Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/268

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******ад холбогдох эрүүгийн 2115000000266 дугаартай, 163/2021/0232/э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1975 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ... гэх газарт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. /РД: .../,

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000266 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь 2021 оны 10 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Дулааны ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.7586 мшинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, байгаль экологид 141.236 төгрөгийн шууд хохирол учруулж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06 тал/,

Мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-11 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-12-15 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.*******гын өгсөн: “...Т.******* гэх хүний хууль бусаар мод бэлтгэсэн газар нь Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Дулааны ар” гэх газар байсан. Уг газраас 6 ширхэг босоо мод унагаасан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Тухайн газарт 2021 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.*******ы өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт эргүүл шалгалт хийх явцад тус багийн малчин Т.******* нь ******* БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мод тээвэрлэж явсан. Ингээд тухайн иргэнийг зогсоож мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад ямар нэгэн зөвшөөрөлгүй явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн экологи эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн:

1. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Дулааны ар” гэдэг газарт 2021 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй.

 2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Дулааны ар” гэдэг газар нь ойн ашиглалтын бүсэд орно.

3. Тухайн бэлтгэсэн мод нь түлээний хуурай мод болно.

4. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 141.236 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-72 тал/,

Хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн: “...Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 141.236 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 423.708 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-40 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ОРА:1000903 дугаартай шинжээчийн: “...******* БУА улсын дугаартай “Frontier” загварын тээврийн хэрэгсэл 1.400.000 төгрөг, хятад хөрөө 60.000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-46-50 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын эхээр байх одоо өдрийг нь санахгүй байна. Өвөл болж цас унахаас өмнө түлээний мод бэлтгэж авъя гэж бодсон. Тэгээд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Дулааны ар” гэх газраас 6 ширхэг босоо мод унагасан. Бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн ******* БУА улсын дугаартай Пронтиер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Хэрмийн даваа” гэх газарт өвөлжөөн дээрээ аваачиж буулгахаар явсан. Замд сумын цагдаа ******* зогсоож шалгаад “мод бэлтгэх эрхийн бичиггүй байна” гэж хэлээд саатуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. …” гэх мэдүүлэг /хх-58 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Т.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Т.******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй зөвшөөрөлгүйгээр ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Т.******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй зөвшөөрөлгүйгээр ургаа мод тайрч, мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.******* нь 2021 оны 10 дугаар сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Дулааны ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.7586 мшинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, байгаль экологид 141.236 төгрөгийн шууд хохирол, 423.708 төгрөгийн шууд бус хохирлыг учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 141.236 төгрөгийн шууд хохирол /хх-36 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 423.708 төгрөгийн /хх-40 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.*******аас 423.708 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 423.708 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 62-68 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тооллогын бүртгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Т.*******ын өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдож байна.

Иймд хэрэгт мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУА улсын дугаартай “Frontier” загварын тээврийн хэрэгсэл, болон гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг буюу 1.7586 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

******* Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 заалтад тус тус зааснаар шүүгдэгч Т.*******аас байгаль экологид учруулсан хохирол 423.708 /дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* БУА улсын дугаартай “Bongo Frontier” загварын 1.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг буюу 1.7586 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хүрэн өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР