| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/07 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч Я.Д,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ын М-т холбогдох эрүүгийн 2113001750001 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б-ын М-, регистрийн дугаар БА............
Шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001750001 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18, 20 дугаар хуудас/,
2. Гэрч Т.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
3. Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
4. Шинжээч эмч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.М- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Алтай сумын 2 дугаар баг Улаан хад гэх газарт өөрийн эзэмшлийн 31-59 БӨА улсын дугаартай Майти загварын тээврийн хэрэгслээр мал худалдаж аваад явж байх хугацаанд тус багийн иргэн Б.М- гэдэг залуу архидан согтуурсан үедээ миний бие айлд цай уугаад сууж байхад гаднаас орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Аймгийн энэ баян хүн энд юу хийгээд яваад байна гэж доромжилж надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр уг айлаас гадаа гарсан ба Б.М- ирж надыг шууд заамдаж аваад миний хамрын тус газарт хоёр удаа мөргөсөн. Мөн гартаа олс атгаж аваад олсоор хэд хэдэн удаа цохисон. ...миний хамрын тус газарт хөнгөн гэмтэл учирсан ба тухайн үед өвлийн зузаан хувцастай явж байсан болохоор олсоор цохисон үйлдэлд миний биеийн хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Б.М-т зодуулсны улмаас надад хохирол гараагүй. ...Б.М- бид хоёр нэг сумын, нэг багийн иргэд учраас бие биеэ сайн дураараа уучилсан. Надаас Б.М- удаа дараа ирж уучлалт гуйсан ба түүнийг уучилсан. Б.М-т ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18, 20/,
- Гэрч Т.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Н- гэдэг хүн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хувийн ачааны машинаар манай хөрш айл болох Д.А- гэдэг айлаас үхэр худалдаж авахаар ирсэн. Тэр үед өдрийн 13 цаг болж байсан ба гаднаас тус багийн залуу Б.М- халамцуу орж ирж Б.Н-тай маргаан үүсгэсэн. ...Б.М- нь Б.Н-ыг 2 удаа гараар цохисныг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Н- болон Б.М- нар гадна гараад хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Б.М- нь Б.Н-ыг заамдаж аваад түлхээд хоорондоо зодолдох шинжтэй зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
- Шинжээч эмч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Н-ын биед үзлэг шинжилгээг бүрэн хийсэн. Түүний биед тархины доргилттой, хамрын нуруу мурийлттай хавантай байсан, хамрын таславч баруун тийшээ мурийлттай, шархтай, хавантай, зулайны зүүн талд хавантай гэмтлүүд тогтоогдсон учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт бичсэн. Иргэн Б.Н-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн үед 1-ээс 7 хоног хүртэл хугацаанд болсон шинэ гэмтэл байсан болно” гэх мэдүүлэг /хх- ийн 36/,
- Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “...Иргэн Б.Н-ын биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, хамрын таславч баруун тийшээ мурийлттай, шархтай, хавантай, зулайны зүүн талд хавантай, духанд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2/хоёр/ дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.Н-ын биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 530 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/,
- Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би Б.Н-ыг гараараа заамдаж аваад түүний хамрын тус газарт 2 удаа мөргөж, гараараа цээжэн тус газарт 2 удаа цохисон юм. Мөн гартаа олс барьж аваад нэг удаа олсоор нуруун тус газар хүрсэн. Би тухайн үед жаахан халамцуу явж байсан. Түүнийг зодсон үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Б.М- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамар тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Н-ын “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно” гэх баримтаар /хх-ийн 70/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Долоо.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК