Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00645

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00645

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан 51-р байрны в-1 тоотод оршин суух Мөргөч овогт Баяраагийн Ганхүү /ХН61072272/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 4-р баг, Загдал шанд 5-р гудамжны 9 тоотод оршин суух Боржигон овогт Дашдоржийн Батмөнх /НМ72040411/-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 17.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганхүү, түүний өмгөөлөгч Б.Цэрэндэжид, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ганхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие Б.Ганхүү нь Д.Батмөнхөд өөрийн эзэмшлийн 17.000.000 төгрөгийн үнэ бүхий газар тариалангийн багаж хэрэгсэл /эд хөрөнгө/-ийг худалдахаар худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт мянган хурга гэдэг газар дараах эд хөрөнгийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Үүнд: МТЗ 50 трактор -1 ширхэг, ЮМ3 трактор -1 ширхэг, Крикизстан боогч -1 ширхэг, 2 прусстэй хадуур -1 ширхэг, тарнуур -1 ширхэг, цахилгаан гаргагч -1 ширхэг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Батмөнхтэй хийсэн худалдах, худалдан авах хэлцлээ баримтжуулж баталгаажуулах үүднээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Гэтэл худалдан авагч Д.Батмөнх нь одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа ба миний бие энэхүү нөхцөл байдлаас болж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол хүлээгээд байна. Иймд иргэн Д.Батмөнхөөс гэрээний төлбөр болох 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ганхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Хариуцагч Д.Батмөнх нь хадлангийн тоног төхөөрөмжөө худалдчих 10-р сард мөнгийг нь өгье гэж удаа дараа санал гаргасан. Тэгээд үнээ тохиролцоод гэрээ хийгээд нотариатаар батлуулсан. Төлбөр төлөх хугацаа болсон боловч утсаа авахгүй ямар нэгэн шалтгаан хэлээд алга болсон. Тэгээд 2016 оны 2-р сард уулзахад 2016 оны 5-6-р сарын хооронд төлбөр барагдуулна гэсэн боловч утсаа авахгүй алга болсон. Иймд тоног төхөөрөмжийн үнэ 17 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганхүү хариуцагч Д.Батмөнхөөс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Батмөнхтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу МТЗ 50 трактор -1 ширхэг, ЮМ3 трактор -1 ширхэг, Крикизстан боогч -1 ширхэг, 2 прусстэй хадуур -1 ширхэг, тарнуур -1 ширхэг, цахилгаан гаргагч -1 ширхэг зэргийг худалдсан гэрээний үүргийн дагуу 17.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Б.Ганхүү, хариуцагч Д.Батмөнх нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  МТЗ 50 трактор -1 ширхэг, ЮМ3 трактор -1 ширхэг, Крикизстан боогч -1 ширхэг, 2 прусстэй хадуур -1 ширхэг, тарнуур -1 ширхэг, цахилгаан гаргагч -1 ширхэг зэрэг тоног төхөөрөмжийг 17,000,000 төгрөгөөр худалдахаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-н 4/

Дээрхи гэрээний 3-рт “...төлбөрийг 10 дугаар сарын 30-ны дотор төлөх, ...” гэж заасныг харавал “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байх ба Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг зөрчөөгүй, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Д.Батмөнх нь гэрээний дагуу өдөр МТЗ 50 трактор -1 ширхэг, ЮМ3 трактор -1 ширхэг, Крикизстан боогч -1 ширхэг, 2 прусстэй хадуур -1 ширхэг, тарнуур -1 ширхэг, цахилгаан гаргагч -1 ширхэг буюу нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Мянган хурга гэх газарт хүлээн авсан болох нь Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-н 5/-аар нотлогдож байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.                                                                            

Хариуцагч Д.Батмөнхөд 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан 14 хоногийн дотор буюу 2017 оны 5 дүгээр сарын 24-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа өгөхөөр хугацаа зааж өгсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, мөн хуулийн 25, 26, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 38.7, 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.4, 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 119 дүгээр зүйлийн 119.4-119.6-д заасныг тус тус тайлбарлан танилцуулжээ. /хх-н 17-18/

Хариуцагч Д.Батмөнхийг шүүхэд ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг түүний өөрөө шүүхэд өгсөн Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р баг Бүргэтэйн ам гэх хаягаар явуулж, 99091557 дугаартай утас руу удаа дараа залгаж болон мессеж бичиж шүүхэд хүрэлцэн ирж хариу тайлбараа өгөхийг мэдэгдэхэд очино гэдэг боловч ирдэггүй, мөн түүнийг албадан ирүүлэхээр 2017 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2017/01197 дугаартай захирамж, мөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 151/ШЗ2017/1891 дугаартай захирамжийг тус тус гаргаж уг захирамжуудийг Төв аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсэн боловч шүүхэд ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан талаархи хариу тайлбар болон түүнтэй холбоотой нотлох баримт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт зэргийг шүүхэд ирүүлээгүй болно. /хх-н 10-14, 15, 23-26/

Иймд нэхэмжлэгч Б.Ганхүүгийн хариуцагч Д.Батмөнхийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасаныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу хариуцагч  Боржигон овогт Дашдоржийн Батмөнхөөс 17 000 000 /Арван долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мөргөч овогт Баяраагийн Ганхүүд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Батмөнхөөс 242 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганхүүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ