Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0196

 

“Л т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 918 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Л т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ерөнхий байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л т” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын ерөнхий байцаагчаас улсын ахлах байцаагч Л.Оы 6/098/1836 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохдоо илт хууль бус үндэслэлээр хүчингүй болсон улсын ахлах байцаагч Д.Жын 06/008/05 дугаар шийдвэр гарах үндэслэл болсон үндэслэлүүдийг шийдвэрийнхээ гол үндэслэлээ болгосон атлаа 6/098/1836 дугаар дүгнэлт гарах болсон үндэслэлийг хэрхэн дүгнэж үзсэн тодорхойгүй орхигдуулж хэт нэг талыг барьж явцуу хүрээнд шийдвэр гаргасан.

Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрт дурдсан байдлууд нь анхны зураг төсөл боловсруулсан "А н" ХХК болон зураг төсөл зохиогчийн зүгээс өргөтгөлийн зураг төслийг хийгээгүй талаар бичгээр мэдэгдсэн атал өргөтгөлийн хэсгийг үзүүлсэн барилгын хэсгийн зураг улсын төв архивт хадгалуулсан байна хэмээн эргэлзээтэй үзсэн төдийгүй ШУТИС-ийн “Р” төвийн хийсэн 2011 оны дүгнэлтээр өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгаасаа салангид зөвшөөрөлгүй баригдсан гэж дүгнэгдсэн, Я.Эгийн зүгээс өргөтгөлийн барилгыг 2006 онд бүрэн хийж дуусгасан талаар дурдсан байтал улсын комисс 2003 онд үндсэн барилгын хамт байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн талаар улсын комиссын актад бичигдээгүй зүйлийг үндэслэн дүгнэжээ...

Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/001/02 дугаар шийдвэрийн “...Шийдвэрлэх нь” хэсэгт заасан 1 дэх заалтыг хүчингүй болгож, улсын ахлах байцаагч Л.Оы 2012 оны 6/098/1836 дугаар дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Оы үйлдсэн 2012 оны 06/098/1836 тоот дүгнэлтийн талаар иргэн Я.Эгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн гомдол, “Л т” ХХК-ийн өмгөөлөгч Н.Мын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/25 тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу тус газраас ажлын хэсэг гарч дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгасан. Энэхүү шалгалтаар уг дүгнэлтийг хүчингүй болгохуйц 7 нөхцөл байдал илэрсэн тул барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Оы 6/098/1836 дугаар дүгнэлтийг Дэд бүтцийн хяналтын газрын дарга, Дэд бүтэц, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жын үйлдсэн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/008/05 дугаар улсын ахлах байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон.

Улсын ахлах байцаагчийн уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй тухай өмгөөлөгч Н.Мын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг тус газраас дахин шалгаж, улсын ахлах байцаагчийн 06/008/05 дугаар шийдвэрийн үндэслэл нь зөв байсан боловч шийдвэр гаргах эрхгүй субьект гаргасан буюу улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг улсын ахлах байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон гэж үзэж, улмаар Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр улсын ахлах байцаагчийн 06/008/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Шалгалтаар улсын ахлах байцаагч Л.Оы үйлдсэн 6/098/1836 дугаар дүгнэлтэд заасан зөрчлүүд тогтоогдоогүй тул уг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Я.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлд огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэлд бичих ёстой ба зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх гэж байгаа талаар тайлбарлах ёстой. Маргаан бүхий акт нь хуулийг хэрхэн буруу хэрэглэж гарсан талаар нэхэмжлэлд дурдахгүй байгаа нь уг актыг хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан хэмээн нэхэмжлэгч өөрөө үзээгүй болохыг илэрхийлж байна. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 918 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/001/02 дугаар шийдвэрийн “...Шийдвэрлэх нь” хэсэгт заасан 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” “Л т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “маргаан бүхий “В” блокийн өргөтгөлийн хэсэг нь 2002 оны 06 дугаар сард улсын ахлах байцаагчийн өгсөн үүргийн дагуу 2004 онд нөхөж зурагдсан гэх 07/2004 дугаартай өөрчлөлтийн зургаар /энэ зураг эрх бүхий байгууллагаар батлагдаж, экспертиз хийгдээгүй/ гүйцэтгэгдсэн нь ажлын комиссын акт, тэмдэглэл, улсын комиссын акт, тэмдэглэл, өөрчлөлтийн зураг зэргээр тогтоогдож байна” гэжээ. Ингэхдээ дээрх баримтууд болон тусгасан үйл байдлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/008/05 дугаар акт гарахын өмнө газар дээр нь шалгаж, холбогдох баримтуудыг бусад газруудаас авч шалгасан талаар тодорхой дүгнэжээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/6510 дугаар албан бичгээр дээрх нэр бүхий албан тушаалтнуудын шалгалтын талаар үйлдсэн баримт бичгүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулахаар болсон ч дээрх баримтуудыг хариуцагч тал гаргаагүй, байхгүй гэсэн байхад шүүх шалгасан, үзсэн мэтээр дүгнэсэн, улсын комиссын актад 07/2004 дугаартай өөрчлөлтийн зургаар өргөтгөл гүйцэтгэгдсэн талаар дурдагдаагүй, ажлын комиссын акт болон тэмдэглэлд “В” блокод хамааралтай байдал нь саравчны өөрчлөлтийн талаар дурдагдсан байхад гадна өргөтгөл гүйцэтгэгдсэн байна гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, “Л т” ХХК-аас Дэд бүтцийн улсын хяналтын албанд, Улсын мэргэжлийн хяналтын газарт тус тус хүргүүлсэн албан бичгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь учир дутагдалтай төдийгүй эдгээр баримтуудад “В” блокод хамааралтай маргаан бүхий өргөтгөлийн барилга, холбогдох зураг төсөлтэй хамааралтай утга агуулга бүхий үг, өгүүлбэр байхгүй бөгөөд гагцхүү гадна саравчны өөрчлөлтийг зургийн дагуу хийсэн талаар тодорхой тусгасан. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох гол нотлох баримтууд болох маргаан бүхий өргөтгөлийн өөрчлөлтийн зураг төслийг хийгээгүй талаарх “Архитектур нэгдэл” ХХК-ийн албан бичиг, “В” блокийг барьсан барилгын гүйцэтгэгч болох “Сандэй” ХХК уг өргөтгөлийн барилгыг хийж гүйцэтгээгүй тухай, “Р” төвийн өргөтгөлийн барилгыг 2011 онд газар дээр ухалт хийж шалгаад нэмэлт өргөтгөлийн хэсэгт батлагдсан зураг төсөл байхгүй байсан, анхны барилгаасаа салангид гэж дүгнэсэн, Я.Эгийн нэхэмжлэлтэй “Л т” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, анхны зураг төсөл дээр өргөтгөлийн барилга төлөвлөгдөөгүй, салангид байна, эзэмшил газрын хил, хязгаарыг давж баригдсан талаарх дүгнэлтүүдийг хэрхэн авч үзсэн талаар тодорхойгүй орхигдуулжээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох “В” блокийн барилгын баруун талд Я.Э шорлог хийх болон ил гал тогооны зориулалтаар 2008 онд барьсан баруун өргөтгөлийн барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн талаар улсын ахлах байцаагч Л.Оы гаргасан актад тусгагдсан атал Улсын ерөнхий байцаагч уг актыг бүхэлд нь хүчингүй болгохдоо дээрх баруун талд баригдсан өргөтгөлийн барилгын талаар огт дурдаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо баруун талын өргөтгөлийн талаар авч үзээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн.

Анхан шатны шүүх хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр явагдаж, хэргийн оролцогчдын хувьд 4 цаг орчим мэтгэлцэж, оролцсон атал шүүх зөвлөлдөж шийдвэрээ гаргахдаа 1 цаг 32 минут зарцуулсан, бичгийн хэлбэрээр албажиж гарахыг 51 хоног хүлээхдээ маргааныг шийдвэрлэсэн талаарх шүүхийн дүгнэлтийг өргөн хүрээнд үндэслэл бүхий байх талаас гарах байх гэж хүлээсэн ч уг байдал үнэхээр сэтгэлд хүрээгүйг илэрхийлэхийн сацуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргагчаас гомдлын агуулга, үндэслэлийн талаар тодорхой тайлбар хийж оролцоно. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Л т” ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/001/02 дугаар шийдвэрийн “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чойжин ламын музейн баруун талд орших Худалдаа, үйлчилгээний барилгын ашиглалтын үеийн төлөв байдалд Барилгын тухай хууль болон бусад холбогдох норм дүрэм, журмын хэрэгжилтийг хянаж шалгаад “Л т” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний барилгын өргөтгөлийн хэсгийн буюу барилгын анхны зураг дээрх Б-8-10 тэнхлэг, Б-И-10 тэнхлэгийн дагуух өргөтгөл, барилгын баруун талд гал тогооны зориулалттай баригдсан 15.6 м.кв талбайтай өргөтгөлүүдийн барилгын чанар, төлөв байдал нь “Барилгын тухай хуулийн 9.1 дэх заалт “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” байх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Оы 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын ашиглалтын үед төлөв байдлын тухай” 6/098/1836 дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Жын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/008/05 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна.

Харин “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Оы 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын ашиглалтын үед төлөв байдлын тухай” 6/098/1836 дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Жын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/008/05 дугаар шийдвэрийг тус тус Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/001/02 дугаар шийдвэрээр хүчингүй болгожээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Улсын мэргэжлийн хяналтын газраас тус барилгын угсралтын ажлын явцад хяналт шалгалт хийж гаргасан улсын ахлах байцаагчийн 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/113 тоот дүгнэлтэд “В” блокийн өргөтгөлийн хэсэг нь зураг төсөлд байхгүй тул гүйцэтгэлийн зураг гаргуулах үүрэг өгсний дагуу Үндэсний төв архивт хадгалагдаж буй өргөтгөлийн зургаар маргаан бүхий өргөтгөлийн хэсгийг гүйцэтгэсэн, уг барилгыг ашиглалтад оруулах 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ажлын комиссын акт, Үндэсний төв архивын газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0/386 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л т” ХХК-ийн барилгын 07/2003 дугаартай өөрчлөлтийн зураг төсөл” зэрэг баримтуудаар, мөн  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Оы 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын ашиглалтын үед төлөв байдлын тухай” 6/098/1836 дүгнэлт үндэслэлгүй гарсан болох нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д зааснаар “улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй тул улсын байцаагчийн дүгнэлт, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн үйлдэл хуульд нийцсэн” гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, “маргаан бүхий барилгад ажилласан ажлын комиссын үүрэг даалгавар, түүний гүйцэтгэл, байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлтэд өргөтгөлийн талаар хэрхэн тусгасан талаар дүгнээгүйгээс гадна, эрх ашиг нь зөрчигдөж буй 2 талаас тайлбар авч, тэдгээрт гаргасан шийдвэр, хяналт шалгалтын баримтын хувийг хүрээгүй нь “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.4.11-д заасныг зөрчсөн” гэж үзэж, улсын ерөнхий байцаагчаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Оы 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын ашиглалтын үед төлөв байдлын тухай” 6/098/1836 дүгнэлтийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох “В” блокийн барилгын баруун талд Я.Э шорлог хийх болон ил гал тогооны зориулалтаар 2008 онд барьсан баруун өргөтгөлийн барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн талаар улсын ахлах байцаагч Л.Оы гаргасан актад тусгагдсан атал Улсын ерөнхий байцаагч уг актыг бүхэлд нь хүчингүй болгохдоо дээрх баруун талд баригдсан өргөтгөлийн барилгын талаар огт дурдаагүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо баруун талын өргөтгөлийн талаар авч үзээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрсөн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/001/02 дугаар шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тиймээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР