Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.*******од холбогдох эрүүгийн 2115000000261 дугаартай, 163/2021/0226/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Цэдэнжавын *******, 1974 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг, Бугат суманд төрсөн, 47 настай, эрэгтэй,  ... багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эмээ, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч Ц.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймаг, Гурванбулаг сум, 4 дүгээр багийн нутаг “Бэлчир” гэх газарт иргэн Л.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115000000261 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймаг, Гурванбулаг сум, 4 дүгээр багийн нутаг “Бэлчир” гэх газарт иргэн Л.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.*******ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Бэлчир” гэх газарт байх өөрийн тариан талбай дээрх ажлаа дуусгасан. Тэгээд амрах гээд машин дотроо байж байтал манай тэр хавьд тариа тарьсан Болд гэх хүн согтуу ирээд “*******, ******* хоёрыг ална” гээд гэрт орж байгаа харагдсан. Тэгээд гэрт хашхираад, тэнд байгаа хүмүүст агсам тавиад байсан. Би тэр үед ингэж байгаад унтаад өгөх юм байгаа биз гээд машинаасаа гарахгүй байж байсан. Тэгтэл Болд ирээд машин гаднаас нь нүдээд байхаар нь гартал гартаа хутга барьчихсан “чамайг ална” гэж хэлээд дайрсан. Би машины ард байсан яргай ташуурыг аваад цохитол ташуур хугарсан. Намайг хутгатай гараараа зангахаар нь би гараараа хаахад миний гарыг зүсчих шиг болсон. Тэгээд тэр үедээ гараа хутгаар зүсүүлсэн гэдгээ мэдээд Болдыг тайвшруулаад цааш нь дагуулж явсан. Тэгээд юм ярьж байгаад Болд хутгаа хаясан. Дараа нь сумын төв орж боолт хийлгэе гээд сумын эмнэлэг дээр иртэл боолт хийхгүй, оёдол тавихаас нааш наадах чинь болохгүй гэж хэлээд 7 оёдол хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой тариан талбай дээр ажлаа дууссан. Гэртээ орж ирээд орон дээр хэвтэж байхад гаднаас Болд халамцуу орж ирсэн. Тэгээд орж ирээд “*******, Норов зэргийг ална” гээд янз, янзын юм яриад байсан. Тэгээд байж байснаа над руу хүрч ирээд, буцаад яваад өгсөн. Тэгснээ намайг “зайл, пизда минь” гэж хэлэхээр нь би гараад машин дотор ороод унтсан. Тэгээд мотоцикл асах дуу гарахаар нь сэрээд гэрт ортол гэрт байсан 2 залуугийн нэг нь Норов ахын гарыг Болд хутгаар зүсээд төв явчихсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх- 19-20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******ын өгсөн: “...Эргээд хартал Болд ах миний дэргэд сууж байсан. Тэгээд орон дээр хэвтэж байхад ******* ахыг “ална” энэ тэр гээд юм ярьж байсан. ******* ахыг “зайл пизда минь” гэж хэлэхэд ******* ах гараад явсан. Тэгээд би ороо засаад хэвтэж байтал Болд ах тэр хавиар балай, балай юм яриад яваад байсан. Тэгэхээр нь би “энд унтвал унт, эсвэл бид унтаж амрах гээд байна” гэж хэлэхэд гараад явсан. Тэгээд чимээ чагнаад байсан чинь гадаа Норов ахыг ална гээд тэр 2 хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Би гараад “больцгоо” гэж хэлэхэд Норов ах “гэртээ ор, ор бид 2 хоорондоо учраа олно” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрт ороод байж байтал чимээгүй болохоор нь хоорондоо учраа олчихсон юм байх гэж бодсон. Гэтэл Норов ах машинаа унаад явсан. Болд ах гэрт орж ирээд гараа угааж байхдаа “Болд ах Норовын гарыг нь зүсчих шиг боллоо” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-23- 24тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №610 дугаартай:

1. Л.*******ын биед зүүн гарын сарвуунд 1 тооны зүсэгдсэн шарх, дээд уруулд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. …” гэх дүгнэлт /хх-31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.*******ын хохирогчийн биед халдан түүний биед ир үзүүртэй зүйлээр хатгах нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Гурванбулаг сум, 4 дүгээр багийн нутаг “Бэлчир” гэх газарт иргэн Л.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Шүүгдэгч нь хохирогч Л.*******т эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн тул хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ц.*******ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ц.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 47-56 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тооллогын бүртгэл зэргээр шүүгдэгч Ц.******* нь ам бүл 8, эмээ, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Гурванбулаг сум, 5 дугаар багт оршин суух хаягтай, малчин, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын байдлыг тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/109 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай шар эрээн өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 13 см, ажлын хэсэгтээ “ОРТИЦЯ” гэсэн бичиглэл бүхий хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой Цэдэнжавын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай шар эрээн өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 13 см, ажлын хэсэгтээ “ОРТИЦЯ” гэсэн бичиглэл бүхий хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР