Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1843

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/01843

 

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/001889 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ят холбогдох,

 

3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 06 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж “Керби” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг ямар нэгэн эрхийн болон чанарын доголдолгүйгээр 5 500 000 төгрөгийн үнэтэй худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч нь төхөөрөмжийг худалдан авахдаа урьдчилгаа 1 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн 4 500 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 25-ны өдөр төлж байхаар тооцож гэрээ байгуулсан.

Ингээд гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусахад нийт 3 300 000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл төлбөрийг төлөлгүй явсаар 2016 оны 12 сарын 29-ний өдөр гэхэд нийт 910 хоног хугацаа хэтэрсэн байсан бөгөөд хариуцагч нь тухайн үедээ төлбөр төлөх боломжгүй болсон учир боломжит хугацаанд төлнө гэж явсаар хугацаа хэтэрсэн. Өнөөдрийн байдлаар гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусах гэж байгаа учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Яаас 2 200 000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар алданги 1 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн төлөөлөгч М.Мийн хүсэлт гуйлтаар тус төхөөрөмжийг авсан. Би өөрөө сонголт хийж аваагүй. Энэ байгууллагаас хүн ирээд “эгчээ би 2 000 000 төгрөгийн цалинтай болох гээд байна” гэж гуйгаад байхаар нь төхөөрөмжийг авсан.

Тухайн үед би Нарантуул зах дээр цайны газар ажилуулдаг байсан ч галын улмаас дахин ажиллах боломжгүй болж санхүүгийн байдал хүнд болсон. Би худалдаж авахдаа 1 000 000 төгрөгийг өгч байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Төлбөр төлөх боломжгүй болсон тул тус төхөөрөмжийг ашиглахгүй байгаа. Төхөөрөмжийг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Б.Яаас 2 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Яаас 50 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би тухайн үед уг төхөөрөмжийг авах ямар нэгэн хүсэл, зорилго байгаагүй ба бидэнд өөрөө авчирч үзүүлж, танилцуулсан. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч М.Мэ үүнийг авч надад туслаач гээд гуйгаад байхаар нь авсан. Уг төхөөрөмжийг авах үед Нарантуул зах дээр цайны газар ажилуулдаг байсан тул төлбөрийг төлөх боломжтой байсан. Харин Нарантуулын хүнсний зах шатсаны улмаас эдийн засгийн хувьд хохирч, дахин цайны газар ажиллуулах боломжгүй болсон. Одоо би тэтгэврийн мөнгөөр амьдарч байгаа тул төлбөрийг төлөх чадваргүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй байна.

Төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учраас төхөөрөмжийг ашиглахгүй байгаа. Иймд төхөөрөмжийг нь буцаан өгч төлсөн мөнгөө буцаан авах саналтай байна.

Санхүүгийн боломжгүйн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Ят холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь 5 500 000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авч, урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 375 000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна. /хх 3-4 дэх тал/ Хариуцагч Б.Я нь 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрт 3 300 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаангүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Талууд гэрээний зүйл, үнийг харилцан тохиролцсон, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч “Э" ХХК нь хариуцагч Б.Яаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох худалдаж авсан эд зүйлийн үнийн үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлээс алдангид 1 100 000 төгрөг гаргуулах хэсгийг хуульд заасан алдангийн тодорхойлолтод тохирохгүй, тодорхой бус нөхцөл тохирсон гэж хэрэгсэхгүй болгосон байх боловч нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн уг асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/001889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                        Э.ЗОЛЗАЯА