Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0188

 

“Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн захирал Ш.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч У.Ц нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17 -ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани тусгай зөвшөөрөл бүхий газарт 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад хүргүүлсэн боловч уг төлөвлөгөөг баталсан эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргах хугацаа дөхсөн тул бид удаа дараа Баянхангай сумын Засаг даргад албан бичгээр хариу авахыг шаардсан боловч мөн л хариу ирүүлээгүй. Бид төлөвлөгөө батлагдахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст тусгай зөвшөөрөл сунгуулах хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, манай компанийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу материалын бүрдэл дутуу байна гэсэн үндэслэлээр ХҮ-013647 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан...

Бид энэ хайгуулын ажилд нийт 294.239.207 төгрөгийн зардал гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар манай компанийн хайгуулын үйл ажиллагаанд болон хамтран ажиллах гэрээний дагуу гаргасан зардал үр ашиггүй болж хохироод байна. Иймд, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын “Б т” ХХК-ийн Тээг нэртэй ХҮ-013647 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, манай компанид учирсан хохирол болох 294.239.207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга У.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 04 дүгээр сарын 08-нд “Б т” ХХК-аас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлуулахаар тус компанийн геологич Б.Цогнэмэх ирж уулзсан. Тухайн үед Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Хишигбаатарыг дуудаж уулзаад манай сумын зүгээс 2011, 2012, 2013 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний тайлан, хайгуулын ажил зарцуулсан зардлын талаар мэдээллээ даруй хугацаанд ирүүлэхээр геологич Б.Цогнэмэхэд санал тавьж, 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах тухай дахин ярилцахаар тохиролцсон. Гэтэл төлөвлөгөөний тайлан ирүүлээгүй... “Б т” ХХК-аас нэхэмжилсэн 294.239.207 төгрөгнөөс иргэн С.Бт 90.000.000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдож байхад Засаг дарга, Засаг даргын Тамгын газар төлөх үндэслэлгүй. Манай сумын буруутай үйлдлээс болж тус компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй учир 204.239.207 сая төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутагт байрлах Тээг нэртэй газарт орших ХҮ-013647 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлаагүй Баянхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, компанид учирсан хохирол 294.239.207 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: ...1.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчин, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “Б т” ХХК нь Төв аймгийн Баянхангай, Лүн сумыг дамжсан Тээг нэртэй ХҮ-013647Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхангай, Лүн суманд албан бичиг, төлөвлөгөөний хамт авч очоод Лүн сумын Засаг дарга төлөвлөгөөг мөн өдөрт баталсан. Тухайн өдөр Лүн сумаас Баянхангай сум орж төлөвлөгөө, албан бичгээ тус сумын Засаг даргад өгч, буцаад Лүн сум орсон. Энэ талаар Лүн сумын байгаль орчны байцаагч Чулуунбаатарын өгсөн тодорхойлолтыг шүүх хуралдаан дээр гарган өгч, тодорхойлолттой холбогдуулан түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах, Лүн сумын Засаг даргын Тамгын газраас баталсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан.

Шүүгч энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй тул энэхүү үйлдэлтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах тухай асуусан учраас дахин ийм хүсэлт гаргах эрх та нарт байхгүй гээд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол татгалзах хүсэлт гаргах эрхийг зөрчин, бидний хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр авалгүйгээр хуралдааныг албадан үргэлжлүүлсэн. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.Х даргалсан хуралдаанаас Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын “Б т” ХХК-ийн Тээг нэртэй ХҮ-013647Х тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлаагүй хууль бус эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч энэхүү эс үйлдэхүйн улмаас тус компанид учирсан хохирол болох 294.239.207 төгрөгийг хариуцан арилгах зөвшөөрлийг баталсан шүүгчийн 2015 онь 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг сэргээсэн.

Энэхүү хуралдааныг хийхдээ нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, тус аймгийн иргэн С.Бын “Б т” ХХК-аас 50 сая төгрөгийг л хоёр хувааж авсан, харин 40 сая төгрөг аваагүй гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй тайлбарыг нотлох баримтаар үнэлж, шинэ нөхцөл байдал гэж үзэн шийдвэрлэсэн. Мөн С.Бт шүүхэд дээрх худал мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэхүү эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ч тус шүүгч гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Эдгээр нөхцөл байдлуудаас үндэслэн шүүгч Б.Хг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж байсан, хэрэгт ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болсон. Гэтэл шүүгч хүсэлтийг хэлэлцүүлэлгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.6-д заасныг зөрчсөн.

2. Манай компанийн ажилтан албан хүсэлтийг төлөвлөгөөний хамт Засаг дарга Цолмонд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарт нь өгөхөд Засаг дарга өөрөө орхиод яв гэж хэлсэн байдаг. Дээрх хуулинд “Бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасан. Иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авах нь төрийн байгууллагын үүрэг байх бөгөөд У.Ц дарга өөрөө хүлээн авсан хүсэлт төлөвлөгөөг хариуцсан ажилтанд өгч бүртгүүлэх үүрэгтэй. У.Ц тус сумын Засаг даргаар 2014 оны 03 дугаар сарын 28-нд томилогдож ажлаа 31-нд хүлээн авсан тухай баримт, манай компанийн мөн оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан тоот, Лүн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Чулуунбаатарын тодорхойлолт зэргээр бид хүсэлт болон төлөвлөгөөг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхангай сумын Засаг даргад өгсөн болох нь нотлогддог.

3. Манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусах байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог. Бид дээрх төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд буюу У.Ц Засаг даргын зөвшөөрснөөр тооцвол 2014 оны 04 дүгээр сарын 08-нд батлуулахаар түүнд хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу Баянхангай сумын Засаг дарга мөн оны 04 дүгээр сарын 18-ны дотор төлөвлөгөөг баталж, манайд хүргүүлэх ёстой байсан. Тус сумын байгаль орчны байцаагч Хишигбаатарын Засаг даргадаа хандсан “Б т” ХХК-ийн төлөвлөгөөг батлахгүй байх ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй байх тул төлөвлөгөөг баталж өгөх нь зүйтэй” гэсэн албан бичиг хавтаст хэрэгт байдаг, гэрчийн мэдүүлэг өгөхдөө тэр энэхүү бичгийг 2014 оны 04 дүгээр сарын арван хэднээр Засаг даргад өгсөн тухай хэлдэг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан 2013 оны хайгуулын ажлын тайлангийн 7 дугаар маягтад заасан 2013 оны байгаль орчны нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний тайланг Хишигбаатар хянаад баталсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд Засаг дарга төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл, эрх хэмжээг заасан ямар нэгэн заалт байхгүй. Эдгээрээс үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2013 оны төлөвлөгөөний тайлан, хайгуулын ажлын зардлын тайлан зэргийг Засаг дарга шаардсан байхад ирүүлээгүй тул дээрх төлөвлөгөөг батлаагүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн нь үндэслэлгүй. Харин Баянхангай сумын Засаг дарга нь манай байгаль орчныг нөхөн сэргээх ажлын 2014 оны төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд нь баталж хүргүүлэх үүрэгтэй байсан, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс бид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй болох нь бүрэн нотлогддог.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах тухай өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл хүчингүй болох ямар нэгэн хууль зүйн зохицуулалт байхгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн хугацааг сэргээх хууль зүйн зохицуулалт бий бөгөөд дээрх хугацаанд сунгуулах хүсэлт гаргаж чадаагүй нь Баянхангай сумын Засаг дарга томилогдохгүй байсан, мөн томилогдсон Засаг дарга хүсэлтэд хавсарган өгөх ёстой төлөвлөгөөг батлахгүй байснаас болсон. Бид энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хугацаанд нь өгч чадахгүй байгаа тул хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Ашигт малтмалын газарт хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Үүний дагуу тусгай зөвшөөрөл кадастрын бүртгэлээс хасах хугацаа хойшлогдож, 2014 оны 06 дугаар сард бүртгэлээс хасагдсан.

5. Шүүх шийдвэртээ “...“Б т” ХХК нь 2012, 2013 оны байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн зардлыг сумын Тамгын газрын дансанд байршуулаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байна” гэжээ. Энэхүү зардалтай холбоотой нотлох баримтууд болох тус сумын санхүүгийн албаны дарга Ч.Гантөмөрийн тодорхойлолт, дансны хуулгуудыг хариуцагч шүүх хуралдаан дээр гарган өгсөн, бид эдгээр нотлох баримтыг шинжлэн судалснаар нэхэмжлэгчийн зүгээс нөхөн сэргээлтийн зардалтай холбоотой холбогдох нотлох баримтуудыг гарган өгөх шаардлагатай байгаа тул ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэлгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иимд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

“Б т” ХХК нь “Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутагт байрлах “Тээг нэртэй ХҮ -013647 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах” хүсэлтийг удаа дараа буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/016 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/39 тоот албан бичгээр Баянхангай сумын Засаг даргад гаргасан бөгөөд уг хүсэлтэд хариу өгөөгүй Баянхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус” гэж маргаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч компанийн захирал Ш.Б нь өөрөө “2014 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах” хүсэлт болон төлөвлөгөөний хамт 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/016 тоот албан бичгийг Баянхангай сумын Засаг даргад гаргасан” тайлбарлаж байгаа боловч энэхүү хүсэлтээ албан ёсоор 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, мөн тус сумын Засаг даргын “ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр”, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нотлогдож байх тул уг хүсэлтэд хариу өгөөгүй гэх хариуцагчийн хууль бус үйлдэл байхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/39 тоот албан бичгээр Баянхангай сумын Засаг даргад хандаж “Тээг нэртэй ХҮ-013647 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах тухай” хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх хэдий ч уг хүсэлтийг шийдвэрлээгүй, орхигдуулсан эс үйлдэхүйг хариуцагч Баянхангай сумын Засаг дарга гаргаагүй гэж үзлээ.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.4-д “энэ хуулийн 38.1.3-д заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” гэж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулахад заавал бүрдүүлсэн байх баримтыг тодорхойлжээ.

Тодруулбал, дээрх хүсэлтийг шийдвэрлэхэд “Б т” ХХК-ийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г батлахад “өмнөх жилийн буюу 2013 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг, мөн тухайн жилийн хайгуулын ажлын зардлын тайлан” зэргийг “Б т” ХХК нь ирүүлээгүй тул хариуцагч дээрх баримтыг бүрдүүлэн ирүүлэхийг шаардаж, хүсэлт болон түүнд хавсаргаж ирүүлсэн баримтыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд буцаасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9-д зааснаар нэхэмжлэгч “Б т” ХХК нь 2012, 2013 оны байгаль орчныг нөхөн сэргээх зардлын ажилд шаардагдах төлбөрийг Баянхангай сумын Засаг даргын тамгын газрын дансанд  байршуулаагүй байна.

Хариуцагчийн дээрх үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй ,11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана”, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар  буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ”, 5 дахь хэсгийн “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасанд нийцэж байх бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасан эс үйлдэхүйд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийн захиргааны акт гаргуулах хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан “татгалзсан”, эсвэл уг хүсэлтийг нь хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа зэргийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн удаа дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 08, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлтүүдэд хариуцагчаас хариу өгч байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул “бидний гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэгэнт хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоогоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн “компанид учирсан хохирол болох 294.239.207 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйгээс гадна шүүх энэхүү шаардлагатай холбоотой дүгнэх хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА                                                          ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР