Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

               

 

 

 

 

    2021         12          24                                          2022/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Мижиддорж, шүүгдэгч Ш.Б, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Ш-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110015781210 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Ш-тийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70а байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн 90-66 УАО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг утсаа авахгүй, машин таглаж тавилаа гэх шалтгаанаар зурж гэмтээн 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ш.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70А байрны машины зогсоол дээр өөрийн 90-66 УАО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинаа зогсоол олдохгүй байсан учир 79-20 ӨВР улсын дугаартай машиныг хааж байршуулаад ажил руугаа орсон. ...Машиндаа суухдаа миний машины зорчигч талын хойд, урд хоёр хаалгыг нарийн үзүүртэй зүйлээр зурсан байсан. ...Ажил дээрээ ирээд хяналтын камер шүүж үзэхэд 79-20 ӨВР улсын дугаартай автомашины жолооч бололтой 40 гаруй насны эрэгтэй хүн машины цонхон дээрээс утасны дугаар хараад залгаж байгаад хэсэг хугацааны дараа өөрийнхөө машинаас юу нь мэдэгдэхгүй зүйл аваад зорчигч талын хоёр хаалга, жолооч талын хойд крило, тээшний хэсгийн дээр доор зорчигч талын хойд крило, урд крилог зурж өшиглөж байгаа бичлэг үлдсэн байсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байранд оршин суудаг юм. 2021 оны 8 дугаар сарын 18-ны орой 79-20 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулсан. ...2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 30 минутад өглөө эрт ажилдаа явах гээд машин дээрээ очиход Тоёота Приус-30 маркийн үзмэн ягаан өнгийн 90-66 УАО улсын дугаартай автомашин миний машиныг хаагаад зогсчихсон байсан. ...Тэгээд өөрийн дугаараас машин дээр байсан дугаар руу 8 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд утсаа авахгүй гарч ирэхгүй байхаар нь уур хүрээд тухайн машиныг машиныхаа түлхүүрээр гадна хэсгийг зурсан, арын буферийг нь өшиглөсөн, ард нь логоны тэр хавьд зурсан...” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/,

- 79-20 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон лавлагаа /хх-ийн 61-68/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 86/,

- Шүүгдэгч Ш.Бийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ш.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70а байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн 90-66 УАО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг утсаа авахгүй, машин таглаж тавилаа гэх шалтгаанаар зурж гэмтээн 650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ийн “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70А байрны гадна зогсоол олдохгүй байсан учир өөрийн 90-66 УАО улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинаа зогсоол дээр байсан 79-20 ӨВР улсын дугаартай машиныг хааж байршуулаад ажил руугаа орсон. ...Машиндаа суухдаа миний машины зорчигч талын хойд, урд хоёр хаалгыг нарийн үзүүртэй зүйлээр зурсан байсан. ...Ажил дээрээ ирээд хяналтын камер шүүж үзэхэд 79-20 ӨВР улсын дугаартай автомашины жолооч бололтой 40 гаруй насны эрэгтэй хүн машины цонхон дээрээс утасны дугаар хараад залгаж байгаад хэсэг хугацааны дараа өөрийнхөө машинаас юу нь мэдэгдэхгүй зүйл аваад зорчигч талын хоёр хаалга, жолооч талын хойд крило, тээшний хэсгийн дээр доор зорчигч талын хойд крило, урд крилог зурж өшиглөж байгаа бичлэг үлдсэн байсан...” /хх-ийн 18-19/ гэсэн, шүүгдэгч Ш.Бийн “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 30 минутад өглөө эрт ажилд явах гээд машин дээрээ очиход Тоёота Приус-30 маркийн үзмэн ягаан өнгийн 90-66 УАО улсын дугаартай автомашины миний машиныг хаагаад зогсчихсон байсан. ...Тэгээд өөрийн дугаараас машин дээр байсан дугаар руу 8 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд утсаа авахгүй гарч ирэхгүй байхаар нь уур хүрээд тухайн машиныг машиныхаа түлхүүрээр гадна хэсгийг зурсан, арын буферийг нь өшиглөсөн, ард нь логоны тэр хавьд зурсан...” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эд хөрөнгөд 650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 86/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110015781210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Ш-тийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-тийн Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110015781210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР