Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,

шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ийн Т-ад холбогдох 2113001670192 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Т овогт Г-ийн Т- нь 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, Увс аймгийн ............ сумын .. дүгээр баг, .......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОБ...................

Шүүгдэгч Г.Т-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т- нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Таван салаа” гэх газраас хохирогч Ү.А-ий 3 настай 1 тооны хул зүсмийн адууг хулгайлж 1100000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Г.Т- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001670192 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг болон малд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-10 дугаар хуудас/,

2. Хохирогч Ү.А-ий 2020 оны мал тооллогын бүртгэл, хулгайд алдагдсан хул зүсмийн адууны зураг /хавтаст хэргийн 29-37 дугаар хуудас/,

3. Зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн адууг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан тэмдэглэл, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-28 дугаар хуудас/,

4. Иргэн М.Т-ын “Т” тамгад үзлэг хийсэн тэмдэглэл болон хулгайд алдагдсан гэх хул зүсмийн адууны тамгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/,

5. “Хас   Үнэлгээ” ХХК-ны үнэлгээний шинжээчийн 2021.10.15-ны өдрийн гаргасан №348 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,

6. Хохирогч Ү.А-ий гаргаж өгсөн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас/,

7. Хохирогч Ү.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-57 дугаар хуудас/,

8. Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

9. Гэрч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

10. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

11. Гэрч Ү.А- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

12. Гэрч К.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

13. Гэрч Б.Б-гын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-62 дугаар хуудас/,

14. Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

15. Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Т-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Г.Т- нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Таван салаа” гэх газраас хохирогч Ү.А-ий 3 настай 1 тооны хул зүсмийн адууг хулгайлж 1100000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэг болон малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-10/,

- Хохирогч Ү.А-ий 2020 оны мал тооллогын бүртгэл, хулгайд алдагдсан хул зүсмийн адууны зураг /хх-ийн 29-37/,

- Зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн адууг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан тэмдэглэл, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 21-28/,

- Иргэн М.Т-ын “Т” тамгад үзлэг хийсэн тэмдэглэл болон хулгайл алдагдсан гэх хул зүсмийн адуугийн тамгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/,

- “Хас Үнэлгээ” ХХК-ны үнэлгээний шинжээчийн 2021.10.15-ны өдрийн гаргасан №348 дугаартай дүгнэлт /хх-ийн 94/,

- Хохирогч Ү.А-ий гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-41/,

- Хохирогч Ү.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Таван салаа” гэх газарт намарждаг. Уг газар нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр баг “Турван жигэртэй” гэх газарт хил залгаа дундаа нэг л гол урсдаг юм. Миний хадам тал болох М.Т- гэх хүний адуун сүрэгт өөрийн нэг тооны гүүг авч ирж нийлүүлсэн. Тэгээд уг гүүнээс хул зүсмийн унага төрсөн. Унагаас даага гарах намар нь хадам аав болох М.Т-ын “Т” тамгыг зөв талын гуяд дарж явуулсан. Тэгээд уг адууг байнга гарт байлгаж өөрсдөө тэжээж байсан ба маш номхон адуу байсан. Зун манай хүүхдүүд унаж сургаад номхруулж явуулсан. Намар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Таван салаа” гэх газраас хулгайд алдагдсан. Улмаар гунан адууг хайж тал тал руу сураглаж эхэлсэн. Надад ганц адуу байсан ба уг адуу нь хул зүсмийн гунан адуу байсан болохоор хайгаад олоогүй. Эх нь хадам аавын адуун сүрэгт явж байгаад шаварт ороод үхсэн байсан. Сураглаж хайж явж байхад Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Г- овогтой Т- хулгайлан авсан сураг гарсан. Миний хулгайд алдагдсан гунан адуу нь хул зүсмийн зөв талын гуяд “Т” тамгатай, маш номхон, дэл сүүлийг засаагүй, ямар нэгэн имгүй, гунан адуу байсан. Миний зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн гунан адуу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хулгайд алдагдсан бөгөөд уг адууг сураглахад анх Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт өвөлждөг Ү.А- /Армошка/ гэх залуу 9 дүгээр сарын 10-12-ны өдрийн хооронд миний хулгайд алдагдсан хул зүсмийн адууг иргэн Г.Т-ын хүү унаж байсныг харсан байна. Тэгээд цаашаа сураглаж гаргасан. Тухайн үед миний хул зүсмийн адууг Ү.А- зүс, тамгатай хэлж байсан ба сүүлд айгаад зүс тамгыг сайн хэлэхгүй байсан. Яагаад гэвэл Ү.А- нь Г.Т-тай хөрш учраас өөрийн мал хулгайд алдагдаж магадгүй гэж айдаг тохиолдол байдаг. Тухайн үед миний хул гунан маш тарган, номхон адуу байсан. Тэгээд уг сургийг сонсож К.Ү- гэх хүнийг орчуулагч хийж өгнө үү гэж дагуулаад Г.Т-ын гэрт очсон. Тухайн үед Г.Т- гэртээ байсан ба бид нарт тийм адуу ирээгүй надад байхгүй гээд үзүүлээгүй. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай сумын иргэн М.М- гэх хүнтэй хамт дахиж Г.Т-ын намаржаанд очсон. Тэр үед миний хулгайд алдагдсан хул зүсмийн адууг харгана, бургас ихтэй газарт нууж байгаа талаар мэдээлэл авч шууд нуусан газарт нь очиход миний хулгайд алдагдсан хул зүсмийн гунан байсан. Тухайн үед өөрийн гар утсанд бичлэг хийж авсан. Уг адууг нуусан газар нь манай намаржаанаас 60 км зайтай бөгөөд өөрийн хөлөөр очих боломжгүй, миний хул зүсмийн адууг Г.Т- хулгайлж авч нуусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-57/,

- Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг бөгөөд нөхөр болох М-ын Т- нь 2020 онд нас барсан. Одоо хүүгийн хамт амьдардаг. Миний хүргэн хүү болох Ү-ы А манай адуу сүрэгт нэг тооны гүү нийлүүлж түүнээс хул зүсмийн унага төрсөн. Тэгээд манай адуунд дардаг “Т” тамгыг дарсан байсан. Уг адуу нь одоо гунан гарч байгаа бөгөөд зөв талын гуяд “Т” тамгатай номхон адуу байсан. Уг адууг 2021 оны 9 дүгээр сарын эхээр хулгайд алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

- Гэрч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр баг “Гурван жигэртэй” гэх газарт оршин суудаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр байх нэг өдөр миний өөрийн 3 тооны адуу алга болсон ба түүнийг хайж явж байхад Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг “Хар тохой” гэх газраас олж авсан. Алга болсон 3 тооны адууны дотор хул зүсмийн зөв талын гуяд “Т” тамгатай, дэл сүүлтэй, имгүй гунан эр адуу байсан. Тэгээд уг хул зүсмийн гунан адууг өөрийн адуутай хамт тууж ирээд ойр хавийн хүмүүсээс сураглахад манай хамаатан ах болох М овогтой С /Харахыз хоч нэртэй/ нь миний гар утас луу залгаж “Т” тамгатай хул зүсмийн адуу Г- овогтой Т-ын адуу байна, хашаанд нь оруулаад уячих гэхээр нь барьж аваад хашаанд оруулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.Т- ирж миний алдагдсан адуу мөн байна гэж авч явсан. Г- овогтой Т-ыг сайн таньдаг бөгөөд манай багийн хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

- Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурван жигэртэй” гэх газарт оршин суудаг бөгөөд Г-ийн Т-, А-ы Ө нарыг сайн таньдаг. Бид нар нэг багийн хүмүүс юм. А-ы Ө- манай хамаатан дүү бөгөөд Г-ийн Т- гэх хүн манай гэрээс 1 километрийн зайд байдаг манай хөрш юм. Тэгээд манай хамаатан дүү болох А.Ө- нь миний алга болсон 3 тооны адуутай хамт зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн гунан адуу дагаж ирсэн. Хэний адуу болохыг сураглаж өгнө үү гэхээр нь манай ойр хавийн хүмүүсээс сурагласан. Манай хөрш Г.Т- “Т” тамга дардаг гэхээр нь гэрт нь очиж асуухаар нь Г.Т- нь өөрөө гэрт байсан ба танд “Т” тамгатай адуу байгаа уу гэхээр нь миний зөв талын гуяд “Т” тамгатай номхон хул зүсмийн гунан байсан ба алдаад хэдэн хоног боллоо гэж хэлсэн. Тэр гунан адууг сураглаж хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай дүүгийн сураглаж байсан “Т” тамгатай гунан адууг хэлэхэд миний хэдэн хоногийн өмнө алдсан гунан мөн байна. Тэр гунан адууг хашаанд оруулж уячих, би өөрөө очоод аваад явъя гэхээр нь дүү болох А.Ө-т залгаж хул зүсмийн гунан манай хөрш Г.Т-ын адуу байна. Хашаанд оруулчих гэж хэлээд өөрийн гэр лүү яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,  

- И.Гэрч Ү.А- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суудаг бөгөөд манай өвөлжөө Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт байдаг. Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Г- овогтой Т- гэх хүнийг сайн таньдаг. 2021 оны 09 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдийн хооронд байх нэг өдөр өвөлжөөнд ирж байшингийн дээврийг янзалж байхад манай өвөлжөөний доод талд намаржиж байсан Г-ийн Т- /Төмрөө/-ийн хүү нь

хул зүсмийн морь унаж ирсэн. Г.Т-ын хүүгийн унаж ирсэн адуу бол хул зүсмийн тарган залуухан адуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

- Гэрч  К.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие 2021 оны 10 дугаар сарын эхээр байх нэг өдөр гэрт сууж байхад Ү.А- ирж миний хулгайд алдагдсан хул зүсмийн адууны сураг Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Г.Т- гэх хүнд байгаа юм шиг байна, та надад орчуулагч хийж өгнө үү гэхээр нь бид хоёр мотоциклтэй иргэн Г.Т-ын гэрт очсон. Тэр үед Г.Т- гэрт нь байсан ба Ү.А-ий хулгайд алдагдсан хул зүсмийн адуу танайд байгаа юм байна. Тэр адууг үзэх гэж ирлээ гэж орчуулж өгөхөд Г.Т- нь манайд тийм “Т” тамгатай хул зүсмийн адуу ирээгүй гэж нуугаад үзүүлээгүй. Надад хотоос худалдаж авсан хул зүсмийн адуу байгаа бөгөөд уг адуу танай адуу биш гэж хэлээд бид нарыг явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

- Гэрч  Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие нөхөр болох Г- овогтой Т-ын хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суудаг. Манайх намаржаанд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн хүмүүстэй хамт дундаа голтой, голын хоёр талд намарждаг. Тэгээд бид нар Улаанчулуу багт намаржиж байгаад 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр баг “Гурван жигэртэй” гэх газарт нүүж ирсэн. Тэр үед хул зүсмийн зөв талын гуяд “Т” тамгатай гунан адууг унаж мал тууж ирсэн. Уг хул зүсмийн адууг манай нөхөр болох Г.Т- 2021 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдийн хооронд авч ирсэн. Тэгээд уг адууг манай хүү ч унаж явж байсан. Уг адуу нь номхон тарган адуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-62/,

- Гэрч  М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай багийн иргэн Ү.А- манайд ирж миний хулгайд алдагдсан нэг тооны хул зүсмийн гунан адуу Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Г- овогтой Т- гэх хүнд байгаа юм байна. Та надад орчуулагч хийж өгөөч гэхээр нь бид хоёр миний танил хүн болох Г.Т- /Төмрөө/-ийн гэрт очсон. Г.Т-ын гэрт хүн байхгүй байсан ба гэрийн доод талын харгана, бургас ихтэй газарт зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн гунан /шүдлэн/ адууг уяж тавьсан байна. Тухайн үед Ү.А- бичлэг хийж авсан байсан. Уг хул зүсмийн гунан адууг харган, бургас ихтэй газраас гаргаж Г.Т-ын хүргэн хүү болох Э гэх хүний гэрт авч ирж энэ манай хулгайд алдагдсан адуу мөн байна. Танай хадам аав ирэхээр хүргэж өгөөрэй гэж захиж хэлээд яваад өгсөн. Г.Т-ын гэрийн доод талд байсан зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн гунан адуу нь Ү.А-ий надад хулгайд алдагдсан гэж захиж байсан гунан адуу мөн байсан. Ү.А- надад дэл нь засаагүй гэж захиж байсан ба Г.Т-ын гэрийн доод талд байсан хул зүсмийн адууны дэлийг зассан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

- Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний зүгээс уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Хавчуу” гэх газар зусаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн зүүн хөлийн гуя хэсгээр хугалсан. Тэгээд зуслангаас 8 дугаар сарын 28-ны үед намаржаа болох “Шавиран”-д нүүж ирсэн. Тэгээд 9 дүгээр сарын эхээр хугарсан хөл маань эдгэж, ямар нэгэн өвчин зовиургүй саадгүй явдаг болохоор нь мал хариулж эхэлсэн юм. Тэгээд 9 дүгээр сарын эхээр байх нэг өдөр манай гэрийн ойролцоо 5 гаруй километрийн зайтай газарт хэдэн бараан адуу дотор зөв талын гуяд “Т” тамгатай хул зүсмийн адуу харагдаж байхаар нь барьж авсан. Яагаад барьж авсан бэ гэвэл урьд нь миний өөрийн эзэмшлийн зөв талын гуяд “Т” тамгатай адуу хулгайд алдагдсан бөгөөд уг хул зүсмийн адуу нь адилхан болохоор нь барьж авсан юм. Тэгээд би хул зүсмийн зөв талын гуяд “Т” тамгатай гунан адууг унаж байгаад алдсан. Тэгээд тэр адууг сураглаж байхад манай хөрш айл болох М-ы хүү Х гэх хүн манайд ирж танай “Т” тамгатай адуу манай дүү А.Ө-ийн адуун сүрэг дотор байгаа юм байна гэхээр нь миний бие очиж А.Ө-ийн хашаанаас уг гунан адуугаа буцаагаад гэр лүүгээ авч явсан. Тэгээд миний бие өөрөө уг хул зүсмийн гунан адууны дэлийг зассан. Тэгээд харгана, бургас ихтэй газарт оруулаад уясан байсан. Миний бие Ү.А- гэх хүнийг огт танихгүй. Ү.А-ий 1 тооны адууг өөрийн адуутай андуурч авсан нь миний буруу. Ү.А-тэй өш хонзонгийн асуудал байхгүй. Миний бие өөрийн алдагдсан “Т” тамгатай адуу эргэж олдсон гэж гэрийнхэндээ хэлж байсан. Өөр хүмүүс надаас энэ хэний адуу юм бэ гэж асуусан тохиолдол байхгүй. Уг адуу нь манайд 10 хэд хоног байсан. Ойр зуурын хэрэгцээндээ унаж байсан. Би энэ хэргийн ганцаараа хийсэн. Өөр хүн хажууд байгаагүй. Миний бие “Т” тамгатай адуутай байсан болохоор хүний адууг өөрийн адуутай андуурч авсан минь үнэн. Уг хэргийг хийсэндээ маш их харамсаж байна. Миний авсан адуу нь хул зүсмийн “Т” тамгатай, 3 орчим насны 1 тооны адуу байсан. Манай гэрийн ойролцоо 5 километрийн зайтай газарт түлээ, аргал түүж явахад хэдэн бараан адуу дотор зөв талын гуяд “Т” тамгатай адуу байхаар нь харган, бургас, модонд шахаж байгаад барьж авсан юм. Тухайн үед би харган, мод багцлахад ашигладаг олстой явж байсан юм. Тэгээд уг адууг барьж аваад хүзүүнээс нь олсоор уяад хөтлөөд гэр лүүгээ явсан юм. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл ашиглаагүй. Миний бие урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Би энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд хохирогч Ү.А- гэх хүнтэй 2 удаа уулзсан. Ү.А-ий 1 тооны хул зүсмийн адууг надаас цагдаа хурааж аваад хохирогчид хүлээлгэн өгсөн. Хохирогч Ү.А- надаас учирсан хохирол гээд 400.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт амьдардаг. Манайх хэдэн малтай, мал маллаж хөдөө амьдардаг юм. Би уг гэмт хэргийг үйлдэж бусдын адууг хулгайлсандаа маш их харамсаж байна. Ү.А-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Г.Т-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т- нь хохирогч Ү.А-ий 1100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны адууг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг.

Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Г.Т- нь хохирогч Ү.А-ий дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, унаж, захиран зарцуулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Г.Т- нь хохирогч Ү.А-ий 1 тооны адууг хулгайлж, харгана бургас ихтэй газар оруулж уяж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба Г.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Шүүгдэгч Г.Т-ын хувьд 1 тооны адууг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан “олон тооны мал” гэдэгт хамаарахгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.А-д 1100.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед уг 1 тооны адууг биет байдлаар хүлээлгэж өгсөн, мөн хохирогч Ү.А-ий адуугаа сураглаж хайхад гарсан зардал гэж 400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Т- төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар “1 жил 2 сарын хугацаагаар хорих” ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

5. Шүүгдэгч Г.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК