Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2115001850244 дугаартай, 163/2021/0225/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Эрэн харуул овогт Эрдэнэбилэгийн *******, 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Булган аймаг, Бугат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ... тоотод оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.*******ыг 2021 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.*******тэй маргалдах явцдаа түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч Э.*******ыг 2021 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.*******тэй маргалдах явцдаа түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115001850244 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь 2021 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.*******ийн өгсөн: “...Архиа хувааж уугаад хэвтэж байтал Ууганаа агсам тавиад эхэлсэн. Тэгэхээр нь би “юунд тэгдэг юм” гээд хэлэх зуур миний толгой хэсэгт цохисон. Би тухайн үед юунаас болж маргалдаж агсам тавьсан болон намайг юугаар цохисон болохыг сайн санахгүй байна. ...маргаж эхлэх үед “янхан найзыгаа өмөөрдөг” гээд намайг чанга дуугаар агсраад, үснээс зулгааж зуураад байсныг санаж байна. Тэгээд удалгүй миний толгойноос нүүр дагаад цус гарахаар нь би “******* намайг зодчихлоо, арай ч дээ, цагдаа дуудна, би гомдолтой байна” гэхэд тухайн үед ******* ******* эгчийнд байгаагүй гараад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-8-9, 12-13 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.*******ын өгсөн: “...*******ийн нүүр нь цус болчихсон уйлаад “эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ, Ууганаа намайг цохисон” гээд байсан.  ...“Юу болчихоо вэ? яасан юм бэ” гэхэд Ууганаа “та нар янхан, бие биеэ өмөөрлөө” гээд агсам тавиад, мөн  эхнэртээ агсарч байгаад Ууганаа гутлаа өмсөөд гараад явсан. Тэгээд Ууганаа гэртээ хариад эхнэрийнхээ утаст залгаад “Солонго байна уу?” гэхээр нь “чамтай явсан юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Тухайн үед Солонго манайд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх- 20-21, 23-24 тал/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.*******ы өгсөн: “...Байшинд ороход байшингийн үүдний өрөөнд хаалганы баруун талд шалан дээр цус мэт улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байдалтай, *******ийн нүүр нь цус болчихсон байж байсан. *******ээс юу болсон талаар асуухад ******* надад “Солонго” гэх манай найзын нөхөр ******* намайг цохиод гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би *******ээс “та хаанаа ямар шарх авсан юм бэ?” гэж асуухад ******* толгойн орой хэсэгт гэсэн ба язарсан шархтай байсан...” гэх  мэдүүлэг /хх- 31-32 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.*******ын өгсөн: “...Би эмээгийн орны урдуур газарт ороо засаад унтчихсан. Тэгтэл эмэгтэй хүн уйлаад “чи намайг цохилоо” гээд чанга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ******* эгч уйлж орилоод зогсож байсан. Тухайн үед 02-03 цаг болж байсан. Би цаг анзаарч хараагүй. ******* эгчийн толгойноос цус гараад нүүрийг нь дагаад урсаж байсан. ******* гэх ахыг сууж байхад нь очоод “чи намайг зодлоо” гээд хацарт нь 2 удаа алгадсан. Тэгтэл нөгөө ах нь “гичий минь чи ийм болохоороо нөхөртөө хаягддаг” гээд хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх- 36 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №229 дугаартай:

1. А.*******ийн биед тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр учирсан байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-46-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.*******ын хохирогчийн биед халдан зодох, үсдэх, толгой хэсэгт цохих зэрэг нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ыг 2021 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Э.*******ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/106 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 53, 59 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр шүүгдэгч Э.******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Булган сум, 4 дүгээр багийн Зүүн түрүүний Барилгачдын хорооны 803 тоотод амьдардаг, Хөдөө аж ахуйн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд галч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын байдлыг тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Э.*******ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрэн харуул овогт Эрдэнэбилэгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР