Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 08

 

 

               Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

               Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... байрлах, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

               Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, 

            Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Г, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч ”К”ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К”ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2013 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр, 7 дугаар баг, “Ган Хэрлэн” ХК-ийн хойд талд байрлах, нэгж талбарын 2106000042 дугаар бүхий 144 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/227 тоот захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

          Нэг. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан К ны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор “К”ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авагч томилсон...   Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар К , банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны хүлээн авагчид шилжсэн ...удирдлага, актив, хөрөнгийг өөрийн хяналтад хүлээн авсан...

            Хоёр. Хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Банкны эрх хүлээн авагчаас тухайн газрын талаар шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. Дорнод аймгийн Засаг даргаас 2019 оны 4 дүгээр сард газар эзэмших эрхийг        2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг ирүүлсэн ба мэдэгдлийн хариуд 5 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Үүнээс хойш асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирээгүй тул  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2557 дугаар ...албан бичгээр газрын төлбөрийн мэдээллийг ирүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн.  Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/72 дугаартай албан бичгээр 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн      А/482 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдэж захирамжийн хуулбарыг хавсаргасан байсан. Нэгэнт газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдсэн, Банкны эрх хүлээн авагчаас газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг гаргасан, энэ талаар шийдвэр гаргаагүй байсан тул  Банкны эрх хүлээн авагч газар эзэмших эрхийг худалдан борлуулах, эсвэл банкны өр төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байсан нь Банкны эрх хүлээн авагчид газар эзэмших эрхийн талаар шийдвэр гаргах боломж, бололцоог олгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

              Гурав. Банкны эрх хүлээн авагч К-инд үүсээд байгаа нөхцөл байдал, хадгаламж  эзэмшигч, харилцагч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа тухай нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлаж байсан боловч хүлээж авсангүй.

             Дөрөв. Хариуцагчаас захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр гаргасан. Тухайн газар газар эзэмшүүлэх гэрээг       2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч дахин гэрээг байгуулаагүй. Газар эзэмших эрхийн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш биш харин газар эзэмших гэрээг байгуулсан өдрөөс хойш тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь газар эзэмших гэрээг байгуулснаар гэрээний талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх тодорхойлогдох ёстой. Хэрэв газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бол түүнийг дүгнэх, газар эзэмшигчид гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг хийх байсан. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны эрх хүлээн авагч нь банкны активыг төлөөлнө, хөрөнгийг худалдан борлуулна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр урсгалаас орж ирсэн мөнгөөр банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дараалалд орсон этгээдүүдийн төлбөрийг хангах үүрэгтэй ажилладаг. Хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор Банкны эрх хүлээн авагчид газрын талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжийг олгосонгүй гэж үзэж гомдол гаргасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах, ашиглуулах зэрэг аливаа хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байдаг. Гэтэл энэ боломжийг олгосонгүй. 2019 оны 04 дүгээр сард “...газар эзэмших эрхийг дуусгавар болгоно. ...05 дугаар сарын 11-ний өдрийн дотор санал, тайлбараа ирүүл...” гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу Банкны эрх хүлээн авагч мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн М  Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж байх үедээ аймгийн Засаг дарга, Газрын албаны дарга нартай биечлэн уулзсан...Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/72 дугаартай албан бичгээр “...аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон...” гээд тус захирамжийг хавсаргаж ирүүлсэн байсан. Дараагийн нэг үндэслэл нь, газар эзэмших эрхтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх гэрээ байгуулдаг. Энэ асуудлыг судалж үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй байсан. Энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш талуудын хүлээх эрх, үүрэг тодорхойлогдоно. Түүнээс биш гэрчилгээ олгосон өдрөөс хойш тодорхойлогдохгүй.  гэрээ дүгнэх ажил  хийгдээгүй. Хариуцагч “...2 жил дараалан газрыг ашиглаагүй” гэж байна. Хэрвээ хариуцагчийн тайлбараар явбал 2013 онд олгосон газрын хугацаа 2015 онд дуусах нөхцөл нь бүрдсэн юм. Гэтэл 2019 онд цуцалсан. Үүнээс ...К  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үед цуцлаагүй мөртлөө Банкны эрх хүлээн авагч томилогдонгуут цуцалчихлаа гэж харж байна. Газар нь эдийн засгийн хэрэглүүр болдог. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны эрх хүлээн авагчийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр томилогдонгуут газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдэгдэл ирүүлж, цуцалсан байгаа. Уг нь К  татан буугдаж, Эрх хүлээн авагч томилогдоод ажиллаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Өмнө нь цуцлах асуудлыг огт яриагүй мөртлөө Эрх хүлээн авагчийг томилогдонгуут цуцалж байгаа нь энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг зөрчиж байна гэв.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      

           Хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч “Капитал” банкны эрх хүлээн авагчийн хууль ёсны үйлдэл, үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгээгүй бөгөөд Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан учир К ны Дорнод аймаг дахь салбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

             Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны А/227 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ган Хэрлэн ХХК-ийн хойд талд 144 м2 газрын эзэмших эрхийг худалдаа үйлчилгээний зориулалтаар авч, газар эзэмших гэрээ байгуулсан К ны Дорнод аймаг дахь салбар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж тухайн эзэмшлээр авсан газрыг зориулалтын дагуу 6 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдсон.

             К ны Дорнод аймаг дахь салбарын ...144 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн      40.1.6 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд  мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу холбогдох тайлбар, саналыг ирүүлэх боломжтойг дурьдаж, 2019 оны 04 дүгээр сард хүргүүлсэн хэдий ч тухайн мэдэгдэлд заасан 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг аймгийн Засаг даргаас гаргаагүй болно.     

            Учир нь захиргааны байгууллага захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад заасан байдаг тул 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэр гаргаагүй. Гэтэл танай байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд …144 м2 газрын эзэмших эрхтэй холбогдуулан ямар нэгэн санал, тайлбар гаргаагүй учир 2019 оны оны 4 дүгээр сард хүргүүлсэн мэдэгдлийн дагуу  газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах тухай аймгийн Засаг даргын 2019 оны 1/1367 дугаар албан мэдэгдлийг К  /Дорнод аймаг дахь салбар/-д дахин хүргүүлж, “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/482 дугаар захирамжийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд тус банкинд 000298505 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга байгуулалтын газраас олгосон. Нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулснаар газар эзэмших эрх олгогдсон гэж үзнэ хэмээн тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтаар үгүйсгэгдэж байна. 

                  Иймд Дорнод аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2019 оны А/482 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4,2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон гаргасан үндэслэл бүхий захиргааны акт тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэх шинжийг агуулаагүй. Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, газрын харилцааг зохицуулсан бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль дээдлэх зарчимд тулгуурлан, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээдийн оролцоог ханган, санал тайлбар гаргах боломжийг олгож шийдвэрлэсэн, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна.

                    1-рт. К  нь  Хэрлэн сумын 7-р багт байршилтай 144 м2 газрын эзэмших эрхийг 2013 онд иргэн Ганбаатараас шилжүүлэн  авсан. Үүний дараа     2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээнд талуудын эрх, үүргийг маш тодорхой зааж өгсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Мөн 2014, 2015 онд байгуулсан гэрээнүүдэд газрын төлбөртэй холбоотой болон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар тодорхой зааж өгсөн. Газар эзэмшигч К ны тухайд ...гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг Газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон шүүхээс газрын үзлэг хийхэд тухайн эзэмшил газар дээрээ ямар ч барилга байгууламж бариагүй, шав тавиагүй, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашигласан, эзэмшсэн гэх байдал харагддаггүй.

                Иймд газар эзэмшигч К нь хуульд зааснаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй. Энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэдгийг нотолж байгаа юм. Түүнчлэн газрын төлбөрийг  бүрэн төлөөгүй гэдэг нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын лавлагаанаас харагддаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” талаар газар эзэмшигчийн үүргийг хуульчилж өгсөн. Тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэнээс үл хамаарч газрын төлбөрийг хууль, гэрээнд заасан хугацаанд заавал төлж барагдуулах ёстой. Газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир аймгийн Засаг даргын 2019 оны А/482 дугаар захирамж гарах болсон.

               2-рт нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Банкны эрх хүлээн авагчаас тухайн эзэмшил газрын талаар шийдвэр гаргах буюу газрыг худалдан борлуулсны орлогоор хохирогчдын хохирлыг барагдуулах боломжийг бууруулж байна...” гэж дурдсан байгаа юм. Банкны тухай хуулиар татан буугдсан К ны удирдлага нь актив хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тус банкны Эрх хүлээн авагчид шилжүүлсэн байдаг. Мөн “...тус 144 м2 газрыг үндсэн хөрөнгөнд нь бүртгэсэн...” талаар нэхэмжлэлдээ дурдсан байсан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх гэж  тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно гэж хуульчилж өгсөн. Түүнээс биш худалдан борлуулж олсон ашгаараа банкны буруутай үйл ажиллагаанаас ...хохирсон хохирогчдын хохирлыг барагдуулах зүйлд зарцуулж болохгүй, захиран зарцуулах эрх байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр тодорхой болзол журмын дагуу 15 жилийн хугацаагаар гэрээ байгуулж газрыг эзэмшүүлсэн бол хугацаа нь дуусахад шаардлагагүй гэж үзвэл буцаагаад авах зохицуулалттай.

              3-рт, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 05 сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч дахин гэрээ байгуулаагүй. Тус гэрээг байгуулсан өдрөөс хойш тооцох үндэслэлтэй...” талаар дурдсан байна. Гэрээний эрх, үүрэг 2015 онд тодорхойлогдсон бол 2017 онд дуусгавар болох ёстой. Энэ хугацаанд газар эзэмшигч  К  өөрийн эс үйлдэхүйгээр хандсан асуудлаа зөвтгөж, аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

              4-рт, мөн нэхэмжлэгч “...газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бол түүнийг дүгнэх, газар эзэмшигчид гэрээ дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ёстой...” гэж тайлбарлаж байна. Гэрээ бол талуудын харилцан тохиролцож хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл. Аль нэг тал нь давуу эрх эдлээд, хүчээр тулгаж гэрээ байгуулж болохгүй. Гэрээнд зааснаар газар эзэмшүүлэгч жил бүр гэрээгээ дүгнүүлэхийг шаардах эрхтэй талаар дурдаж өгсөн. Шаардахгүй байх нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Гэрээний нэг тал болох К  өөрөө жил бүр гэрээгээ дүгнүүлэх эрх нь нээлттэй байгаа. Одоог хүртэл Банкны эрх хүлээн авагчийн зүгээс аймгийн Засаг даргад хандаж газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт ирүүлсэн талаарх баримт байхгүй байна...  .

              Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийг санал, тайлбар гаргах боломжоор хангасан. Анхны мэдэгдлийг 04 дүгээр сард өгсөн. Үүнийг хүлээж авсан гэдгээ нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан байна. Орхон захирлын тухайд “...05 сарын 29-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан. Орхон захирлын анхны мэдэгдлийг шуудангаас 04 сарын 12-ны өдрийн 12.40 цагт хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримт хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн газрын гэрчилгээгээр эзэмшдэг. Аймгийн Засаг даргын шийдвэр гарсан даруйд эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, гэрээ хийгдсэн байдаг. Ингэснээр та бүхний газар эзэмших эрх, үүрэг бий болсон. Нэхэмжлэгч тал “...мэдэгдэл ирсэн, мэдэгдлийг хүлээж авсан, холбогдох албан тушаалтантай  уулзаж тайлбар, саналаа гаргасан...” гэж байна. Үүгээр аймгийн Засаг даргын захирамж процессын хувьд алдаагүй гарсан гэдэг нь харагдаж байна.

             Нэхэмжлэгч тал “...өрөө барагдуулах гэж байгаа...” гэж л хэлдэг. Гэтэл энэ 144м2   газар маань Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдлийн л газар байдаг. К   гэрээний дагуу тодорхой хугацаагаар эзэмшиж л байсан. Эзэмшлийн газар дээрээ барилга байгууламж бариагүй, зориулалтын дагуу ашиглаагүй учир аймгийн Засаг даргаас эзэмшлийн гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Зориулалтын дагуу ашиглаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогддог, газрын төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй болох нь холбогдох байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон. Орхон гэж хүн шүүхэд  гэрчээр асуугдсан үнэн зөвийг мэдүүлэх үүрэг хүлээсэн  байсан. Төр өөрийн эзэмшлийн газрыг тодорхой болзол, хугацаагаар, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж байсан. Капитал гэж аж ахуйн нэгжид биш хууль бус эс  үйлдэхүйд нь чиглэж энэ захирамж гарсан гэдгийг ойлгох нь зүйтэй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “К”ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага[1] гаргаж, тэрээр үндэслэлээ, ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  Банкны эрх хүлээн авагч тухайн газрын талаар шийдвэр гаргах боломжийг хязгаарласан ...газрын төлбөрийг төлж байсан гэжээ.

            Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар[2] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1,6,  Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96 дугаар тушаал... үндэслэн,  “К”ХХК  /Эрх  хүлээн авагч/  нь эзэмшлийн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу /зургаан жил/ ашиглаагүй ...үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

             Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  А/227 дугаар захирамжаар[3], “Капитал” банкинд Хэрлэн сумын 7 дугаар баг, “Ган Хэрлэн” ХК-ийн хойд талд 144 м2 газрыг “Худалдаа үйлчилгээний зориулалт”-аар /шилжүүлэн/ эзэмшүүлэх шийдвэрийн дагуу, 2013.09.13-ны өдөр Газар эзэмших эрхийн 00029505 дугаар бүхий гэрчилгээг олгож, 2014.02.17-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, Газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаархи хуулийн зохицуулалтыг бүрэн тусгасан байна. Тэрээр  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  34 дүгээр зүйлийн 34.8. “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. ”Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  зааснаар  ... газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн  дээр эзэмшиж,  Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй.

               Гэтэл дээрхи хугацаанд ...тухайн эзэмшил газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын  гэрээгээ  дүгнүүлж,  сунгуулаагүй, .. газрын төлбөрийг  тогтоосон  хугацаанд нь  бүрэн төлөөгүй  байсан  болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, Нэгж талбарын хувийн хэрэгт  авагдсан газрын байршлын  кадастрын зураглал[4],  Газрын үзлэг явуулсан гэрэл зураг[5], ...төлбөр төлж байсан мэдээлэл[6],  бусад бичгийн баримтаар  тогтоогдож байгаа болно.

             Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн “К”ХХК-ийг албадан татан буулгах тухай” А/96 дугаар тушаалаар[7] К  нь татан буугдаж, “К”ХХК Эрх хүлээн авагчийн 2019.04.24-ний өдрийн “Салбар тооцооны төвийг татан буулгах тухай” А/24 тоот тушаалаар[8] орон нутгийн салбар тооцооны төв, тооцооны кассуудын үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан байгаа хэдий ч Дорнод салбарын захирал Н.Орхоныг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Мэдэгдлийг[9] 4 дүгээр сарын 12-ны өдөр салбарын захирал Н.Орхонд хүлээлгэн өгч[10]  мэдэгдсэний дагуу,  Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Б.Мөнгөнсүх нь  2019 оны 5 дугаар сарын 10-13-нд ...албан томилолтоор[11] ажиллах хугацаанд  аймгийн Засаг дарга, Газрын албаны эрх бүхий албан тушаалтантай биечлэн уулзалт хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна. Дорнод аймгийн Засаг дарга А/482 дугаар захирамжийг гаргахын өмнө  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “ ... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”,  26 дугаар зүйлийн 26.1. ”Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд  ...тайлбар, санал гаргах боломж олгоно” зохицуулалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

             Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан  буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн  40.3-д  “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын  шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч  тал  аймгийн  Засаг даргын 2019 оны А/482 дугаар захирамжийг  2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч,  тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хандсан талаар  хэргийн оролцогчид нэхэмжлэл гаргах хугацааны талаар маргаагүй болно.

            Харин нэхэмжлэгч тал  ...газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь,  Банкны эрх хүлээн авагчаас худалдан борлуулах, банкны өр төлбөрт  тооцуулан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болгосон ...хэмээн тайлбарладаг.  Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3. “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний  нэр бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах орлогыг хуваарилах чиг үүргийн ...” талаар зохицуулсан.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “Газар эзэмших газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах ойлголт” бөгөөд дээрхи газар нь  ...зориулалтын дагуу эзэмшиж үйл  ажиллагаа явуулах зорилгоор тодорхой хугацаагаар  эзэмшүүлсэн төрийн мэдлийн учир, ...үндсэн хөрөнгөнд бүртгэж, худалдан борлуулах, орлогыг өр төлбөрт  захиран зарцуулах эрх үүсэхгүй бөгөөд  Газрын  тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2. “...газар эзэмшигч байгууллага татан буугдсан тохиолдолд  газар эзэмших эрх дуусгавар болох” талаар  зохицуулсан байна.

             Иймд  Дорнод аймгийн Засаг даргын  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  А/482 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй  болгох тухай”  захирамж нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. "ж",  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2,  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч  “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  А/482 дугаар  захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Б.ОЮУН

 

 


[1] Хавтаст хэргийн 25-28-р хуудас

[2] Хавтаст хэргийн 14-15-р хуудас

[3] Хавтаст хэргийн 42-р хуудас

[4] Хавтаст хэргийн 81-р хуудасны ар талд

[5] Хавтаст хэргийн 63-64-р хуудас

[6] Хавтаст хэргийн 45, 91, 97-р хуудас

[7] Хавтаст хэргийн 6-р хуудас

[8] Хавтаст хэргийн 53-р хуудас

[9] Хавтаст хэргийн 12-р хуудас

[10] Хавтаст хэргийн 88-р хуудас

[11] Хавтаст хэргийн 50-51-р хуудас