Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч С.*******,

Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2115000380104 дугаартай, 163/2021/0238/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ... оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: .../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн мэдүүлэгт: 2020 оны эхээр Булган аймгийн Шарга багаас Улаанбаатар хот руу өөрийнхөө адуунаас авч явсан. Намайг ирэхэд *******ын адууг хулгайлсан байна гэхээр нь би хулгай хийгээгүй гэсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа ирсэн. Тэгсэн “чи ямар адуу алдсан юм бэ?” гэхэд “хязаалан морь” гэсэн. Би “бүдүүн адуу зарсан, шүдийг нь харъя” гэсэн. *******ын адуу зүүн гуя дээрээ им тамгатай, баруун гуя дээрээ кодтой гэсэн. Шүдийг нь үзүүлэхгүй байсан. Тэгээд *******ын аавтай уулзсан. Тэр хүн “манай адууны толгой биш, бүдүүн адууны толгой байна лээ” гэж хэлсэн. Төлөөлөгчид би тэр талаар хэлсэн, тийм юм байхгүй гээд үзүүлээгүй. Тэгээд үзүүлнэ гэвэл авсан гэсэн мэдүүлэг өг гэсэн юм. Мэдүүлэг өгөх юм бол гэсгээгээд толгойг нь үзүүлнэ гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* өгсөн мэдүүлэгтээ: Манай адууг сайн танина. Бид хоёр худ ураг хүмүүс. Шаргын урд хэсэгт адуу маань гарсан байсан ба 2020 оны эхээр хүрэн морь маань алга болсон байсан. Би анх мэдүүлэг өгөхдөө бүдүүн морь гэж андуурч хэлсэн байна лээ. Би морио анх сургахдаа зургийг нь дарсан байсан. Одооч гэсэн зураг нь байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгийг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч Ч.*******ыг 2020 оны 01 дүгээр сарын эхээр Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын нуур” гэх газраас иргэн С.*******ын “Хүрэн зүсмийн” 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугийн талаар маргаж цагаатгах байр суурьнаас оролцсон боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатанд улсын яллагчийн санал болгосон зорчих эрх хязгаарлах ялыг зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115000380104 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн 2115000380104 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын нуур” гэх газраас иргэн С.*******ын “Хүрэн зүсмийн” 1 тооны адууг хулгайлсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.*******ын өгсөн: “…Им тамгагүй, том биетэй, хүрэн зүсмийн бүдүүн морь байгаа юм. Би уг нь морио Баян-Агт сумын 100 жилийн ойгоор унах гэж байсан юм. Уг адууны маань содон шинж нь духан дээрээ буурал үстэй, уг буурал үснээсээ доош хамар хүртэлх үсийг нь хуруугаараа сөргөөж үзвэл цагаан үстэй байх ёстой. 2020 оны 01 дүгээр сарын 08 -ны өдөр шиг санаж байна.******* ахтай яриад Дугараа нэг адууны мах ачаад зардлыг нь хаагаад явъя гэхээр нь авч явсан. Хүлэг зах дээр ******* гэх хүнд зарсан гэж хэлсэн. Би ******* ахаас утасны дугаарыг нь аваад хүлэг зах ороод ченжтэй уулзаад энэ толгойг гаргаж ирэхэд нь шууд таниад мөн байхаар нь худалдаж авсан юм. Би уг морио 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Миний морины хэлбэр нь их гоё бөгөөд том биетэй сайхан адуу байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/, 

“...Би өмнөх мэдүүлэг дээрээ өөрийн хулгайд алдсан морио нас нийлж байгаа бүдүүн морь гэж мэдүүлсэн. Би өөрөө сумын төвд эхнэрийн хамт амьдардаг. Манай аав, ээж маань хөдөө мал маллаж амьдардаг юм. Би ааваасаа хулгайд алдсан мориныхоо талаар мэдүүлэг өгсөн талаар хэлсэн. Тэр үед морь маань нас нийлж байгаа бүдүүн морь гэж ярихад аав маань тэр морь чинь бие томтой морь болохоос биш бүдүүрээгүй байгаа шүү дээ, ...тэгээд уг хязаалан үрээгээ дэлийг нь засаад хэсэг унаж байгаад тавьсан юм. Бие томтой им, тамгагүй, содон шинж нь духан дээрээ жижиг буурал үстэй духнаас доош нь хамар хүртэлх үсийг нь сайн ажиглаж харж үсийг нь сөргөөж үзвэл цагаан үстэй. …” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Гэрч Д.*******гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. ...Тухайн үед ******* нь нэг тооны адууны мах авч явсан бөгөөд надад хэлэхдээ “морь хөлөө ороочихсон байхаар нь гаргаад явж байна” гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Гэрч П.*******гийн өгсөн: “...Яг өдрийг нь сайн санахгүй байна. Нэг тооны хүрэн зүстэй адуу авсан. Уг адууны махыг адууны мах зардаг ******* гэж ченжид зарсан юм. Уг адууны мах нь толгойтойгоо байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 46-49 тал/,

Адууны толгойд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-07 тал/,

Хулгайд алдагдсан адууны толгойны гэрэл зургийн үзүүлэлт /хх-08- 12 тал/,

Адууны толгойд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-21 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-22-23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, адууны толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Ч.*******ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.******* нь уг адууг бусдын өмчлөл, эзэмшлийн адуу болохыг мэдсээр байж малын бэлчээрээс тууж авч явсан зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Ч.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ыг 2020 оны 01 дүгээр сарын эхээр Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын нуур” гэх газраас иргэн С.*******ын “Хүрэн зүсмийн” 1 тооны адууг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.*******ад 707.700 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлагаа авч, хохирлыг биет байдлаар төлөхөөр харилцан тохиролцсоноор хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.*******ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Ч.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ыг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 6 /зургаа/ сарын хугацаанд хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны толгой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР