| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2017/00149/И |
| Дугаар | 00152 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 00152
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Туслах аж ахуй гэх газарт оршин суух Боржигон овогт Лхагвын Отгонжаргал /РД:МК88100506/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Тэмээн хүзүү гэх газарт оршин суух Боржигон овогт Батсүхийн Түвшинбаатар/РД:ЙФ89030618/-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Л.Отгонжаргал миний бие Б.Түвшинбаатартай 2012 онд танилцаж, бид 03 жил үерхээд 2015 онд охин Т.Намуунааг төрүүлсэн. Охин маань одоо 02 нас 07 сартай. Цэцэрлэгт явдаггүй, охин маань надтай хамт амьдардаг. Ингээд би Б.Түвшинбаатартай 4 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд Б.Түвшинбаатар нь гар хүрч, хэл амаар доромжилдог болсон. Би энэ байдлыг нь зөндөө өнгөрөөж байсан. Цаашид дахин ингээд тэвчээд байвал хүүхдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөх тул би арга буюу шүүхэд хандаж байна. Надад бол сална хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэхэд салахгүй. Хүүхдээ өнчрүүлэхгүй сайхан амьдрах болно гээд зөндөө гуйж байсан. Би энэ болгоныг хүлээцтэй хандаж байсан. Бид Архангай аймгийн Хотонт сумын Тэмээн хүзүү гэх газар амьдарч байгаад би энэ бүх байдлаас болж хүүхдээ аваад гэртээ ирсэн. Хамт амьдарч байхдаа намайг зодож, хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Одоо би цаашид тэвчин амьдрах боломжгүй. Би энэ хүнтэй элэг бүтэн сайхан амьдарна гэж л би хүний нутаг руу дагаад явсан. Гэвч энэ хүн өөр хүнтэй амьдрах болсон. Одоо би хүүхдийнхээ ирээдүйг бодож цаашид гэр бүлийн хүчирхийлэл дунд өсгөмөөргүй байна. Хичнээн би ажилгүй амьдрал тиймхэн ч гэсэн би үр хүүхдээ хэнээс ч дутаахгүйгээр сайхан амьдарч чадна. Хамгийн гол нь би гэр бүлийн хүчирхийлэлгүй, хэн нэгний дарамт шахалтгүй орчинд хүүхдээ өсгөхийг л хүсч байна. Би цаашид хүүхдийнхээ ирээдүйг бодоод эцэг Б.Түвшинбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид албан ёсоор гэр бүл болоогүй. Хамт амьдраад 04 жил болсон. Цаашид би энэ хүнд итгээд амьдрах боломжгүй. Иймд Б.Түвшинбаатарыг Намуунаагийн эцэг мөн болохыг тогтоолгож, Б.Түвшинбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Түвшинбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Отгонжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Отгонжаргалтай хамтран амьдрах хугацаанд охин Намуунаа 2015 онд төрсөн. Л.Отгонжаргал нь нэхэмжлэлдээ бидний амьдралын талаар худлаа бичсэн байгаад гомдолтой байна. Би амьдралынхаа төлөө үр хүүхдээ сайн сайхан амьдруулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн. Л.Отгонжаргал нь амьдралын төлөө гэсэн зорилгогүй амьдрал мэддэггүй, дураараа загнаж аав, ээж, ах, эгч, дүү нарыг минь хүртэл доромжилдог. Бидэнд манай аав ээж хоёр ч удаа гэр барьж өгсөн. Төв байшинд амьдарна гээд яваад өгдөг. Байнга худлаа хэлж гэр орноо орхиж явдаг. Бидний амьдрал салж сарнихдаа хүрч байгаа нь түүний зан ааш авиртай холбоотой байдаг. Би өөрийн охин Т.Намуунааг өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Л.Отгонжаргал нь охиныг маань байнга зодож харааж зүхдэг учраас хүүхдийн хүмүүжилд муу нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Л.Отгонжаргал нь миний дэргэд ч хүүхдээ зоддог. Удаа дараа зодож хэлэх хэлэхгүй үгээр загнаж зандардаг. Хүүхэд битгий зод гэж хэлэхэд чиний хүүхэд биш ямар ч хамаагүй гэж хэлдэг. Ер нь бол Л.Отгонжаргалыг ухамсартай, зөв хүмүүжилтэй эх хүн гэж үзэх ямар ч боломжгүй. Хүүхдийг маань ямар ч байдалд оруулж мэдэхээр зан авиртай учраас би түүнд итгэж охиноо өгөхгүй. Л.Отгонжаргал нь маш их худалч байнга худлаа ярьж байдаг болохоор охин маань ийм байдалд хүрчих вий гэж санаа зовж байна. Миний хувьд хүүхдээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх бололцоотой. Аав ээж маань тусалж дэмжинэ. Л.Отгонжаргалын хувьд охиныг маань зөв хүмүүжилтэй эрүүл саруул өсгөх боломжгүй учир түүнд охиноо өгөхгүй. Ийм учраас хүүхэд хамгааллын төвийн дүгнэлт гаргуулах саналтай байна. Бидний хувьд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болно. Би нэхэмжлэгч Л.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул охин Т.Намуунааг миний асрамжинд өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Түвшинбаатар бид хоёр 2013 онд танилцаж хоорондоо уулзаж үерхэж 02 жил болсны дараа миний охин Намуунаа төрсөн. Миний нөхөр Б.Түвшинбаатар намайг жирэмсэн байх үеэс л намайг зодож одоо төрөх гэж байгаа хүүхэд бол миний хүүхэд биш гэж хэлээд зодож, миний бие эрх чөлөөнд халдаж энэ хүүхдийг зулбуулмаар байна эсвэл шинжилгээ өгөөд миний хүүхэд мөн гэдгийг нотол гэж хэлдэг байсан. Мөн миний нөхрийн эгч, ах дүү, нар нь миний нөхөрт худлаа ярьж чиний хүүхэд биш шал өөр хүний хүүхэд гэж хэлж байгаад зодуулдаг. Намайг зодож байхад нь хүртэл миний эгч Цэрэнлхам цуг явж байсан. Миний охин төрсний дараа надад нэг ч удаа тусалж байгаагүй. Би өөрөө даавуу угаах, хоол унд хийх, үхэр саах, гүү саах, гэр орныхоо ажлыг бүгдийг хийж байсан. Би нөхөртөө чи надад туслаач гэхэд ямар миний хүүхэд биш би чамд туслах албагүй гэж хэлдэг байсан. Миний хувьд бол охиноо, амьдралаа бодоод намайг нөхөр Түвшинбаатар зодож цохидог байсныг хэлж байгаагүй. Би гэр орноо орхиж явж байгаагүй боловч миний нөхөр Б.Түвшинбаатард зодуулаад үнэхээр их айхдаа би Сайхан сумын төвд ээж дээрээ ирдэг байсан. Миний нөхөр намайг охинтойгоо гурвуулаа сайхан амьдаръя, би дахиж зодохгүй, үнэхээр миний буруу гэж хэлдэг байсан. Би нөхөр Б.Түвшинбаатарын үгээр нь аясаар нь байдаг. Миний нөхөр өөрийнх нь аясаар байхгүй бол уурлаад л цохичих гээд байдаг болохоор би айдаг байсан. Миний нөхөр охин Намуунааг маш хүчтэй алгадаж цохиж байсан. Миний охин уйлахад нь би хөхөө хөхүүлээд дуугүй болгож байсан. Би охин Намуунааг анх төрөхөөс нь авхуулаад өнөөдрийг хүртэл би, миний ээж цуг өсгөсөн. Харин миний нөхөр Б.Түвшинбаатар охин нь халуураад байхад эм авчирч өгөхгүй, өөрийнх нь хүүхэд биш юм шиг ханддаг. Хүүхэд халуураад байна гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд би охиноо аваад Сайхан сумын эмнэлэгт ирж байсан. 07 хоног хэвтэхэд нэг ч хоног эргэж ирээгүй. Буцаад гэртээ очиход намайг хардаж уурлаад л гэр орондоо байхгүй гэж уурласан. Ер нь миний нөхөр Б.Түвшинбаатар намайг болон манай гэр бүлийнхнийг голомтоор нь самарна, зүрхийг нь суга татна гэж айлгаж байнга сүрдүүлдэг. Тэгээд ч би нөхөр Б.Түвшинбаатар болон гэр бүлийнхэнд нь итгэж охиноо өгч чадахгүй. Миний охин Намуунааг миний ээж бид хоёр өнөөдрийг хүртэл өсгөж ирсэн. Цаашид ч эрүүл саруул боловсролтой сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Отгонжаргал миний бие 2017 оны 06 сарын 30-нд Б.Түвшинбаатарт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Түвшинбаатар миний бие Л.Отгонжаргалын нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар болон хүүхэд асрамжлахтай холбоотойгоор хүүхэд хамгааллын талаар дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргасныг шүүх татгалзсан болно. Шүүгчийн гаргасан захирамжийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Л.Отгонжаргал, хариуцагч Б.Түвшинбаатар бид хоёр харилцан ярилцаж, хүүхдээ бодож, учир зүйгээ олж цаашдаа амьдралдаа дахин хэрүүл уруулгүй, маргаангүй, сайн сайхан амьдрахаар болж, хоорондоо эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь Б.Түвшинбаатарт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Отгонжаргал, хариуцагч Б.Түвшинбаатар нар нь “...бид хоёр харилцан ярилцаж, хүүхдээ бодож, учир зүйгээ олж цаашдаа амьдралдаа дахин хэрүүл уруулгүй, маргаангүй, сайн сайхан амьдрахаар болж, хоорондоо эвлэрлээ...” гэж эвлэрлэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчидын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Түвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Отгонжаргал, хариуцагч Б.Түвшинбаатар нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Түвшинбаатараас төлвөл зохих тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг гаргуулж, орон нутгийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН