Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 09

 

 

                Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

               Нэхэмжлэгч .... аймгийн ....сум, ...дугаар баг, ...-р байрны ... тоотод оршин суух,  С.Гын нэхэмжлэлтэй, 

               Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, 

               Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, М.Н, гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ-ийн улаан дэлгүүрийн хойд тал 2004.03.09-ны өдрийн Хэрлэн сумын Засаг даргын 66 тоот шийдвэрээр 091100389  дугаартай нэгж талбар бүхий 204 м/кв-т газрын 15 жилийн хугацаатай эзэмшиж, газар дээрээ 89.5м/кв хэмжээтэй барилгын дэлгүүрийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж ирсэн...дэлгүүрээ иргэн Б.Ст 2013 онд худалдан борлуулж өмчлөх эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн боловч тухайн үед аймгийн Засаг дарга гадаадад эрүүл мэндийн байдлаар удаан хугацаагаар явсан байсан тул газар эзэмших эрхээ шилжүүлээгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгөө зарчихсан учраас Б.Ст итгэмжлэлээр газар эзэмших эрхээ өгч банкны барьцаанд тавиулж байсан...Газрын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1-д зааснаар зайлшгүй газар эзэмших гэрчилгээг сунгуулахад хүсэлт гаргаж өгөх шаардлагатай байсан боловч миний хувьд орон нутагт мал маллаж холбоогүй байсан, мөн гэрчилгээ банкны барьцаанд байсан зэргээс хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтийг гаргаж чадаагүй. Тухайн үед газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч Б.Сын хувьд эхнэрийнх нь бие “Системная красная вольчак” оноштой өвчнөөр хүндээр өвдсөний улмаас газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ хугацаа алдаж гаргасан боловч аймгийн Засаг дарга 2019.11.28-ны өдөр 1/2498 тоот “Албан бичиг буцаах” тухай тоотоор аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 805 тоотод хариуг хүргүүлсэн бөгөөд тус газраас 2019.12.02-ны өдөр № 843 тоотоор С.Г надад “газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөл бүрдсэн талаар хариуг ирүүлснийг эс зөвшөөрч байна. Иймд газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, М.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн Улаан дэлгүүрийн хойд талд /одоогоор/ байршилтай 204 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар захирамжаар иргэн С.Гт эзэмшүүлсэн байна.  Иргэн С.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон байх ба ...2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан байна. 

            Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 805 дугаар албан бичгийг хүлээн авч танилцан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан нөхцөл үүссэн тул албан бичгийг аймгийн Засаг даргаас буцаан хүргүүлсэн байдаг.

         Монгол улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг хуульчилсан байх ба 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй боловч мөн 35.3.1-д зааснаар “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.6-д зааснаар “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүрэгтэй.

            Иргэн С.Г нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөл бүрдсэн байх ба улмаар 41 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх, газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцахаар хуульчилсан байна.

             Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй нөхцөл байдал нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцогдохгүй ба  “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай”  Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...204м2 газрыг 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар иргэн С.Гт худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг ба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд...” гэж заасан байдаг. Иргэн С.Г энэ хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 8 сар өнгөрсний дараа буюу 2019 оны 11  сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 805 тоот албан бичгээр иргэн С.Гын хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Үүнийг Засаг дарга хянаж үзээд 2019 оны 1/2498 албан бичгээр “...боломжгүй...” гэсэн хариуг тус газарт буцаан хүргүүлсэн. ...С.Г нь тухайн газар дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг 2013 онд Б.Ст шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл хуулийн дагуу шилжүүлээгүй нь Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4, 35.3.1, 35.3.6-д заасныг зөрчсөн байна...

            С.Г нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаануудыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзсэн гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г “...хөдөө, алс хол байсан учир газар эзмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлж чадаагүй...” гэдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-т зааснаар С.Гт эзэмшүүлсэн дээрх газар бол төрийн өмч юм. Төрийн өмчийг хууль бусаар Б.Ст шилжүүлсэн нь тогтоогддог. Б.С “...мэдэхгүй явсан учир газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт өгөөгүй...” гэж ярьдаг. ...Нэхэмжлэгч болон гурвдагч этгээд газрыг хоорондоо хууль бусаар шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байна.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гуравдагч этгээд “Х” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бшүүхэд ирүүлсэн тайлбартаа:   Б.С, Н.Тнар нь Х банкны Дорнод салбартай 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/201843685557 тоот зээлийн болон БГҮ201843685557 тоот барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 21.6 хүүтэй, 42 сарын хугацаатай байгуулан бизнесийн зориулалтаар зээл авч, зээлийн барьцаанд Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, Ивээл хороолол, Хан-Уул барааны дэлгүүр, 89,5 мкв, 204 мкв эзэмших эрхтэй газрын хамт  болон бусад  хөрөнгүүдийг барьцаалуулан зээл авсан байна. Уг хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3-д тус тус заасны дагуу дээрх хуулийн шаардлагыг хангуулж, Х банк ХХК нь барьцаалж хуульд заасны дагуу барьцаанд бүртгүүлсэн байна. ...Б.С, Н.Тнарын зээл төлөгдөж дуусаагүй байгаа учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй байна. Тус барьцаанд байгаа эзэмших эрхтэй газрын хугацаа 2019 оны 4 дүгээр сард дууссан бөгөөд 2019 дүгээр сард Х Төв банкны Орон нутгийн иргэдийн банкны захирлын зөвшөөрлөөр эзэмших эрхтэй газрын гэрчилгээг зээлийн барьцаанаас гэрчилгээ шинэчлэн гарсан тохиолдолд буцааж барьцаалах нөхцөлтэйгөөр түр чөлөөлөн олгосон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрчилгээ шинэчлэгдээгүй тул буцааж барьцаалах боломжгүй байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд ...гуравдагч этгээдийн эрх ашгийг үндэслэл болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд С.Гаас “СМУ”-ийн хашаанд байх улаан дэлгүүрийг “Х” банкны зээлээр худалдаж авсан. Тухайн үедээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг солиулсан. Газрын гэрчилгээг солиулах гэсэн боловч тухайн үед аймгийн Засаг дарга тархины хорт хавдарын улмаас гадаад руу эмчилгээнд явсан байсан. Нэгдүгээр гарын үсгийг Засаг дарга зурдаг гэх шалтгаанаар солиулж чадаагүй учир итгэмжлэл хийлгэж, “Х” банкны барьцаанд тавьж зээл авсан.  Одоог хүртэл тус банкны барьцаанд байгаа. “Х” банкинд “...гэрчилгээгээ аваад өөр дээрээ шилжүүлье...” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. “Х” банкнаас “...дүйцүүлэх хэмжээний барьцаа хөрөнгө өг, эсхүл зээлээ хаагаад шилжүүл...” гэсэн хариуг өгдөг байсан. Газар эзэмшүүлэх гэрчилгээний хугацааг 2019 оны 2 дугаар сард сунгуулах тал дээр миний хувьд хариуцлага алдсан. Эхнэр маань 2015 оны 4 дүгээр сараас хүндээр өвдөж эхэлсэн. ...2018 оны 2 сард Хайлаарт очиж 2 удаагийн хагалгаанд орж, 6 сар хэвтрийн дэглэм сахих болсон. Энэ өвчин эдгэрэхгүй, улам хүндэрч, удаан хугацаагаар хэвтсэний улмаас ясны сийрэгжилттэй болж, 2 хөл дээрээ явж чадахгүй таяганд орсон. Тэгээд дахин үзүүлэхэд “...одоо түнхний үе солиулах л боломж байна...” гэснээр 03 дугаар сарын 12-ны өдөр эхний, 08 дугаар сарын 04-нд дараагийн хагалгаанд орсон. Энэ хугацаанд байнгын асаргаатай байсан. Эхнэрээ яаж эрүүл саруул болгох вэ, яаж мөнгө олох вэ гэсэн зүйлүүд л бодогдож байснаас биш газрын гэрчилгээг сунгуулах талаар миний толгойд үнэхээр байгаагүй. Жилдээ 1, 2 удаа сунгуулдаг байсан бол юу билээ гээд бодох байсан байх. 15 жилийн хугацаа хэзээ дуусч байгааг ч судалсангүй. ...Энэ байдлаас болж миний хувьд хуулийн хугацаа хэтрүүлж хариуцлага алдсан байна. Эдгээр байдлыг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

             Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Б.Сын хувьд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүсэлтээ гаргах байсан боловч ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаантай, хүндээр өвдсөн эхнэрээ удаан хугацаагаар асарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б, Н нарын мэдүүлэг, эмчлэгч эмч Э тодорхойлолт зэргээр нотлогддог. Нөгөө талаар С.Г, Б.С нар нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл болон 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүргээ тухай бүрт нь биелүүлж, газрын төлбөрийг 2004 оноос өнөөдрийг хүртэл заасан хугацаанд төлж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан. Өнөөдрийн хувьд гэрчилгээг хүчингүй болгосон асуудал яригдаагүй. Иймд Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолыг барьж тайлбарлаж байгаа нь энэ маргаанд хамааралгүй няцаалт юм гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан. Энэ утгаар 2019 онд шинэчлэн найруулж, 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а, 6.1.41.б-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан... зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцсон. Үүнээс харахад Б.Сын эхнэрээ асарсан талаар ярьж буй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна. С.Г, Б.С нар нь гэрээний үүргээ биелүүлэн газрын төлбөрөө тухай бүрт нь төлж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан нь нотлох баримтаар тогтоогддог. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээний биелэлтийг ...жил бүр дүгнэнэ” гэж заасан боловч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “...газар эзэмших гэрээ хувийн хэрэгт нь байхгүй, ...гэрээг тухай бүрт дүгнээгүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Үүнээс төрийн байгууллага үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9-д  аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг зааж өгсөн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...бүртгэж, ...дугаарыг тэмдэглэнэ” гэж заасан боловч Газрын алба эдгээр үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээнээс харагддаг. Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч нь “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах”[1] шаардлагын үндэслэлээ  ...хүндэтгэн үзэх шалтгаантай  байсан гэжээ.

                 Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар шийдвэрээр[2] Хэрлэн сумын 6-р баг, СМУ-гийн Улаан дэлгүүрийн хойд талд 204 м2 газрыг  иргэн С.Гт “Худалдаа үйлчилгээний зориулалт”-аар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг үндэслэн, 2004 оны 04 дүгээр сарын 05-нд  нэгж талбарын 091100389 дугаар бүхий  Газар эзэмших эрхийн 0062756  тоот  гэрчилгээг[3] 15 жилийн хугацаагаар олгожээ.

            Нэхэмжлэгч С.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ...газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт[4] гаргаж, аймгийн Засаг даргын 2019.11.28-ны өдрийн 1/2498[5], Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2019.12.02-ны өдрийн 843[6] тоот албан бичгээр ... газар эзэмших  эрхийн хугацаа  дуусгавар болсон талаар хариуг хүргүүлсэн байгаагаас үзэхэд, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”  зөрчсөн байна.

               Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн  Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” зааснаар нэхэмжлэгч С.Г нь тухайн эзэмшлийн газар дээрхи /89.5м2/ үйлчилгээний зориулалттай дэлгүүрийг гуравдагч этгээд Б.Сын нэр дээр шилжүүлж эрх бүхий  байгууллагаас  Улсын бүртгэлийн  000148539 тоот гэрчилгээ[7] олгогдсон байна.  Харин Газар эзэмших эрхээ  шилжүүлэх гэрээ[8] 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, нотариатын баталгаа хийлгэсэн боловч түүний нэр дээр шилжүүлж чадаагүй хугацаа алдсан шалтгаанаа ...хөдөө мал маллаж байсан, ...банкны зээлийн барьцаанд байгаа, ...шилжүүлэн авах хүний гэр бүл нь өвчний учир эмнэлгээр эмчлүүлэхэд асарч сувилж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримтыг[9] ирүүлсэн байгааг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэлд дурьдсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй, “гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл, цөлжилт буй болсон газар эзэмшигчээс үл хамаарах шалтгааныг ойлгоно” гэжээ. Тэрээр “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт “өвчтэй эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд  хоригдсон...” зэргийг  хамруулан ойлгоно. Тэгэхээр  ...газар эзэмших  эрхийг шилжүүлэн авах гэрээний нэг тал болох  гуравдагч этгээдийн хувьд   ...гадаад дотоодын эмнэлгээр өвчний учир эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн асарсан  зэрэг шалтгааныг хамруулан үзэж болно.

            Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. ”Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд  өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”. ...газар эзэмших эрхийг хэзээ, хэнд хэрхэн шилжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал хэдий ч одоогийн байдлаар эрхийн гэрчилгээ нь С.Гын нэр дээр байгаа учир газрын тухай хууль болон  гэрээнд заасан эрх, үүргийг  биелүүлэх үүрэгтэй.

            Газрын тухай хуулийн  34 дүгээр зүлийн 34.8. ”Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”  хуулиар  зохицуулсан.  Шүүхээс хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газарт үзлэгийг гэрэл зургаар[10] баталгаажуулж, эрхийн гэрчилгээний дагуу гэрээг сунгуулж байсан эсэх талаар тодруулахад ...үндсэн гэрээ болон сунгуулж байсан  баримт “Нэгж талбарын хувийн хэрэг”-т байхгүй байгаа талаар албан бичиг[11] ирүүлсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээ сунгуулж байгаагүй нь буруу, гэхдээ гэрээгээ сунгуулж, дүгнүүлэх талаар шаардаж байгаагүй,  мэдэхгүй байна хэмээн тайлбарладаг. Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах нь  нэхэмжлэгчийн үүрэг  хэдий ч  эрх бүхий байгууллагатай  ...гэрээ байгуулсан эсэх нь тодорхой бус ...гэрээгээ дүгнээгүй, гэрээ сунгуулах талаар шаардаж мэдэгдэл  хүргүүлээгүй, хяналтгүй  орхигдсон мэт харагдаж байна.

               Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар “Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1. “Өөр эрхтэй салшгүй холбоотой түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”. Иймд нэхэмжлэгчийн газар түүн дээрхи гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө нь салгаж үл болох эрхэд хамааралтай бөгөөд, нэхэмжлэлийн  шаардлага  болох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн төрөл  нь зөвхөн захиргааны эс үйлдэхүйгээр хязгаарлахгүй, үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах учир нэхэмжлэгчийн ...газрын төлбөрийг төлж байсан[12], ...гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагааг  явуулж  байгаа, ...хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг нөхцөл байдлаас гадна эрх бүхий байгууллагын газрын  эзэмшил, ашиглалтад тавих хяналт сул байсан зэргийг харгалзан хуульд заасан журмын дагуу захиргааны акт гаргахыг даалгах боломжтой гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан,  нэхэмжлэгч Содномдаржаагийн Ганбаатарын, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргах”-ыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д   зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОЮУН                   

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 39-р хуудас

[3] Хавтаст хэргийн 5-р хуудас

[4] Хавтаст хэргийн 41-р хуудас

[5] Хавтаст хэргийн 24-р хуудас

[6] Хавтаст хэргийн 25-р хуудас

[7] Хавтаст хэргийн 9-р хуудас

[8] Хавтаст хэргийн 7-р хуудас

[9] Хавтаст хэргийн 10-13, 85-87-р хуудас

[10] Хавтаст хэргийн 59-61-р хуудас

[11] Хавтаст хэргийн 85-р хуудас

[12] Хавтаст хэргийн 44-46, 83-84-р хуудас