Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар ШЦТ/2022/0012

 

 

 

 

 

   

       2022        01        18                                         2022/ШЦТ/12   

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     С.Б

Улсын яллагч                                        Н.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Б.О

Шүүгдэгч                                        Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2104001290106 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1... тоотод оршин суух хаягтай боловч, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ....... тоот хашаанд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, З овгийн Н-н Н /РД:/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн 6 дугаар гудамжны 01 тоот хашаанд хохирогч Б.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, мөн толгой хэсэгт нь автомашины капут тогтоох зориулалт бүхий төмрөөр 1 удаа цохиж, газарт унахад нь толгой хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс доош суурийн том нүхний баруун хэсэг хүрсэн шугаман сэлтэрсэн хугарал, тархины доргилт, дагзны ар хэсэгт шархны ором гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой би машинаа засаад хашаандаа байж байхад гаднаас Г 2 залуутай манайд ирсэн. Хашаанд орж ирээд миний араас Г өшиглөхөд нь би гартаа барьж байсан боолтоо радиатор руугаа алдчихсан. Тэгэхээр нь би Г-г алгадсан. Г хамт ирсэн 2 залуутайгаа манай гэрт орсон. Би эхнэрээ ажлаас нь авах гээд явж байтал Г араас залгаад “хаана байна, чамайг ална” гэхээр нь би тоогоогүй. Тэгтэл дахиад утсанд “ална” гээд зурвас ирэхээр нь миний уур хүрээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Соронз” дэлгүүрийн уулзварын гэрлэн дохион дээрээс эргээд буцаад гэр рүүгээ явсан. Намайг хашаандаа ирж зогсоход Г гэрээс гараад ирэхээр нь би Г-н зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд машины арын суудал дээр байсан машины хамар сөхдөг нарийн төмрөөр Г-н толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд газар унахаар нь хөлөөрөө нэг удаа толгой хэсэг рүү нь өшиглөчихсөн юм. Г манайд ирэхдээ нэлээн халамцуу байсан. Энэ үйл явдал болоход хамт ирсэн 2 залуу нь дэргэд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэм хорын хохиролд 500,000 төгрөг төлж барагдуулсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой цалин буугаад Б бид хоёр 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд Н-н аав нь ирчихсэн байгаа юм чинь очиж уулзъя гээд бид хоёр “Найман наран” дэлгүүр ороод дахин 1 шил архи аваад гарч байхад Б У-г дуудсан. Тэгээд бид 3 хамт Н-н гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 6 дугаар гудамжны 1 тоот хашаанд гэрт нь очсон. Н машиныхаа хамрыг сөхчихсөн зогсож байсан. Тэгээд гадаа уулзаад зогсож байхад Н намайг нэг алгадсан, би гайхаад “яаж байгаа юм бэ” гэхэд радиатор руу боолт уначихлаа гэсэн. Тэгэхээр нь би юм ярилгүй гэр рүү нь орсон. Тэгээд Н эхнэрээ аваад ирье гээд явсан. Тэгээд Б, У, Н-н аав Н бид дөрөв авч очсон 1 шил архиа хувааж уусан. Би Н рүү тоглоод “хурдан ирээрэй, ална шүү” гэж зурвас бичсэн. Н-г ирлээ гэхээр нь гэрээс гартал миний толгой руу төмрөөр цохих шиг болоод тэгээд би ухаан алдчихсан байсан. Бид 2017 оноос хойш найзалж байгаа. ...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 500,000 төгрөгийг Н надад өгсөн. Надад гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/,

Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 3-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 5-7-р хуудас/,

 Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой Б.Г ах бид хоёр манайд архи уугаад Б.Г ахын найз Н.Н-д очихоор болоод замаараа дэлгүүрээс архи аваад У-г дуудаад Н.Н-н гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 6-01 тоотод 21 цагийн үед очсон. Тэгээд очоод байж байтал Н нэг тийшээ яваад ирье гээд гараад явчихсан. Бид хэд авч очсон архиа уугаад сууж байхад Н ирж байна гэхэд Г ах гараад явсан. Араас нь У бид хоёр гарсан. Гараад очиход Н Г хоёр юм яриад зогсож байсан. Тэгтэл Н машиныхаа арын хаалга онгойлгоод дотор талаас нь нарийн төмөр гаргаж ирээд Б.Г ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Б.Гах газар унахад Н дахиад толгой руу нь нэг удаа өшиглөсөн. ...гэр рүү авч ороод цусыг нь цэвэрлээд хартал духных нь баруун дээд хэсэгт язарсан байсан.” гэх  мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаартай: “ 1.Б.Г-н биед дагз ясны төвгөрөөс доош суурийн том нүхний баруун хэсэг хүрсэн шугаман сэлтэрсэн хугарал, тархины доргилт, дагзны ар хэсэгт шархны ором гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эрдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгч Н.Н-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 82-101 р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,

Н.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 105-р хуудас/,

Хохирогч Б.Г-д учирсан хохирлын баримт /хх-ийн 104 -р хуудас/,

Б.Г-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 44-70-р хуудас/,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгах тухай нотариатаар баталгаажуулсан баримт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсгийн 6 дугаар гудамжны 01 тоот хашаанд хохирогч Б.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, мөн толгой хэсэгт нь автомашины капут тогтоох зориулалт бүхий төмрөөр 1 удаа цохиж, газарт унахад нь толгой хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс доош суурийн том нүхний баруун хэсэг хүрсэн шугаман сэлтэрсэн хугарал, тархины доргилт, дагзны ар хэсэгт шархны ором гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.Г-н эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Н.Н-н хохирогчийн толгой тус газарт нь нэг удаа төмрөөр цохиж,  нэг удаа өшиглөх үйлдэлээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч Б.Г-н мэдүүлсэн: “...Би Н.Н рүү тоглоод “хурдан ирээрэй, ална шүү” гэж зурвас бичсэн. Н.Н-г ирлээ гэхээр нь гэрээс гартал миний толгой руу төмрөөр цохих шиг болоод тэгээд би ухаан алдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогч Б.Г-н 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Н.Н-с 65 см урттай, 0.7 диаметртэй төмрийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авав” гэжээ  /хх-ийн 5-7-р хуудас/,

- Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой Б.Г ах бид хоёр манайд архи уугаад Б.Г ахын найз Н.Н-д очихоор болоод замаараа дэлгүүрээс архи аваад У-г дуудаад Н.Н-д очсон. Авч очсон архиа уугаад сууж байхад Н ирж байна гэхэд Г ах гараад явсан. Тэгтэл Н машиныхаа арын хаалга онгойлгоод дотор талаас нь нарийн төмөр гаргаж ирээд Б.Г ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Г ах газар унахад толгой руу нэг удаа өшиглөсөн” гэх  мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтэд: “ ...1.Б.Г-н биед дагз ясны төвгөрөөс доош суурийн том нүхний баруун хэсэг хүрсэн шугаман сэлтэрсэн хугарал, тархины доргилт, дагзны ар хэсэгт шархны ором гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эрдгэрэлтээс хамаарна” гэжээ.  /хх-ийн 32-33-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Н.Н-н үйлдсэн гэмт үйлдэл нь тохиолдлын шинжтэй, хүний биед халдахдаа ашигласан гэх эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн төмөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт дурдсан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарахгүй болох нь:

- Хохирогч Б.Г-н мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой ...Б, У бид гурав Н-д очсон. Хашаанд нь очиход Н машиныхаа хамрыг сөхчихсөн зогсож байсан. ...Би Н.Н рүү тоглоод “хурдан ирээрэй, ална шүү” гэж зурвас бичсэн. Н.Н-г ирлээ гэхээр нь гэрээс гартал миний толгой руу төмрөөр цохих шиг болоод тэгээд би ухаан алдчихсан байсан. Бусдаар бол хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Бидний дунд өш хонзон, өр авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

- Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой ...тэгтэл Н машиныхаа арын хаалга онгойлгоод дотор талаас нь нарийн төмөр гаргаж ирээд Б.Г ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Г ах газар унахад толгой руу нэг удаа өшиглөсөн. ...бид нар өөр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...зүгээр юм яриад зогсож байгаад Н төмрөөр Г-н толгой хэсэг рүү цохичихсон.” гэх  мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/-ээр нотлогдож байна.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Н-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/, хохирогч Б.Г-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 44-70-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт 500,000 төгрөгийг Б.Г-д төлж барагдуулсан /шүүх хуралдаанд өгсөн баримт/ байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Н-г хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч Н.Н-н өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар гаргах саналгүй. Н.Н нь эхнэр, 5-19 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь сар бүрийн тогтмол орлоготой, өөрөө бас хувиараа уурхайгаас нүүрс ачилт хийж тодорхой хэмжээний орлого олдог. Хохирогчид учирсан гэм хорын хохиролыг төлж барагдуулсан. Иймд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд зааснаар ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж  өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Н гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардал болох 500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Н.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Н-н шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н-н хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 08-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бариул хэсэг нь 65 см урттай,  0.7сантиметрийн диаметртэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З-д овгийн Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн Н-н Н-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг хохирогч Б.Г-д төлсөн болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бариул хэсэг нь 65 см урттай, 0.7 сантиметрийн диаметртэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Н.Н-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН