Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 743

 

 

 

 

зГАДЛАЛ

 

 

 

 

Я.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батхишиг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А

шүүгдэгч Я.Г, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Я.Гт холбогдох 1803002140161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Я Г, 1981 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Я.Г нь 2018 оны 2 дугаар сарын 16-ны орой 18 цаг 08 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефтийн замд “Kia Bongo” загварын, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б-ийн жолоодож явсан “Toyota premio” загварын, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 472.000 төгрөг, нийт 672.000 төгрөгийн хохирол, зорчигч 12 настай Б.Н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газар: Я.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Я.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Я.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Г-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан Я.Г-оос 4.766.770 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д олгох, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Г урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Я.Г-ийн жолоочийн В ангилалын 311531 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,

          Я.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Я.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би анх удаа санамсар болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ тэр дороо хүлээн зөвшөөрч, хэдийгээр даатгалгүй байсан ч мөргөсөн машины хохиролд Цагдаагийн дүгнэлтийг үндэслэж, тэр даруй 672.000 төгрөгийг бүрэн төлж, хохиролгүй болгосон. Би урд яваа машины араас мөргөснөөс болж 13 настай Н-ийн биед учирсан эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлөхийг чармайж, нийт 3.053.600 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж 816.000 төгрөгийн баримт өгч, нийт 4.766.770 төгрөг болсон ба энэ мөнгийг төлнө гэдгээ бодитоор илэрхийлсэн.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмийн зардлууд гэж ямар ч тамга тэмдэг, гарын үсэггүй баримтууд болон нэг эмийг маш олон арваар давхардуулан бичиж үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэмжилсэн ч би хүүхдийн эрүүл мэндийн төлөө өгч байгаа гэдгээ ухамсарлан бүгдийг төлнө гэж мэдүүлсэн. 4.766.770 төгрөгийг төлнө гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

          Би гэм буруугаа ойлгож байгаагаа олон удаа илэрхийлсэн. Гэтэл улсын яллагч надад ялын дээд хэмжээг өгөх санал гаргаж, надад 1 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний эхнэр Б хохирлын мөнгийг төлөхийн төлөө өдөр шөнөгүй явж байна. Хүний өмнөөс эвгүй үг ч хэлж чаддаггүй над шиг хүн энэ шоронд сууж байгаа нь хэцүү байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэжээ.

 

          Шүүгдэгч Я.Г-ийн өмгөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн хувьд маш олон эргэлзээ бүхий зүйлс байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Хохирогчийг тээвэрлэж байсан түүний эцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн олон зүйл заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 95-96 дугаар хуудаст “.....Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодож байсан. Хойд талын сандал дээр охин маань хөндлөнгөөрөө хэвтэж явсан. Би урд талд нөхрийнхөө хажууд сууж байсан. Манай нөхрийн автомашины урдуур нэг хүн явж байхыг гэнэт олж харсан. Урд чинь хүн явж байна гэж хэлэхэд манай нөхөр огцом зогссон.” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудаст, насанд хүрээгүй хохирогч Нгийн өгсөн мэдүүлэгт “65-89 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай аав жолоодож байсан. Манай ээж урд талын суудал дээр суусан, би ард талын суудал дээр ганцаараа хөндлөнгөөрөө хэвтэж явсан” гэж хэлсэн байдаг. Жолооч Замын хөдөлгөөний дүрмээр яваагүй, зорчигчийг буруу тээвэрлэж явсан, хамгаалалтын бүс хэрэглээгүй гэдэг нь олон удаагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан учраас өмгөөлөгчийн хувьд мөрдөн байцаагчид хүсэлт тавьж байгаад нэмэлт шинжээчийн дүгнэлт хийлгүүлсэн. Шинжээчийн дүгнэлт 40 хоногийн дараа хийгдэхдээ, яаж хийгдсэн бэ гэдэг нь эргэлзээтэй байсан учраас нэмэлт шинжилгээ хийлгэхээр өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Ханхүү гэх хүн дүгнэлт гаргасан байсан. Нэмэлт шинжилгээ хийлгэхэд шинжээч эмч Г.Ханхүү ямар нэгэн бүрэлдэхүүнгүйгээр өөрөө дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Өмнө нь дүгнэлт гаргасан шинжээч эмчийг дахин оролцуулахгүй, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох ёстой байтал анх дүгнэлт гаргасан шинжээч эмч дахин дүгнэлт гаргана гэдэг нь өөрийнхөө гаргасан дүгнэлтийг батлах үндэслэлтэй гэж үзэж байна. Хувийн байдлын тухайд анх удаагийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хэргийн газар дээр хохирогчид эмнэлгийн тусламж болон мөнгөн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Автомашинд гарсан эвдрэл гэмтлийн үнэ болох 672.000 төгрөгийг газар дээр нь төлсөн. Хохирогчийн ар гэрээс нэг ч удаа миний үйлчлүүлэгч уучлалт гуйгаагүй юм шиг зүйл хэлж байна. Шүүгдэгч Я.Г сул дуутай, сандруу, аяархан хэлсэн зүйлийг сонсохдоо муу. Шүүх хуралдаан дээр хохирогчоос уучлалт хүссэн боловч энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна. Миний үйлчлүүлэгч эхнэр, хүүхдийн хамт хотоос зайдуу гахай үржүүлж амьдардаг. Гахай зарж эмчилгээний зардлыг төлөх гэж оролдсон. Нийт 6.500.000 төгрөг төлж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, учруулсан хохирлоо барагдуулах гэж хичээж байсан нь үүгээр харагдаж байна. Шинэ Эрүүгийн хуулиар хохирлоо төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс “учирсан гэм хорын хохирлыг төлөөгүй байгаа учраас 2,8 жилийн хорих ялын санал” гаргасан. Харин ч шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж 1,6 жилийн хорих ял оногдуулсан. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч Я.Г нийт 55 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас энэ зүйлд заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Тухайн үед шүүгдэгч Я.Г манай хүүхдийг гэмтээснээ хүлээн зөвшөөрөөгүй, эмчилгээний зардлыг дутуу төлж, үл хайхарсан байдалтай байсан. Үлдсэн 4.766.000 төгрөгийг шүүгдэгчийн эхнэр нь төлсөн. Миний охин эмчлэгдэх 65 хувийн магадлалтай гэсэн. 13 настай хүүхэд татаж унадаг, өөрийн мэдэлгүй хүндэрдэг болсон. Зуны 3 сар эмчилгээ хийлгээд дээрдэж байгаа боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нэгээр нэмсэн. Ар гэрийн зүгээс хүүхдийнхээ эмчилгээнд 15.000.000 төгрөг гаргасан. Шүүгдэгч Я.Г-оос бид өмгөөлөгчийн зардал, ажилгүй болсны зардал гэж ямар нэгэн мөнгө нэхээгүй. Зөвхөн миний хүүхдийг эрүүл болгоход сэтгэлээрээ туслаад, буруугаа ухамсарлаад хүрч ирээд байсан бол бидний зүгээс залуу хүнийг яллах хүсэлгүй байсан...” гэв.

 

Прокурор Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Г-ийн хэрэгт эхнээсээ хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн. Хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ томилолтоор шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгчийн хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэх хүртэл “энэ хүүхэд угаасаа сул биетэй, суурь гэмтэлтэй, тархины наалдацтай” гэдэг байдлаар асуудалд хандаж ирсэн. Хохирлоо төлөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “тэр дор нь хохирлыг нөхөн төлүүлэхээр даатгал дуудсан” гэж худлаа хэлж байна. Шүүгдэгч Я.Гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл ямар нэгэн даатгалгүй. Хохирол төлбөрийг төлүүлэх гэж ардаас нь олон удаа хөөцөлдсөн. Хохирогчийн тархины зүүн талын чамархайд үүссэн уйланхайн наалдацыг хуучин гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хуучин гэмтэл нь сэдэрсэн учраас хохирогчийн биеийн байдал дордсон байна уу гэдэг үүднээс нэмэлт шинжилгээ гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт дээр эргэлзээ бүхий, маргалдах асуудал байхгүй. Замын техникийн дүгнэлтийг өмгөөлөгч эсхүл прокурор гаргахгүй. Албан ёсны тусгай мэдлэг бүхий техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулна. Жолоочийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байхад нь прокуророос урьдчилсан байдлаар үнэлэлт, дүгнэлт хийж буруутгах үндэслэл байхгүй. Харин шүүгдэгч Я.Г урдаа болон хажуудаа явж байгаа тээврийн хэрэгслийн зайг баримжаалаагүйгээс болж осол гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэрэгт огт байхгүй мэдүүлгийн талаар хэлж байна. Хаанаас, ямар зүйл гаргаж ирээд хэлж байгааг ойлгохгүй байна. Улсын яллагчийн зүгээс хэт нэг талыг барьж ажилласан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Я.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Шүүгдэгч Я.Г нь 2018 оны 2 дугаар сарын 16-ны оройн 18 цаг 08 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефтийн замд “Kia Bongo” загварын, 47-80 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох  Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б-н жолоодож явсан “Toyota premio” загварын, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 472.000 төгрөг, нийт 672.000 төгрөгийн хохирол, зорчигч 12 настай Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Я.Г-ийн шүүх хуралдаанд зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх 208/,  зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/, насанд хүрээгүй хохирогч Б.Н-гийн мэдүүлэг /хх 28-29/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  О.А-ын мэдүүлэг /хх 31-32/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-76/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хх 77-78/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2713 дугаар дүгнэлт /хх-98/, замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-120-121/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 554 дүгээр дүгнэлт /хх-133-135/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Г-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн тээврийн хэрэгслийн эвдрэлд хохиролд 672.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Я.Г-ийн “...миний хувийн байдал болон бодит хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, уг зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-гийн биед хүнд гэмтэл учирсан ба үүнээс үүдэн татаж унадаг, өөрийн мэдэлгүй бие засдаг болсон, биеийн байдал сайжрахгүй, байнгын асаргаа сувилгаанд байгаа талаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх эмнэлгийн дүгнэлт, Б.Н-гийн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс Я.Г-т оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд шүүгдэгч Я.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгов.

Харин шийтгэх тогтоолд Я.Г-ийн эцгийн нэрийг Я-н гэж буруу бичсэн байгааг Я-О-ын гэж зөвтгөн, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Я.Г-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Аад 4.800.000 төгрөг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Я-ын...” гэснийг “...Я-ын...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Я.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ад 4.800.000 төгрөг өгснийг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

                                                            Л.ДАРЬСҮРЭН