Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00476

 

Г.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дүгээр магадлалтай

Г.Чийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК, Н.Э нарт холбогдох

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 66 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцааны хөрөнгө үүргийн гүйцэтгэлд хүрэхгүй бол хариуцагчийн хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Б.Нандинчулууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золбоо, хариуцагч “Алъяанс проперти групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Н.Эгийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байр, 35 дугаар байрны дунд 18641310602184, 168010/5053 дугаар бүхий 32 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг газар дээрээ Үндсэн хуулийн гудамж 21А хаягтай улсын бүртгэлийн Ү-2205028490 дугаартай, 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Уг үл хөдлөх хөрөнгө нь хэвийн үйл ажиллагаатай, ашиг орлого олдог, амьжиргааны эх үүсвэр болж байсан хөрөнгө юм. Гэтэл хариуцагч Н.Эгийн нөхөр Д.Энхтүвшин 21 дүгээр байр буюу хажуу байрыг /“АФГ проперти” ХХК/ худалдан авсан. Ингэхдээ энэ газраа зарчих, бид танд боломжийн санал тавина гэсэн. Д.Энхтүвшин нь Хангай хотхонд 2 өрөө байр, 20 000 000 төгрөг өгөх, бэлэн 80 000 000 төгрөг өгөх, 1 өрөө байр, 40 000 000 төгрөг өгөх зэрэг саналыг тавьсан. Г.Ч арга буюу зөвшөөрч, Ү-2205028490 дугаартай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 32 м.кв газраа худалдаж 40 000 000 төгрөг авах, баригдсан барилгаас 33 м.кв 1 өрөө байр авахаар тохиролцсон. Гэхдээ бэлэн байгаа байрнаас авъя гэсэн боловч шинээр баригдах 1 өрөө 33 м.кв байр авахаар тулгасан. “АФГ проперти” ХХК нь бэлэн байр санал болгож байна гэх боловч яг очоод авъя гэхээр бид Хятад эзнээсээ асууна гээд алга болчихдог.

Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Энхтайваны гудамжны 39А байрны 1 тоот, 36 м.кв байрыг тухайн үед 50 000 000 төгрөгөөр үнэлж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

Уг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Д.Энхтүвшинтэй удаа дараа уулзсан. “АФГ проперти” ХХК нэрээ сольж “А” ХХК болж, байршлаа сольж Ханду зочид буудалд байрлах болсон.

Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал н.Болор гэх эмэгтэй байсан. Б.Энхтүвшин нь Г.Чт уг “АФГ проперти” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж итгүүлсэн. Г.Чийн байрыг “АФГ проперти” ХХК-д шилжүүлсний дараа уг компанийн бүх эд хөрөнгийг “А” ХХК-д шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас удаа дараа үүргийн гүйцэтгэл шаардсан боловч санал ирүүлээгүй. Эвлэрэх талаар өгөх гэж буй байрныхаа гэрэл зургийг хавсаргах, үнийг нь тодорхой болгох зэргээр шүүх хурлаас өмнө бидэнтэй холбогдох бүрэн боломж байсан.

Иймд “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн 2 талт гэрээ”-ний дагуу төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар олгох 1 өрөө 33 м.кв бүхий байрны үнэ болох 66 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Чийн хөрөнгө ашиглалтын шаардлага хангахгүй барилга байсан. “А” ХХК-ийн захиралтай уулзахад барилгын ажил эхлэх гэхээр шүүх дээр маргаан үүсчихсэн, энэ маргааныг дууссаны дараа барилгаа баръя гэж хүлээлгэдэг.

“А” ХХК-д барилга барих газар хэрэгтэй гэсэн. Г.Чт ТҮЦ-ээ зарах шаардлага үүссэн. Энэ хоёрт туслах гэж ийм байдалд орсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “А” ХХК, Г.Ч нарын хооронд гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд миний эрх ашиг сонирхол тусгагдаагүй. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөлд сонгон шалгаруулалтын тендер зарласан албан бичиг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц өмч ашиглахыг хориглох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хэд хэдэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “А” ХХК болон Г.Ч нарын хамтран ажиллах гэрээнд заасныг тус тус харахад ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн хяналтын газраас хориглосон, ямар ч ашиглах боломжгүй байшин байгаа учраас төсөл хэрэгжүүлж, шинээр барилга барих шаардлага бий болсон. Маргаан бүхий байрны хоёр нь Д.Энхтүвшингийнх. Нэгэнт ашиглалтын шаардлага хангахгүй байрны хажууд баригдсан үл хөдлөх хөрөнгө учраас Д.Энхтүвшин нь гэр бүлийнхээ хүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, “А” ХХК-тай тохирсон. Н.Эд гэм буруу байхгүй. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал гол нотлох баримт болгодог. Уг мэдээллийг харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан байна. Шүүхээс шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар дүгнэлт гаргуулсан бол өөр. Зах зээлийн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэ 800 000-аас давахгүй. Зуучийн компани үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын талаар мэдээлэл гаргах ёсгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзахгүй, цуцлахгүй. Тэгсэн мөртлөө 66 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага барилгын гадна байрлах үйлчилгээний талбайг 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн газар баригдах барилгаас нэхэмжлэгчид 33 м.кв талбайтай байр өгнө гэж байсан. Газрын гэрчилгээний асуудлаас болоод барилга баригдахгүй удсан. Барилгын ажил маргаантай байгаагаас эхлээгүй байгаа. Бид Д.Энхтүвшингээр дамжуулж, нэхэмжлэгчид 41 м.кв талбайтай байр өгье гэсэн ч нэхэмжлэгч талтай тохиролцоогүй. Нэхэмжлэгч газраа буцааж авах боломжтой. Нэхэмжлэгч тал ТҮЦ-ээ өөрсдөө нурааж, авч явсан учраас бид 40 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байгаа. 66 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 160 дугаар зүйлийн 160.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Алъянс проперти групп” ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “Алъянс проперти групп” ХХК-ийн бусад хөрөнгийг худалдах борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716 100 төгрөгөөс 628 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87 750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч “Алъянс проперти групп” ХХК-иас 487 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Алъянс проперти групп” ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “Альяанс проперти групп” ХХК-ийн бусад хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “487 950” гэснийг “628 350” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Б.Нандинчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаар шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэж заасныг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд. “...Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ"-ний 3.1-д барилга ашиглалтанд бүрэн орох хугацааг 18 сар буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж, гэрээний 3.2-т “төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан хугацаанд төслийг хэрэгжүүлж дуусаагүй тохиолдолд 3-6 сараар сунгаж болно. Мөн болзошгүй хүчин зүйлийн улмаас төсөл хэрэгжих явцад гарч болзошгүй цаг хугацааны байдлыг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж тохиролцсон байх боловч хэрэгт гэрээний хугацааг 3-6 сараар сунгасан, эсвэл сунгах талаар санал гаргасан баримт байхгүй байх тул гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэжээ.

Иргэн Г.Ч “АФГ проперти ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” төслийн 2 талт гэрээ байгуулагдсан ба гэрээний гол зорилго нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 21-р байрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан.

Тус гэрээ ёсоор “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” төслийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2 талт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Гэрээ нь талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр баталгаажих ба төсөл бүрэн хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэжээ.

Харин 3 дугаар зүйлд зааснаар гэрээ хэрэгжих эхний ээлжийн хугацаа 2016.03.01-ээс 2017.09.01-ний өдөр хүртэл буюу 1 жил 6 сарын хугацаатай байсан боловч төсөл хэрэгжүүлэгч талаас /гэрээний 3.2 дахь хэсэгт/ “Төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан хугацаанд төслийг хэрэгжүүлж дуусаагүй тохиолдолд 3-6 сараар сунгаж болно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн санаачлагаар 3-6 сараар сунгаж болохоор гэрээнд тусгажээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Ч нь анхан шатны шүүхэд анх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан байдаг. Түүнчлэн хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн шүүхээс хүлээн авч 2018.01.10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Эндээс дүгнэлт хийж үзвэл:

Гэрээнд заасан хугацаа 2018.03.01-ний өдөр сүүлчийн байдлаар дуусах боломжтой байсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар гэрээний хугацааг гарч болзошгүй нөхцөл байдлуудыг харгалзан тухай бүрт нь сунгаж болох, мөн 6 сараас дээш хугацаагаар сунгах тохиолдолд талууд харилцан зөвшилцөж шийдэлд хүрэх боломжтой талаар тусгасан байхад нэхэмжлэгч талаас гэрээний хугацааг харгалзалгүйгээр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхгүй үедээ нэхэмжлэл гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.” гэж заасан байх тул үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхгүй юм.

Харин шүүхийн шийдвэрт гэрээний хугацаа дууссан үед нэмэлт хугацаа тогтоосон талаар дурдаж үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний 3.2 дахь заалт нь төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар хийгдэх асуудал юм. Тиймээс нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр сунгаж болохоор зохицуулалтыг тусгасан юм.

Харин мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “...гэрээний хугацаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон бусад болзошгүй байдлаас шалтгаалан урт хугацаагаар /6 сараас дээш/ хойшлогдох тохиолдолд “А” талын зүгээс “Б” талтай харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь шаардах эрхгүй үедээ нэхэмжлэл гаргасан байтал нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ ёсоор гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан байтал шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд:

“...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-нд дууссан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талуудын байгуулсан гэрээний хугацааг сунгасан талаарх баримтгүй.” гэж дүгнэжээ.

Гэтэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-т “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж зааснаар “А” ХХК-ийн зүгээс иргэн Г.Чтэй уулзаж ажил эхлэхгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар ярилцаж зөвшилцөх талаар уулзаж санал тавьж байсан нь заавал гэрээний хугацаа сунгахаар бичгийн хэлбэрээр хэлцэл баталгаажуулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэхээр байна. Мөн дээр дурдсанчлан “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” төслийн 3.2 дахь хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар 3-6 сараар сунгах эрх, зохицуулалт байсныг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хариуцагч “А” ХХК нь Г.Чтэй байгуулсан гэрээний дагуу түүнд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон 33 м.кв хүртэл талбайтай нэг өрөө байр хүлээлгэн өгөх байсан боловч шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа нь түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж дүгнэхэд хүргэж байна. Мөн хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч үүрэг гүйцэтгэгч “А” ХХК нь үүнийгээ нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй, үүрэг гүйцэтгэгчийн буруугүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэм буруугаас болж хугацаа хэтэрсэн гэж дүгнэлээ...” гэжээ.

Харин Нийслэлийн шүүхийн магадлалын хянавал хэсэгт:

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа газрын зөвшөөрөл, гэрчилгээ гарахдаа их удсан гэх боловч газрын гэрчилгээ хариуцагчийн нэр дээр 2017 оны 02 дугаар сард гарсан, хариуцагч барилгын дээврийг хуулснаас өөрөөр тодорхой ажил хийгээгүй баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөп байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан байдаг.

“А” ХХК-ийн зүгээс хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн ажил удааширсан шалтгаан нь газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ гаралгүй урт хугацаагаар саатсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр компани нь үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн болон оршин суугчдын зүгээс өөрсдийн газрын гэрчилгээг гаргуулахгүй гэж газрын албанд хандсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч Г.Чийн газрын албанд гаргасан гомдол зэргээс шалтгаалан хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болсон гэх боломжгүй юм.

Энэхүү гэрээгээр тохиролцсон барилгын ажил удааширсан нөхцөл байдалд нэхэмжлэгчийн үүрэг оролцоо их байгаа гэж харж болохоор байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй, дээврийг хуулснаас өөр ажил хийгээгүй гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэгчийн буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Үүрэг гүйцэтгэгчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас болсон талаар дараах нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхэд шинжлэн судлуулсан ч нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Тухайлбал: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/366 дугаар захирамжаар Галсангийн Чулуунчимэгээс “АФГ проперти” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Харин “АФГ проперти” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 6-ны өдөр “Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Энэ нь “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” төслийн 2 талт гэрээний төсөл хэрэгжих үндсэн хугацаа тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “2016.03.01-2017.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 сар хэрэгжихээс гэрээнд заасан хугацаанд хэрэгжих боломжгүй байдалд хүргэсэн 1 дэх нөхцөл байдал гэж үзэхээр байна. Газар эзэмших нэр шилжүүлэхэд талуудын зүгээс 4 сар 5 хоногийн хугацаа алдагдсан. Гэрээ ёсоор бол төсөл хэрэгжиж эхэлсэн байх цаг хугацаа юм.

Мөн хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай “Прокурорын тогтоол”-оор “яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тус тогтоолд дурдагдснаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай дурдсан байна. Энэ нь мөн л гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад гаргасан асуудал байсан. ЭХХШТХ-ийн 30.12 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хугацааг 1-4 сарын хугацаатай байна. Дээрхээс үзэхэд 2017 оны 04-05 дугаар сарын хугацаанд Г.Чийн зүгээс эрүүгийн журмаар шалгуулж “А” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд оруулж байсан нь харагдаж байна.Энэхүү нөхцөл байдал нь хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг, хариуцагч Н.Эгийн тайлбар, хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын тайлбараас тодорхой харагдаж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас тодорхой харагдаж байтал шүүх хэт нэг талыг баримталж, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Г.Ч, “А” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний дагуу тус байрлалд шинээр ашиглалтанд орсон барилгад 33 м.кв хүртэл талбайтай 1 өрөө байрыг нэхэмжлэгч Г.Ч олгох байсан тул түүний үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийн индексийг тодорхойлуулахаар “Тэнхлэг зууч” ХХК-д хандаж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам орчмын шинэ орон сууцны 1 м.кв талбайн үнэ орон сууц ашиглалтанд орох үед буюу 2017 оны 12 дугаар сарын байдлаар 2 087 125 төгрөгийн үнэтэй байсан гэх судалгааг ашиглаж 66 000 000 төгрөг шаардсаныг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул хохирлын хэмжээг 66 000 000 төгрөгөөр тооцох боломжтой” гэж дүгнэжээ.

Харин Нийслэлийн шүүхийн магадлалын хянавал хэсгээр:

Хариуцагчийн “...үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч ЗЗ м.кв хүртэлх 1 өрөө орон сууцыг л биет байдлаар авах ёстой” гэсэн татгалзал үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэсэн ойлголтонд “...эд хөрөнгийн алдагдал” бас хамаарах юм.

Нэгэнт гэрээгээр тохиролцсон үүрэг нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гүйцэтгэх боломжгүй болсон, 33 м.кв хүртэлх талбайтай нэг өрөө сууц авах, эсхүл тухайн хэмжээний хохирол шаардах эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүссэн тул хариуцагчийн үүрэг дуусгавар болоогүй. Түүнчлэн талууд гэрээний үүргийг тохиролцож өөр үүргээр солиогүй.”

Талууд “33 м.кв хүртэлх” гэсэн үгэнд маргасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар хүртэлх гэдэг үгийг 33 м.кв гэж ойлгоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:

“Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Б талын өмчлөлд байгаа 32 м.кв /үл хөдлөхийн гэрчилгээн дээрх хэмжээ/ хэмжээтэй обьектийг 40 000 000 төгрөгөөр “А” тал худалдан авч, худалдах-худалдан авах гэрээгээр баталгаажуулах ба барилга бүрэн ашиглалтанд ороход тус байрлалд шинээр баригдах байранд төсөл хэрэгжүүлэгчийн сонголтоор 33 м.кв хүртэлх 1 өрөө орон сууцыг нэмж олгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгчийн сонголтоор дээд тал нь 33 мкв хүртэлх нэг өрөө байр олгохоор тохиролцсон. Энэхүү байрны м.кв-ыг заавал 33 м.кв байхаар гэрээгээр тохирсон зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс ямар тайлбар, баримтыг үндэслэн шууд заан хариуцагч байгууллагын эрх ашиг сонирхлыг хохироож ЗЗ м.кв гэж дүгнэж байгааг шүүхийн шийдвэртээ дурдаагүй байна. Тухайн байр ашиглалтанд орсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч болох “Альянс пропөрти групп” ХХК-иас өөрсдийн байрны бололцоо, зах зээлийн үнэлгээг харгалзан олгохоор тохиролцсон юм. Түүнчлэн гэрээ ёсоор иргэн Г.Чийн эзэмшлийн 32 м.кв байрыг 40 000 000 төгрөгөөр худалдан авч, худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь хэрэгт баримтаар байгаа ба зохигчид энэ талаар маргаангүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхэд “Тэнхлэг зууч” ХХК-ийн үнэлгээгээр тооцож 66 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Тухайлбал: шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Н.Эгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал гол нотлох баримт болгодог. Уг мэдээллийг харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан болох нь тодорхой харагдаж байна. Шүүхээс шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар дүгнэлт гаргуулсан бол өөр, зах зээлийн үнэлгээгээр м.кв-ын үнэ 800 000-аас давахгүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд барилгын хийц, материал, байршил, шугам сүлжээ хамаарна. Иймд зуучийн компани үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын мэдээлэл гаргах ёсгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзахгүй, цуцлахгүй гэсэн мөртлөө 66 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

Иймээс анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч үгүйсгэж маргаагүй тул хохирлын хэмжээг 66 000 000 төгрөгөөр тооцох боломжтой гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээр хариуцагчид үгүйсгэсэн баримт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаантай үнэлгээг маргаангүй мэтээр дүгнэх, үгүйсгэсэн тайлбар мэдүүлгийг үнэлэхгүйгээр баримтгүй гэж үзэж хариуцагч талын татгалзлыг хэрхэн үгүйсгэж няцааж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Харин хариуцагч “А” ХХК-иас анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагатай холбогдуулан гаргасан дүгнэлтэнд маргаангүй, үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа болно.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Г.Ч нь “А” ХХК, Н.Э нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 66 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцааны хөрөнгө үүргийн гүйцэтгэлд хүрэхгүй бол хариуцагчийн хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-иас 66 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

“АФГ проперти” ХХК, Г.Ч нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдөр №005 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр А тал буюу “АФГ” ХХК нь  Б тал буюу иргэн Г.Чийн өмчлөлийн 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр худалдан авч, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт шинээр баригдах байранд 33 м.кв хүртэлх 1 өрөө орон сууцыг нэмж олгохоор, Г.Ч нь гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор газар чөлөөлөлтийг өөрийн хүсэлт, санаачилгаар шуурхай зохион байгуулж, төсөл хэрэгжилтэнд туслахаар харилцан тохиролцжээ.

Гэрээ хэрэгжих явцад хариуцагч “АФГ проперти” ХХК нь оноосон нэрээ өөрчилж, “А” ХХК болсон байна.

Гэрээний дагуу Г.Ч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч харилцан тохиролцсон 40 000 000 төгрөгийг төлсөн байна.

Харин дахин хөрөнгөжүүлэх төслийн дагуу баригдах барилгыг хугацаанд нь бариагүй үндэслэлээр 33 м.кв талбай бүхий орон сууцны үнийг 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцож, 66 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1., 165 дугаар зүйлийн 165.1. дэх заалтад нийцсэн байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон, харин ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиалагч өөрт учирсан хохирлыг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч орон сууц барьж, ашиглалтад оруулах гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 33 м.кв орон сууцны үнээр өөрт учирсан хохирлыг тооцсон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч “А” ХХК-иас 66 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтад нийцсэн боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгийг тодорхой заагаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж, барьцааны хөрөнгийг нэрлэн заах нь зүйтэй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...175.1. дэх хэсэгт зааснаар...” гэсний дараа “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамжны 39а байрны 01 тоот орон сууц болох...” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Б.Нандинчулууны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР        

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД