Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 028

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Д.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын Х аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Б.Ж-д холбогдуулан гаргасан “Х аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Б.Ж-ны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1531 дүгээр “Бүртгэлийг хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х-ийн нөхөр Ж.Э 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан. Дуут сумын улсын бүртгэгч Т.Э-аас төрсний гэрчилгээ авч, охин Э.Г-аа нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авсан.

Гэтэл Х аймгийн МХГ-ын ннхуб Д.Н 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр “Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож нөхөн төлүүлэх тухай” акт тогтоож, 2640000 төгрөгийг Д.Х-ээр нөхөн төлүүлэхийг даалгасан.

Дээрх акт дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хуурамч бичигт баримт бүрдүүлээгүй, түүний нөхөр Ж.Э 2012 оны 4 сарын 19-ний өдөр нас барсан нь үнэн үйл баримт юм. Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн гаргасан дээрх актад дурдсан эцгийн нас барсны гэрчилгээг иргэний бүртгэлийн мэдээллийн санд оруулаагүй нь Д.Х-ийн буруутай үйл ажиллагаа огтхонч биш бөгөөд уг шалтгаанаар Э.Г-ын Үндсэн хуулиар баталгаажсан эд мөнгөний тусламж авах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэлгүй юм.

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Н дээрх акт гаргахдаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлахдаа илтэд хууль буруу хэрэглэсэн байна. Учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Дуут сумын нийгмийн халамжийн  мэргэжилтэн нар нь тэтгэвэр зарцуулах нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг тэжээгчээ алдсан Э.Г-д зарцуулжээ. Өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг тэтгэврээс өөр зориулалтаар зарцуулаагүй юм.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах  зарчмыг хуульчилсан ба энэ хүрээнд Э.Г, Д.Х нарт мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д зааснаар улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй атал хариуцагч нь тогтоосон актынхаа хууль зүйн үндэслэлийг нотолж чаддаггүй.

МХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр “Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулахаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х аймгийн МХГ-ын дарга, МХЕ газрын даргад гомдол гаргасан боловч өдий хүртэл хариу ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х аймгийн УБХХУБ Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: ... сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Э нь талийгаач Ж.Э-т холбогдох нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг талийгаачийн төрсөн эгч Ж.Г-т 2017 оны 1 сарын 25-ны өдөр олгосон байдаг. Ингэхдээ 2012 оны 2 сарын 15-ны өдөр гэж бүртгэсэн боловч энэ огноо нас барсан бүртгэлийн дэвтэр дээр бүртгээгүй байдаг.

Мөн дүн бүртгэгч А.Б нь Эрдэнэтуяагийн хөтөлсөн бүртгэлийн дэвтрийн бүртгэлийг үндэслэн талийгаачийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг нас барсан огноог 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэж бүртгэсэн бүртгэлийг бүртгэлийн дэвтэртэй тулгаж үзэхэд энэ огноо нас барсан огноо биш нас барсныг бүртгэсэн огноо болох нь бүртгэлийн дэвтэрт бүртгэлтэй байгаа.

Э, Б нар нь Эрдэнэпүрэв агсанд дээрх нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын 6 дахь хавсралтанд дурдсан гэрчилгээг заавал их эмч хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн.

Байцаагч Б.Ж би ... сумын улсын бүртгэгч Т.С-ий талийгаачийн 2012 оны 4 сарын 19-ний өдөр нас барсныг 2018 оны 9 сарын 24-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1531 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б.Ж нар эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Х аймгийн УБХХУБ Б.Ж нь Улаанбаатар бодь буян ХХК-ниас ирүүлсэн материалд үндэслэн нэхэмжлэгч Д.Х-ийн нөхөр Ж.Э-ийг нас барсны бүртгэлийг 2019 оны 11 сард багтаан хийж, гэрчилгээ олгуулах арга хэмжээ авна. Нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Х аймгийн УБХХУБ Б.Ж- холбогдуулан Х аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Б.Ж-ны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1531 дүгээр “Бүртгэлийг хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаанбаатар Бодь Буян” ХХК-иас шүүхэд ирүүлсэн материалыг үндэслэн хариуцагч Х аймгийн УБХХУБ Б.Ж  нь нэхэмжлэгч Д.Х-ийн нөхөр Ж.Э-ийг нас барсны бүртгэлийг 2019 оны 11 сард багтаан хийж, гэрчилгээ олгуулах, нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухайгаа харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2019 оны 11 сарын 19-ний өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Х  нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.М-д 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эвлэрэх эрх олгосон байна.   

Иймд нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн эвлэрэл тэдгээрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын Х аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Б.Ж-д холбогдуулан гаргасан “Х аймгийн УБХХУБ Б.Жаргалсайханы 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1531 дүгээр “Бүртгэлийг хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьсугай.

 

ШҮҮГЧ                                   Г.СОНИНБОЛОР