Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 149

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0174/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш,

Хохирогч П.Болормаа,

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Эрдэнэцогтод холбогдох 201609000228 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Боржигон овогт Бадарчийн Эрдэнэцогт /РД:ТК83090116/, 1983 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1 дүгээр гудамж 34 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

-2001 оны 4 дүгээр сарынн 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 8 сар хорих ял,

 

-2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 11 сар 23 хоног хорих ял,

 

-2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 4 жил 7 сар 22 хоног хорих ял шийтгэгдэн, 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

-2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ноогдох эд хөрөнгийг хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7160400 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenecogt 145.2.docx

            Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гантулгатай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1 дүгээр гудамж 33 тоотод оршин суух П.Болормаагийн гэрт нэвтэрч хөлдөөгч, гитар зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 460000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Б.Эрдэнэцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Болормаагийн гэрт орж хөлдөөгч, гитар 2 хоёрыг нь авч зах дээр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 15-16 өдрүүдэд гадаа шороо шуурч байсан. Тэгээд би өмнөх өдөр нь нохойгоо хооллочихсон учраас гайгүй байх гэж бодоод дүүгийнхээ гэрт хоносон юм. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа гэртээ ирсэн чинь манай хашааны хаалганы модыг хуглаад хашаа онгойлгосон байсан. Гэрийнхээ хаалгыг цагаан цоожоор цоожилсон байсан чинь хөшиж онгойлгоод буцаагаад зүүсэн байсан. Гэртээ ороод харахад хөлдөөгч, 15 литрийн ширмэн тогоо харагдахгүй байсан. Тэгээд би цагдаа дуудахад намайг эд зүйлдээ хүрэхгүй байж бай, очлоо гэж хэлсэн. Цагдаа ирсний маргааш ус авах гэтэл 10 литрийн усны сав байхгүй байсан. Б.Эрдэнэцогтоос хохирол төлбөрөө авсан учир гомдол санал байхгүй. Үлдсэн хохирлоо Б.Гантулгаас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/

-Шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 12-13 дахь тал/,

 

-Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өчигдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэцогт надад Болормаагийн хөргөгчийг хулгайлсан талаар хэлсэн юм. Хэд хоног мөнгө хайж явсан юм гэж байсан.

...найз болох Тулгаа гэх залуутай гэсэн, өөр юм надад хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

 

-Гэрч Ц.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг “Буян” захын зогсоол дээр зогсож байхад 2 үл таних хүн такси хайгаад яваад байсан. Тэгээд над дээр ирээд “чиний машин багаж томтой юм байна, манай эгчийнх рүү яваад тэндээс хөлдөөгч аваад ломбарданд тавиад ирье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Толгойт руу явсан. Тэгээд Нарантолгойн цагаан худаг гэх газарт ирэхэд цэнхэр хаалгатай айл байсан. Тэгээд тухайн үл таних 2 залуу бууж тус хашаа руу ороод 10 минут болсон байх, тэгээд хөлдөөгч аваад гараад ирсэн. Тэгээд миний машины багажинд хийгээд зах руу яваад тэгээд махны үүдэнд ирэхэд махны эмэгтэйчүүд тухайн залуусыг хөлдөөгч аваад бууж ирэхэд “би авна, би авна” гээд шаагалдаж байгаад нэг эмэгтэй нь аваад явсан. Тэгээд надаа хөлсний мөнгө болох 3500 төгрөг өгөөд би явсан.

…мөнгөө тухайн хөлдөөгчөө зараад надад 3500 төгрөг өгсөн. Харин дараа нь би гадуур халтуур хийж байгаад нэг харахад арын цонхон дээр гитар байхаар нь суусан хүмүүс мартсан юм байх гэж бодоод Буян захын зогсоол дээр зогсож байхад тухайн хөлдөөгч зарсан залуугийн нэг нь ирээд “машинд чинь гитараа орхичиж” гэхээр нь би өгсөн чинь надад баярлалаа гээд 5000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22, 30 дахь тал/,

 

-Гэрч Н.Атарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би зах дээр явж байхад Эрдэнэцогт болон Гантулга нар согтуу явж байсан. Тэгээд надтай таараад юм яриад байж байхад “гурвуулаа хамт яваад эгчийн гэрээс хөргөгч аваад ломбарданд тавья” гэхээр нь би “авахгүй шүү дээ, би явахгүй” гэхэд “хамт явья” гээд байхаар нь хамт явсан. Тэгээд захын урдаас Соната-3 маркийн авто машинд Эрдэнэцогт, Гантулга нар суугаад намайг суу гэхээр нь би суугаад Толгойт руу явсан. Эрдэнэцогт Гантулга 2 явж байхдаа эгчийн гэрээс хөлдөөгч аваад зах дээр зарчихья гэж ярьж байсан. Тэгээд нэг хаяг дээр ирээд Эрдэнэцогт, Гантулга нар хашаа руу ороод гарч ирэхдээ хөлдөөгч, гитар барьсан гарч ирсэн. Тэгээд жолоочийн хамт зах дээр очоод тухайн хөлдөөгчийг 50000 төгрөгөөр зарсан санагдаж байна.

…машинаас буугаад шууд орсон. Эгчийнх гэхээр яг яаж орж байгааг нь анзаараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/,  

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дахь тал/,

-2011 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 55-56 дахь тал/,

-2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 57-58 дахь тал/,

-2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 59-61 дэх тал/,

-2001 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 62-63 дахь тал/,

-Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хэргийн 80 дахь тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, үнэлгээний тайлан /хэргийн 84, 86-87 дахь тал/,

 

-Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 91 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гантулгатай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух П.Болормаагийн гэрт нэвтэрч хөлдөөгч, гитар зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 460000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/, гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…өчигдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэцогт надад Болормаагийн хөргөгчийг хулгайлсан талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч Ц.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…үл таних 2 залуу бууж тус хашаа руу ороод 10 минут болсон байх тэгээд хөлдөөгч аваад гараад ирсэн. Тэгээд миний машины багажинд хийгээд зах руу яваад тэгээд махны үүдэнд ирэхэд махны эмэгтэйчүүд тухайн залуусыг хөлдөөгч аваад бууж ирэхэд “би авна, би авна” гээд шаагилдаж байгаад нэг эмэгтэй нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22, 30 дахь тал/, гэрч Н.Атарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд нэг хаяг дээр ирээд Эрдэнэцогт Гантулга нар хашаа руу ороод гарч ирэхдээ хөлдөөгч, гитар барьсан гарч ирсэн. Тэгээд жолоочийн хамт зах дээр очоод тухайн хөлдөөгчийг 50000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Ингээд бид 3 мөнгөөрөө архи авч уугаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг Б.Гантулгатай бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 460000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Болормаад 460000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд энэхүү төлбөрийг Б.Эрдэнэцогт, Б.Гантулга нар хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь хохирогч П.Болормаад 230000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 91 дэх тал/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Эрдэнэцогтоос гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7160400 төгрөгийн торгох ял, 2001 онд Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ялд багтааж нийт 2 жил хорих ял, 2001 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн    1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2001 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Б.Эрдэнэцогтын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь энэ хэргийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Бадарчийн Эрдэнэцогтыг бусадтай /Б.Гантулгатай/ бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 460000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Эрдэнэцогтод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтод оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтын энэ хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар хохирогчид 230000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Эрдэнэцогтод оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/-ын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Б.Эрдэнэцогтод хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Эрдэнэцогтод мэдэгдсүгэй.

           

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эрдэнэцогтод бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.