.Б хурд хэтрүүлсэн эсэхийг тодруулах боломжтой. Энэ талаар тодруулж өгнө үү гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч энэ талаар ажиллагаа явуулаагүй. Мөн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг авагдсан байдаг. Энэ бүдүүвч зурганд Д.Эы автомашиныг Э.Б автомашин мөргөхдөө бензин колонкийн уулзвар нэвтэрсэн байхад нь мөргөсөн байдаг. Осол болсон газрын замд нийт 7 метрийн өргөнтэй. Гэтэл уулзвараас осол гарсан газар хүртэл 60 см-ийн хэсэгт осол гарсан байдаг. Э.Б нь осол гарсан үед зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тоормосны мөр гарахгүй гэсэн байдаг. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2285 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр “тоормосны мөр үүсч байна” гээд хавтаст хэргийн 61-65 дугаар хуудаст тухайн автомашины тоормосны мөрний зургийг бэхжүүлсэн. Аливаа зам тээврийн осол гарахад цагдаа болон хэргийн газрын үзлэгийн багийнхан дугуйн мөрийг хамгийн түрүүнд тэмдэглэж авдаг. Гэтэл хэргийн бүдүүвч зураг дээр дугуйн мөр огт авагдаагүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр “бусад тээврийн хэрэгсэл хажуугаар нь зөрөхдөө тоормосны мөрийг арилгасан байх боломжтой, эсхүл тоормосны мөр гаргасан байх магадлалтай” гэх таамаглалд үндэслэсэн дүгнэлтүүд гаргаж байсан. Тоормос барьдаг автомашины тормосын мөр гараагүй байгаа нь Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн байх бололцоотой. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэх, автомашины хурдыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Шарваж, дайвалзаж ирээд миний автомашиныг мөргөсөн гэж байна. Шарваж, дайвалзаж ирээд киаспортеж маркийн автомашин нь Приус-30 маркийн автомашиныг мөргөсөн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Д.Эы автомашин зүүн гар тийшээ эргэх хөдөлгөөн хийж байснаас биш шарваж, дайвалзаж байсан зүйл байхгүй. Хохирогч, гэрч нар тухайн зам халтиргаагүй байсан гэж хэлдэг. Хэн түрүүлж дүрэм зөрчсөн нь буруутан болно гэсэн ойлголт байх ёсгүй. Д.Эыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэгтэй маргахгүй. Гэтэл аюул, осол болох үед зогсоох үүрэгтэй жолооч маань үүргээ биелүүлээгүй эсэх талаар ямар ч ажиллагаа явуулаагүй. 2018 оны 1 дүгээр сард Э.Баатархүү өөрийн автомашинаа журмын хашаанаас авсан байдаг. Гэтэл Д.Эы автомашин шинжээчийн дүгнэлт гарах хүртэл журмын хашаанд байсаар байсан. Гэтэл Э.Б 1 дүгээр сарын 25-ны өдөр автомашинаа аваад засвар үйлчилгээ хийлгээд шинжээчийн дүгнэлтээр өвлийн дугуйтай, тоормос барьдаг болж гарсан. Дахин шинжээч томилуулах ёстой. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Д.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, шинжээчийн дүгнэлтүүд нь тогтоолд заасан зарим асуултад тодорхой хариулт өгөөгүй, өөр хоорондоо зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус таамаглалд үндэслэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэр, 1.4-т заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй тул нэмэлт мөрдөн байцаалтаар шалгах шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хавтас хэргээс үзэхэд, Д.Эд холбогдох тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих хэрэгт  Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  269 дугаартай дүгнэлт /хх-98/ гарсан байх бөгөөд хэргийн оролцогч нарт танилцуулжээ.

Яллагдагч Д.Эы өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хүсэлтээр  2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр  269 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нэмэлтээр гаргасан /хх-128-129/ байна.

 Шинжээч нар хэрэгт байгаа баримтад үндэслэн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлуудыг мөн тодорхойлжээ.

 Мөн Замын цагдаагийн албаны Техникийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэнд “... Тоёота приус маркийн 07-50 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй ” гэж  дүгнээд үндэслэлийг тайлбарлажээ.

Хэрэг гарах  үед Д.Э болон хохирогч Э.Б нарын автомашинд сууж явсан хүмүүст хууль сануулан, гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд тэд үзэгдэх орчинд байсан байдлын талаар мэдүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал шалгагдсан байх тул  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2052 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Эд холбогдох хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл яллагдагч Д.Эд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ