Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг eрөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч Я.Д

Хохирогч Т.Б-,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-ийн М-т холбогдох эрүүгийн 2113001710190 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн ... сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, Өлгий сумын 13 дугаар багт түр оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Э овогт Б-ийн М-, регистрийн дугаар МХ...........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг Рашаант гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цохиж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн,

Мөн эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Нэг. Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахиж архи уухгүй, залуу насаа бодож засарна, гэр бүлээ бодож архинаас хол амьдарна. Иймд зорчих эрх хязгаарлах ял, эсхүл торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

            Хохирогч Т.Б- мэдүүлэхдээ: “...Бид хоёр бага насны хоёр хүүхэдтэй. Нэг нь 2 дугаар ангид сурдаг, нэг нь 2 настай. Би өөрөө цалингийн зээлтэй. Цаашид миний нөхөр засрах болно тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

            Хоёр: Эрүүгийн 2113001710190 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08-х/,
  2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09-10, 39 х/,
  3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-16 х/,

4. Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47, 49, 51-52, 54 х/

   5. Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58 х/,

   6. Гэрч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-64/

   7. Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 х/,

   8. Насанд хүрээгүй гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 78- 79 х/,

   9. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 468 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 х/,

   10. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-97 х/,

   11. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 134 х/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг Рашаант гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цохиж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн,

Мөн эхнэр болох Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө зодох үедээ түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08/,
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09-10, 39/,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-16/,

-   Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөхөр бид хоёр 2013 оны 01 дүгээр сараас эхэлж хамтран амьдарч эхэлж, 2014 оны 11 дүгээр сард гэрлэлтээ баталгаажуулж байсан. Нөхөр анх гэр бүл болоход гайгүй байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сараас эхэлж байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг болж, сүүлдээ агсам тавьдаг болж эхэлсэн.

...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг дөхөж байтал манай эсгий гэр дотор нөхөр М-, Б- хочтой Г- ахтай цуг архи уугаад сууж байхад нь би гадагшаа гараад 00 ороод буцаж гэртээ ирж байтал нөхөр урдаас гарч ирээд “чи хэнтэй утсаар яриад, хэн нэгнийг дуудаад зугтаад явах гэж байна уу” гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан. Нэлээн хүчтэй цохисон болохоор би амьсгалж чадахгүй доошоогоо хагас сууж байгаад нөхөртөө зодуулахыг мэдээд шууд хадам дүү Билэгсайханы гэрт яваад очсон.

...хадам ээжийнхээ орны доогуур сууж байтал М- орж ирээд “бос, гэртээ орохгүй эндээ юугаа хийж байгаа юм бэ” гэж хэлхээр нь би “чамаас айгаад байна, явахгүй” гэтэл шууд ирээд намайг гараараа үсдэж аваад эхэлж толгой руу нэг удаа өшиглөж, дараа нь хэд хэдэн удаа толгой руу цохиж аваад намайг тэднийхээс хүчээр аваад явсан. Тэгээд намайг гэр лүүгээ авч очсоны дараа намайг орон дээгүүр гаргаж аваад дахиж үсдэж аваад эхлээд толгой руу 2-3 удаа цохиж авсан. Дараа нь үсдэхээ болиод миний хэвлий болон баруун зүүн талын хавирга, нуруу тус газарт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгж өшиглөж байхад нь би орны цаагуур эсгий гэрийн заагт уначих үед миний үснээс зулгааж аваад татаж гаргаж ирсэн. Хэсэг хугацааны дараа хадам дүүгийн нөхөр Ц- орж ирээд манай хүүхдийг авч яваад дахиж орж ирээд манай нөхрөөс айгаад хэсэг зогсож байсан ба энэ хооронд нөхөр миний толгой болон хэвлий, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа хэд хэдэн удаа цохиж авсан бөгөөд би нэг мэдтэл гэрээс зугтаж гарсан байсан. Зугтаж гараад дахиж Билэгсайхан нарын гэрт яваад очсон, нөхөр араас орж ирээд дахиж намайг үсдэж аваад хэсэг тавихгүй байж байсан.

...намайг түлхэж унагаагаад толгой, нүүр, хэвлий, нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж авахаар нь би хэсэг ухаан балартаад нүдээ нээхэд нөхөр над руу харж зогсож байсан ба надад “нүүр чинь ажилдаа явахааргүй болсон байна, нэг мөр дуусгана гэж хэлээд Билэгсайханы гэрээс гараад явсан.

...Тэр өдөр нөхөр М- миний хэвлий, нуруу хэсгүүд рүү олон удаа өшиглөсөн болохоор миний хавирга хугарсан.

...2021 оны 07 дугаар сард Алтай сумын 2 дугаар баг Улаан хад гэх газарт хадам дүү Мягмарбатын хурим дууссаны дараа шөнө байсан 03 цагийн үед хадам ээжийн гэрийн хаалгыг дотроос нь уяж аваад эхлээд над руу сандал шидэж, дараа нь хутга аваад намайг ална гээд 2 цаг гаруй айлгаж дарамталж байсан.

...Тэр шөнө над руу сандал шидэхээс өмнө нөхөр намайг хацар хэсэгт хэд хэдэн удаа алгадаж авсан, мөн миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Зодуулсны улмаас миний гуяны гадна тал, гарын бугуйн хэсэг хөхөрчихсөн байсан бөгөөд би энэ талаар тэнд байсан хүмүүст хэлээгүй.

...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхөр хот руу явах болоод тэндээс өмнө гэрт бас согтуу ирээд агсам тавьж, намайг утсаар цохиж байсан.

...Тухайн үед бас согтуу миний дагзны хэсэгт гар утсаар хэд хэдэн удаа цохисон. ...Утсаар цохиулсны маргааш нь миний толгой өвдөөд байхаар нь би нөхөртөө толгой өвдөөд байна, бариачид хүргээд өгчхөөч гэхэд нөхөр надад “гар утсаар цохиулахад тархи хөдлөөд байхдаа яахав” гээд бариачид хүргэж өгөөгүй, хэд хоногийн дараа толгой гайгүй болчихсон байсан.

...М- намайг 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед хадам ээжийн гэрт зодсон.

...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Цамба орон сууцны хажууд байрлах иргэн Х- барьж ашиглалтанд оруулсан байрны 4 давхрын 16 тоот хаалгатай ээжийн байранд нөхөртөө зодуулсан. Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 49, 51-52, 54 х/,

- Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад унтахаар болоод ахын том хүүхэд У- гэртээ очиж унтана гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн, харин бага нь манай ээжтэй цуг унтана гээд үлдсэн. Бид нар унтаж амарсан бөгөөд нэг мэдтэл бэргэн ирээд хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгож өгсөн. Тэр үед бэргэн гадуураа дээл өмссөн байдалтай орж ирсэн бөгөөд тэр хүн надад “Мэндээ агсам тавиад болдоггүй, намайг архиар шахаад уухгүй болохоор зодоод байна, танайд хоноё” гэж хэлээд манай ээжийн хажууд сууж байтал удалгүй гаднаас Мэндээ ах согтуу орж ирээд бэргэнийг юу хийгээд энд явж байгаа гэж хэлээд толгой руу нь 3-4 удаа гараараа цохиж зодоод манай гэрээс бэргэний гутлын өмсүүлэлгүй, нүцгэн хөлтэй дагуулж гараад гэр лүүгээ яваад өгөх шиг болсон. Бэргэнийг хүчээр авч гараад явсны дараа бид хэд унталгүй байж байтал ахын гэрийн зүгээс бэргэний чангаар хашхирсан чимээ гараад байхаар нь би ээждээ очоод ирээч гэсэн чинь ээж айгаад байна гэхээр нь нөхрөө явуулсан. Нөхөр тэднийх рүү явсны дараа удалгүй бэргэн Буманцэцэг дахиад ороод ирсэн бөгөөд тухайн үед хөл нүцгэн, нимгэн цамцтайгаа орж ирсэн үс нь босчихсон, нүүр хэсэг нь хавдсан байдалтай харагдсан.

...Араас нь удалгүй Мэндээ ах орж ирээд бэргэнийг гэр лүүгээ харь гээд орон дээрээс нь татаж байх үед ахын бага хүүхэд нь уйлаад байхаар нь би түүнийг хөнжилд ороогоод аваад гэрийн гадаа гараад байж байтал гэр дотор бэргэний орилж хашхирсан дуу чимээ гараад байсан. Тухайн үед бэргэн зодуулсан гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 х/,

- Гэрч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...22 цаг өнгөрч байхад унтаж амарсан бөгөөд нэг мэдтэл манайд хадам ах Мэндээ эхнэрээ гэрээс дагуулаад гараад явж байсан. Тэд гараад явсны дараа хадам ахын гэрийн зүгээс чангаар хашхирсан чимээ гараад байхаар нь би тэднийх рүү яваад очиход эсгий гэрийн баруун талын том орон дээгүүр эхнэр нь сууж байсан ба тэр хүнийг хадам ах үснээс зулгаагаад гараараа цохиж зодож байсан. Салгах гэхэд хүч өгөхгүй байсан ба тэр хооронд хадам ахын эхнэр гараад явсан. ...Араас удалгүй хадам ах орж ирээд бэргэнийг гэр лүүгээ харь гээд орон дээгүүр сууж байсан эхнэрээ үснээс зулгаахаар нь би дунд нь орж салгаад гэрээс арай гэж түлхэж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 х/,

- Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...М-ын хувьд гадуур гарлаа л бол архи уугаад ирдэг, тэгээд гэр бүлдээ агсам байнга тавьдаг. ...2021 оны 07 дугаар сард дүү нь Мягмарбатын хуримын ёслолын дараа шөнө дунд ээжийнхээ гэрт оруулж аваад манай охиныг зодож, хутга тулгаж байсан гэж сонссон бөгөөд тэр үед сар гаруй охиныг хөдөө байлгасан байсан.

...Уг асуудлыг би 2021 оны 09 дүгээр сарын үеэр охиноосоо сонссон. Мөн саяхан 2021 оны 09 дүгээр сарын үед хүргэн хүү М- Улаанбаатар хот руу явахаасаа өмнө манай байранд согтуу ирээд охиныг минь зодож байсан. ...охин Буманцэцэгийн хэлснээр гар утсаар толгой руу цохиж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 х/,

- Насанд хүрээгүй гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна М- ах найзтайгаа цуг хэдэн шил архи ууж сууж байгаад сүүлдээ учир зүггүй уурлаад эгч Б-ийг зодож эхлэх үед Б-, Ц- нар айгаад гэрээс гараад явчихсан. Харин найз гэх нэг эрэгтэй согтуу тасарчихсан байдалтай унтаж байсан. М- ах эхнэртээ чи миний дүүг хөөгөөд явуулчихлаа гэж худлаа шалтаг гаргаж Буманцэцэг эгчийн толгой руу зурагтын удирдлага болон эмээгийн хуучин гар утсаар цохиж зодсон.

...2021 оны 07 дугаар сард Мягмарбатын хуримын үеэр М- ах Буманцэцэг эгчид хутга авч дайрч байсан гэж У-гаас сонсож байсан. М- ах согтуурсан үедээ эхнэрээ зодохгүй өнгөрөх үе гэж бараг байхгүй, дандаа зодно” гэх мэдүүлэг /хх-ийн 78- 79 х/,

- Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Т.Б-ийн биед 2 нүдний дээд. доод зовхи нийлэнхүйдээ хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, зүүн нүдний алим нь цус хурсан, үүдэн дээд баруун 1-р болон зүүн 1- р шүд нь үзүүр хэсгээр хугарч, нөхүүлсэн байдалтай, зүүн бугалганы ар хэсэгт урд хэсэгт, зүүн гарын шууны гадна хэсэгт, хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” гэх 468 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 х/,

- Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Хохирогч Т.Б-ийн биед баруун талын 8 дугаар хавирга хугарсан, зүүн талын 9 дүгээр хавирга хугарсан, 2 нүдний дээд, доод зовхи нийлэнхүйдээ хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, зүүн нүдний алим нь цус хурсан, үүдэн дээд баруун 1-р болон зүүн 1-р шүд нь үзүүр хэсгээр хугарч, нөхүүлсэн байдалтай, зүүн бугалганы ар хэсэгт урд хэсэгт, зүүн гарын шууны гадна хэсэгт, хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч Т.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 468 дугаартай дүгнэлтэд нэмэлт шинжилгээгээр гэмтлүүд тогтоогдсоны улмаас гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна” гэх 515 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-97 х/,

- Шүүгдэгч Б.М-ын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ байна гар хүрсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 134 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс хохирогчийн өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгч буй байдал, гэрч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдаж байх тул үнэн зөв мэдүүлсэн гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохих байгууллагууд хангалтгүй зохион байгуулсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэмт хэрэг юм.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхэд хамгааллын хуулиар хамгаалагдсан хүүхдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчин гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эхнэрийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчсөн нь тогтоогдож байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3-т заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг” тус тус ойлгоно.

Шүүгдэгч Б.М-, хохирогч Т.Б- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг өөрийн эхнэр болох Т.Б-ийн эсрэг үйлдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа нөхөр нь болох шүүгдэгч Б.М- нь өөрийн эхнэрийн сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, бие махбодод халдсан буюу цохиж зодсон, агсам тавьж биед нь гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг “Байнга” гэх ойлголт нь гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгодог.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь эхнэрээ удаа дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 1 удаа, 2021 оны 9 дүгээр сарын 25-нд 1 удаа, 2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 1 удаа тус тус гэр бүлдээ агсам тавьж зодож байсан” болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр, ийнхүү зодсоноороо гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа ба үйлдэл тус бүрийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, эхнэрийнхээ эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, төлөвшлийн эсрэг “бие махбод, сэтгэл санааны хэлбэрээр” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг Рашаант гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цохиж, зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилсэн ба түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж давхар зүйлчилж, хүндрүүлэх боломжгүй юм.

Тодруулбал шүүгдэгч Б.М- нь эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг Рашаант гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цохиж, зодсон гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэнээр зүйлчилсэн мөртлөө 2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө шүүгдэгч Б.М- нь эхнэрээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд дахин хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь нэг үйлдэл эс үйлдэхүйд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх 2 зүйл ангиар давхар хүндрүүлж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч  Б.М- хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Б-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч нь мөнгө төгрөг нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Зургаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар нэмж нэгтэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Б.М- нь зорчих эрх хязгаарлах ял, эсхүл торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч нь удаа дараа, санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Долоо. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 2 ширхгийг эрүүгийн 2113001580184 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Э овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 2 ширхгийг эрүүгийн 2113001710190  дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК