Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0170/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***, 
Шүүгдэгч М.А***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А***т холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

-Монгол Улсын иргэн, М.А***, /РД:****/, 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-********л аймгийн Сум дундын шүүхийн  ****дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д  зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, 2005 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 
-********** аймгийн Сум дундын шүүхийн  ******дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар  3 жил 5 сар хорих ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, 
-********* аймгийн Сум дундын шүүхийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, ******** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 400 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар  20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрэгдсэн. 

Шүүгдэгч М.А***нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ********* тоотод оршин суух Н.С***ын гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД маркийн зурагт, зургийн аппарат, ДВД тоглуулагч, зурагтын бокс зэрэг эд зүйл хулгайлж 561000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр *****тоотод оршин суух Б.Б***ын гэрт нэвтэрч 21 инчийн Шарп маркийн зурагт, Кен маркийн цохилттой дрилл, гутал, алх, бахь, сүх зэрэг эд зүйлийг хулгайлж 271000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр **********тоотод оршин суух Р.Ц***ын гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 260000 төгрөгийн хохирол учруулсан нийт бусдад 1092000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч М.А***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилгүй байсан юм, тэр өдөр аргагүй хулгай хийсэн. Надад гадуур ажил олдохгүй байсан. Би тэр гудамжаар ороод зурагт, зургийн аппарат, DVD зэргийг аваад “Шинэ-Орчин” төвийн 2 давхарт зурагт авдаг газарт 80000 төгрөгөөр зараад бөөн баяр болоод хоол, унд хангалттай аваад бас уух юм авсан. Тэгээд би DVD-г нь ахынхаа хүүхдэд 12000 төгрөгөөр зарсан. Байцаагч DVD, зургийн аппаратыг нь буцааж аваад өгсөн гэсэн. Зурагтыг нь өгөөгүй байгаа. Бас 2 хуучин мөнгөн аяга байгаа, мөнгөн аяга ч яг биш хөнгөн цагаан аяга байгаа. Хөнгөн цагааны хольцтой хуучин аяга байсан, нэг аягыг нь 3.000 төгрөгөөр зарсан.
…Идэх хоол байхгүй, ажил олдохгүй, аргагүй эрхэнд хулгай хийсэн, уучлаарай миний буруу.” гэх мэдүүлэг, 

          -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5 дахь тал/, 
      
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 11-12 дахь тал/, 
      
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-21 дэх тал/,  
      
-Хохирогч Н.С***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ажлаасаа тараад нарийн гудмаар гэртээ ирж явахад манай гэрийн хажуу цонхны тор салхинд хийсэж байсан. Тэгэхээр нь би хашааны хаалга онгойлготол хашааны хаалганы 2 түгжээний дээд түгжээ нь түгжээтэй, доод түгжээ нь онгорхой байсан. Ингээд би гайхаад шууд цонх руугаа очиход цонх хагараагүй онгорхой байсан. Тэгээд би гэртээ ортол том өрөөний зурагт байхгүй байсан. Тийм би шалгасан би тус өдөр гэрээ цэвэрлээд гарсан юм, гарахдаа эд зүйлээ шалгаад гарсан юм. Цонхыг хүчтэй цохисон бололтой түгжээ нь мултарсан байдалтай, мөн цонхны торыг урсан байсан. 
        ... 32 инчийн ЛСД маркийн зурагт, зургийн аппарат, ДВД тоглуулагч, зурагтын бокс зэрэг эд зүйл алдагдсан. Надад нийт 561000 төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/, 
   
-Гэрч Н.Ч*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдрийг санахгүй байна би ажил дээрээ сууж байхад А*** том торон дотор зурагт маягийн зүйл хийсэн явж байсан юм. Тэгээд тухайн үед энэ хаанаас хулгай хийчихэв ээ гэж яриад байж байтал маргааш нь С*** ирж танай энэ хавиар зурагт авч яваа хүн харагдсан уу гэхэд М.А***г санаад хэлж байсан юм. М.А*** архи уугаад, нохой алдагийг нь мэднэ. Өөр зүйл мэдэхгүй” /хэргийн 23-24 дэх тал/, 

-Гэрч Н.Ш*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тухайн өдрийг санахгүй байна би найз болох ***нил гэх залуу мөнгөн аяга авах уу гээд явж байхаар нь би хэний мөнгөн аяга  юм бэ гэхэд миний мөнгөн аяга мөнгө хэрэг болоод зарах гээд явж байна гэхээр нь би хэдээр зарах юм гэтэл тухайн залуу 5000 төгрөгөөр зарна гэхээр нь би надаа байгаа нь 3000 төгрөг байна гэхэд тухайн залуу ав ав гээд би тухайн мөнгөн аягийг авсан юм. Манай найз дуудахдаа М.А*** л гээд байсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/, 

-Гэрч Ц.С*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би танина, яаг хэзээнээс таньдаг болсноо санахгүй байна. Зах дээр тэрэг түрж эхэлснээс мэддэг болсон, А*** зах дээр нохойн мах хүмүүст зардаг юм. Тухайн хүмүүс махыг эмчилгээний зорилгоор авдаг гэсэн юм. Тухайн өдөр хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна ямар ч байсан А*** бид нарыг Буян зах дээр байж байхад ирж гэрийнхээ мөнгөн аяга болон плитка зарах гээд явж байна та нар авах уу гэхээр нь би надад мөнгө байхгүй байна гэтэл манай найз Шинээ надад өгчих гээд 3000 төгрөгөөр авсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/, 

-Гэрч Б.Х*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тус өдөр намайг Буян зах дээр байж байхад М.А*** ажил дээр ирээд Ч***ахаа дрилл байна авах уу? гэхээр нь би үзье гэтэл бор өнгийн цүнх дотор “ken” гэсэн бичигтэй улаан хар өнгийн дрилл байсан. Тэгэхээр нь би хэдээр зарах юм гэтэл 20000 төгрөг гэхээр нь би 10000 төгрөг байна гэхэд М.А*** зүгээр та ав ав 10000 төгрөгөнд харин эхнэрийн төрсөн өдөр болоод мөнгө хэрэгтэй байна гээд надаас 10000 төгрөг аваад явсан юм. Үгүй би мэдээгүй, тухайн үед М.А*** барилга дээр ажиллаж байсан санагдаж байна барилгын хэрэггүй зүйлийг зарж яваа юм байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/, 
       
-Гэрч М.А***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний төрсөн дүү М.А*** 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт эхнэр гэх О*** орж ирсэн юм. Гэрт орж ирэхдээ гартаа ДВД тоглуулагч, зургийн апппарат барьсан орж ирсэн. Тэгээд байж байгаад аниа энэ ДВД тоглуулагч, зургийн аппаратыг зараад өгөөч гээд гэрээс гараад  явсан юм. Ингээд би гэртээ байж байхад Т*** гэх манай дүү гэрт ирээд цай ууж байхад нь би М.А***ын авч ирсэн ДВД тоглуулагч болон зургийн аппаратыг харуулан Тулгаагаас авах уу А*** зарж байна гэхэд Т*** хэд юм гэхээр нь би 15000 төгрөг гэхэд Т*** надад 12000 төгрөг байна гэхээр нь ав ав гээд би өгсөн юм. Тэгээд Т*** гэрээс гараад удаагүй байхад А*** гэрт ирэхээр нь би надаа үлдээсэн эд зүйлийг зарсан мөнгө энэ байна гээд 12000 төгрөгийг нь өгсөн юм. Тэгээд би тухайн эд зүйлийг арай хулгайн эд зүйл биш биз дээ гэтэл үгүй анай энэ манай найзын тоглуулагч байгаа юм зүгээр гээд мөнгөө аваад гарсан. Байхгүй хааяа манайд ирж хоол иддэг юм, гадуур л хоноод явдаг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,  

       -Гэрч Э.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна би гэртээ орой ирэхэд манай гэрийн харанхуй өрөөнд 21 инчийн өнгөт зурагт байсан тэгэхээр нь би энэ хэн оруулж ирсэн юм гэтэл манай охин /5 настай/  Б*** М.А*** ах оруулж ирсэн гэсэн. Тухайн үедээ би оролдоогүй орхисон юм. Тэгээд дараа нь М.А*** манайд орж ирэхээр нь би юун зурагт юм бэ? хэний зурагт юм бэ? гэтэл М.А*** таниад түр үлдээчий ах нь жижүүр хийх гэж байгаа юм гэхээр нь за за гээд үлдээсэн юм. Мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр болоод би эгч болох М.А***ийн гэрт очсон юм. Тэгээд цай уугаад юм яриад байж байхад М.А***ийн хүүхэд нь зургийн аппаратаар тоглоод сууж байхаар нь би эгч энэ юу юм бэ гэтэл М.А*** эгч зургийн аппарат зарна шүү гэсэн тэгэхээр нь би хэд юм аниа гэтэл М.А*** эгч ДВД тоглуулагч байгаа нийлээд 15000 төгрөг гэсэн тэгэхээр нь би надад байгаа нь 12000 төгрөг байна гэхэд А*** эгч ав ав гэсэн. Тэгээд би 12000 төгрөг өгөөд ДВД тоглуулагч болон зургийн аппаратыг аваад гэр рүүгээ явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,  

-Гэрч М.Х*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай хадам эгч С*** залгаж манай гэрт хулгай орсон байна гэхээр нь гэрт нь очтол гэрийнх нь цонхийг эвдлэн орж дотор байсан 32 инчийн ЛСД зурагт, зургийн аппарат, ДВД тоглуулагч зэрэг эд зүйл нь алга болсон байсан. Ингээд бид нар цагдаад хандсан юм.” Гэх мэдүүлэг /хэргийн 31 дэх тал/,    

-Эд хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний жагсаалт /хэргийн 32-34 дэх тал/, 
        -“…Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрний 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд бэхжинэ. Уг шинжилгээнд тэнцэх 5 ширхэг гарын мөр нь Михлай овогтой А***ийн баруун гарын эрхий болон баруун гарын алганы дардастай тохирч байна.” гэх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 40-44 дэх тал/,  
    
-“…Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн М.А***аас хурааан авсан гэх гутлын улаар дарагдаж үүсгэгдсэн байна.” гэх 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэрийн 45-47 дахь тал/,  
    
         -Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 65-68 дахь тал/,   
   
-Хохирогч Б.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр аав Банзарынд хонохоор эхнэр Ши*** хамт явсан юм. Тэгээд бид 2 гарахдаа гэрийнхээ цонхыг хаахаа мартаад гарсан, мөн амбаарын хаалгийг цоожгүй орхисон юм. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэртээ ирэхэд манай амбаарын хаалга онгорхой байсан тэгэхээр нь очоод үзтэл дотор байсан зурагт байхгүй байсан мөн гэр рүү ороход гэр доторх зүйлийг онгичсон байсан. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгээд үзэхэд цахилгаан дрилл, багаж зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай гэрээс алдагдсан бүх зүйлийг олж бид хоёрт буцаан хүлээлгэн өгсөн болохоор гомдол санал байхгүй.
…байхгүй, үлдсэн эд зүйлээ нэхэмжлэхгүй, гол эд зүйлээ олж авсан болохоор гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хэргийн 70-71, 171 дэх тал/, 
     
-Эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 73-74 дэх тал/
     
    -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 84-89 дэх тал/, 
    -Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 179-181хуудас/

-Хохирогч  Р.Ц*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 10 цагт гэрээсээ гараад хүнтэй уулзаж байгаад 12 цаг 30 минут болж байхад ирээд гэртээ орж ирэхэд манай гэрийн цонхны тор унжсан байсан тэгэхээр нь дөхөөд хартал цонх онгорхой цонхны тор урагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь гэрт хулгай орсныг мэдээд эд зүйлээ шалгахад манай гэрийн хойморт байх стейкнээс 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан тэгээд би цагдаад хандсан. Содон шинж тэмдэг гээд байх юм байхгүй, энгийн дунд гарын мөнгөн аяга байсан. 2 ширхэг мөнгөн аяга одоогийн ханшаар 260000 төгрөг, нийт 260000 төгрөгийн хохирол учирсан.
…Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 100, 170 дахь тал/, 
       
-Эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 102-103 дахь тал/, 

-2005 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 123 дахь тал/, 
-2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 155-156 дахь тал/, 
-2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 157-159 дэх тал/, 

-Насанд хүрээгүй гэрч Б.Б***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Надад манай ах А*** хүзүүний 2 зүүлт өгч байсан, зүүлт нь цагаан өнгөтэй байсан. Хэзээ өгснийг нь би санахгүй байна. Би мэдэхгүй байна, гэрт байсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 174 дэх тал/, 

-Насанд хүрээгүй гэрч Б.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би мэднэ манай ах байгаа юм, манай ах надаа хэзээг нь мэдэхгүй байна гэрт ирээд надад гарын зүүлт өгч байсан. Тухайн зүүлт нь хар өнгөтэй зүүлт байсан. Тухайн зүүлтийг би алга болгосон, гадаа тоглож байгаад алга болгосон. Бас хэзээг нь санахгүй байна хувцас өгч байсан, ямар хувцас байсныг нь би санахгүй байна, цамц байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 175 дахь тал/, 

-Гэрч А.У*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тус хулгай орсон гэх айлын гадна цонхны ойролцоо байсан 3 ширхэг гутлын мөр зэргийг хэрэгт ач холбогдолтой байж магадгүй гэсэн үүднээс бэхжүүлж авсан юм. Тэрнээс биш яаг тухайн гарын мөр болон, гутлын мөртэй хүн хулгай үйлдсэн гэж бэхжүүлж аваагүй юм.” гэх мэдүүлэг /хэргийн 177 дахь тал/, 

-Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 178-179 дэх тал/, 

-Иргэний нэхэмжлэгч Б.Х***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Үгүй нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 222 дахь тал/, 
    
-Иргэний нэхэмжлэгч Н.Ш*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Үгүй, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 224 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч М.А***нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ********д оршин суух Н.С***ын гэрт нэвтрч 32 инчийн ЛСД маркийн зурагт, зургийн аппарат, ДВД тоглуулагч, зурагтын бокс зэрэг эд зүйл хулгайлж 561000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр од оршин суух Б.Б***ын гэрт нэвтэрч 21 инчийн Шарп маркийн зурагт, Кен маркийн цохилттой дрилл, гутал, алх, бахь, сүх зэрэг эд зүйлийг хулгайлж 271000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ***********тоотод оршин суух Р.Ц***ын гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 260000 төгрөгийн хохирол учруулсан нийт бусдад 1092000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь шүүгчдэгч М.А***ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “…2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилгүй байсан юм, тэр өдөр аргагүй хулгай хийсэн. Идэх хоол байхгүй, ажил олдохгүй аргагүй эрхэнд хулгай хийсэн, уучлаарай миний буруу” гэх мэдүүлэг, “…хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрний 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд бэхжинэ. Уг шинжилгээнд тэнцэх 5 ширхэг гарын мөр нь Михлай овогтой А***ийн баруун гарын эрхий болон баруун гарын алганы дардастай тохирч байна.” гэх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 40-44 дэх тал/, “…шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн М.А***аас хурааан авсан гэх гутлын улаар дарагдаж үүсгэгдсэн байна.” гэх 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 45-47 дахь тал/-аар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч М.А*** орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1092000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч Н.С***д 561000 төгрөгийн хохирол учирснаас 55000 төгрөгийн үнэтэй эд зүйл буцаан олгогдсон тул 506000 төгрөг, хохирогч Р.Ц*** 250000 төгрөгийн хохирол учирснаас 130000 төгрөгийн үнэтэй эд зүйл буцаан олгогдсон тул 130000 төгрөг ийг шүүгдэгчээс тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Б.Б*** 271000 төгрөгийн хохирол учирсан боловч 180000 төгрөгийн үнэтэй эд зүйл буцаан олгогдсон тул үлдэх хохирлыг хохирогч нэхэмжлэхээс татгалзсан, иргэний нэхэмжлэгч нар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А***нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн **дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.
 Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.А***нь энэ хэргийн улмаас 136 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. М.А***ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1092000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.А***т эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар /зургаан сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч М.А*** оногдуулсан 6 сар баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч М.А***ийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 136 /нэг зуун гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.А***аас 506000 /таван зуун зургаан мянган/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг Алтангадасын ** тоотод оршин суух хохирогч Н.С***д /РД:**/, 130000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын  ** дугаар баг Хангамжийн **-**тоотод оршин суух хохирогч Р.Ц*** /РД:****/ нарт тус тус олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Б*** 91000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан, иргэний нэхэмжлэгч нар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А*** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.А***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ