Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00642

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00642

Төв аймаг

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00402/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт оршин суух Боржигон овогт Зүмпэрэлийн Сандагцэдэн /НС56122876/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Сандагцэдэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Би 1956 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Бага сургууль төгсөөд тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл хоньчиноор ажиллаж байсан юм. Архиваас миний ажиллаж байсан хугацааны баримтууд гарахгүй байна гэж хэлсэн. Ийм учраас шүүхэд хандаж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 онд ээжтэйгээ мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явж 1978 онд халагдаж ирээд 1990 он хүртэл тус нэгдэлдээ тасралтгүй ажилласан. Нэгдэлд хамт малчин хийж байсан Ж.Дарьсүрэн, Мөнхчулуун, Рэнцэнханд нарыг гэчээр асууж миний цуглуулсан баримтыг үндэслэн миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрүүд дээр аав Зүмпэрэлийн нэрийг Зүмбэрэл гэж ганцхан үсэг зөрүүлж бичсэн байгааг анхаарч үзэн ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч З.Сандагцэдэнгийн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл хоньчиноор ажиллаж байсан юм. Архиваас шүүхэд ажиллаж байсан хугацааны зарим баримтууд гарахгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул шүүхэд хандсан байдаг. З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 онд ээжтэйгээ мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явж 1978 онд халагдаж ирээд 1990 он хүртэл тус нэгдэлдээ тасралтгүй ажилласан. Иймд цуглуулсан баримтыг үндэслэн З.Сандагцэдэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1973 оны 1 сарын 1-нээс 1980 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх З.Сандагцэдэнгийн хуульд заасан журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа. Үүнд: -Төв аймгийн  Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1981 оны 04 сарын 10-ны өдрийн “...Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтэр шинэчлэн олгож байгаатай холбогдуулан Авдар, Баянбүрд бригадын малчид, саальчид төлчдийг 1981 оны 4 сарын 1-нээс эхлэн хавсралт ёсоор баталсугай...хавсралтын 38-д Сандагцэдэн...” гэх бичилттэй 34 дугаартай тушаал /хх-5-6/, Төв аймгийн  Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 27-ны өдрийн “...Зарим хүмүүсийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсан хугацаа ажлын өдрөөр тооцон олгож амруулсугай...хавсралтын 135-д З.Сандагцэдэн...” гэх бичилттэй 122 дугаартай тушаал /хх 7-8/, Төв аймгийн  Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 03 сарын 21-ний өдрийн “...нэгдлийн ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтыг хавсралт ёсоор баталсугай...хавсралтын 158-д Сандагцэдэн...” гэх бичилттэй 10 дугаартай тушаал /хх 9-10/, Төв аймгийн  Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1981 оны 01 сарын 15-ны өдөр З.Сандагцэдэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 11-12/, Төв аймгийн  Сэргэлэн сумын Авдархангай нэгдлээс З.Сандагцэдэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх  13-14/, Төв аймгийн  Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1981 оны 01 сарын 15-ны өдөр З.Сандагцэдэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 15/,  Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 06 сарын 19 өдрийн 603 дугаартай Төв аймгийн  Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин ажилтай З.Сандагцэдэнгийн 1981 оноос 1990 он хүртэлх цалингийн түүвэр /хх-29/, гэрч З.Лутбатын “....З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1975 оноос 1978 онд билүү дээ нэг цэрэгт явж ирсэн юм. Түүнээс өөрөөр З.Сандагцэдэн нь тус нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-31/, гэрч А.Пэрлэйдамбын “....З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1972 оноос ээжтэйгээ хамт мал маллаж эхлээд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан....”  гэх мэдүүлэг /хх-32/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудаар З.Сандагцэдэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1973 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл малчнаар, Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Зүмпэрэлийн Сандагцэдэнг Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1973 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл малчнаар, Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ