| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00222/и |
| Дугаар | 151/ШШ2017/00655 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00655
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00655 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-56, Цома-2 төв, 301 тоотод байршилтай “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 4-р баг, Загдалд оршин суух Боржигон овогт Баасандолгорын Батаад /УГ80060714/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 34 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нүүдэлчин агро ферм” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“-Нэхэмжлэгч “Нүүдэлчин агро ферм” ХХК нь хариуцагч Батаатай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мах сүүний хосолмол өндөр ашиг шимт Монбелиард үүлдрийн 23 толгой өсвөр үхрийг нэг тоо толгой бүрийг нь 4,500,000 төгрөгөөр тооцон нийт 103,500,000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №03/005 тоот “Үхэр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн болох 103,500,000 төгрөгийг гэрээний дагуу 2016.10.01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар заасан боловч эхний 50,000,000 төгрөгийг хугацаандаа төлж дараа дараагийн төлбөрийг увуу цувуулан 28,000,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2016.12.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017.01.02-ны 1,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 21,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Бидний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барагдуулахгүй байгаа болно. Иймд хариуцагч Б.Батаагаас худалдах худалдан авах гэрээний төлбөр 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 4,000,000 төгрөгийн алдангий 2,000,000 төгрөг нийт 34,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“-Баасандолгорын Батаа нь Төв аймагт үнээний ферм ажиллуулдаг. Манай компаниас 23 тооны сайн чанарын үнээг тус бүрд нь 4.500.000 төгрөгөөр бодож авсан байдаг. Гэрээний 8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Тиймээс гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцож нэхэмжилсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 75 зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нүүдэлчин агро ферм” ХХК нь хариуцагч Б.Батаагаас худалдах худалдан авах гэрээний төлбөр 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 4,000,000 төгрөгийн алданги 2,000,000 төгрөг нийт 34,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
“Нүүдэлчин агро ферм” ХХК нь хариуцагч Б.Батаатай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монбелиард үүлдрийн 23 толгой өсвөр үхрийг нэг тоо толгой бүрийг нь 4,500,000 төгрөгөөр тооцон нийт 103,500,000 төгрөгөөр худалдахаар №03/005 тоот “Үхэр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-н 4/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263.1-д заасныг зөрчөөгүй, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч Баасандолгорын Батаа нь худалдах худалдан авах гэрээний 8-рт заасан төлбөр төлөх хугаандаа эхний 50,000,000 төгрөгийг хугацаандаа төлж түүнээс хойшхи төлбөрийг цувуулж төлөн 28,000,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2016.12.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017.01.02-ны 1,000,000 төгрөг нийт 82,000,000 төгрөгийг барагдуулсан байх ба одоогийн байдлаар гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөрөөс 21,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батааг 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2016.12.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017.01.02-ны 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн гэж үзэж 4,000,000 төгрөгт ногдох алданги 2,000,000, мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,500,000 төгрөгийг төлөөгүй хугацааны алданги 10,750,000 төгрөг нийт 34,250,000 төгрөгийг хариуцагч Б.Батаа нь гэрээнийхээ үүргийг зохих ёсоор төлөөгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Б.Батаад 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан 14 хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн дотор шүүхэд тайлбар өгөхөөр хугацаа өгсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан танилцуулжээ. /хх-н 15/
Хариуцагч Б.Батааг шүүхэд ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг түүний өөрөө шүүхэд өгсөн Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р баг Бүргэтэйн ам гэх хаягаар явуулж, 99119561 дугаартай утас руу залгаж удаа дараа мэдэгдсэн, мөн түүнийг албадан ирүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг 151/ШЗ2017/01989 дугаартай захирамж гаргаж уг захирамжийг Төв аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсэн боловч шүүхэд ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан талаархи хариу тайлбар болон түүнтэй холбоотой нотлох баримт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт зэргийг шүүхэд ирүүлээгүй болно. /хх-н 25-26, 29-30/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын хариуцагч Б.Батаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасаныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасны дагуу хариуцагч Баасандолгорын Батаагаас 34,250,000 төгрөгийг гаргуулж “Нүүдэлчин агро ферм” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн шүүхийн 26030349 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батаагаас 329200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нүүдэлчин агро ферм” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ