Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0032/З |
Дугаар | 221/МА2016/0192 |
Огноо | 2016-03-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2016/0192
“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...“А А Э” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг зөрчин өөрийн тусгай зөвшөөрлийг “С к” ХХК-д ашиглуулсан. МТШХХГ-ын даргын 2009 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсад интернет протоколд суурилсан телевиз /IPTV/ үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтыг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Мультимедиа үйлчилгээ хүргэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл шаардлага”-ын нөхцөл үйлчилгээ үзүүлэгчид тавигдах санхүүгийн нөхцөл шаардлага, техникийн нөхцөл шаардлага, үйлчилгээний нөхцөл шаардлагыг бүхэлд нь хангаагүй, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага”-ын 7, 8, 9 дүгээр зүйлийг ...зөрчсөн.
“С к” ХХК нь бусдын тусгай зөвшөөрлийг ашиглан өөрийн үйл ажиллагааны хамрах хүрээнээс гадуур Дархан-Уул аймгийн Дархан суманд үйлчилгээ үзүүлж орлого олсон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн.
Иймд, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай аймагт “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 669/Б/IРТV01 тусгай зөвшөөрөлтэй “С к” ХХК-ийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг болон Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 730/Б/IРТV03 тоот тусгай зөвшөөрөлтэй “А А Э” ХХК-ийн IРТV үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...“С к” ХХК нь Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай зэрэг аймгуудад Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ эрхлэх тусгай зөвшөөрлийг, “А А Э” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг. Зохицуулах хорооны даргын 2014 оны А/142 тоот тушаалаар томилогдсон шалгалтын ажлын хэсэг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс Дархан-Уул аймагт очиж “А А Э” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснээс гадна “Ю” ХХК тус аймагт үйл ажиллагаа явуулж буй эсэх талаарх шалгалтыг хийж гүйцэтгэж холбогдох дүгнэлтийг гаргасан... Аливаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гаргасан зөрчлөөс хамааруулан ямар арга хэмжээ авахыг тус хороо хууль тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэдэг бөгөөд “С к” ХХК болон “А А Э” ХХК-уудын телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд “А А Э” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани Дархан-Уул аймгийн Дархан суманд “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан явуулах үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас авсан. “С к” ХХК болон “А А Э” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн ямар эрх ашгийг хөндөөд, ямар шалтгаанаар манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар “Ю” ХХК-ийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “С к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани Дархан-Уул аймагт өөрийн нэрээр ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй ба өөрийн тоног төхөөрөмжийг “А А Э” ХХК-д түрээсэлж, Дархан АйПиТв нэртэйгээр “А А Э” ХХК үйлчилгээгээ хүргэж байсан. Иймээс “С к” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчөөгүй… гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаар шийдвэрээр: Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлан “Ю” ХХК-ийн гаргасан “А А Э” ХХК-д олгосон Дархан-Уул аймгийн Дархан суманд “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: “Ю” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа “А А Э” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрх олгосон тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогдсон үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн холбогдох заалтуудыг; Мэдээлэл, технологи шуудан харилцаа холбооны газрын даргын 2009 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Монгол улсад интернэт протоколд суурилсан телевиз /IРТҮ/ үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-д заасан нөхцөл шаардлага; Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Мультимедиа үйлчилгээ хүргэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл шаардлага”-ын үйлчилгээ үзүүлэгчид тавигдах техникийн нөхцөл шаардлага, үйлчилгээний нөхцөл шаардлагыг бүхэлд нь хангаагүй; Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий шаардлага”-ын 3, 7, 8, 9 дүгээр зүйлүүдийг; Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглосон заалт; 12 дугаар зүйлийн 12.1.2-т “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах... худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтуудыг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн.
Анхан шатны шүүхэд нотлох баримтаар хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/12 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын тайланд үндэслэн шүүхээс дүгнэлт хийхдээ Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“А А Э” ХХК-ийн явуулж байгаа уйл ажиллагааны талаар хариуцагч өмнө нь мэдэж байсан төдийгүй зөрчлийг арилгуулахаар тус компанид хугацаатай үүрэг даалгавар өгсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдох тул хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн гаргасан шийдвэрийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй болно” гэж дүгнээд Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.9 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлага болох “А А Э” ХХК-ийн хууль бусаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдэлд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдлийг тогтоож, зохих акт гаргахыг буюу Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж өгөхийг хүссэн шаардлагаас зөрүүтэйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.
Шүүх нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Дархан-Уул аймгийн Дархан суманд “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрлийг “А А Э” ХХК-д олгосныг хүчингүй болгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Дархан-Уул аймгийн Дархан суманд “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрлийг “А А Э” ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон байна.
Нэхэмжлэгч “Ю” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлөөр “А А Э” ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогдсон үйл ажиллагааг эрхлэн явуулах хуулийн холбогдох заалт, Мэдээлэл, технологи шуудан харилцаа холбооны газрын даргын 2009 оны 111 дүгээр тушаал, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 47 дугаар тогтоолоор баталсан үйлчилгээ үзүүлэгчид тавигдах техникийн нөхцөл шаардлага, үйлчилгээний нөхцөл шаардлагыг бүхэлд нь хангаагүй, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий шаардлага”-ын 3, 7, 8, 9 дүгээр заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10-д заасныг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулж байгаа нь манай компаниас Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээг эрхий хязгаарлаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэж тайлбарлаж байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах”, 9.1.2-д “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах”, 9.1.3-д “харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах” гэх мэт бүрэн эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд энэхүү хуулиар олгосон байна.
Хариуцагч дээрх хуулиар олгосон эрхийн дагуу “А А Э” ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан суманд “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрлийг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд энэхүү хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлд /харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан, тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй/ заасан үндэслэлээр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд тийм нөхцөл бүрдээгүй байхад “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох үндэслэлгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан суманд интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ эрхэлж буй үйлчилгээ эрхлэгчдийн буюу “А А Э” ХХК болон “Ю” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, “А А Э” ХХК-ийн гаргасан үйл ажиллагааны зөрчил нь тусгай зөвшөөрөл хүчингүй болгох хэмжээний зөрчил биш гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Тиймээс нэгэнт дээрх хуульд заасан үндэслэлээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “А А Э” ХХК-нд олгосон “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхад тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үйлдэл хийлгэхийг шүүхээс хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах боломжгүй юм.
Дээрх дүгнэлтээр, нэхэмжлэгчийн “манай компанийн Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэн үйлчлүүлэгчдэд хүргэх үйл ажиллагаанд саад учруулж, өрсөлдөөнийг хязгаарлаж байна” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд “А А Э” ХХК-д олгосон “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/ 730/Б/IPTV03 тоот тусгай зөвшөөрөл”-ийг хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгохгүй байгаа үйлдлийн улмаас Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээг үзүүлэх “Ю” ХХК-ийн эрхийг хязгаарласан, эрхийг нь зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР