Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц  даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Б.Б, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д овгийн З.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгийн Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ... гэх газарт нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овгийн З.О /РД:.../

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ... гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх П овгийн Б.Б /РД: .../ нарт  холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.О нь 2021 оны 06 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, “Баянбулгийн Ус” гэх газарт хохирогч Ө.Х-ийн эзэмшлийн ухаа тарлан гунжин 1 тооны үнээг бэлчээр дээрээс нь “...” улсын дугаартай, “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авч, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны бярууг бэлчээр дээрээс нь хулгайлан авч, Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар морь эргүүл гэх газарт нядалж, хохирогчид 550.000 /таван тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Залаа” гэх газраас иргэн П.О-ийн эзэмшлийн 2 тооны бярууг бэлчээр дээрээс нь хулгайлж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч З.О, Б.Б нар нь  бүлэглэн 2021 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн  Эрдэнэ сумын Еншөөв 2 дугаар багийн “Ар гашуун” гэх газраас иргэн Б.Н-ын эзэмшлийн 2 тооны тэмээг бэлчээр дээрээс нь хулгайлж, 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2020 оны 11 сард 1 үхэр, 2021 оны 06 сард 1 үхэр, 2021 оны 09 сард Б-тай нийлж 2 тооны тэмээ тус тус хулгайлсан. Хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулсан байгаа” гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 сарын 19-ний өдөр П гэх хүнд улаан тарлан бяруу зарсан. 2018 оны 05-р сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирсэн. Намайг халагдаж ирэх үед О гэх хүний малд манай улаан тарлан бяруу байсан юм. Тэгээд 2019 оны 12 сард тэдний үхэртэй андуураад авчихсан байсан. Дараа нь 2021 оны 09 сард О-тай нийлж Н гэж хүний 2 тэмээг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүгдэгч З.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...    Б бид хоёр П ахын Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг унаад гэрийн урагш “баян булаг” гэх газарт бэлчиж явсан манай эмээгийн үхэр зүүн талд, баруун талд нь айлын үхрүүд байхаар нь өөрийн үхэр байна гэж бодоод тарлан зүсмийн, нуруу дагасан цагаантай гунжин үхэр барьж аваад машин дээр ачаад гэрийн баруун талд буулгаад Б-ийн хамт янзалж байхад П ах гэрээс гарч ирээд сайхан тарган үхэр байна гэж хэлээд хальт түшиж янзалж байгаад буцаад гэр лүү ороод Б бид хоёр 7 мөч болгоод машин дээр нь ачиж өгөөд Замын-Үүд сум руу явуулсан....би тухайн үед айлын үхэр дотроос тарлан зүсмийн, нуруу дагасан цагаантай гунжин үхэр янзалж өгч явуулсан. Харин би чихлээсийг нь анзаарч хараагүй. Энэ миний алдаа болсон байна лээ. Миний янзалж явуулсан үхэр Ө.Х ахын үхэр байсан байна лээ. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ андуураад янзалж явуулсан. ...би 15 цагийн орчимд Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэсгэний хоолой” гэх газраас манай эмээ М гэх хүний үхэр сүргийг эмээгийн нутаглаж байсан 2 дугаар баг “Сайрийн бууц” гэх газарт гэрийн гадаа нь мориор тууж ирээд, үхэр дундаас нь улаан зүсмийн “Зүүн талын чих нь зүрхэн ухам эмтэй” бярууг барьж авсан. Тэгээд эмээгийнд байж байхад 18 цагийн орчимд Б ирээд Б-ийн хамт би эмээгийн гэрээс үүн урд жалганд гаргасан янзалсан. Барууны арьсаар нь сур хийхээр авсан, толгойг нь идсэн, гэдэс цэвэрлэх хүн байхгүй байсан тул тухайн газар нь булаад үлдээсэн. ...манай найз Б манай 2 тэмээ гэж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор яг хэний тэмээ байсан талаар анзаарч хараагүй” гэжээ. /1-р хх-ийн 63-64, 159-160, 2-р хх-ийн 16-47/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны зун Замын-Үүд сумын иргэн П үхэр худалдаж авах талаар ярьж байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин П.О-ийн эзэмшлийн үхэр сүрэг тус багийн Залаа гэх газар бэлчиж явж байхаар нь миний бие морь унаж очоод улаан зүсмийн бярууг тууж яваад манай гэрийн хойд тал мал нь байдаг Замын-Үүд сумын иргэн П-д 350.000 төгрөг зарж борлуулсан. 12 дугаар сарын 29-ний өдөр мөн Залаа гэх газар бэлчиж байсан П.О-ийн үхэр сүрэг дотроос улаан тарлан бярууг мориор тууж яваад тус багийн Цээлийн Зүүн урд хэсэгт байрлах эзэнгүй малын хашаанд авчирч П-д 350.000 төгрөгөөр зарж борлуулсан. Харин П тухайн бярууг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ачаад яваад өгсөн. ...Би тухайн үед П.О-ийн 2 тооны бярууг П-оос буцааж аваад өгсөн. Харин П-д өөрийн 2 тооны бярууг өгсөн. Одоо ямар нэг хохирол тооцоо байхгүй. ... Таньдаг Б-ний гар утас руу өөрийн гар утсаар залгаж “тэмээний мах худалдаж авах уу гэж асуухад” авна гэж ярьсан. Тэгэхээр нь чи маргааш орой Эрдэнэ сум 2 дугаар баг Ар гашууны бууц гэх газраас ирээд махаа авчих гэж ярьсан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд манай гэрийн хойд талд байдаг “Эрээн бут” гэх нэртэй газар бэлчээд явж байсан тус багийн иргэн Н гэх хөгшний тэмээн сүргийг мориор туугаад өөрийн өвөлждөг Ар гашууны бууц гэх газар авч ирсэн. 17 цагийн орчимд найз Б.О-ын гар утас руу залгаад “би өвөлжөөн дээрээ хоёр тэмээ янзлах гэж байна завтай бол хүрээд ирэх үү гэж асуухад” “за хонио эргүүлчхээд яваад очьё гэж ярьсан”, тэгээд 20-30 минутын дараа би Н гэх хүний тэмээнээс 1 тооны бор зүсмийн тайлаг тэмээг барьсан байхад О ирсэн. О 2 тооны тэмээг барьж өгч туслаад би нугаслаад алсан. 20 цагийн орчимд Замын-Үүд сумын махны дэлгүүрийн эзэн Б, нэг танихгүй нядлаачин залуутай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэр залууг нь Б гэж байсан. Тэгээд бид нар хоёр тэмээгээ гаргаж байхдаа махыг нь шууд машинд ачаад байсан. Мөн гунжин тэмээ нь хээлтэй байсан. Тухайн үед би О-д хандаж чи нэг тэмээний махны мөнгийг аваарай гэж хэлээд О эхнэрийнхээ дансыг өгсөн. ...1,122,000 төгрөг миний данс руу 1,142,000 төгрөг О-ын эхнэрийн данс руу орж ирсэн. ... Миний зүгээс хохирол төлбөр төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109, 2-р хх-ийн 36-37/

Хохирогч Ө.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 06-р сард манай малчин Э ... дугаарын өөрийнхөө гар утсаар залган таны үхрээс ухаа тарлан гунжин үнээ алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө айлын малчин хүмүүсээс алдсан гунжаа асууж сураглаад сураг гараагүй. Э мөн адил эрэл хийгээд гунжин үнээний маань сураг гараагүй. Би гунжин үнээгээ олдоно гэж бодож байсан. Би бодохдоо айлын үхэрт тугалсан яваа байх гэж бодсон учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би гунжин үнээгээ тугалтай үхрээр бодоод, яагаад гэхээр хавар 6 сард тугалах байсан учраас тугалтай үнээний үнэ болох 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. ...З.О надад учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-11/

Хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 сарын эхээр Еншөөв багийн Залаа газарт бэлчиж байсан үхэрнээс улаан тарлан, цулгай хүрэн зүсмийн 2 тооны бяруу алга болсон байсан тул, ойр хавийн айл саахалтаас эрэл сурал болоход мэдэх хүн байгаагүй. 2020 оны 02 сарын эхээр манайхаас зүүн урд зүгт Цээл гэх бэлчээрт байрлах М гээд малчны зээ хүү М надтай таарч уулзахдаа “Б буюу Б гээд залуу тэдний хаваржаан дээр үхэрнүүд тууж авчраад, тэндээсээ улаан тарлан бяруу машинд ачаад авч явж, С гэдэг хүнд зарсан, танай бяруу биш биз” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт С гэх хүний малыг малладаг П гэх хүн дээр очиж уулзахад манай алдагдсан 2 бяруу тэдний хашаанд байсан.  Би учир шалтгааныг тодруулахад Б манай 2 бярууг 7 хоногийн зайтай нэгээр нь авчирч С-д зарсан байсныг буцааж авсан. Бяруу нэг тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ бяруугаа олсон учир хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй. ...Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76,79/

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын дундуур манайх улаан зүсмийн нэг бяруу хулгайд алдсан. Уг бярууг алга болсноос хойш 2 өдөр хайж байгаад Эрдэнэ сумын 2 дугаар багын нутагт байдаг 85 дугаар морьт эргүүлийн хойд талд замын баруун талаас уг бярууны толгойг олж авсан. Тэгээд тухайн үед зав муу байсан тул цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. 2020 онд би мөнгөний хэрэг гараад бяруу зарахдаа 850,000 төгрөгөөр зарж байсан. Уг хулгайд алдсан бяруу 850,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10-р сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай тэмээнээс хоёр тэмээ алга болсон. Уг хоёр тэмээ нь хар хөх зүсмийн хээлтэй эм тэмээ, шаргал зүсмийн тайлаг байсан. ...уг хоёр тэмээг 1,800,000 төгрөгөөр үнэлж байна. ...Б.Б надтай уулзаж ярилцан миний хохирол 1,800,000 төгрөгийг надад бэлэн мөнгөөр өгсөн. Надад гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184, 2-р хх-ийн 15/

Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 сарын хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Б.Б манай нөхрийн утсаар залгаад “ирээд тэмээ гаргалцаад өгөөч гэж байсан”  тэгээд 18 цагийн үед манай нөхөр З.О гэрээс гарч Б-д туслана гээд явсан. Тэгээд манай нөхөр 21 цаг болох гэж байхад гэрт ирсэн байх би сайн санахгүй байна. Тэгээд 2021 оны 09-р сарын 16-ны өдөр миний хаан банкны ... дугаарын дансанд 10 цаг өнгөрч байхад 1,122,000 төгрөг орсон байсан.  Тэгээд би гайхаад нөхрөөсөө асуухад манай нөхөр Б.Б манай хүүхэд А тэмээ бэлэглэсэн юмаа тэр тэмээний мөнгө гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би мал болон малын гаралтай түүхий эд авахдаа малчин болон иргэдээс малын гарал үүслийн бичгийг байнга авдаг байсан. 2021 оны 09-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багт байрлах Ар гашуу гэх газраас малчин Б.Б, З.О нараас 2 ширхэг тэмээний мах худалдан авахдаа гарал үүслийн бичиггүй авсан учир нь тэр хоёр хэлэхдээ бичиг авах гээд хүсэлт явуулсан байгаа Эрдэнэ сумын мал эмнэлгээс бичиг авна гэж байсан. Тэгээд тухайн үед Замын-Үүд сум руу оройн 22 цагаас хойш оруулаагүй хөл хориотой байсан тул 2 ширхэг тэмээний махаа аваад шууд явсан миний араас гарал үүслийн бичиг нь гарахаар явуулна гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/

Иргэний нэхэмжлэгч Т.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн эд хөрөнгө. Өөрийн тээврийн хэрэгслийг авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 13-14/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 36-37,43,84,144, 214/

“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38-40, 87-89, 147, 215-216/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 12 сарын 17-ны өдрийн “... улсын дугаартай пронтер машин 7,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /1-р хх-ийн 44-46/

2021 оны 12-р сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-50/

Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 51/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 51-52, 65-66/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ин 172- 176/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 177-179, 241-242, 244-245/

2021 оны 10-р сарын 13-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 223-240, 243/

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /2-р хх-ийн 2-10/

Хохирогч П.О, Б.Н, Д.Б нарын гомдол саналгүй гэх тодорхойлолт /1-р хх-ийн 102-104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч З.О нь 2020 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны бярууг бэлчээр дээрээс нь хулгайлж, улмаар Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар морь эргүүл гэх газарт нядалж, хохирогч Д.Б-д 550.000  төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар  сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, “Баянбулгийн Ус” гэх газраас хохирогч  Ө.Х-ийн эзэмшлийн ухаа тарлан зүсмийн нэг тооны гунжин  үнээг бэлчээр дээрээс нь “...” улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж хохирогчид 1.300.000  төгрөгийг хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн  Эрдэнэ сумын Еншөөв 2 дугаар багийн “Ар гашуун” гэх газраас хохирогч Б.Н-ын эзэмшлийн 2 тооны тэмээг хулгайлж, 3.200.000  төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Залаа” гэх газраас хохирогч П.О-ийн эзэмшлийн 2 тооны бярууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.О-тай бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв 2 дугаар багийн “Ар гашуун” гэх газраас хохирогч Б.Н-ын эзэмшлийн 2 тооны тэмээг хулгайлж, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч З.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж,  олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгч З.О, Б.Б нарын  дээрх мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч Ө.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06-р сард манай малчин Э ... дугаарын өөрийнхөө гар утсаар залган таны үхрээс ухаа тарлан гунжин үнээ алга болсон гэж хэлсэн.  Би гунжин үнээгээ тугалтай үхрээр бодоод, яагаад гэхээр хавар 6 сард тугалах байсан учраас тугалтай үнээний үнэ болох 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. ...З.О надад учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-11/,  хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 11 дүгээр сарын дундуур манайх улаан зүсмийн нэг бяруу хулгайд алдсан. Уг бярууг алга болсноос хойш 2 өдөр хайж байгаад Эрдэнэ сумын 2 дугаар багын нутагт байдаг 85 дугаар морьт эргүүлийн хойд талд замын баруун талаас уг бярууны толгойг олж авсан. Уг хулгайд алдсан бярууг 850,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 10-р сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай тэмээнээс хоёр тэмээ алга болсон. Уг хоёр тэмээ нь хар хөх зүсмийн хээлтэй эм тэмээ, шаргал зүсмийн тайлаг байсан....уг хоёр тэмээг 1,800,000 төгрөгөөр үнэлж байна....Б.Б надтай уулзаж ярилцан миний хохирол 1,800,000 төгрөгийг надад бэлэн мөнгөөр өгсөн. Надад гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184, 2-р хх-ийн 15/, хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2019 оны 12 сарын эхээр Еншөөв багийн Залаа газарт бэлчиж байсан үхэрнээс улаан тарлан, цулгай хүрэн зүсмийн 2 тооны бяруу алга болсон байсан тул, ойр хавийн айл саахалтаас эрэл сурал болоход мэдэх хүн байгаагүй. 2020 оны 02 сарын эхээр манайхаас зүүн урд зүгт Цээл гэх бэлчээрт байрлах М гээд малчны зээ хүү М надтай таарч уулзахдаа “Б буюу Б гээд залуу тэдний хаваржаан дээр үхэрнүүд тууж авчраад, тэндээсээ улаан тарлан бяруу машинд ачаад авч явж, С гэдэг хүнд зарсан, танай бяруу биш биз” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт С гэх хүний малыг малладаг П гэх хүн дээр очиж уулзахад манай алдагдсан 2 бяруу тэдний хашаанд байсан. Би учир шалтгааныг тодруулахад Б манай 2 бярууг 7 хоногийн зайтай нэгээр нь авчирч С-д зарсан байсныг буцааж авсан. Бяруу нэг тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ бяруугаа олсон учир хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй. ...Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76,79/, гэрч У.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 сарын хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Б.Б манай нөхрийн утсаар залгаад “ирээд тэмээ гаргалцаад өгөөч гэж байсан”  тэгээд 18 цагийн үед манай нөхөр З.О гэрээс гарч Б-д туслана гээд явсан. Тэгээд манай нөхөр 21 цаг болох гэж байхад гэрт ирсэн байх би сайн санахгүй байна. Тэгээд 2021 оны 09-р сарын 16-ны өдөр миний хаан банкны ... дугаарын дансанд 10 цаг өнгөрч байхад 1,122,000 төгрөг орсон байсан.  Тэгээд би гайхаад нөхрөөсөө асуухад манай нөхөр Б.Б манай хүүхэд А тэмээ бэлэглэсэн юмаа тэр тэмээний мөнгө гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/, гэрч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 09-р сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багт байрлах Ар гашуу гэх газраас малчин Б.Б, З.О нараас 2 ширхэг тэмээний мах худалдан авахдаа гарал үүслийн бичиггүй авсан учир нь тэр хоёр хэлэхдээ бичиг авах гээд хүсэлт явуулсан байгаа Эрдэнэ сумын мал эмнэлгээс бичиг авна гэж байсан. Тэгээд тухайн үед Замын-Үүд сум руу оройн 22 цагаас хойш оруулаагүй хөл хориотой байсан тул хоёр ширхэг тэмээний махаа аваад шууд явсан миний араас гарал үүслийн бичиг нь гарахаар явуулна гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/, иргэний нэхэмжлэгч Т.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн эд хөрөнгө. Өөрийн тээврийн хэрэгслийг авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/, “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38-40, 87-89, 147, 215-216/, хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 12 сарын 17-ны өдрийн “... улсын дугаартай пронтер машин 7,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /1-р хх-ийн 44-46/, 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 49-50/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 51/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 172-176/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 177-179, 241-242, 244-245/, 2021 оны 10-р сарын 13-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 223-240, 243/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б нь “…шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй, шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” санал гаргасан болно.

Шүүгдэгч З.О, Б.Б нарын  мал хулгайлах гэмт хэргийн зарим үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйл “ялаас өршөөн хасах” 7 дугаар зүйл “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” зэрэг заалтад хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс үргэлжилсэн нэг үйлдэл гэж үзэж нэг удаа ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэж, олон тооны мал хулгайлж, шүүгдэгч З.О машин механизм ашиглах аргаар үйлдэж, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 6,050,000 төгрөгний хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

                        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Б.Б-ийг бүлэглэж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хувьд оногдох эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ө.Х, Д.Б, Б.Н, П.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр бүрэн барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч З.О, Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай “Бонго-3” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Т.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн эд хөрөнгө. Өөрийн тээврийн хэрэгслийг авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/-ээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Т.П-д буцаан олгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч З.О-аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул ... улсын дугаартай “Бонго-3” маркийн автомашиныг битүүмжилсэн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.О, Б.Б  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрөө  бүрэн төлж баргадуулж, шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокурортой ялын талаар харилцан ярилцаж, хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, шүүгдэгч З.О-тай 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Б-тай 1 жил 2 сарын хорих ялыг тус тус тохиролцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  нөхцөл байдлуудыг зөрчөөгүй, бүрэн хангасан байх тул  шүүгдэгч З.О, Б.Б нарт эрүүгийн ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч нарын хувийн зан байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Д овогт З.О /РД:.../-ыг  бүлэглэн олон тооны малыг машин механизм ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч П овогт Б.Б /РД:.../-ийг бүлэглэн олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д овгийн З.О-ыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч П овгийн Б.Б /РД:.../-ийг  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил, 2 сарын хорих ялыг, шүүгдэгч З.О-д  оногдуулсан 1 жил, 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хувьд оногдох эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай, Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Т.П-д буцаан олгож, түүний  үнэ болох 7,000,000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгч З.О-аас гаргуулж  улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй  болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б, Б.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.Ц