Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 161/2022/0007/Э |
Дугаар | 2022/ШЦТ/09 |
Огноо | 2022-01-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ад холбогдох эрүүгийн 2113001770002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жанат” ХХК-д галч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Ө-тын А /БК82052610/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуугаар эхнэр Л.Еыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн. Ө.Айн эхнэр Л.Еыг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй гэж үзсэн тул яллах дүгнэлтийн хүрээнд Ө.Айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”...Ө.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуугаар эхнэр Л.Еыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
1.3 Шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001760187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1 Хохирогч Л.Еаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хохирогч Л.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр бид хоёр Март гэх хүний идэшний ажилд туслаад 15 цагийн үед ирсэн ба нөхөр Ө.А нь “Аймгийн төвөөс нүүрс ирсэн байна, биднийг нүүрс буулга гэж ажлын газраас дуудаж байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед нөхөр гэртээ архи уусан байдалтай нэлээн согтуу ирж, надтай хэрүүл маргаан үүсгэж, миний нүд, толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. ...Миний нөхөр архи уудаг нь үнэн, гэхдээ аавынд ороод унтчихдаг байсан. Урьд нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ удаад харин надад хөнгөн гэмтэл учруулсанд нь гомдсон байсан.
...Миний биеийн байдал сайн байгаа. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Тийм учраас надад хохирол учраагүй. Нөхөр бид хоёр гэр бүл болоод 16 жил болж байна. Энэ асуудал гарснаас хойш нөхөр маань надаас уучлалт гуйж, дахиж архи уухгүй гэж амлалт өгсөн. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Миний бие ажилгүй. Нөхөр маань хэдэн төгрөгийн цалин авдаг. Тийм учраас миний нөхөр хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-49 дэх тал/,
2.2 Гэрч А.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ө.А өөрийн эхнэрийн хамт 15 цагийн үед миний хүргэн Маратын идэшний ажилд туслахаар явсан байсан ба тэндээс Ө.А 15 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирсний дараа А.А нь “Намайг ажлын газраас дуудаж байна. Аймгийн төвөөс нүүрс ирсэн байна. Нүүрс буулгана” гэж хэлээд яваад өгсөн ба орой 20 цаг 30 минутын үед гэрт ирсэн. Ө.А нь гэрт ирэхэд архи уусан байдалтай согтуу ирсэн бөгөөд гар нүүрээ угаагаад хоол цай идэж уух гэж байсан. Тэгээд би 9 цагийн мэдээ эхлэх гэж байхаар нь хөрш айл Торгай гэх хүний гэрт очиж мэдээ сонсохоор тэднийд очоод мэдээ дөнгөж эхэлж байтал бэр болох Л.Е надруу утасдаж “Ө.А миний нүд руу цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яарч сандарч гэрлүү явсан. Гэрт ирэхэд сумын цагдаа нар ч гэсэн манай гэрт ирж байсан ба би цагдаа нарын хамт гэрт ороход бэр Л.Е нь уйлсан байдалтай сууж байсан. Л.Еы зүүн талын нүд нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
2.3 Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 533 дугаартай “...Л.Еы биед тархины доргилттой, хамрын таславч зүүн тийш бага зэрэг мурийсан, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Д.Еы дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
2.4 Шүүгдэгч Ө.Айн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээрээ нүүрс буулгаж дууссаны дараа гэрлүүгээ явж байх замдаа ганцаараа нэг шил архи уугаад гэртээ очсон. Тэр үед нэг шил архи уусан болохоор нэлээд согтсон байсан. Гэрт очсоны дараа юу болсныг мэдэхгүй. Тухайн үед эхнэрийн ярьсан зүйлээс болж би түүнтэй үг зөрж маргалдан толгой тус газарт нь баруун гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний том хүү А.Бердибек намайг барьж авсан. Миний бие тухайн үед архи ууж согтсоноос болж эхнэрийн эрх чөлөөнд халдаж, биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, эхнэрээсээ удаа дараа уучлалт гуйсан. Эхнэр бид хоёр хоорондоо эвлэрч, одоо хамт амьдарч байна. Дахин ийм зөрчил гаргахгүй. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
2.5 Шүүгдэгч Ө.Айн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Айн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1 Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт согтуугаар хохирогч Л.Еыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Ө-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүгдэгч Ө.Айн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ө.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Айн үйлдлийн улмаас хохирогч Л.Еы биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.Айн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ө.Айн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Ө.Айн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
3.2Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.А нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 600.000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэн санал гаргаж, танилцуулсныг шүүгдэгч Ө.А хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Ад хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ө.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө-ын Айг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа)-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Ө.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б