Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1810

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01810

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01978 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Тт холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Насанжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Жавхланбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгний үнэ бүхий Алпен голд шоколадыг Т.Тт хүлээлгэн өгч, үнийг дараа авахаар тохиролцсон.

Ийнхүү бараа бүтээгдэхүүн зээлээр худалдсан болохыг баталгаажуулж “Зээлээр хүнсний бараа худалдсныг эргэн төлөх гэрээ”-г 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд зээлийн үнийн дүнг 5 000 000 төгрөг, төлбөрийг төлж дуусах хугацааг 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байхаар тохирсон бөгөөд гэрээг нотариатаар баталгаажуулсан.

Т.Т нь дээрх гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бараа хүлээн авсан болохоо тусгаад, барааны үнийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус буцаан өгөхөөр тохирсон.

Хариуцагч Т.Т нь өөрийн “П” ХХК-иас нэхэмжлэгч Б.Бгийн гэрээт борлуулагчаар ажилладаг байсан “М” ХХК-д өглөгтэй гэж уг өр төлбөрийнхөө асуудлыг хуулийн этгээд хоорондын маргаан болгож, үүнээс үүдэн дээрх төлбөрийг “П” ХХК төлөх ёстой мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.

“М” ХХК нь өөрийн гэрээт борлуулагч нараар дамжуулан бараагаа борлуулдаг, барааныхаа тооцоог гэрээт борлуулагч нартайгаа хийдэг байсан. Тийм болохоор “П” ХХК-ийн дампуурлын хэрэгт “М” ХХК-д өглөгтэй гэж гарч ирэхгүй юм. Б.Б нь “М” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг, уг хуулийн этгээд нь боруулагч нартайгаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ байгууладаг бөгөөд гэрээт борлуулагч нар борлуулсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлсний эцэст дараагийн сарын барааг тэдэнд нийлүүлдэг байсан. “М” ХХК нь “П” ХХК-д нийлүүлсэн барааныхаа үнийг суутгаж авсан.

Т.Т өөрөө 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бараа хүлээн авснаа зөвшөөрсөн нь тэдний хооронд байгуулагдсан гэрээнд туссан гэж үзэж байна.

“П” ХХК-ийг дампуурал зарлахаас 1-2 хоногийн өмнө “М” ХХК-тай Б.Б тооцоогоо нийлчихсэн байсан бөгөөд түүний бараагаа Т.Тт хүлээлгэн өгснийг “Г” ХХК тодорхойлсон. “Г” ХХК нь “М” ХХК-ийн борлуулалт хариуцсан харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд юм. Т.Тт тухайн үед барааг хүлээлгэн өгсөн талаарх жагсаалт үйлдээгүй.

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээний 2.7-д:зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасны дагуу мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алданги нэхэмжилсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А" ХХК, "Пс" ХХК-ийн хамтран байгуулсан “П” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сард байгуулан амжилттай ажиллаж байсан ба 2013 оны 2 дугаар сард үйл ажиллагаа нь доголдож улмаар 2 тэрбум гаруй төгрөгийн бусдад өгөх өглөгтэй байх үед Т.Т нь гүйцэтгэх захирлын алба хашиж байсан.

2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "П" ХХК-ийг дампуурсанд тооцуулан татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1181 тоот шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Б нь “М" ХХК-ийн борлуулагч менежер ажил эрхэлж байсан бөгөөд нэхэмжилж буй 7 500 000 төгрөг нь “М” ХХК-ийн авлагын нэг хэсэг бөгөөд “М” ХХК-иас "П" ХХК-д нийлүүлсэн барааны үлдэгдэл нь тооцоо байгууллага хоорондын тооцоогоор 30 гаруй сая төгрөгийн авлагатай байсан.

Тухайн үед Б.Б нь "М" ХХК-тай хувиараа гэрээт борлуулагчийн ажлыг гэрээ байгуулан ажилладаг, "П" ХХК-иас авах авлагаа өөрөө хариуцаж төлөх учиртай, авлагаа өөрөө барагдуулахгүй бол барьцаалсан орон сууцаа алдах гээд байна, борлуулалтынхаа мөнгийг өөрөөс нь маш их шаарддаг тул үзүүлэх зүйлтэй байхын тулд гэрээгээ байгуулъя гэж гуйгаад байсан.

Б.Бгийн энэ хүсэлтийг сонсоод түүнтэй олон жил ажил төрлийн холбоотой ажиллаж байснаа бодоод аргагүй байдлыг нь бодолцоод түүнээс бараа авсан мэтээр гэрээ хийх болсон.

Б.Бгийн гэрээний дагуу нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүн нь “П” ХХК-ийн “Friendly Mart” сүлжээ дэлгүүрт нийлүүлсэн бараа болохоос иргэн Т.Т худалдан борлуулахаар өөртөө хүлээн авсан зүйлгүй.

Түүнээс гадна нэхэмжлэгч Б.Б нь ямар нэр төрлийн, хичнээн тоо, ширхэгтэй, ямар үнэ бүхий бараа хүлээлгэн өгснийг нотолсон баримт ирүүлээгүй байна. Гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй, нэхэмжлэгч чухам ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь тодорхой бус байна.

Гэрээний дагуу Т.Т нь 5 000 000 төгрөгийг Б.Бгээс хүлээн аваагүй.

Гэрээний 3.1-д ...зээлийг олгосон болон төлбөр төлсөн байдал нь хоёр талын гарын үсэг эсхүл банкны баримтаар баталгаажна гэж зааснаас үзэхэд Т.Тт зээл олгосон юм уу бараа бүтээгдэхүүн өгсөн талаарх баримтгүй байна.

Түүнчлэн “М” ХХК-ийн гэрээт борлуулагчаар Б.Б ажилладаг боловч “Г” ХХК-ийн тодорхойлолтоор Т.Тыг түүнээс бараа бүтээгдэхүүн зээлээр авсан гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Б.Бг “М” ХХК-ийн борлуулагч учраас харьцаж байсан гэдгийг Т.Т өөрөө ч илэрхийлсэн, мөн гэрчээр асуугдсан Ц.Гэрэлчимэг мэдүүлсэн. Мөн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч уг бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгсөн гэх баримтгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.3, 263.4-д тус тус зааснаар хариуцагч Т.Таас 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгөөс 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006160 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс Б.Б нь "М" ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг болох нь тогтоогдож байна. "М" ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа борлуулагч нь уг компаниас хулээн авсан тооцоог “Г” ХХК төлж дуусгах, дээрх хоёр хуулийн этгээд нь хоорондоо харилцан хамаарал бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Б.Б нь Т.Тт 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Б нь Т.Тт гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг өөрөө төлснийг нотлох баримтыг "Г" ХХК-иас гаргуулан авч шүүхэд өгсөн болно. "Г" ХХК болон "М" ХХК нь хоорондоо харилцан хамаарал бүхий компани болохыг гэрчлэх нотлох баримт, албан бичгийг тус компаниудаас гаргуулан авах гэсэн боловч хүсэлтийг хүлээн авахгүй, албан бичиг өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн. Энэ нөхцөл байдлаа анхан шатны шүүхэд тайлбарлан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дaryy "Г" ХХК болон "М" ХХК нь хоорондоо харилцан хамаарал бүхий компани эсэх талаарх нотлох баримтыг тус компаниудаас гаргуулан авах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч Б.Б нь өөрөө олж авах боломжгүй байгаа нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн аваагүй ба нотлох баримтаа шүүхэд ирүүлсэнгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

 Түүнчлэн шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд "Зээлээр хүнсний бараа худалдсаныг эргүүлэн төлөх гэрээ" байгуулсан боловч гэрээний ерөнхий агуулгаараа "Худалдах худалдан авах гэрээ" байгуулсан гэж үзэх үндэслэл байгаа юм.

Учир нь гэрээний төлбөрийн нөхцөлд зөвхөн бараа бүтээгдэхүүний үндсэн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулсан үнийн дүнд хүү тооцох асуудлыг гэрээнд тусгаагүй байдаг. Б.Б болон Т.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл байгаа юм.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т.Тт холбогдуулан зээлээр хүнсний бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу эргэн төлөх үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч гэрээний дагуу бараа хүлээж аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлээр хүнсний бараа худалдсаныг эргэн төлөх гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн барааг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар олгож, үнийг 3 удаа хэсэгчлэн төлөх бөгөөд хугацааг тогтоож хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

 

            Дээрх тохиролцооноос үзвэл талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Хариуцагч барааг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байх тул барааг хүлээлгэж өгснөө худалдагч буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүнсний бараа олгосон, гэрээний 2.3 дахь хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар бараа олгосон гэж тус тус тодорхойлсноос үзвэл гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч олгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

            Иймд гэрээ байгуулсан өдөр бүх барааг олгосон, эсхүл гэрээний хугацаанд хэсэгчлэн олгох байсан эсэх эргэлзээтэй, өөр баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “М” ХХК болон “П” ХХК-ийн тооцоо нийлсэн акт болон гэрч Ц.Гэрэлчимэгийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Б нь “М” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан ба ажил үүргийн хувьд “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Ттай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч байсныг үгүйсгэхгүй боловч энэ нь иргэн Б.Б болон Т.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдгийг тогтоохгүй юм.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний энэ тохиолдолд эсрэг талдаа бараа нийлүүлсэн байдлаа нотолсон тохиолдолд үнийг шаардах эрх үүсэх юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.3, 262.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталсныг буруу гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.3, 262.4 дэх хэсгийн заалт нь аж ахуй нэгжид хамаарах заалт буюу дагалдах бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэх үүргийн хүрээнд үүргээ биелүүлээгүй гэдэг дүгнэлт буруу гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зүйлчлэлийн хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01978 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “263 дугаар зүйлийн 263.3, 263.4-д тус тус зааснаар” гэснийг хасч, “дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА