| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0223/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/247 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Г*******ы *******эд холбогдох эрүүгийн 2115001540241 дугаартай, 163/2021/0223/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г*******ы *******, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд 2 удаа ял шийтгүүлж байсан. /РД: .../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн мэдүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар Г.*******ийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг, Дашинчилэн сум, “Доргонт” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний ажилчдын байранд байсан иргэн С.*******ын цүнхнээс “Хаан” банкны виза картыг нь хулгайлж, уг картаас 1.229.500 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115001540241 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг, Дашинчилэн сум, “Доргонт” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний ажилчдын байранд байсан иргэн С.*******ын цүнхнээс “Хаан” банкны виза картыг нь хулгайлж, уг картаас 1.229.500 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.*******ын өгсөн: “... Би “*******” ХХК-нд жолоочоор ажилладаг. Манай компанид ковшийн жолоочоор ажилладаг ******* гэх залуу надтай нэг гэрт байрлаж, амьдардаг байсан. ******* нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот явахдаа миний “Хаан” банкны картыг хулгай хийж авсан. Би картаа хиртэй хувцасныхаа доор шуудайнд хийгээд тавьсан байсан. ******* нь миний картаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг, 23 минутаас 11 цаг, 54 минутын хооронд 2000, 1.000.000, 92.500, 20.000, 115.000 төгрөгийг уншуулж, нийт 1.229.500 төгрөг хулгайлсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа буугаад байж байтал миний гар утаст ээж залгаад “корона тусчихлаа” гэсэн. Би хариуцсан даргаасаа 7 хоногийн чөлөө аваад өөрийн байрлаж байгаа гэрт орж хувцсаа бэлдээд байж байтал ******* ахын цүнх нь орон дээр ил байсан. Би цүнхийг онгойлгож виза картыг нь авсан. Тэгээд таксигаар Төв аймгийн Заамар сумын “Сов” гэх газарт хүргүүлсэн. ...Орхон аймгийн бараан зах ороод өөртөө хувцас аваад ******* ахын картаар хувцасныхаа тооцоог хийсэн. Дахин ******* ахын виза картыг АТМ-д уншуулаад бэлэн нэг сая төгрөг авсан. Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтэж байсан ээжтэйгээ уулзсан. ...Уг мөнгөөрөө ойр зуурын юм аваад дуусгасан. ...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,
Банкны дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.*******ын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.*******ийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.*******ийн хохирогч С.*******ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.******* нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг, Дашинчилэн сум, “Доргонт” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний ажилчдын байранд байсан иргэн С.*******ын цүнхнээс “Хаан” банкны виза картыг нь хулгайлж, уг картаас 1.229.500 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.*******ад 1.229.500 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Г.******* нь хохирогч С.*******ад 1.235.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Г.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 38-54 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр шүүгдэгч Г.******* нь ам бүл 6, ээж, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаантын 30-20 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын байдлыг тогтоосон байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/101 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/101 дугаартай тогтоолд дурдсан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г*******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.*******эд шүүхээс оногдуулсан 2 жилийн тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******эд сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР