Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,  

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Б-д холбогдох эрүүгийн 2113001570191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1971 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ........ сумын .... дугаар баг, ........ гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2013 оны 06 дугаар сарын 06-нд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, Б овогт Т-н Б-, регистрийн дугаар БЛ...............   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч И.Н-гийн 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001570191 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дугаар хуудас/,

2. Хохирогч И.Н-гийн хулгайд алдагдсан гэх 2 тооны сарлаг үхрээс олдсон гэх 1 тооны хөх зүсмийн үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах хүчинтэйд тооцуулах санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 08-16 дугаар хуудас/,

3. Хохирогч И.Н-гийн 2020 оны мал тооллогын бүртгэл /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

4. “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан №337, №338 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 96-104 дүгээр хуудас/,

5. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан морийг битүүмжилсэн тухай тогтоол, эмээлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 27-39 дүгээр хуудас/,

6. Хохирогч И.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-64, 159 дүгээ хуудас/,

7. Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

8. Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

9. Гэрч С.К-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

10. Насанд хүрээгүй гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Б-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч И.Н-гийн 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07/,    

- Хохирогч И.Н-гийн хулгайд алдагдсан гэх 2 тооны сарлаг үхрээс олдсон гэх 1 тооны хөх зүсмийн үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах хүчинтэйд тооцуулах санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 08-16/,

- Хохирогч И.Н-гийн 2020 оны мал тооллогын бүртгэл /хх-ийн 44-45/,

- “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан №337, №338 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-104/,

- Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан морийг битүүмжилсэн тухай тогтоол, эмээлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 27-39/,

- Хохирогч И.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймгаас Цэнгэл сум руу ирсэн. Тухайн үед манай хүргэн ах болох Х.М- чиний 2 тооны сарлаг үхэр хулгайд алдсан байна. Хүмүүсээс сураг сонсоход Улаанхус сумын иргэн хулгайлсан байж болзошгүй байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж хайж эхлэхэд Улаанхус сумын 8 дугаар багийн иргэн Т.Б- /Хөх хоч нэртэй/ гэх хүн хулгайлсныг цагдаа нар тогтоосон. Тэгээд иргэн Т.Б-ы гэрт ирэхэд миний хулгайд алдагдсан 2 тооны сарлаг үхрийн нэг болох хөх зүсмийн бух байсныг цагдаа нар хураан авч надад хүлээлгэн өгсөн. Миний хулгайд алдагдсан 2 тооны сарлаг үхрийн зүс, им, тамгаар нь хэлбэл хөх зүсмийн сарлаг бух үхэр байсан ба хажууд нь хар алаг зүсмийн цагаан сүүлтэй бяруу байсан. Хөх зүсмийн бух нь эвэргүй, зөв талын чихний үзүүрээс ухам имтэй, буруу талын чихний үзүүрээс тайрмал имтэй ба хар алаг бяруунд ямар нэгэн им, тамгагүй байсан. ...Надад учруулсан хохирлыг Т.Б- бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-64, 159/,

- Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд Икан овогтой Наурызбайгийн хүргэн ах нь болдог. И.Н-гийн 70 гаруй тооны мал нь надад байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө миний хүү болох М- Улаанхус сумаас Цэнгэл сум луу машинаар ирж байхад замд манай хөх зүсмийн бух, хар алаг бяруутай хамт Улаанхус сум руу үл таних хүн морь унаж тууж явж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өглөө үхэр сүрэгт очиход миний хүүгийн хэлснээр манай хөх зүсмийн бух, хар алаг зүсмийн бяруу байхгүй байсан. Тэгээд сураглахад Улаанхус сумын иргэн Хөх гэх хүн туусан сураг гаргаад хадам дүү болох И.Н-д хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Улаанхус сумын 10 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр 20-н хэдэнд байх С.К-, Т.М- нарын хамт Цэнгэл сум талаас мал тууж ирж байхад Цэнгэл сумаас Улаанхус сум тал руу 7 километрийн зайтай газарт гарахад үл таних нэг хүн хөх зүсмийн эвэргүй сарлаг бух, хажууд нь хар алаг зүсмийн сарлаг бяруутай хамт тууж ирээд манай мал сүрэгт нийлсэн. Тэгээд орой харанхуй болж байхаар нь бид нар тухайн газарт хоносон. Тэгээд уг хүн хөх зүсмийн сарлаг бух болон хар алаг бярууг тууж Улаанхус сум луу яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

- Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Улаанхус сумын 10 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хорин хэдэнд байх С.К-, Ж.Х- нарын хамт Цэнгэл сум талаас мал тууж ирж байхад Цэнгэл сумаас Улаанхус сум тал руу 7 км-ийн зайтай газарт гарахад үл таних нэг хүн хөх зүсмийн эвэргүй сарлаг бух, хажууд нь хар алаг зүсмийн сарлаг бяруутай хамт тууж ирээд манай мал сүрэгт нийлсэн. Тэгээд орой харанхуй болж байхаар нь бид нар тухайн газарт хоносон. Тэгээд уг хүн хөх зүсмийн сарлаг бух болон хар алаг бярууг тууж Улаанхус сум луу яваад өгсөн. Тэгээд уг хүн явсны дараа С.К- гэх хүн 2 тооны сарлаг үхэр тууж явж байгаа хүн бол Хөх гэдэг хүн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

- Гэрч С.К-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Улаанхус сумын 6 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр 20-н хэдэнд байх Ж.Х-, Т.М- нарын хамт Цэнгэл сум талаас мал тууж ирж байхад Цэнгэл сумаас Улаанхус сум тал руу 7 км-ийн зайтай газарт гарахад Улаанхус сумын иргэн Т овогтой Б /Хөх/ хөх зүсмийн эвэргүй сарлаг бух, хажууд нь хар алаг зүсмийн сарлаг бяруутай хамт тууж ирээд манай мал сүрэгт нийлсэн. Тэгээд орой харанхуй болж байхаар нь бид нар тухайн газарт хоносон. Тэгээд Т.Б- нь хөх зүсмийн сарлаг бух болон хар алаг бярууг тууж Улаанхус сум луу яваад өгсөн. Би Т овогтой Б гэх хүнийг сайн таньдаг бөгөөд манай сумын хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,

- Насанд хүрээгүй гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанхус суманд очиж орой 21 цагийн үед Цэнгэл сум руу гэр лүүгээ буцаж явж байхад машин дотроос 2 тооны сарлаг үхэр тууж явж байсан үл таних морьтой хүнийг харсан. Дахиж харахад манай үхэр сүрэгт байдаг нагац ах болох И.Н-гийн хөх зүсмийн бух, хар алаг бяруу нар шиг харагдсан. Тэгээд гэрт ирээд аав Муратханд манай хөх бухыг хар алаг бяруутай хамт нэг хүн Улаанхус сум тал руу тууж явж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өглөө 07 цагт аав уг үхрийг хайж явсан. Тэгээд манай үхэр хулгайд алдагдсаныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

- Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 20 хэдэнд байх тухайн өдрийг сайн санахгүй байна. Өөрийн хүрэн зүсмийн морьтой гэрээс гараад Цэнгэл сумд ажлаар очсон. Тэгээд ажлаа дуусаад орой 20 цагийн үед Цэнгэл сумаас Улаанхус сум руу явж байхад нэлээн хэдэн тооны сарлаг үхэр байсан ба үхэр сүрэг дотор хөх зүсмийн том биетэй сарлаг бух харагдаж байсан. Тэгээд уг хөх зүсмийн бухыг ганцаар нь авч явах гэсэн боловч үхэр сүргээс гарахгүй болохоор нь хажууд нь хар алаг зүсмийн сарлаг бярууг хамт туугаад үхэр сүрэгнээс салгасан. Тэгээд миний бие 2 тооны сарлаг үхрийг тууж явж байх замдаа манай сумын мал тууж явж байсан 3 хүн тааралдсан. Тэгээд хэсэг газарт уг хүмүүсийн мал сүрэгт нийлүүлэн туугаад явж байхад хамт явж байсан хүмүүс тэнд хонохоор болсон. Тэгээд би 2 тооны сарлаг үхрийг салгаж туугаад авч явсан. Улаанхус сум руу ирж байхад замд 2 тооны үхэр 2 тал руу салж гүйхэд хар алаг бяруугаа алдсан. Тэгээд хөх зүсмийн бухыг ганцаараа тууж Улаанхус сумын 8 дугаар багт байрлах өөрийн гэр ирээд хашаандаа оруулсан. Тэгээд 1 тооны хөх зүсмийн бухыг тууж ирсний маргааш нь нэг хүн цагдаатай хамт ирж хөх зүсмийн бухыг хураан авч явсан. Миний бие И.Н- гэх хүнийг огт танихгүй. И.Н-гийн хөх зүсмийн бухыг миний бие үхэр хээлтүүлэх зорилгоор авч явсан. Хөх зүсмийн бухыг үхэр сүргээс нь авч явахад ганцаараа явахгүй байсан тул хар алаг бярууг хамтад нь тууж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.   

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б-ы нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг  ойлгодог юм.

Шүүгдэгч нь 2 бод мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Т.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Тав.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч И.Н-д 1900.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Т.Б- нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахытаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлаар.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Б-ы эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 метрийн урттай цагаан олсоор хийсэн цулбуур, 1,2 метрийн урттай суран жолоотой цагаан олсоор хийсэн хазаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1500.000 төгрөгийн үнэтэй, хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь болон эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 100.000 төгрөгийн үнэтэй, гар хийцийн морины эмээлийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 4 метрийн урттай цагаан олсоор хийсэн цулбуур, 1,2 метрийн урттай суран жолоотой цагаан олсоор хийсэн хазаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-т даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1500.000 төгрөгийн үнэтэй, хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь болон эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 100.000 төгрөгийн үнэтэй, гар хийцийн морины эмээлийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Б-ы эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Т.Б- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК