| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0001/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2022-01-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Хохирогч А.А,
Гэрч И.С,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хт холбогдох 2113000000145 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казак, дээд боловсролтой, эрх зүйч-хилийн албаны офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Ховд голын 425 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Ш овгийн А-ын Х /ББ85021117/, регистрийн дугаар БЮ91031437
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хамаатан болох талийгаач А.Хийн ажил явдалд оролцож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, А.Хийн хашаанд байрлах гражид мах чанах ажилд тусалж байх явцдаа 21:00 цагийн үед тухайн гражид хамт байсан хохирогч А.Атай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүх хуралдаанд талууд дараах байдлаар байр сууриа илэрхийлж мэтгэлцэв. Үүнд:
1.1 Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”...Шүүгдэгч А.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийн хашаанд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд хохирогч Атай маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хохирогч А.Аын мэдүүлгүүд, гэрч У.С, И.С, Б.Б, Х.Ж, М.Е, Б нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ат учирсан хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтуудаар болон өөрийнх нь мэдүүлж байгаагаар 1.656.991 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод такси үйлчилгээ авахдаа ямар нэгэн баримт аваагүй гэж мэдүүлж байна. Иймд дээрх хохирлоос буюу 1.656.991 төгрөгөөс хохирлын хүснэгтэд дурдагдсан 250.000 төгрөгийн таксины хөлсийг хасахаар 1.406.991 төгрөгийг хохирол гарч байна. Үүнд өнөөдрийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн 1414000 төгрөгийг нэмэхээр нийт 2.820.991 төгрөгийн хохирлыг тооцоо гарч байна. Үүнээс шүүгдэгч А.Хын өгсөн 3.000.000 төгрөгийг хасахад, зөрүү 179.000 төгрөг болж байна. Цаашид хохирогч нь дахин хагалгаанд орж хөлийн хадаасаа авахуулах шаардлагатай гэсэн тул түүний зүгээс хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна”гэв.
1.2 Хохирогчийн өмгөөлөгч Т.Т гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Миний үйлчлүүлэгч Аыг шүүгдэгч Х нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед маргалдаж байх үедээ зүүн хөлийн урд хэсэг, шилбэний яс руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хохирлын талаар тодорхой тайлбарласан. Улаанбаатар хот руу эмчлүүлж ирэхдээ 4.800.000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байна. Мөнгөний зарцуулалттай холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Одоо 2.500.000 өгөхөөр тохиролцох юм бол цаашид гарах зардлыг нэхэмжлэхгүй гэдгийг тайлбарласан. Улсын яллагчийн зүгээс Улаанбаатар хотод таксины үйлчилгээ авсан 250.000 төгрөгийг хасаж тооцож байна. Миний үйлчлүүлэгчийн тайлбарлаж байгаагаар нэг талдаа 50.000 төгрөг өгөхөөр тохиролцож явж байсан гэдгийг хэлсэн. Улаанбаатар хотод байгаа таксины жолоочоос баримт аваагүй нь миний үйлчлүүлэгчийн буруу биш. Хохирогч өөрийнхөө төлсөн мөнгөө тодорхой илэрхийлж байгаа гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн нэхэмжилж байгаа 2.500.000 төгрөгийг ирээдүйд гарах хор уршигт тооцож өгөхийг хүсэж байна.Эмчилгээнд явахаасаа өмнө А.Хаас авсан 3.000.000 төгрөгтэй холбогдуулан гаргах ямар нэгэн тайлбар байхгүй. Хохирогч өөрөө авч, өөрөө зарцуулаад ирсэн. 3.000.000 төгрөгийн зарцуулалтад мөрдөгчийн баримтаар тооцсон 1.656.991 төгрөг орж байгаа” гэв.
1.3 Хохирогч А.А гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Тухайн өдөр буяны ажилд зориулж, гражид хэдэн хүн мах чанаж байсан бөгөөд би хамгийн мухарт нь сууж байсан. Бид ойр зуурын юм ярьж байгаад улс төрийн талаар ярилцах үед Х энд тэнд очиж маргаж дуу нь чангараад байхаар нь би түүнд “Чи залуу хүн байна, юм мэдэхгүй бол дуугүй байгаач” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэж бид маргасан. ....Х араас ирээд мөрнөөс татаж байгаад өшиглөх үед миний хөл сонин болж, би газарт суусан. Хүмүүс ирээд намайг босгох гэхэд нь би миний хөл хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт ирэхэд хөл 2-3 хэсэгт нь хугарсан байсан. Шүүгдэгч хот руу явахаас өмнө ирж уучлалт гуйж 3.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед хохирлын баримтуудыг мөрдөн байцаагчид өгөхөд мөрдөн байцаагчаас 1.656.991 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан. Эмнэлэгт дараалалгүй хэвтэх, эмчид үзүүлэх зэрэг асуудлаар мөнгө өгч байсан. Тэр талаар баримт авч чадаагүй. Улаанбаатар хотод 7 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Тэр болгоныг тооцож үзэхэд 5-6 сая төгрөг гаргасан. Гэхдээ баримттай нь 1.600.000-1.700.000 төгрөг гарсан байна. Шүүгдэгч намайг толгой, элэгний эм авсан байна гэж маргаж байна. Тэдгээр нь Улаанбаатар хотод байхад эмчийн бичиж өгсөн эм байсан.Наркоз биеэс гарах хүртэл толгой, элэгний эм ууж байсан. Мөн шинжилгээ өгөхөд тодорхой хэмжээний мөнгө төлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд 1.414.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Гэртээ галч авч ажиллуулсан. Хэрэв би өөрөө эрүүл саруул байсан бол галчаар хүн авч ажиллуулахгүй байх байсан. Хагалгааны дараа эмнэлэг явж боолт хийлгэх, физик эмчилгээ хийлгэх үед намайг байнга дагаад явж байх хүн байхгүй байсан тул хөрштэйгөө тохироод түүний машиныг хөлсөлж явж байсан. Цаашид дахин хотод очиж хагалгаанд орж, хөлийн хадаас авхуулах, 3 сар тутамд зураг авч явуулах зэрэгт тодорхой хэмжээний эмчилгээний зардал гарахаар байгаа. Би ажилгүй байсан үеийнхээ цалин хөлсийг ч нэхэмжлээгүй. Надад цаашид гарах эмчилгээний зардалд одоо нэмээд 2.500.000 төгрөг өгчихвөл би тухайн үед эмчилгээ хийлгээд 2.500.000 төгрөгөөс илүү гарвал өөрөө төлнө, өөр зүйл нэхэмжлэхгүй” гэв.
1.4 Гэрч И.С шүүхийн хэлэлцүүлэгт:” Би тухайн өдөр талийгаач базын гэрт ажил явдалд нь оролцож байсан. Х, А нар улс төрийн асуудал ярьж байгаад маргаж зодолдсон. Тэгэхэд А маргаж байх явцдаа “чи яасан үг ойлгодоггүй залуу вэ” гэхэд Х босож ирээд дайрахад А түүний цээж рүү гараараа түлхсэн.Тэгэхэд Х босож ирээд, Аыг барьж аваад өшиглөхөд А газарт суучихсан. Х түүнийг дахиж нэг удаа өшиглөсөн. Аын хөл нь хугарсан байсан.Х Аыг 2 удаа өвдөгнийх нь доод хэсэгт өшиглөсөн” гэв.
1.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”... Гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэдгээ шүүгдэгч илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч, хохирогч нар нь харилцан үл ойлголцлын улмаас маргаж, улмаар А.Х нь хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээнд явахаас нь өмнө 3.000.000 төгрөг өгсөн байгаа. Хохирлын асуудлын талаар хоорондоо тохиролцсон асуудал байхгүй тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна.Шүүгдэгчийн өөрийнх нь тооцоогоор 1.015.501 төгрөгийн хохирол гарсан гэж байгаа. Гэхдээ хохирлын тооцооны хувьд улсын яллагчийн саналтай санал нэг байна. Мөрдөн байцаалтын шатанд гарсан хохирлын хэмжээ болох 1.656.991 төгрөгөөс таксины хөлс 250.000 төгрөгийг хасаж, гарсан 1.406.991 төгрөгийн шүүгдэгчийн урьд нь өгсөн 3.000.000 төгрөгөөс хасаж, үйлдсэн мөнгийг нь ирээдүйд гарах зардалд тооцуулах саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргаж өгсөн 1.414.000 төгрөгийн хохирлын нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломж байхгүй гэж үзэж байна. Галчаар хүн авч ажиллуулж сард 150.000 төгрөгийн цалин олгож байсан гэж байгаа ч энэ нь нотлогдохгүй байна. Эмнэлгээс тодорхойлолт аваад хохирол гаргуулах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хохирогч өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой.Шүүгдэгч А.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан тул хөнгөрүүлж өгнө үү”гэв.
1.6 Шүүгдэгч А.Х гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:”...Миний бие өмнө нь А гэх хүнтэй ямар нэгэн өс хонзонгийн асуудалтай байгаагүй. Хэрэг гардаг өдөр Атай хамт нас барсан хүний буяны ажилд оролцож, 6-7 хүн амбаарт мах чанаж байхад А бид хоёр ялимгүй зүйлээс болж маргалдсан. Тэгэхэд А миний толгой руу цохиж унагаасан бөгөөд би хойно байсан буталсан мод руу унасан. Тэгж унасан байхад дахиж ирээд толгой руу 3-4 удаа цохих үед биеэ хамгаалж Аыг хойш нь түлхэх үед хөлийг нь хугалсан маань үнэн. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч А хөл нь хугарсны дараа надаас 3.000.000 төгрөг нэхэмжлэхэд нь өгсөн байсан. Харин өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Миний бие хэрэгтэй танилцах үед 1.000.000 төгрөгийн хохирол гарсан байсан. Хохирогч А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх юм бол би түүнийг нь төлж өгөхөө илэрхийлж, амлаж байна. Миний бие анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид учирсан хохирлыг төлж, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн хууль бус, зүй бус ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
2. Шүүх хуралдаанаар 2113000000145 дугаартай хавтаст хэргээс яллах болон хөнгөрүүлэх талын дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
2.1 Хохирогч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Гэтэл нөгөө залуу надруу хүрч ирээд цохих гэж гараа далайлгах үед би түүнийг хойш нь түлхсэн. Тэр үед И.С бид хоёрын дунд орж ирээд болиулах гээд зогсож байхад А.Х дахин надруу дайрч ирээд миний баруун мөрнөөс зүүн гараараа барьж аваад баруун хөлөөрөө миний зүүн хөлний урд хэсэг, шилбэний ясруу нэг удаа өшиглөөд зүүн гараараа намайг урагшаа угзарч татсан. Миний хөлрүү өшиглөх үед тас гэх чимээ гараад сонин мэдрэмж төрөхөд хөлөө хугарсан гэдгийг мэдсэн. Тэгээд А.Х намайг урагш татах үед би доошоо суухад миний тохой хэсэгт дахин өшиглөсөн. Тэр үед биднийг И.С нар салгаж авсан бөгөөд би тухайн газраа хөдөлгөөнгүй сууж байгаад шууд эмнэлэгт очиж хөлөө үзүүлэхэд шилбэний яс гурван газар хугарсан гэж эмч оношилсон.”, “...Надаас эмчилгээнд 5.400.000 гаруй төгрөгийн зардал гарсан. Анх би хот руу эмчилгээнд явахаас өмнө А.Х бид хоёр хоорондоо ярьж тохиролцоод тэр надад эмчилгээний зардалд 3.000.000 (гурван сая) төгрөг төлж өгсөн. Гэтэл би хот руу эмчилгээнд яваад ирэхэд надад 3 сая төгрөгөөс илүү зардал гарсан. Би эрүүл мэндээрээ хохирч үлдэж байна. Дараа жил очиж хөлийнхөө хадаасыг авахуулна, энэ зардалд би хичнээн хэмжээний зардал гарахыг би мэдэхгүй ч А.Хаас тухайн үед гарах эмчилгээний зардалд 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилж байна. Хэрэв энэ зардлыг надад одоо төлж өгвөл би хөлийн хадаас авахуулахад гарах зардлыг түүнээс нэхэмжлэхгүй, тухайн үед 2.500.000 төгрөгөөс илүү зардал гарвал өөрөө төлнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-11 дэх тал),
2.2 Гэрч У.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Манай нөхөр А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээс гарч явах үед түүний хөл эрүүл байсан. Урьд нь хөлөө хугалж гэмтээж байгаагүй. Хэрэг учрал болох өдөр бид хоёр хамт хүргэн болох талийгаач Хуаметбекийн гэрт түүний ажил явдалд оролцож байсан. Гэтэл цагийн өмнө талийгаачийн ажил явдалд ирсэн нэг залуу манай нөхөртэй үл ялих зүйлээс болж маргалдаж, түүний хөл рүү өшиглөсний улмаас нөхөр А.Аын хөл хугарсан гэж тэнд байсан хүмүүсээс сонссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20 дахь тал),
2.3 Гэрч И.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд талийгаачийн хашаанд байрлах машины гражид жижиг зуух оруулан, 50 литрийн тогоонд мах чанасан. Тэнд А.Х түүний хадам ах М.Е, А.А, Б.Б болон бас хэдэн залуучууд байсан.,”...А.Х эхлээд А.Аын баруун мөрнөөс зүүн гараараа барьж байгаад баруун хөлөөрөө түүний зүүн хөлийн шилбэний урд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Дараа нь зүүн гараараа А.Аыг өөрлүүгээ татах шиг болоход А.А нь газарт шууд хагас суучихсан,...Зодооны дараа А.А суусан газраасаа босож чадалгүй, миний хөл хугарчих шиг боллоо” гэсэн. Дараа нь эхнэрийг нь дуудахад эхнэр нь ирж А.Аыг эмнэлэг рүү авч явсан”, Тухайн үед А.Х нь А.Аыг хэр зэрэг хүчтэй өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан А.Х А.Аыг өшиглөсөн гэдгийг би хаана ч хэлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),
2.4 Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.А болон А.Х гэх залуус хоорондоо маргалдаж эхэлсэн. Би чанаж байсан мах болсон эсэхийг хараад зогсож байтал А.Х А.Аын хажууд ирчихсэн байсан. Миний хойд талд тэд хоорондоо зодолдож эхэлсэн. Би эргэж хараад А.Хыг барьж авсан. Би тэдний хэн нь хэнийгээ яаж зодсоныг хараагүй. А.А газарт суусан байдалтай хөл маань хугарах шиг боллоо гэж орилсон. Дараа нь А.Аыг эмнэлэг авч явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
2.5 Гэрч Х.Жагсылыхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Граж дотор хэдэн хүн мах чанаад хоорондоо юм яриад сууж байтал А.А болон Х.Х нар маргалдаж улмаар А.Х нь А.Алуу дайрч тэд хоорондоо зодолдож эхэлсэн. Энэ үед тэдний хэн хэнийгээ зодсоныг анзаараагүй. Тэгж байтал А.А газарт суусан хөл эвгүй болчихлоо хэмээн орилж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
2.6 Гэрч М.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...А.А, А.Х нар Монгол Улс хөгжинө, хөгжихгүй гэж маргасан. Тухайн үед А.А А.Хд хандаж та миний үгийг ойлгохгүй байна,чи юм мэддэггүй хүн байна. Тиймээс чи зүгээр дуугүй бай гэж хэлэхэд А.Х босож А.Аын хажууд очсон. Тэр үед А.А сууж байсан газраасаа босож ирээд шууд А.Хын баруун шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиж А.Хыг тухайн газар унагаасан. Дараа нь А.Х унасан газраас босоод А.Аын гадуур хувцаснаас барьж нэг нэгнийгээ заамдаж авсан. Тэр үед А.Х, А.Атай ноцолдож байгаад тухайн граж дотор байгаа хуучин зуухны хажууд А.Аыг газарт унагаасан. Тэр үед А.Хыг хажууд байсан хүмүүс салгаж авсан. Дараа нь А.А миний хөл хугарсан байна. Би босож чадахгүй боллоо гэхэд би түүний гутлыг тайлж газарт суулгасан. Тэр үед А.Аын хөл шилбэ хэсгээр хугарчихсан юм шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
2.7 Гэрч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А.А гэх хүнийг танихгүй бөгөөд тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой хэдэн цагийн үед байсныг санахгүй байна, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хөл нь хугарч ирсэн байна лээ. Намайг эмнэлгээс дуудаж би ирэхэд хүлээн авахад байсан. Би рентген зураг, эмийн бичгүүдтэй нь танилцаж биед нь үзлэг хийхэд зүүн хөл нь байсан шиг санагдаж байна, шилбэний хэсгээр хугарч, яс нь зөрсөн байдалтай байсны зөрүүг нь засаж гипс тавьж өгч маргааш нь дахин зураг авч эмчид үзүүлж, зөрүүтэй эсэхийг нь тодруулж зөвлөгөө аваарай хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
2.8 Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 421 дугаартай “...А.Аын биед зүүн шилбэ шаант болон тахилзуур ясны далд хугаралтай, зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
2.9 Шүүгдэгч А.Хын мөрдөн байцаалтын өгсөн: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... Тухайн хэдэн хүний хамт улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар яриад сууж байгаад өөрийн санаа бодлоо хэлэхэд А.А надад хуцаад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд та хэл амаа татаарай, яагаад зүгээр байгаа хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэж хэлээд бид хоёр нэг нэгэндээ уурлаад босоод ирэхэд А.А намайг гараараа толгой руу нэг удаа цохиод авсан. Тухайн үед А.А намайг толгойны яг аль хэсэгт цохихыг би анзаараагүй. Тэр үед би ард байсан эд зүйлд тээглээд унасан. Тэгэхэд А.А намайг толгойруу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би түүнийг гараараа цээж рүү нь түлхээд би босоод ирэхэд тэрээр миний баруун талд газарт суусан байсан. Тэгээд би түүнийг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг баримтуудыг,
3.Хохирогчийн өмгөөлөгчөөс
3.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
3.2 Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол (хавтаст хэргийн 2 дахь тал),
3.4 Хохирогч А.Аын өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 6-12 дахь тал),
3.5 Гэрч У.Сийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
3.6 Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал),
3.7 Хохирогч А.Аын өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 142-149 дэх тал),
3.8 Хохирлын баримтууд, тэдгээрийн тооцоо (хавтаст хэргийн 129-140 дэх тал),
3.9 Гэрч И.Сын мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
4.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс
4.1 Шүүгдэгч А.Хаас гэмт хэргийн хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөг төлсөн тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал),
4.2 Шүүгдэгч А.Хын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал),
4.3 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 88-р тал),
4.4 Шүүгдэгч А.Хын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний лавлагаа (хавтаст хэргийн 91-92 дахь тал),
4.5 Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 93,98 дахь тал),
4.6 Шүүгдэгч А.Хын Хас, Голомт, Төрийн банк дахь дансны хуулгууд (хавтаст хэргийн 104-112 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
5.Шүүгдэгч А.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
5.1 Хэргийн үйл баримт:
Шүүгдэгч А.Х, А.А нар нь ойр дотно харилцаагүй, нэг нутгийн, бие биенийгээ таньж мэдэх хүмүүс байх бөгөөд тэдний хэн аль нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талийгаач н.Хийн ажил явдалд оролцохоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, А.Хийн хашаанд очсон байна.
Улмаар талийгаач А.Хийн ажилд явдалд зориулж, тус хашаанд байрлах гражид зуух оруулан, мах чанаж, уг ажилд шүүгдэгч А.Х, А.А нар туслалцаж байснаас гадна гэрч И.С, Б.Б, Х.Жахсылых, М.Е нар тэдэнтэй хамт байсан байна. Тухайн үед шүүгдэгч А.Х, хохирогч А.А нар нь ойр зуурын сэдвээр буюу нам, улс төрийн талаар яриа өрнүүлж байхдаа хувийн үзэл бодол нийлээгүйгээс хоорондоо маргалдаж, шүүгдэгч А.Х нь хохирогч А.Аын зүүн хөлийн шилбэ хэсэгт өшиглөн, түүний шилбэ ясны шаант болон тахилзуур ясыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Хэрэг учрал 2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, талийгаач А.Хийн хашаанд байрлах гражид болсон байх бөгөөд шүүгдэгч А.Х нь хохирогч А.Аын зүүн хөлийн шилбэ хэсэгт өшиглөснийг гэрч И.С, Б.Б, Х.Жахсылых, М.Е нар гэрчилж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн, хавтаст хэргийн 43-44 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Аын зүүн шилбэний шаант болон тахилзуур яс хугарсан, дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хүндэвтэр гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Хын мэдүүлж байгаагаар хохирогч А.Аыг түлхэж унагаах үед түүний хөл хугарах хэмжээний гэмтэл учрах боломжгүй нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогджээ.
Түүнчлэн гэрч Х.Б:”...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой хэдэн цагийн үед байсныг санахгүй байна, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт А.А гэдэг хүний хөл нь хугарч ирсэн байна лээ. Намайг эмнэлгээс дуудаж би ирэхэд хүлээн авахад байсан бөгөөд түүний хөлийн рентген зурагтай нь танилцаж биед нь үзлэг хийхэд зүүн хөл нь байсан шиг санагдаж байна, шилбэний хэсгээр хугарч, яс нь зөрсөн байдалтай байсны зөрүүг нь засаж гипс тавьж өгсөн” гэж, гэрч У.С “Манай нөхөр А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээс гарч явах үед түүний хөл эрүүл байсан. Урьд нь хөлөө хугалж гэмтээж байгаагүй. Хэрэг учрал болох өдөр бид хоёр хамт хүргэн болох талийгаач Хийн гэрт түүний ажил явдалд оролцож байсан. Гэтэл цагийн өмнө талийгаачийн ажил явдалд ирсэн нэг залуу манай нөхөртэй үл ялих зүйлээс болж маргалдаж, түүний хөл рүү өшиглөсний улмаас нөхөр А.Аын хөл хугарсан гэж тэнд байсан хүмүүсээс сонссон” гэж мэдүүлсэн нь хохирогч А.А, гэрч И.С, Б.Б, Х.Жахсылых, М.Е нарын мэдүүлэгтэй тохирч байна.
Тодруулбал, дээр дурдсан нотлох баримтууд нь шүүгдэгч А.Х нь хохирогч А.Аын зүүн шилбэ тус газарт өшиглөж, шаант болон тахилзуур ясыг хугалсан гэх үйл баримттай шууд хамааралтай, ач холбогдолтой байгаагаас гадна, хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийн байдлыг шууд нотлох чадвартай, өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий байгаа нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хохирогч А.Аын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд эрх бүхий байгууллагаас батлан гаргасан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д үндэслэсэн байх бөгөөд дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй тул тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
5.2.Эрх зүйн дүгнэлт:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.Хын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, А.Хийн хашаанд байрлах гражид хохирогч А.Атай маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч А.Х нь хувийн сэдэлтээр, үл ялих маргааны улмаас хохирогчийн хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.Хын хохирогч А.Аын зүүн хөлийн шилбэ хэсэгт өшиглөсөн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Х, хохирогч А.А нарын харилцан бие биенээ үл хүндэтгэсэн таарамжгүй харьцаа, хэн алиных нь ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн асуудлаар маргаж, “Би А.Аыг зодоогүй бөгөөд би өөрөө түүнд зодуулж унаж байхдаа биеэ хамгаалж, түүний цээж рүү түлхсэн. А.А өөрөө эвгүй унаж хөл нь хугарсан байх” гэх тайлбарыг гаргаж байсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х нь тухайн үед хохирогч А.Аын эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн нь нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Хд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
5.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аын эрүүл мэндэд “Зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал” бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хохирогч А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу явж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв (Гэмтлийн эмнэлэг)-д хэвтэн эмчлүүлж, улмаар эмч нарын зөвөлгөөний шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цаг 40 минутаас 22 цаг 40 минут хүртэлх хугацаанд хагас ил аргаар хугарлыг эвлүүлэн түгжээт хадаасаар бэхлэх хагалгаа хийлгэсэн болох нь хавтаст хэргийн 142-150 дахь талд авагдсан өвчний түүхийн хуулбараар нотлогдож байна.
Хохирогч А.А нь гэмт хэргийн хор уршигт нийтдээ 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол нэхэмжилж, мөрдөн байцаалтын шатанд 1.656.991 (нэг сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийн баримтыг,
Шүүхийн хэлэлцүүлэгт 1.414.000 (нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга) төгрөгийн хохирлын тооцоог, холбогдох баримтын хамт гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг хөлийн хугарсан ясыг бэхэлсэн түгжээт хадаасыг авахуулахад гарах зардал буюу цаашид эмчлүүлэх зардал хэмээн тодорхойлж, шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Хохирогч А.Ааас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтуудыг мөрдөгч хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэн хавтаст хэргийн 123-139 дэх талд бэхжүүлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хохирлын тооцоог 1.656.991 төгрөгөөр тооцон гаргаж, оролцогчдод танилцуулж, баримт үйлдэн хавтаст хэргийн 140 дэх талд тусгасан байна.
Гэвч хохирогчоос гаргаж өгсөн 21 ширхэг НӨАТ-ын баримт дээрх мэдээлэл буюу бичвэр нь арилж, харагдахгүй болсон байх ба энэ талаар мөрдөгч М.Анаргүл 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хохирогч А.Ааас гаргаж өгсөн хохирлын баримт болох 26 ширхэг НӨАТ-ын баримтыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэл үйлдэн хүлээн авч, уг баримтуудыг нэг бүрчлэн тулгаж, хохирлыг тооцоог гарган, хүснэгт үйлдэн оролцогчдод танилцуулсан. Хохирогчийн гаргаж өгсөн дээрх баримтуудын заримынх нь мэдээлэл буюу үсэг, тоо нь бүдгэрэн цаашид арилж болзошгүй байсан тул уг баримтуудыг скочоор нааж, арилахаас хамгаалсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэх үед дээрх скочоор наасан баримтуудын агуулга харагдаж байсан” гэх тайлбарыг гаргасан нь хавтаст хэргийн 175 дахь талд авагдсан байна.
Түүнчлэн хохирогч А.А болон түүний өмгөөлөгч нар “Мөрдөгчид хохирлын баримтуудыг гаргаж өгөх үед баримтууд дээрх мэдээлэл бүгд харагдаж байсан ба мөрдөгч баримтууд дээр скоч наасны дараа мэдээлэл нь арилсан байна” гэх тайлбарыг гаргасан,
Шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгч нар бичвэр нь арилахаас өмнө уг НӨАТ-ын баримтуудтай танилцаж, зарим баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргаж байсан нь тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Ааас нотлох баримтаар гаргаж өгсөн 21 ширхэг НӨАТ-ын баримт нь тухайн үедээ бичвэр нь арилаагүй, нотлох баримтын шаардлага хангаж байхад нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлж, хэрэгт тусгасан нь тогтоогдож байх ба мөрдөгчөөс цаашид уг баримтуудын бичвэрийг бүдгэрч арилахаас урьдчилан сэргийлж, дээр нь өнгөгүй, наалдамхай тууз (скоч) наасны улмаас баримтууд дээрх бичвэр буюу мэдээлэл нь арилсан байна.
Иймд мөрдөгчөөс гаргасан хохирлын тооцоо (хавтаст хэргийн 140 дэх тал), М.Анаргүлийн тайлбар (хавтаст хэргийн 175 дахь тал), хохирогч А.Аын мэдүүлэг зэрэгт үндэслэн хавтаст хэргийн 123-139 дэх талд авагдсан хохирлын баримтуудыг нотлох баримтаар үнэлж, хохирлын хэмжээг мөрдөгчийн тооцож гаргасан дүнгээр буюу 1.656.991 төгрөгөөр тогтоож, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс хохирогч А.Аын Улаанбаатар хотод такси хөлсөлсөн зардалд нэхэмжилсэн 250.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасан боловч хохирогч А.Аын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хохирогчийн эмчилгээ хийлгэхийн тулд такси хөлсөлсөн зардал болох 250.000 төгрөгийг хохиролд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хохирогч А.А нь шүүхийн шатанд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 хоног “Нурлы” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 230.000 төгрөг, Виферогмин гэх эмийн үнэ 120.000 төгрөг, “Элиф эмийн сангаас авсан 4 төрлийн эм болон бинт, тос зэргийн үнэ 174.000 төгрөг, хөл хугарсны улмаас иргэн Б.Батгэрэлийг галчаар 3 сар ажиллуулсны хөлсөнд сарын 150.000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөг, гэмт хэрэг гарсан үеэс буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд эмчилгээ хийлгэхдээ такси хөлсөлсний зардал 440.000 төгрөг, нийт 1.414.000 төгрөгийг тооцон нэхэмжилж, 6 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Хохирогч А.Ааас шүүхийн шатанд нэхэмжилсэн дээрх 1.414.000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардал нь гэмт хэргийн улмаас шууд хохирогчид учирсан хор уршиг, үр дагавар мөн болох нь тогтоогдож байх тул уг хохирлуудыг нотлох баримтын хэмжээнд тооцон гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч А.Ат учирсан бодит хохирол, хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг нотлох баримтын хэмжээнд 1.656.991+1.414.000=3.070.991 (гурван сая далан мянга есөн зуун ерэн ес) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Х нь хохирогч А.Аыг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаас өмнө 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэргийн хохирол, хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан нь хохирогч А.А, шүүгдэгч А.Х нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 85 дахь талд авагдсан хохирогч А.Аын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож,талууд энэ талаар маргаагүй тул хохирогч А.Ат учирсан бодит хохирол болох 3.070.991 (гурван сая далан мянга есөн зуун ерэн нэг) төгрөгөөс шүүгдэгч А.Хын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохиролд төлсөн 3.000.000 (гурван сая) төгрөгийг хасаж тооцон, үлдэх 70.991 (далан мянга есөн зуун ерэн нэг) төгрөгийг А.Хаас гаргуулан хохирогч А.Ат олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А болон түүний өмгөөлөгч Х.Т нар нь хавтаст хэргийн 123-139 дэх талд авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдож байгаа 1.656.991 төгрөгийн хохирол нь шүүгдэгч А.Хаас урьдчилж авсан 3.000.000 төгрөгийн зарцуулалтад багтаж байгаа гэх тайлбарыг гаргасныг дурдах нь зүйтэй.
Хохирогч А.А нь шүүгдэгч А.Хаас цаашид эмчлүүлэх зардалд 2.500.000(хоёр сая таван зуун мянга)-н төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн дээрх зардал болон бусад холбогдох зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгч нар нь “Хохирогч А.Ат төлсөн 3.000.000 төгрөгөөс мөрдөгчийн тооцож гаргасан 1.656.991 төгрөгийг хасуулж тооцуулан, үлдэх 1.343.009 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардал 2.500.000 төгрөгт тооцуулах хүсэлтэй байна. Хохирогч А.А нь өнөөдрийн шүүх хуралдаанд 1.414.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч тухайн хохирол нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, нэхэмжилсэн зарим хохирол болох такси унааны зардал, галч ажиллуулсан хөлс зэргийг гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй, Нурлы эмнэлэг нь хохирогчийн хамаатны хүний эмнэлэг тул тухайн зардлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч А.Ат гэмт хэргийн улмаас 3.070.991 төгрөгийн бодит хохирол, хор уршиг учирсан гэж үзсэн тул А.Хын төлсөн 3.000.000 төгрөгийг бодит хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй.
6.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Х нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул А.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Х нь хувийн байдлын хувьд 1985 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, дээд боловсролтой, эрх зүйч, хилийн албаны офицер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 5 дугаар багт амьдардаг,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хил хамгаалах албанд 25 жил офицероор ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан гэх нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч А.Х нь урьдаас төлөвлөөгүй, гэнэт үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч А.Ат учруулсан хохирол, хор уршигт 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь төлж барагдуулахаа илэрхийлсэн нь тогтоогдсон тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Х нь хохирогч А.Аын зүй бус, буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцуулах хүсэлт гаргасан боловч энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч А.Аын илт хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг ухамсарлуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
7.Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Хаас 70.991 төгрөг гаргуулж, хохирогч А.Ат олгохоор шийдвэрлэснээс өөрөөр хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч А.Хын эзэмшлийн, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, 6.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Samsung Yamouzine маркийн, 09-55 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.(хавтаст хэргийн 113-114 дэх тал),
Шүүгдэгч А.Хаас шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн “А.Х, 39 настай, эр, 2021.09.28” гэх бичвэр бүхий CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч А.Хт буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогтой А-ын Хыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч А.Ааас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөс 3.000.000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч А.Х нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсныг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Хаас 70.991(далан мянга есөн зуун ерэн нэг) төгрөг гаргуулж, хохирогч А.Ат олгож, хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2500.000 (хоёр сая таван зуун мянга)-н төгрөг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Хаас шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн “А.Х, 39 настай, эр, 2021.09.28” гэх бичвэр бүхий CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч А.Хт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Хын эзэмшлийн, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, 6.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Samsung Yamouzine маркийн, 09-55 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б